Марит Бьёрген хаалтын ёслол дээр төрийн дууллаа эгшиглүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.02.26-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Марит Бьёрген хаалтын ёслол дээр төрийн дууллаа эгшиглүүллээ

Марит Бьёрген хаалтын ёслол дээр төрийн дууллаа эгшиглүүллээ

Зуны олимпод марафон гүйлтийн төрлийг тэмцээний сүүлийн өдөр зохион байгуулж, ялагчдад хаалтын ёслолын үеэр хүндэтгэлтэйгээр медалийнг нь гардуулдаг уламжлалтай бол өвлийн олимпод гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 30 км-ын бөөн гараа, эрэгтэйчүүдийн 50 км-ын бөөн гарааг тэмцээний сүүлийн өдөр уралдуулж, медалийн эздэд хаалтын ёслол дээр шагнал гардуулдаг. 

“Пёнчан-2018” өвлийн олимпийн хамгийн сүүлийн тэмцээн болох гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 30 км-ын бөөн гараа хаалтын өдөр болж, барианаас олимпийн эрхээ авсан 47 тамирчин гарлаа. 2002 оны Солт Лейк Ситигийн олимпод багийн 4×5 км-ын багийн буухиад мөнгөн медаль хүртэн, гараагаа эхлүүлж байсан Норвегийн домогт тамирчин Марит Бьёрген энэ зайд дархан гэдгээ баталж, хамгийн түрүүнд барианд орлоо. Тэрбээр 1цаг 22 минут 17.6 секундын амжилттайгаар алтан медалийн болзол хангасан юм.

Хэдхэн хоногийн өмнө гүйлтийн цанын багийн төрөлд хүрэл медаль хүртэн, өвлийн олимпийн түүхэнд хамгийн олон медальтай гэх Норвегийн алдарт Биатлонч Уле Эйнар Бьорндалений 13 медалийн рекордыг 14 болгон ахиулсан тэрбээр ийнхүү олимпийн 15 дахь медалиа хаалтын ёслол дээр зүүв. Тун удахгүй 38 нас хүрэх Марит Бьёрген өвлийн олимпиос найм дахь алтан медалиа хүртсэн гурав дахь, тэр тусмаа анхны эмэгтэй тамирчин болж, түүхэнд бичигдэхээр болжээ. Дээр нь түүний алтан медалийн ачаар Норвеги улс медалийн чанараар Германыг гүйцсэн бөгөөд хоёр улс ижилхэн 14 алтан медаль хүртсэн ч Норвегичууд 39 медалийн тоогоор багийн дүнг тэргүүлж, Пёнчаны олимпод нэгдүгээрт жагслаа. 

Харин тэргүүлэгчээс 1 минут 49.5 секунд хоцрон, барианд орсон Пёнчанд гүйлтийн цанын төрлөөр хошой хүрэл медаль хүртээд байгаа Финляндын Криста Пармакоски мөнгөн медаль дээр буусан бол Шведийн Стина Нильссон хүрэл медалийн болзол хангаж, шагналын тавцан дээр гарсан юм. 

Ю.ЧИНБАЯР 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж