Ж.Батзандан: Би залуу хүн, С.Баяр тантай хамт явахгүй

Хуучирсан мэдээ: 2018.02.26-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан: Би залуу хүн, С.Баяр тантай хамт явахгүй

Ж.Батзандан: Би залуу хүн, С.Баяр тантай хамт явахгүй

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2018.02.26/ мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэрбээр БНСУ-д Элчин сайдаар томилогдохоор яригдаж буй Б.Хурцын талаар ярилаа.


Ж.Батзандан: Би Б.Хурцаас уучлалт гуйхгүй, шүүхэд давж заалдана

-“Сар шинийн өмнө Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц намайг Баянзүрх дүүргийн шүүхэд өгсөн. Би ТЕГ-ын ажилтан болон жирийн иргэдээс гомдол, өргөдөл ирсний дагуу Төрийн ордонд нээлттэй сонсгол хийсэн. Энэ үеэр Б.Хурцтай холбоотой маш олон асуудал яригдсан.

Тухайлбал, Францаас Д.Энхбатыг хулгайлж авчирсан, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид худалдахад оролцсон зэрэг хууль бус үйл ажиллагаанд нэр холбогдсон гээд олон зүйл яригдсан. Үүнийг нь хэлсний төлөө намайг “Ж.Батзандан надаас уучлалт гуйх ёстой” гэж шүүхэд хандсан юм байна. Харин Баянзүрх дүүргийн шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцаас уучлалт гуйх шаардлагагүй, няцаалт хийх ёстой гэсэн шийдвэр гаргасан.

Би Б.Хурцаас уучлал гуйхгүй, няцаалт хийх ч шаардлага байхгүй гэж үзсэн учраас Нийслэлийн шүүхэд давж заалдаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

уг нь хуулийн байгууллагыг ажлаа хийхийг л сануулсан

-Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр одоогоор Англи улсад Элчин сайдаар ажиллаж байгаа. Гэхдээ сонгуулиар Монголд ирж, МАН-ын сонгуулийг удирддаг. Энэ хүн надад нилээн гомдож, сар шинийн өмнө захидал бичсэн байсан. Энэ захидлын төгсгөлд эрлэгийн үүдэнд уулзах уу гэсэн утга бүхий юм бичсэн байсан. Би залуу хүн, тантай хамт эрлэг рүү явах болоогүй байна. Та яарч байгаа бол өөрөө явж болно.

Би С.Баярыг “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавихад оролцсон гэж хэлсэн нь үнэн. Энэ асуудлаар намайг шүүхэд өгсөн байсан. Гэтэл 51 хувийг барьцаанд тавих гэрээ С.Баярыг Ерөнхий сайд байхад хийгдсэн байдаг. С.Баяр 2007 оны арваннэгдүгээр сарын 22-ноос 2009 оны аравдугаар сарын 9-ний өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан. Харин "’Жаст" групп "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, "Стандарт" банктай 2009 оны долдугаар сард гэрээ байгуулсан байдаг.  Монгол Улсын Үндсэн хуулийн 38.1-т “Монгол Улсын Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага. Эдийн засаг, төрийн өмчийг удирдан зохион байгуулах үндсэн эрх, үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавих асуудалд Ерөнхий сайд нь оролцоогүй, мэдэхгүй байж болох уу?

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Б.Ганзориг тухайн үед Ерөнхий сайдын шууд харьяанд ажиллаж байсан хүн. Мөн тус үйлдвэрийн ТУЗ-ын гишүүдийг Ерөнхий сайдтай зөвшилцөж томилдог.  Гэтэл энэ асуудлыг тэр үеийн Ерөнхий сайд байсан хүн өөрөө мэдээгүй гээд, доод тушаалын хүмүүстээ асуудлыг нялзааж байна. “Жаст”-ын Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Б.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар нар бүгд Ерөнхий сайдын томилсон, ойрын хүмүүс. Би Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газраас хууль хэрэгжүүлж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувьтай холбоотой асуудлыг хууль бус эсэхийг шалгах хүсэлт гаргасан. Ард түмний, нийтлэг эрх ашгийн төлөө дуу хоолойгоо хүргэх ёстой. Үүний төлөө С.Баяр гэдэг хүн уурласан байна.

С.Баяр гэдэг хүний насыг хүндлээд шинийн 8-ны дотор хэрүүл хийхийг оролдсонгүй. С.Баяр, Ж.Батзандан бид хоёр хоёулаа Монгол Улсын иргэн. Би УИХ-ын гишүүний хувьд үүргээ биелүүлж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувьтай холбоотой асуудлаар хуулийн байгууллагыг ажлаа хийхийг сануулсан. Ингэлээ гээд тэр хүн хуулийн байгууллагаар явбал явна биз. Би ч бас холбогдох газарт нь хандана. 

 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж