“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э
Жаран гуравдугаар бүлэг
ОЙН БАЯРТАЙ ОЛОН ОХИН ШӨНИЙН НАЙР ХИЙЖ,
ХОЙТЫН ЯВДАЛД ГАНЦ БЭР ЧАДАН ЯДАН МУНГИНАВ
Өгүүлэх нь: Бао Юй гэртээ ирүүт гараа угаагаад Ши Рэньтэй зөвлөлдөөд, “Үдэш архи ууж цэнгэлдэхэд эрээлж татгалзах хэрэггүй. Юу идвэл сайн бэ. Шалавхан тогооч нарт хэлж бэлтгүүл” гэв. Ши Рэнь инээж: “Чи битгий санаа зов. Чин Вэнь, Шө Юэ, Чиү Вэнь бид нар хүн бүр таван цэн мөнгө гаргавал нийлээд хоёр лан болно. Фан Гуань, Би Хэнь, Шяо Янь, Сы Эр дөрөв, хүн бүр гурван цэн мөнгө, тэдний дотор чөлөө хэлснийг тооцохгүйгээр нийт гурван лан хоёр цэн мөнгийг хэзээний Лю бэргэнд тушаагаад дөчин пял жимс бэлтгүүлсээн. Би бас Пин Эрд хэлж нэг сав сайн архи авчруулаад хадгалж байгаа. Бид наймуул тусгайдаа чиний төрсөн өдрийг тэмдэглэж найрлана” гэв. Бао Юй сонсоод: “Тэдэнд юуных нь зоос байх вэ. Тэгэхээр тэднээр зоос гаргуулж яах юм” гэв. Чинь Вэнь “Тэднийг зоосгүй гэвэл, бидэнд зоос бий юү. Энэ чинь зоосны явдал биш, хүний сэтгэл. Тэд хулгайлж ирлээ ч гэсэн бэлгийг нь хүлээж авах хэрэгтэй” гэв. Бао Юй инээн: “Зөв юм хэллээ чи” гэсэнд Ши Рэнь: “Чи өдөрт энүүнээс хоёр хатуу үг сонсож байхгүй бол дотор чинь амрахгүй ээ” гэв. Чин Вэнь инээж: “Чи одоо бас муу юм сурчээ. Хоёр үзүүртэй зүү болоод” гэсэнд цаадуул нь хөхрөлдөв. Бао Юй: “Хүрээний хаалгыг түгжигтүн” гэсэнд Ши Рэнь инээн: “Хүмүүс чамайг адгуу зантай гэдэг нь үнэн юм. Ийм эрт хаалга түгжвэл хүмүүс сэжиглэнэ. Бас цаана нь хүн хүлээнэ” гэсэнд Бао Юй: “Тиймээ тийм” гэснээ, би гадуур жаахан явж байгаад ирье. Сы Эрээр ус авчруулагтун. Шяо Янь намайг дагаад яв гээд гарав. Гадуур жаахан явж байснаа, Ү Эрийн тухай асуув. Шяо Янь:
-Намайг, өөрийн чинь үгийг хэлэхэд Лю бэргэн их баярлаж байсан. Харин тэр шөнө Ү Эрийг айлгаж, хорьж саатуулсанаас болоод бухимдаж бие нь муудсан гэсээн. Эмчлүүлж байгаа гэсэн. Сайн болохыг нь хүлээх болжээ гэсэнд Бао Юй шүүрс алдан гашуудаад: “Энүүнийг Ши Рэнь мэдэж байгаа юу” гэв. Шяо Янь: “Би түүнд хэлээгүй. Харин Фан Гуань хэлсэн, эсэхийг мэдэхгүй” гэтэл Бао Юй: “Би ч бас хэлээгүй байгаа. Одоо хэлнээ” гээд дотогш орж гараа угаав.
Дэн асаах үед хүрээний хаалгаар баахан хүн орж ирэв. Тэднийг цонхоор харвал, Линь Жышяогийн эхнэр, хэдэн хэрэг мэдэгч хүүхний хамт, урдаа том дэнлүү барьсаар орж ирэв. Чин Вэнь инээж сэмхэн: “Тэд шөнийн манаачийг шалгахаар ирж байгаа байх. Явмагц хаалгаа түгжинэ шүү” гэв.
Энэ үед Ү Хун Юаний манаачид баргаараа унтаж байв. Линь Жышяогийн эхнэр сайтар ажиглан үзээд: “Мөрийтэй тоглож, архи уугаад дараа нь нар гартал унтаж болохгүй. Би мэдвэл хүлээхгүй шүү” гэсэнд цөм хөхрөлдөж: “Тийм их зүрхтэй хүн хаана байхав” гэцгээв. Мөнөөх эхнэр: “Бао Эр Еэ унтаа юу” гэж асуусанд “Мэдэхгүй” гэцгээв. Ши Рэнь Бао Юйг дуудтал шаахайгаа чирэн гарч ирээд: “Би унтаагүй байна, мөөмөө нар нааш сууцгаа” гэснээ: – Ши Рэнь чи, цай бариач гэв. Линь авгай орж ирээд инээд алдан: “Бас унтаагүй юу. Одоо өдөр урт, шөнө богино болсон тул эрт унтвал өглөө эрт босож чадна. Орой босвол таныг сургуульд явж ном үзэх агь биш, харин олхиогүй дорой амьтан гэж дооглоно шүү” гээд хөхрөв. Бао Юй инээж:
-Мөөмөөгийн үг зөв зүйтэй. Би эрт унтдаг. Мөөмөөгийн орж ирэх болгонд унтаж байдаг учраас мэддэггүй. Өнөөдөр бол хоолоо шингээх гэж баахан тоглож суулаа гэв. Эхнэр, Ши Рэнь энэ тэрийг харж инээгээд: “За тэгээд цайгаа ууцгаа” гэж хөндий хуурай үг хэлэв. Энэ үед Чинь Вэнь цай барьж орж ирээд Линь эхнэрт өгөв. Тэрбээр цай гардаж аваад:
-Ойрноос Эр Еэгийн энэ хэдэн авхай нарыг дуудах аман дуудлага өөр болоод байна. Тэд хэдийгээр энэ гэрт байвч Лао тайтай, бусад Тайтай нарын хүн юм чинь, хүндэтгэж дуудах ёстой. Хааяа нэг хэлэх ч бас яахав. Гэхдээ л амны аяар дуудаад сурчихвал хожим дүү нар, ач зээ нар чинь, дууриагаад дуудахад хүрвэл, хүмүүс энэ их айлынхныг ах захгүй гэж шоолно шүү гэсэнд Бао Юй:
-Мөөмөө маш зүйтэй юм ярьж байна. Гэвч би хааяа нэг нэрээр нь дууднаа гэсэнд Ши Рэнь, Чин Вэнь хоёр инээд алдаад: “Тэр талаар анхааруулж болно” тэгэхдээ, энүүний чинь амнаас “эгч” гэдэг үг салдаггүй юмаа. Харин тоглож наадахдаа л хааяа нэрээр нь дуудчихаад байдаг юм” гэсэнд Линь Жышяогийн эхнэр:
-Энэ ч болноо. Энэ бол ном үзэж ёс мэдсэн хүний зан. Хүн ер нь даруу байвал хүнээр хүндлүүлнэ. Тав гурван үеийн хөгшид болоод одоо Лао тайтай, бусад Тайтайгийн гэрээс авчирсан хүнд байтугай тэдний муур нохойд ч дураар аашилж болохгүй. Энэ бол сая сургаалаар хүмүүжсэн агь хүний суртал юм гээд цайгаа ууж дуусаад: “Бид явлаа. Та нар унтаж амарцгаа” гээд өндийв. Бао Юй: “Суухгүй юм уу” гэсэнд Линь эхнэр, бусад газраар явна гээд гарав. Чин Вэнь яаран гарч гадаах хаалгыг хааж ирээд: “Энэ эхнэр хаанаас хундага юм оочсон юм бол доо. Хэрэггүй их юм яншиж, мөн их юм номловоо” гэсэнд Шө Юэ инээж: “Энэ ч бас сайн санаа шүү. Сануулж байвал илүүдэх газаргүй. Биднийг ёс журам алдуузай гэж болгоомжлуулж байна, хөөрхий” гээд жимс, архиа ширээнд өрөв. Ши Рэнь, өндөр ширээ хэрэггүй. Тэр алимны модны ханзны ширээг тавиад ханзан дээр сууцгаая гэсэнд цаадуул нь зөвшөөрөв. Ширээ засаж байх зуур гадаа хоёр эмгэн галын хувин дээр архи халаана. Бао Юй: “Одоо дулаан болжээ. Бүгдээрээ гадуур хувцсаа тайлбал яасан юм бэ” гэсэнд цаадуул нь “Чи тайлах дуртайгаараа тайлахгүй юү. Бид ээлжлэн архи барина” гэсэнд Бао Юй инээж: “Тэгэх юм бол үүрийн таван жин болтол үргэлжилнэ. Би энэ хоосон ёс маягт дургүйг та нар мэдмээр юм. Гадны хүний дэргэд бол ч яая гэхэв. Одоо бол намайг залхаах гэж байх шиг байна. Тэгж болохгүй” гэв. Цаадуул нь “Таны үгээр болъёо” гэцгээв. Тэгсгээд гадуур хувцсаа тайлцгаав. Дараа нь засал чимэглэлээ авч гэзгээ шанхлаад биедээ наалдсан нимгэн хувцастайгаа сууцгаав. Бао Юй хар хуартай ногоон пансан өмднийхээ шурхнагийг сул тавьж, олон янзын цэцгэн хээтэй дэр тохойлдон суугаад Фан Гуаньтай хуалж эхлэв. Фан Гуань гурван өнгийн торгоор зүйж хийсэн өмдөндөө удын өнгөт ногоон тэлээ тэлээлжээ. Тэрбээр бас л шурханагаа унжуулжээ. Үсээ өчнөөн олон салаалж сүлжээд нийлүүлэн бүдүүн гэзэг болгоод ар руугаа унжуулсан харагдана. Баруун чихэндээ будааны ширхэг шиг хаш шигтгэжээ. Харин зүүн чихэндээ алтан хүрээтэй шүрэн ээмэг зүүснийг үзвэл улам өнгө ороод, нүүр нь арван тавны сар мэт гэгээн, нүд нь намрын бүрд мэт тунгалаг харагдана. Тэр хоёрын хуалахыг харсан цаадуул нь: “Энэ хоёр чинь ихэр төрсөн ах дүү шиг харагдаж байна” гэцгээнэ. Ши Рэнь нар тус тусын хундаганд архи хийцгээв. Тэгээд Ши Рэнь эхэлж “Хуалах цаг зөндөө. Хэдийгээр архи их уух хэрэггүй боловч өнөөдөр онцлог өдөр учраас бидний гараас нэг нэг уучих” гээд Бао Юйд хундага барив. Тэрбээр Ши Рэнийхээс эхлэн цөмөөс нь нэг нэг балгав. Шяо Янь, Сы Эр хоёр багталцахгүй ханз ирмэгдэн сууж байтал хивсэн олбог нэмж тавив. Ширээн дээгүүр Дин Жөү нутгийн цайны жижигхэн таваг шиг цагаан пялд хийсэн хуурай, нойтон олон янзын амтат жимс, зууш өрөөтэй харагдана.
Энэ үед Бао Юй: “Бид бас архины дүрэм явуулъя” гэж санал гаргав. Ши Рэнь: “Томоотой байвал дээр. Учиргүй хашгичиж бархирвал хүн сонсоно. Бас бид бичиг мэдэхгүй тул утга уянгыг оруулах хэрэггүй” гэсэнд Шө Юэ: “Шоо орхиж улаан нүхийг уралдая” гэв. Бао Юй: “Энэ тусгүй. Харин цэцгийн нэрээр наадвал дээр” Чин Вэнь “Тэгье тэгье. Би тэгж тоглоё гэж бодож байсан юм” гэв. Ши Рэнь: “Энэ зүгээр тоглоом боловч хүн цөөн бол тусгүй” гэсэнд Шяо Янь инээж:
-Бид Бао авхай Юань, Линь охиныг сэмхэн залж авчирч наадаад хоёр жин болгоод унтахад оройтохгүй гэсэнд Ши Рэнь:
-Үүд хаалга, нээж хаасаар байгаад манаач нарт баригдана гэтэл Бао Юй:
-Тэднээс айх юү байна вэ. Манай гуравдугаар авхай ч архинд дуртай. Түүнийг ч залъя. Бас Бао Чинь байна гэсэнд цаадуул нь: “Бао Чинийг болохгүй. Тэр чинь их найнайгийн гэрт байгаа тул болохгүй” гэцгээв. Бао Юй:
-Тэр хамаагүй, та хурдан залаад ир гэж хэлмэгц Шяо Янь, Сы Эр хоёр хаалга нээлгэж, бяцхан шивэгчин дагуулаад тэднийг авчрахаар явцгаав. Чин Вэнь, Шө Юэ, Ши Рэнь гурав: “Тэр хоёрыг очиход ирэхгүй, хэдүүл очиж залъя. Ирэхгүй гэвэл чирээд, үүрээд ирье” гээд эмгэдээр дэнлүү бариулан явцгаав. Тэднийг очиход Бао Чай “Орой болжээ” гэвэл Дай Юй: “Бие муу” гэв. Цаад хэд нь “Юу ч болсон биднийг бодож очоод, жаал сууж байгаад ир” гэж шалсанд аргагүй зөвшөөрч: “Ли Ванийг залахгүй бол дараа дуулахад муухай болно” гэсэн ёсоор Шяо Янь, Сы Эр хоёрыг явуулав. Тэд Ли Вань, Бао Чинь хоёрыг залж ирэхийн хамтад Ши Рэнь Шян Линийг аваад иржээ. Бао Юй: “Линь охин дааруузай” гэсэнд түшлэг авчирч өгөв. Дай Юй, ширээнээс зайтай түшлэг түшин суугаад Бао Чай, Ли Вань, Тань Чүнь нарыг харан инээж:
-Та нар өдөр болгон л шөнө архи ууж мөрийтэй тоглож болохгүй гэдэг. Тэгтэл бид өөрсдөө ийм байж, дараа нь хүнд юү хэлэх юм бэ гэсэнд Ли Вань:
-Энэ чинь төрсөн өдрийн баярыг жилд ганц хийдгийн нэг нь. Түүнээс биш бид шөнө болгон ингэдэггүй. Одоо айх хэрэггүй гэв. Тэднийг ярилцаж байтал Чин Вэнь нэг хулсны сийлбэрт савхны сав авчирав. Дотор нь зааны яасан дээр цэцгийн нэр сийлсэн савхнууд хийж нэг хөдөлгөөд дунд нь тавив. Бас тоо авчран хайрцагт хийж нэг хөдөлгөөд нээж үзвэл зургаа байв. Тоолсонд Бао Чайд таарав. Цаадах нь инээж:
-Би өөрөө сугалнаа гээд савхны савыг хөдөлгөөд нэг савх сугалтал түүн дээр нь мандарваа цэцэг сийлж дээр нь “Түмэн цэцгийн түрүү” гэсэн үг сийлсэн байв. Доор нь бас жижиг үсгээр Тан улсын үеийн нэр мөр шүлэг сийлсэнийг уншвал “Хэдий сэтгэлгүй боловч бас ч сэтгэлийг хөдөлгөнө”1 гэжээ. Бас тайлбарт нь, хуримын хүн бүр нэг хундага ууж бэлэглэнэ. Түмэн цэцгийн түрүү болсон тул дураар тушаал буулган шүлэг дуулал, сайн муу гэхгүй, эсхүл нэгэн бадаг шинэ дуу дуулуулж баяр хүргэж болно гэжээ.
Бүгдээр хөхрөлдөж: “Яг сайхан таарлаа. Чи угаас мандарваа цэцэгтэй тэнцэнэ” гэцгээгээд нижгээд хундага ууцгаав. Бао Чай уучихаад инээж:
-Одоо Фан Гуань бидэнд нэг дуулж өгнө үү гэсэнд цаадах нь:
-Тийм бол бүгдээр нэг дугараа уугаад дуулая гэсэнд цаадуул нь зөвшөөрч ууцгаасны дараа Фан Гуань “Насны баярын найр өндөр…” хэмээн дуулсанд “Болио чи, энэ удаа чи насан хутаг бэлэглэх хэрэггүй. Аль сайхан дуулдаг дуугаа дуул” гэж шаардсанд шингэн цуурай хоолойгоор “Цэцгийг таашаан үзэхэд” хэмээх дууллын “Галбингаагийн жигүүрээр шүхэр хийж, хурмастын хаалганд заларсан цэцгийг шүүрдэнэ” хэмээн дуулав.
Бао Юй савх барьж “Хэдий сэтгэлгүй боловч бас ч сэтгэлийг хөдөлгөнө” гэж амандаа гүнгэнэж Фан Гуаны дууг анхааран сонсовч юм хэлсэнгүй. Шян Юнь савх модыг булааж аваад Бао Чайд өгсөнд шоог орхив. Арван зургаа буужээ. Тоолсонд Тань Чүньд таарав. Тэрбээр инээж: “Юү таарахыг бүү мэд” гэсээр гар сунган нэг савх сугалж үзээд ширээн дээр хаяж царайгаа улайлган инээгээд: “Энэ дүрмийг явуулахгүй бол таарнаа. Энэ чинь эрчүүдийн явуулах дүрэм болой. Элдэв бузар бүдүүлэг үгээр дүүрэн юм” гэв. Цаадуул нь юу хэлж байгааг сайн ойлгоогүй учир Ши Рэнь шүүрч аваад үзвэл” Яо нуурын хувилгаан эд” гэсэн үгсийг улаанаар бичжээ.
Нарны дэргэд улаан гүйлсийг үүлэнд түшүүлэн тарьжээ2 гэсэн мөрийн тайлбар нь, энэ савхыг олсон хүн, эрхэм хүргэнтэй тохирох тул бүгдээр баяр хүргэж нэг хундага уулгаад бас хамтаар нэг хундага ууна гэжээ.
Энэ үгийг сонсоод бүгдээр хөхрөлдөж: “Юу болов гэж гайхлаа шүү. Энэ савх бол их ордны дотор инээдэм болгон нааддаг юм тул иймэрхүү юм нь цөөн, сайн бол хоёр гурав биз. Энэ бидэнд ямар хамаа байна. Манай ордноос хааны хатан хүртэл төрсөн тул чи бас хааны хатан болохгүй гэх явдалгүй. Тэгвэл их баяраа, их баяр гэсээр Тань Чүньд архи барив. Тэрбээр юү гэж уух вэ. Шян Юнь, Ли Вань, Шян Лин нар албадаж нэг хундага уулгав. Цаадах нь хашгирч: “Үүнийг болиод өөр дүрмээр явуулъя” гэснийг нь цөм хүлээж авсангүй. Шян Юнь түүний гарыг барьж албаар шахуу арван есийн тоо орхиулаад, одоо Ли Ваний сугалах ээлж гэж зарлав. Ли Вань савыг сэгсрээд сугалснаа инээж: “Тун сайн. Та нар үүнийг үзэцгээ. Учиртай хө” гэсэнд үзэцгээвэл нэг муудсан тэргүүлэгч цэцэг зурж “Хяруут өглөөний жихүүн дүр” гэсэн үг байлаа. Нөгөө талын хуучин шүлэг нь “Хулсан шивээ, өвсөн гэрт сэтгэл аяандаа ханана”3 гэжээ. Тайлбарт нь, өөрөө нэг хундага уугаад дуусахаар дараагийн хүн шоо орхитугай гэжээ. Ли Вань инээж: “Үглэхээр сонин болно. Та нар шоо орхитугай. Би нэг хундага ууна. Та нар дийлж дийлэгдэх над хамаагүй” гээд архиа уугаад шоогоо Дай Юйд өгөв. Тэрбээр шоо орхитол арван найм буув. Тоолсонд, Шян Юнь сугалах болов. Ханцуйгаа шамлаад, гараа явуулан нэгийг сугалаад ирсэнийг нь үзвэл, нэг талд нь нэг салаа хайтан цэцэг зураад дээр нь, “Амтат зүүд оргилдоо” гэсэн үг бичиж, нөгөө талд нь, “Гагцхүү шөнийн нэл цэцэг үүрэглэхээс айна”4 гэжээ.
Дай Юй инээж: “Шөнийн гүнд” гэх хоёр үгийг “Хүйтэн Чулуунаа” хэмээн өөрчилбөл харин сайн болой” гэсэнд, өдөр Шян Юний согтож унтсаныг дооглож байна гэж бодоод цөм хөхрөлдөв. Шян Юнь тоглоомын онгоцыг заагаад: “Олон таван үггүй, тэр онгоцонд суугаад харьтугай” гэсэнд бас л хөхрөлдөв. Мөнөөх тайлбарыг үзвэл, “Нэгэнт амьд зүүдэнд автсан тул энэ савхыг сугалагч ууж чадахгүй. Түүний дээр, доор суусан хоёр хүн тус бүр нэг хундага уутугай” гэсэнд Шян Юнь алга ташин баярлаж, “Бурхан ёстой сайн шодогч юм” гэв. Энэ үед Дай Юй дээр нь, Бао Юй доор нь сууж байсан тул тэр хоёр архи уух болов. Бао Юй эхлээд архиныхаа талыг уугаад тэдний нүдийг хариулж байгаад Фан Гуаньд өгчихөв. Тэрбээр авуут хөнтөрч орхив. Дай Юй тэднийг хоорондоо ярих зуур нь балгасан архиа нулимах саванд хийчихэв. Шян Юнь шоог шүүрэн авч орхисонд есийн тоо буув. Тоолбол, Шө Юэд таарчээ. Цаадах нь даруй нэгийг сугалан аваад үзүүлбэл, нэг ороомог цэцэг сийлж, “Залуу нас сайхны оргил” гэсэн дөрвөн үг бичээд тэртээ талд нэг бадаг хуучин шүлэг бичсэн нь “Ороомог цэцэг дэлгэрвээс өнгөтний хэрэг дуусна”5 гэжээ. Тайлбар нь, ширээний хүмүүс, тус бүр гурван хундага ууж хаврыг үднэ гэж бичжээ. Шө Юэ “Яаж ойлгох юм бэ” гэж асуусанд Бао Юй хөмсөг зангидангуут яаран савхыг нуугаад “Бид урьдаар архиа уусугай” гэсэнд бүгдээр гурван удаа архинд ам хүргэж, гурван хундагыг орлуулав. Шө Юэ шоо орхив. Арвын тоо бууж Шян Лингийн ээлж болов. Тэрбээр сугалсанд, хос цөнхрөгт цэцэг байх бөгөөд дээр нь “Хаврын бэлэг гэр дүүрэн” гэж бичээд, тэртээ талд нь нэг хуучин шүргийн “Холбогдон нийлсэн мөчирт хуар цэцэг дэлгэрчээ”6 гэсэн мөр байв. Тайлбарт нь, сугалагчид гурван хундага бэлэглэж, бүгдээр нэг хундага дагалдан ууна гэжээ. Шян Лин шоог дахин орхисонд, зургаа бууж Дай Юйгийн ээлж болов. Тэрбээр дотроо: “Ямар нэг сайныг олоод сугалчих юмсан” гэж бодоод гар сунган нэгийг авбал, дээр нь цацагт цэцэг зурж “Салхи шүүдрийн ариун зовнил” гэсэн үг бичээд, бас нэг хуучин шүлгийн мөр нь “Дорнын салхинд битгий гомдогтун, хувь ерөөл болой”7 гэжээ. Тайлбарт нь, өөрөө нэг хундага ууж, мандарваа нэгэн хундага дагалдан ууна гэсэн байна. Бүгд хөхрөлдөж: “За мөн сайндаа. Энүүнээс өөр цацагт цэцэгтэй тэнцэх хүн байхгүй” гэсэнд Дай Юй бас хөхөрч архиа балгаад ахин орхисонд хорийн тоо бууж Ши Рэний ээлж болов. Тэрбээр нэгийг авсанд, тоорын цэцэг зурж, дээр нь “Ү Лин нутгийн онцгой үзэмж” гэсэн үг бичээд хажууд нь хуучны нэг мөр шүлэг “Тоор улайхуйяа, бас нэгэн жилийн хаврыг үзнэ”8 гэж бичсэн байна. Тайлбарт нь, гүйлсэн цэцэг хундага, тэнд сууж байгаа нас чацуутан нь нэг хундага, овог нэгтэй нь бас нэг хундага уутугай гэжээ. Бүгд инээлдэн: “Энэ чухам сайхан наргиантай юмаа” гээд бодож үзвэл, Шян Лин, Чин Вэнь, Бао Чай гурав түүнтэй нас чацуу бөгөөд Дай Юй түүнтэй нэг цагт төржээ. Харин овог нэгтэн байсангүй. Фан Гуань: “Би бас хуань овогтой учир би нэг ууя” гээд бүх хундагыг дүүргэв. Дай Юй, Тань Чүнийг харан инээж:
-Эрхэм хүргэнд очих заяатай чи бол гүйлсэн цэцэг болой. Хурдан уутугай. Бид нар ч ууна гэсэнд цаадах нь инээж
-Энэ чинь ямар утгатай үг вэ. Бэргээн, түүнийг нэг сайн алгадаад аль гэсэнд Ли Вань инээж:
-Эрхэм хүргэнээ олоогүй байхад нь би зодож болохгүй ээ гэсэнд бүгд хөхрөлдөв.
Ши Рэнь шоо орхихыг завдтал хүн хаалга тогшив. Эмгэд яаран гарч асуувал, Шюэ Има, Дай Юйг унтуулахаар хүн явуулсан байв. Түүнээс “Хэдэн жин болж байна вэ” гэж асуувал “Хоёр жин өнгөрч байна. Арван нэг дуугарсан шүү” гэв. Бао Юй итгэж ядан цаг авч харвал, хулгана цагийн эхний нэгэн мөч арван хувь болсон байв. Дай Юй босож “Би ч одоо тэсэхгүй болов. Хариад эм уунаа” гэсэнд цаадуул нь “Тарцгаая” гэв. Ши Рэнь, Бао Юй нар “Жаахан сууцгаа л даа” гэсэнд Ли Вань “Их орой болжээ. Бид ингэж оройтдоггүй шүү” гэв. Ши Рэнь: “За тийм бол хүн бүр нэг хундага татаад яв даа” гэсэнд цаадуул нь зөвшөөрч, нэг нэг хундага уугаад даруй дэнлүү асаалгав. Тэднийг Ши Рэнь нар Чинь Фан Тин танхимын дэргэдэх гол хүртэл үдээд буцаж ирэнгүүт, хаалгаа түгжээд дүрмээ үргэлжлүүлэв. Ши Рэнь бас их хундагыг дүүргээд тавагт элдэв жимс, зууш хийж зарц эмгэдэд идүүлж уулгав. Хэн хүнгүй халж, дуу шуу нь чангаран хуалж эхлэв. Дөрвөн жингийн үе болоход зарц эмгэд ил далд уусаар архины ваар хоосров гэхийг сонсоод сая ширээгээ хураагаад угааж цэвэрлэн унтацгаав. Фан Гуаний хоёр хацар энгэсэг түрхсэн мэт улайж, хөмсөг нүд нь улам ч хөөрхөн болоод бие нь сулдайн Ши Рэний өвдгийг дэрлэн хэвтээд:
-Эгч минь зүрх түгшээд байна гэсэнд Ши Рэнь:
-Хэн чамайг залгилаад бай гэсэн юм гэв. Энэ үед Шяо Янь, Сы Эр хоёр унтсан тул Чин Вэнь л ганцаараа хашгирна. Бао Юй:
-Хөөе, чи битгий бархираад бай. Зүгээр унт гэж хэлээд унтав.
Ши Рэнь Фан Гуаний их согтсоныг хараад түшиж босгон, Бао Юйгийн хажууд унтуулаад өөрөө эсрэг талын орон дээр гаруут мэдээ сэхээгүй унтав.
Тэнгэр гэгээрэх үес Ши Рэнь харвал босох болсон байв. Тэрбээр “Оройтжээ” гэж үглэн эсрэг талын орыг харвал Фан Гуань ханзны ирмэг дэрлэн унтаад сэрээгүй байв. Яаран очиж түүнийг сэрээвэл Бао Юй ч сэрээд: “Их орой болжээ” гээд өндийснөө, Фан Гуанийг түлхэн босгов. Цаадах нь өндийгөөд нойрмоглон нүдээ нухална. Ши Рэнь инээж:
-Ичихгүй байна уу. Согтоод, унтах газраа ч мэдэхгүй хаа хамаагүй тээрч хэвтээд л… гэсэнд Фан Гуань сая л Бао Юйтэй нэг ор дэр дээр унтсанаа мэдээд ичингүйрэн санд мэнд босоод: “Би яагаад… гээд цааш юм хэлж чадахгүй болсонд Бао Юй инээж: “Би даанч мэдсэнгүй. Мэдсэн бол хацар дээр нь хар бэх түрхэх байж” гэв. Тэгтэл бяцхан шивэгчингүүд орж ирээд угааж цэвэрлэх ажлаа хийцгээв. Бао Юй инээн:
-Би өчигдөр та нарыг их зовоожээ. Өнөө орой ширээ засаж, та нарыг залъя гэсэнд Ши Рэнь:
-Болохгүй. Өнөөдөр яаж болох вэ. орой ууж идвэл хүмүүс ийм тийм гэнэ шүү гэв. Бао Юй:
-Тэдний ярихаас айх юун. Нэг хоёр удаад яана л гэж. Бүтэн ваар архи уусныг бодвол бид нар архи ууж сурчээ. Яг хөг нийлж байхад архи дууссан нь харамсалтай гэсэнд Ши Рэнь инээн:
-Яг тэгж байвал сайн. Тэгэхгүй бол хэтэрнэ. Тусгүй. Өчигдөр ч сайн наргисан шүү. Чин Вэнь ичихээ хүртэл мартаад ямар нэг дуу дуулсаныг л би санаж байна гэсэнд Сы эр инээж:
-Эгч та хүртэл нэг дуу дуулснаа мартаа юу. Бүгдээрээ дуулсан шүү дээ гэсэнд цөмөөр ичиж улайн нүүрээ дарж инээлдэв.
Энэ үед гэнэт Пин Эр ирээд: “Өчигдөрийн найрт суусан улсыг найранд залахаар ирлээ. Өнөөдөр би хариу найр хийнэ. Нэг ч хүн дутаж болохгүй” гэсэнд урин суулгаад цай барив. Чин Вэнь инээж:
-Өчигдөр энэ байгаагүй нь харамсалтай гэсэнд Пин Эр:
-Та өчигдөр юу хийчээв гэж асуувал Ши Рэнь:
-Чамд хэлж болохгүй ээ. Өчигдрийн явдлын хөг, наргианыг хэлж баршгүй. Лао тайтай, бусад Тайтай нарын олныг дагуулан зугаалдаг явдал ч өчигдрийнхөд хүрэхгүй. Нэг ваар архи ууж, хүн бүр ичихээ мартан дуулцгаасан гэж бод. Тэгээд дөрвөн жин өнгөрөхөд, цөмөөр хөндлөн гулдгүй хэвтээд, ухаангүй унтсан л юм шүү дээ гэсэнд Пин Эр:
-Уухайс! Миний архийг аваад эзнийг нь залдаггүй байх нь. Тэгээд өнгөрсөн хойно хэлж уур хүргэх нь хөөе гэсэнд Чин Вэнь:
-Өнөөдөр тэр хариу хурим хийнэ. Лав чамайг залах байх. Чи хүлээж бай гэсэнд Пин Эр инээж:
-Тэр гэсэн чинь хэн бугай вэ гэсэнд цаадах нь улайж, цохиод авмаар болсноо:
-Чи урт чихтэйдээ олж сонсчээ гэв. Пин Эр инээж:
-Пэй, ичих нүүргүй амьтан. Одоо чамтай ярих зав алга. Юманд явах гэж байна. Буцаж ирээд, хүн явуулж залуулна. Нэг л хүн дутвал, ирж үүдийг чинь балбана шүү… гэхэд нь Бао Юй нар суулгах гэсэнд яаран явав.
Бао Юй угааж самнаж дуусаад цайгаа ууж байтал гэнэт бэхийн зууруул дор нэг хуудас цаас тавьсныг хараад:
-Та нар энд дураар юм зуруулаар дарж тавьж болохгүй гэсэнд Ши Рэнь, Чин Вэнь хоёр сандарч: “За юу болов” гэсэнд, хуруугаар зааж:
-Энд юү байгаа юм бэ. Хэн нэгний үлгэр9 юм уу, эсвэл мартаад орхижуу гэсэнд Чин Вэнь бэх зуурагчийг нь аваад үзвэл нэг хуудас урилгын бичиг байв. Аваад Бао Юйд өгөв. Улаан цаасан дээр бичсэн тэр урилгад “Босгоны гаднах хүн Мяо Юй холоос бадралт насан өлзийд хичээнгүйлэн ёслому” гэснийг хараад Бао юй үсрэн босож:
-Хэн үүнийг хүлээн авсан бэ. Хэлэхгүй ч энд юман дор тавьдаг нь юү вэ гэсэнд Ши Рэнь, Чин Вэнь хоёр сандран, ямар гээч хүний ирүүлсэн урилгыг мэдэхгүйдээ сандран “Хэн энэ урилгыг авчирч өгсөн бэ” гэж асуусанд Сы Эр гүйж ирээд:
-Өчигдөр нэг эхнэр авчирсаныг нь би тэнд тавьсан юм. Архи уугаад сүүлдээ хэлэхээ мартжээ гэсэнд цаадуул нь “Хэн ирүүлсэн юм бол” гэж их гайхлаа. Нэг их сандраад байх ч юм биш байж гэж хэнэггүй царайлав. Бао Юй:
-Алив цаас хурдан аваад ир гээд бэхээ зуурч эхлэв. Тэгтэл цаас ч аваад ирэв. Урилгын нүүрний “Босгоны гаднах хүн” гэсэн гурван үгийг хараад, хариу бичигтээ юү гэж бичихээ мэдэхгүй бийрээ барьж хэсэг зуур бодолхийлээд олсонгүй. Бао Чайгаас асуух гэхээр тэр яасан хачин юм гэж гайхна. Тэгэхээр Дай Юйгээс л асууя гэж бодоод, мөнөөх урилгыг ханцуйлан гарч одов. Явсаар Чинь Фан Тин танхимыг өнгөртөл өөдөөс нь Шю Янь нахилзаж тахилзсаар ирж явахыг харав. Бао Юй:
-Эгч хаана хүрэх нь вэ гэсэнд цаадах нь:
-Би Мяо Юйг эрж явна гэв. Бао Юй гайхаж:
-Тэр зожиг зантай, цагийн аясыг дагах дургүй, хамаг амьтныг таалдаггүй байтлаа таныг хүндэтгэдгээр үзвэл, эгч та чинь, мань мэтийн болхи амьтан яавч биш ээ гэсэнд цаадах нь инээж:
-Тэр юү гэж намайг үнэлж хүндэтгэх юм бэ. Гэхдээ би чинь түүнтэй арван жилийн турш хашааны хоёр талд айлсан суусан юм шүү. Түүнийг Пань Шян Сы Сүмд бясалгал хийж байхад, ядуу манайх түүний сүмийн байрыг хөлсөлж төдий жил суусан юм. Би зав чөлөөгөөрөө сүмд очиж түүнд хань болдог байсан бөгөөд номын хэдэн үсэг ч заалгасан юм. Бид хоёр ядуу зүдүүгийн хувьд найртай байдгаас гадна багш шавийн барилдлага ч жаахан байна. Хожим бид ураг төрлөө түшихээр хоёр тийш явсан юм. Тэр бол цагийн аясыг дагадаггүй учраас эрх сүртэнд тоогдоогүй явсаар байгаад харин энд суурьшсан гэж сонслоо. Одоо бид хувь ерөөлөөр дахин учрах юм бол хуучин найзын явдал хувираагүйгээр барахгүй улам бэхжих юм байгаа юм гэв.
Бао Юй түүний яриаг сонсуут аянгын дуунд цочин сэрсэн мэт алсхийн баярлаж,
-Эгчийн хөдөлж барих, ярьж хөөрөх нь хээрийн тогоруу хөвхөлзөх үүл мэт бусдаас өөр байсан юм. Би тэр тухай хүнээс асуухаар явж байна. Урьдын сайн ивээлээр эгч тантай учирсан тул зааж сургахыг хүснэ гээд урилгын хуудсыг гарган үзүүлэв. Авгай үзээд:
-Тэрбээр өөрийнхөө занг хэзээ ч өөрчилж чадахгүй. Тэр бол төрөлхийн ийм этгээд зантай хүн. Ёслолын хуудсанд цолоо бичихийг нь ер үзээгүй. Энэ бол чухамдаа, ерийн үгээр бол, лам ч биш, хар ч биш, эр ч биш, эм ч биш гэгчээр л хүн дээ гэв. Бао Юй инээж:
-Эгч та мэдэхгүй байна. Тэр чинь угаасаа л мань мэтийн эгнээнд байх хүн биш. Энэ хорвоогийн улаан тоосноос гадна байх хүн. Намайг өчүүхэн төдий мэдлэгтэй гээд энэ хуудсыг өгчээ. Би хариуг яаж бичихийг мэдэхгүй учраас аргагүйдэн Линь охин дүүгээс асуух гээд явж байтал энд тантай учирдаг юм байна гэв. Шю Янь Бао Юйн ярихыг чагнаж байхдаа толгойноос хөлийг нь хүртэл ажиглаад инээж:
-Хуучны үгэнд “Зүсийг үзвэл нэрийг бүү асуу” гэж байдаг. Бас Мяо Юйгээс чамд урилгын энэ хуудас өгсөн, ноднин чамд тэргүүлэгч цэцэг хүргүүлсэн явдал цөм учиртай байхаа.
Тэрбээр хэдийгээр тийм боловч би чамд учрыг нь хэлж өгье. Тэр үргэлж “Эртний хүмүүсийн дотор Хань, Жинь, Таван үе, Тан, Сунгээс нааш цөм сайн шүлэггүй. Ганц хоёрхон бадаг нь сайн гээд “Мөнхийн бат төмөр хаалга байвч, мөнхүү нэгэн шороон овоо болой”10 гэдэг хос мөрийг дурдана. Тэгээд өөрийгөө “Босгоны гаднах хүн” гэнэ. Бас “Утга бол Жуанзын охь” гэж магтдаг. Тэрбээр бас хааяа “Ялимгүй хүн” гэх нь бий. Мяо Юй хуудсандаа “Ялимгүй хүн” гэвэл чи даруй “Ертөнцийн хүн” гэж хариултугай. “Ялимгүй хүн” гэгч биеэ хэрэггүй хүн гэсэн үг. Тийнхүү чи, биеэ өнгөт ертөнцийн өтөл хүн гэвэл тэр даруй баярлана. Одоо тэр биеэ “Босгоны гаднах хүн” гэсэн нь, төмөр богын гадна явж байгаа хүн гэсэн утгатай. Тэгэхээр чи одоо “Босгоны доторх хүн” гэж бичвэл даруй түүний санаанд нийцнэ гэж хэлэв.
Бао Юй түүний үгийг сонсож байхдаа унтаж байгаад цочин сэрсэн мэт болж, аяяа гэж дуу алдаад, инээн:
-Манай өвгөдийн сүмийг “Төмөр босгот сүм” гэсэн нь ийм учиртай байсан ажээ. Эгч та очтугай. Би хариу хуудас бичнэ гэсэнд Шю Янь шууд Лун Цүй Ань сүм рүү явав. Бао Юй харьмагцаа, хариу хуудас бичиж, дээр нь зөвхөн “Богын доторх хүн Бао Юй ариулан рашаалж, хичээнгүйлэн ёслов” гэхчилэн хэдхэн үг бичээд Лун Цүй Ань сүмд очиж хаалганы завсраар хуудсаа хийгээд буцав.
Хоолны дараа Пин Эр хариу найр хийхдээ Хун Шян пүг хэтэрхий халуун гэж Юй Инь Тан харшид ширээ засаж, архи дарс, амтат зууш бэлтгэв. Ёу хатан, Пэй Фөн, Ше Юань, хоёр татвар эхнэрийг дагуулж авчирсан нь улам ч баяр болсон бөгөөд тэр хоёр татвар бол нас залуу, асвар цагаан зантай, тэр болгон юманд ирээд байдаггүй юм. Нэгэнт өнөөдөр энд ирсэн олохоор Шян Юнь, Шян Лин, Фан Гуань, Рүй Гуань зэрэг охидтой учирсан нь “Хун, галуу мэт дуу нэгтэй, хулан тахь мэт зүс нэгтэй” гэдэгчлэн тэдэнтэй инээлдэж хөхрөлдөөд, Ёу хатнаас ч зовохгүй цэнгэлдэн зугаацав. Тэд бас бүсгүйг хуурч авчирч баахан хуурдууллаа. Пин Эр нэг салаа цээнэ цэцэг барьж, хүмүүс хоорондоо цэцэг дамжуулахаар дүрэм болгож хэсэг наргицгаав. Энэ хэр Хэнь овогтын гэрээс хоёр бүсгүй юм хүргэж ирлээ” гэж мэдүүлсэнд Тань Чүнь, Ли Вань, Ёу хатан гурвуул хэрэг зөвлөх танхимд орж уулзав. Тэр хооронд цаадуул нь гадуур зугаацна. Пэй Фөн, Ше Юань хоёр дүүжингээр тоглох гэсэнд Бао Юй: “За та нар суу. Би хөдөлгөж өгье” гэсэнд цаад хоёр нь: “Хэрэггүй, хэрэггүй” гэж сандрав.
Энэ үед гэнэт зүүн ордны хэдэн хүн садран гүйж ирж: “Лаое бурхан боллоо” гэж хэлсэнд бүгд айн цочив. Хэн нэг нь: “Зөв зүгээр эрүүл байж байгаад яачихваа” гэсэнд ирсэн зарц: “Лаое өдөр болгон бясалгал хийдэг юм. Тэр бясалгал нь дуусаад л бурхан болсон байхаа” гэж хэлэв. Ёу хатан энэ үгийг сонсоод тэвдэж, хамаг бүстэйчүүл Жя Жэнь эцэг хөвгүүн, Жя Лянь цөм эзгүй, ядаж хэрэг мэдэгч нарын дотор ч бүстэй хүн алга, яах билээ гэхчилэн сандарч, засал чимгээ авангуут урьдаар хүн явуулж Шюань Жэнь Гуань хийдийн бумбыг тэнд нь байлгаж байгаад Даеэ ирж асуухыг хүлээе гэв. Тэгээд яаран тэргэнд сууж, хэсэг зарц боолдагуулан явж, хот орж эмч залж ямар өвчнөөр нас барсаныг нь үзүүлэв. Эмч нар үзээд, хүн нь нэгэнт үхсэн тул судас нь яаж олдох вэ. Жя Жин бол хий увьдас шүтдэгийг хүн бүхэн мэднэ. Энэ бол цөм худал хуурмаг зүйл байтал тэр улам ахиж одон гарагт мөргөж, цагаан бичгийг шүтэн адист үрэл уух зэргээр дураар оролдсоор хүч тамираа хэтэрхий барсанаас аминдаа хор хийсэн болой. Одоо хэдий үхсэн боловч гэдэс дотор нь төмөр мэт хатуу. Нүүр царай, уруул ам нь шатаж харлан хагарчээ гэв. Тэгээд бэрийн зүг: “Бумбын суртахуунаар, үүнийг алт залгиж, адист үрэл идээд шатаж үхсэн гэдэг юм” гэсэнд бумба нар: “Нууцаар бүтсэн адист үрэл идээд хэрэг муухай болов. Өчүүхэн бумба бид нар бол бясалгал гүйцэтгэгч тул “Ууж үл болно” гэж ятган хэлсэн боловч энэ шөнө Лаое цагаан бичийг манахдаа сэмхэн идээд бурхан болжээ. Энэ бол үнэнхүү сүсгээр бодь мөрийг олж зовлонгийн далайг гэтлээд бие цогцоос ангижирсан хэрэг болой” гэцгээв. Ёу хатан үгийг нь дагах аргагүй тул аргагүй хаалгыг оньслоод Жя Жэнийг ирээд шийдэхийг хүлээлгэж, түүнд мэдээ хүргэх морин буухиа мордуулав. Түүнээс гадна байгаа газар багадаад шарил тавих боломжгүй боловч хот руу оруулж болохгүй учир боож баглаад зөөлөн сүйхээр Те Каньсы сүмд авчирч тавив. Хуруу даран тоолж үзэхэд Жя Жэнь хагас сараас нааш ирэхгүй тул өдийний халуун цагт удаан хүлээх аргагүй тул зурхайчаар өдөр үзүүлээд өөрөө дур мэдэн оршуулахаар шийдэв. Авсны модыг аль хэдийн олоод энэ сүмд хадгалж байсан нь бас нэг дөхөм болов. Гурван өдрийн дараа даруй цагаалж, гашуудал эхлэн номын ширээ зэхэв. Энэ үед Рун Гуофү ордны Фөн Же ирж чадахгүйгээс гадна Ли Вань эгч дүү нараа харгалзах, Бао Юй ёс дүрэм мэдэхгүй тул гаднах хэрэг явдлыг хоёрдугаар зэргийн мэдэгчдэд түр найдах болов. Жя Бинь, Жя Хан, Жя Ин, Жя Чан, Жя Лин нар тус тусын ажилтай болоод Ёу хатан гэртээ харьж чадахгүй тул хойт эхийгээ авчирч Нин Гуофүг сахиулж суулгав. Энэ хойт эх нь хоёр охиноо дэргэдээ авчрав.
Шарил хөдөөлүүлэх бэлтгэлийг ийн хийж байх үед Жя Жэнь хэл авмагц чөлөө айлтгажээ. Жя Рун бас албатай учир өргөдөл айлтган зарлиг хүлээж байв. Тэнгэрийн хөвгүүн, хаан эзэн, туйлын өршөөл элбэрэлтэй бөгөөд гавъяат түшмэлийн үр ач нарыг хүндэтгэдэг тул түүний өргөдлийг үзмэгц Жя Жингийн ямар тушаалтай байсныг асуусанд ёслолын зурганаас айлтгасан нь: “Орогсод гаралтай. Өвгийн тушаалыг хөвгүүн Жя Жэнь залгамжилжээ. Жя Жин насжиж бие доройтсон учир нийслэлийн гаднах Шюань Жэнь Гуань сүмд биеэ сувилан суудаг байсан бөгөөд тэндээ нас барав. Түүний хөвгүүн Жя Жэнь, ач хүү Жя Рун төрийн бэлэвсрэлийн учирт эзнийг дагаж энд байх тул чөлөө айлтган, очиж оршуулахыг хүснэ” гэжээ. Тэнгэрийн хөвгүүн сонсоод, яаран дүрмээс гадуур өршөөл хайрлах зарлиг буулгав. Түүнд, Жя Жин хэдий төрд гавъяагүй боловч түүний өвөг эцгийн шударгыг бодож тавдугаар зэрэг нэхэмжлэн хайрлаж, үр хүүхэд нь чандрыг дамнан хойт хаалгаар нийслэлд оруулан, өршөөлөөр хувийн ордондоо авслахыг зөвшөөрөн, үр хүүхдээр нь бэлэвсрэлийн ёсыг гүйцэтгүүлж, ёслол дууссан хойно чандрыг аваачиж уг нутагт нь оршуулагтун. Хурим тойн яамнаас дээр дурьдсан ёсоор тахилга хайрлагтун! Ордны дотор ван, гүнгээс дорогш хүмүүс орж гашуудал гүйцэтгэж болно. Үүний тул зарлав гэсэн байв.
Хааны зарлиг буумагц Рун, Нин хоёр ордны хүмүүс өршөөлд мөргөхөөр барахгүй, төрийн бүх их түшмэд цөм их дуугаар цаглашгүй магтан бишрэв.
Жя Жэнь, шөнө дөлөөр давхиж явлаа. Хувийн зарц нар нь дагаж явна. Тэднийг ирэх замд Жя Бинь, Жя Гуань хоёр тосон уулзав. Тэд Жя Жэнийг хармагц мориноос бууж мэндлэв. Жя Жэнь яаран:
-Юу хийж явна вэ гэж асуусанд цаад хоёр нь:
-Ах, ач хөвгүүн хоёрыг ирвэл, замын зуур Лао тайтайг харгалзах хүнгүй хэмээн болгоомжилж бэргэн, бид хоёрыг явуулсан юм гэж хэлэв. Жя Жэнь, тэднийг магтаад,
-Гэрт аль хэр төвхнүүлж байна вэ гэж асуусанд цаад хоёр нь болсон явдлыг нэг бүрчлэн хэлэв.
Тэгээд Жя Жэнь буудалд ч оролгүй, мориндоо ташуур өгөөд шөнө дөлөөр нисэх мэт довтолгон одов. Тэрбээр нийслэлийн хаалгаар орж ирүүтээ сүм рүү очив. Энэ үед нэгэнт дөрвөн жин болж байсан бөгөөд манаач түүний ирсэнийг мэдмэгц бүгдийг дуудан сэрээв. Жя Жэнь мориноосоо буумагц дуу тавин уйлж, их хаалганы гаднаас сөгдөн мөлхсөөр авсны дэргэд очиж мөргөн цусаар уйлав. Тэрбээр хоолойгоо сөөтөл бархирсаар үүр цайлгалаа. Харин Ёу хатан энэ тэртэй уулзсаны жаахан тайтгарч авсны өмнө сөгдөн мөргөсөөр байлаа.
Энэ их хэрэг явдал болоод ярьж хөөрөх, шийдэх юм зөндөө байхад юу ч харахгүй, юү ч сонсохгүй байж болохгүй тул арга буюу уй гашуугаа хөнгөлж хүмүүсийг удирдаж, зааж зурахаа бодов. Тэгээд эзний өршөөлийг ураг садныхандаа нарийвчлан хэлж сонсгоод хамгийн урьдаар Жя Рунийг хариулж чандар тавих явдлыг бэлтгүүлэхээр явуулав. Энэ үгийг сонсмогц Жя Рун яаран явж хариад, танхимын ширээ сандлыг хураалган халхавч тавьж, бэлэвсрэлийн хөшиг өлгөн хаалганы өмнө бүрээ бишгүүрчний пин саравч бариулан пайлуур босгох зэрэг ажил хийлгэв. Тэгээд нагац эмэг эх, бага эхнэрүүдтэй уулзав. Түүнийг үзсэн болгон бөөн баяр. Жя Рун, хоёрдугаар бага эхнэрийг хараад: “Ашгүй, та хүрээд ирээ юү. Миний эцэг таныг тун их санасан шүү” гэсэнд түүний царай улайж: “Чи муу ач юм. Хоёр өдөр хараалгахгүй бол санаа чинь амрахгүй нээ. Улам ч ёсгүй болоо шив дээ. Эрдэм номтой, ёс төртэй их айлын агь байж ерийн ардаасдор болоо шив дээ” гээд илүүр шүүрэн авч толгой руу нь татаад авав. Жя Рун сандарч толгойгоо дараад өвөр дээр нь өнхрөн аргадав. Ёу Сань Же дургүйцэн “Эгчийг ирэхээр хэлнэ дээ чамайг” гэв. Жя Рун сөгдөн гуйж аргадаад мөнөөх бага эхнэртэй боов булаалдан иднэ. Бага эхнэр амандаа зажилсанаа нүүрэнд нь түрхсэнд Жя Рун хэлээрээ цөмийг хамж идэв. Шивэгчин охид хүртэл харж чадахгүй инээж: “Уй гашуу онин дээрээ, Улаан цагаан ялгараагүй байхад… настай ижий сая унтлаа. Энэ хоёр хэдий залуу боловч эх үртэй болой. Чи манай найнайг даанч тоохгүй байна. Хожим Лаоед мэдүүлбэл амьтай чинь хэлэлцэнэ дээ” гэв.
Жя Рун, бага эхнэрийг орхиод тэр шивэгчин охиныг тэврэн үнсэж “Гол минь, зүрх минь, чи үнэн юм хэллээ. Бид тэр хоёрын хорхойг хөдөлгөсүгэй” гэсэнд цаадах нь яаран түлхээд “Үхэж хэвтсэн золиг. Эхнэр, шивэгчинтэй байж бас бидэнтэй зууралдахнуу. Мэдэх нэг нь тоглоомоор бодно. Мэдэхгүй нь, ялангуяа тэр уушиг зүрх нь өмхийрч уруул ам нь урагдсан, хэрэгт дуртай хивүүр эрүүнд үзэгдэж, тэртээх ордонд үг тархвал, манай эндхийг эх толгойгүй гэж далдуур муу хэлэхгүй юү” гэж асуусанд цаадах нь инээж:
-Гал голомт тусдаа байж, хэн нь хэний явдалд гар дүрнэ вэ. Хэн хэнээ хэлэлтгүй. Эртнээс одоо болтол Хань улс, Тан улсыг хүртэл… хүмүүс “Бузар Тан, булай Хань” гэдэг байсан юм гэсэн. Тэгэхэд мант мэтийн айл хэн, юү гэдэг юм. Хэнийд зальхай зайдан явдал байхгүй вэ. Түүнийг хэн мэдэхгүй вэ? Нөгөө ордны Да Лаое тийм хатуу байтал Жя Лянь авга, бага эхнэртэйгээ зүгээргүй шүү дээ. Фөн авга бэргэн тийм айхтар чанга байтал Жя Рүй авга түүнд дурлаад амар байлгахгүй байсан шүү дээ. Хэнийг нь би мэдэхгүй вэ? гэж амны зоргоор чалчсанд Ёу Сань Же царайгаа барайлган ханзнаас бууж дотогш ороод Ёу эмгэнийг дуудан сэрээв. Жя Рун хөгшин ээжийгээ сэрсэнийг мэдээд амрыг нь асуугаад,
-Таныгаа чилээж, бага эхнэрүүдийг ч зовоочихлоо. Та нарынхаа тусалсанд аав, бид баярлаж байгаа. Ажил явдал дууссан хойно гэр хотлоороо очиж мөргөн таларханаа гэсэнд Ёу эмгэн толгой дохиж,
-Хөвгүүн минь, чи ч хэлж чадах юмаа. Ураг садан зуураа ямар хамаа байхав гээд эцэг чинь сайн уу. Хэзээ ирсэн бэ гэж асуусанд Жя Рун инээж:
-Урьд шөнө ирээд намайг нааш явууллаа. Тэгээд би таны амрыг эрэхээр ирлээ. Таныг юу боловч энэ явдал дууссан хойно харих болов уу гэж байна лээ гээд хоёрдугаар эхнэрийн зүг нүд ирмэв. Ёу Саньже түүнийг хараад шүдээ зууж
-Хэл амаа билүүдсэн хэргийн эзэн, чонын бэлтрэг. Чи биднийг явуулахгүй ямар элэнцэгээ хийнэ вэ гэв. Жя Рун түүний хэлэхийг үл тоон эмгэнийг харж
-Та санаа амар бай. Миний эцэг өдөр болгон хоёр нагац эгчийн төлөө санаа болж, уг удам сайтай хоёр эрхэм айл олж, нас залуу, зүс сайтай хоёр нагац хүргэн ах олж өгөх санаатай байсан боловч энэ хэдэн жил ер таарсангүй. Харин эртийд зам дээр нэг хүн таарлаа гэсэнд Ёу эмгэн үнэмшив бололтой” Ямар айл вэ” гэж асуув.
Энэ үед Ёу Саньже үйл утсаа хаяад Жя Рунийг цохих гэж мод далайж “Ээж минь, ийм дэгжин амьтны үгийг битгий итгэ! Жя Рун чи ч гэсэн бузар булай үг амаа мэдэн чалчихаа больж үз” гэж хэлтэл хүн ирж “Ажлаа дуусчихлаа. Агь үзээд Лаоед очиж хэлнэ үү” гэсэнд Жя Рун инээд алдан гарав. Юу болсныг мэдье гэвэл дараах бүлгийг үзэгтүн!
Тайлбар:
1.Сэтгэлгүй боловч сэтгэлийг хөдөлгөнө-Тан улсын шүлэгч Люь Иний “Мандарваа” шүлгийн мөр
2.Улаан гүйлсийг үүлэнд түшүүлэн тарьжээ-Тан улсын Гао Цаний шүлэг
3.Хулсан шивээ, өвсөн гэрт ч сэтгэл ханана-Сун улсын Ван Цийн “Гүйлсэн цэцгийн” мөр
4.Шөнийн гүнд цэцэг үүрэглэхээс айна-Су Дун Погийн “Хайтан цэцэг”-ийн мөр
5.Ороомог цэцэг дэлгэрвэл өнгөтний хэрэг дуусна-Сун улсын Ван Цийн шүлэг. Ороомог цэцэг хаврын сүүл сард дэлгэрдэг.
6.Холболдон нийлсэн мөчирт хуар цэцэг дэлгэрчээ-Сүн улсын Зу Шужэний “Цэцэг зулгарсан нь” гэдэг шүлгийн мөр.
7.Дорнын салхинд битгий гомдогтун, хувь ерөөл болой-Эү Ян Шиүгийн “Мин Фэйн уянга” шүлгийн мөр. Уг шүлэгт, хаврын салхи гэж бий.
8.Тоор улайхуяа бас нэг жилийн хаврыг үднэ-Сүн улсын үеийн Шиэ Бангийн “Бүрэн өлзийт сүмийн тоорын цэцэг” шүлгээс
9.Үлгэр-Энд хувцас эсгэхэд хэрэглэдэг загвар үлгэрийг хэлж буй.
10.Мөнхийн бат төмөр хаалга байвч, мөнхүү нэгэн шороон овоо болой-Сүн улсын Бань Цэндагийн шүлэгт буй мөр. Гэр, хашаа хэдий бат боловч үхэхээс хэлтэрч чадахгүй гэсэн утгатай.
Холбоотой мэдээ