Цагаан олимпийн сүүлийн өдөр буюу өчигдөр /2018.02.25/ гүйлтийн цанын хамгийн холын зайн уралдаан болох эрэгтэйчүүдийн 50 км-ын бөөн гараа Пёнчаны Альпенси цанын баазад болж, олимпийн эрхээ авсан 31 орны 69 тамирчин уралдан, медалийн эзэд тодорлоо.
Нийт уралдсан 69 тамирчнаас 9 нь барианд орж чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн бол Сочид гүйлтийн цанын багийн төрөлд түрүүлж байсан Финляндын Ийво Нисканен хамгийн түрүүнд барианд буюу 2 цаг 08 минут 22.1 секундээр бариалан, алтан медаль хүртлээ.
Тэгвэл Финлянд залуугаас 18.7 секунд хоцрон барианд орсон Пёнчаны олимпийн гүйлтийн цанын төрөлд 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэн, арвин амжилт үзүүлсэн ОХУ-ын тамирчин Александр Болшунов медалийн цуглуулга дээрээ дахин мөнгөн медаль нэмлээ.
Александр Болшуновын хамт багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн ОХУ-ын Андрей Ларьков түрүүлсэн Ийво Нисканенаас 2 минут 37.5 секунд хоцролттойгоор, хүрэл медаль хүртэхээр болсон юм.
Ю.ЧИНБАЯР