“Пёнчан-2018” өвлийн олимп өчигдөр /2018.02.25/ хаалтаа хийлээ. Олимпийн сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн хоккейн аваргын алтан медалийн төлөө олимпийн далбаан дор оролцож буй Оросын шигшээ, энэ удаагийн олимпийн гол дуулианы эзэд болох Германы шигшээ багууд өрсөлдөхөөр шалгарсан нь энэ олимпийн дуулиант тоглолт яах аргагүй мөн байв.
Ерөнхийлөгч В.Путинд Пёнчанаас заавал алтан медаль авчирна хэмээн амлалт өгсөн оросууд хэсгийн эхний тоглолтод Словакийн шигшээд 3:2-оор хожигдсныг эс тооцвол хэсэгтээ АНУ, Словейны шигшээ багуудыг илүүрхэн хожиж, хэсгээ тэргүүлэн, хасагдах шатанд Норвегийг 6:1-ээр, хагас шигшээд Чехийг 3:0-ээр буулгаж, 20 жилийн дараа финалд шалгарсан билээ. Тэгвэл Германы шигшээгийн хувьд хэсэгтээ 2 хожигдон, нэмэлт цагт Норвегийг 2:1 ээр арай гэж хожин, плей-оффт гурваар шалгарсан байв.
Хамгаалалт, сөрөг довтолгоо голчилсон нэгдмэл багийн тоглолттой германчууд хасагдах шатанд гайхамшгийг бүтээж, чансаа ойролцоо Швейцарийн шигшээг нэмэлт цагт 2:1-ээр, шөвгийн наймд Пёнчад түрүүлэх хамгийн өндөр магадлалтай Шведийн шигшээг мөн л нэмэлт цагт 4:3-аар, хагас шигшээд IIHF буюу Олон улсын шайбтай хоккейн холбооны чансааг тэргүүлэгч тэдэнтэй олимп, дэлхийн аварга оролцуулаад 30 удаа таарахад ердөө ганц хожиж байсан сүүлийн дөрвөн олимпийн гуравт нь түрүүлсэн хүчирхэг Канадын шигшээг 4:3-аар хожиж, финалд шалгарсан нь олимпийн сүүлийн өдрүүдийн дуулиан мөн байлаа.
Финалын тоглолт эхлэхээс өмнө хоккейн холбогдолтой нийтлэл, мэдээ мэдээлэл бичдэг мэргэжилтэн, экспертүүд дуу нэгтэйгээр оросуудыг хялбархан алтан медаль авна хэмээн таамаг дэвшүүлж байсан ч тийм амар алтан медальд хүрсэнгүй.
NHL-ийн Сан Хосе Шаркс, Бостон Брюйнс багт тоглож явсан, Германы шигшээгийн ахлах дасгалжуулагч Марко Штурм тоглогчдоо системтэй хамгаалалтаас аажим аажмаар довтолгоонд шилжүүлж, эсрэг багийн довтолгооны тоглогчдыг талбайн төв хэсэгт барих тактик баримталсан нь үр дүнгээ өгч, Илья Ковалчук, Павел Дацюк нарын Оросын шигшээгийн лидерүүдийн тоглолтыг хязгаарлаж байлаа.
Германы хаалгач Аус Ден Биркен найдвартай ар тал байсан ч эхний гоолыг Никита Гусевин дамжуулалтаар Вичеслав Войнов гоолдон, оросууд тэргүүлж эхэлсэн юм. Төд удалгүй Германы шигшээгийн төвийн довтлогч Феликс Шютц өвөрмөц гоолыг хаалгач Василий Кошечкины хаалганд оруулан, тоог 1:1 болгон тэнцүүллээ. Хамгаалалт голчилсон тоглолт үргэлжилсээр Санкт-Петербургийн СКА багийн довтлогч Никита Гусев нэгэн гоёмсог гоолыг Аус Ден Биркений хаалганд оруулснаар 2:1-ээр тэргүүлж эхэлсэн ч Оросууд хоёр дараалан хамгаалалтандаа маш том алдаа гаргасныг Доминик Кахун, Мориц Мюллер нар чадварлагаар ашигласнаар германчуудын эхлүүлсэн "Үнсгэлжингийн үлгэр" биеллээ олоход бараг л дөхсөн байлаа. Тоглолтын үндсэн цаг өндөрлөхөд ердөө 55.5 секунд дутуу байхад өнөөх Никита Гусев тэнцээний шайбыг оруулан, багаа хожигдлоос аварсан юм. Нэмэлт цагт айдгаа авдартаа хийсэн "Улаан машин"-ууд хүний илүү байдлаа ашиглан, энэ тоглолтын шилдгээр нэрлэгдсэн Гусевийн дамжуулалтаар Кирилл Капризов хожлын гоол оруулснаар Олимпийн Оросын шигшээ баг 4:3-аар Германы шигшээг хожиж, 26 жилийн дараа олимпийн наадмаас алтан медаль хүртсэн юм.
Дашрамд сонирхуулахад Оросуудын хувьд хамгийн сүүлд 1998 оны Наганогийн олимпод финалд шалгарч байсан ба тэр үед аварга болоходоо мөн л олимпийн далбаан дор тоглож байжээ.
Ю.ЧИНБАЯР