А.Дэлгэрмаа: Уран гулгалт тайлбарласандаа баяртай байгаа

Хуучирсан мэдээ: 2018.02.25-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

А.Дэлгэрмаа: Уран гулгалт тайлбарласандаа баяртай байгаа

А.Дэлгэрмаа: Уран гулгалт тайлбарласандаа баяртай байгаа

Энх тайван, эв санааны билэг тэмдэг болсон олимпийн наадмын шуурхай дамжуулалтыг ТВ5 телевзийн уран бүтээлчид 17 хоногийн турш Пёнчан хотоос хүргэлээ. Наадмын хамгийн үзүүштэй төрөл болох уран гулгалтын тэмцээн монголчуудын хувьд улам ойр дотно үлдэв. Энэ удаагийн наадмын үеэр тайлбарлагчийн үүргийг мэргэжлийн хүнээс дутуугүй гүйцэтгэсэн Ашгайн Дэлгэрмаагийн тайлбар үзэгчдэд хамгийн таалагдсан нь байх. 

Нийслэлийн 23-р дунд сургуулийг төгсөж, орос хэлийг төрөлх хэл шигээ эзэмшсэн тэрбээр багаасаа сонгодог урлагт дурлажээ. Орос орчинд өсч, хүмүүжсэн түүний хувьд одоогоос 20 жилийн өмнө 19 настайдаа “Нагано 1988” өвлийн олимпийн наадмыг үзсэн нь уран гулгалтын спортыг сонирхоход  нь гол нөлөө үзүүлсэн гэнэ. Ингэж тэр үндсэн мэргэжлийнхээ хажуугаар уран гулгалтыг мэргэжлийн түвшинд сонирхож эхэлсэн байна. 

Ванкуверийн олимпийн наадмыг олон улсын суваг дээр үзсэн А.Дэлгэрмаа Монголын үзэгчдэд тухайн олимп хэрхэн хүрч байсныг анзаараагүй гэсэн. Харин “Сочи 2014” наадмын үеэр ТВ5 телевизийн шууд дамжуулалтыг үзээд, энгийн зөвлөгөө өгөх хэрэгтэй юм байна гэж бодож байсан гэдэг. Тухайн үед багшийн ажлын ачаалал их байснаас тэгсхийгээд мартаад өнгөрчээ. Харин Пёнчаны наадмыг эхлэх үеэр зөвлөгөө өгөх зорилгоор ТВ5 телевизтэй холбогдсон нь телевизийн ч, үзэгчдийн ч хувьд сайхан боломж болжээ. 

Ашгайн Дэлгэрмаа "Япон-монгол хэлний хэлцийг орчуулах арга, зарчмын судалгаа" сэдвээр хэл бичгийн ухааны доктор (Ph. D)-ын зэргийг 2011 онд хамгаалжээ. Өвлийн олимпийн үеэр хамгийн их олны анхаарлыг татаж, талархал хүлээсэн түүнтэй ярилцлаа. 


-Пёнчаны наадмын уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрөл маш сонирхолтой боллоо Та залуу, шинэ аварга Алина Загитова болон Дэлхийн хошой аварга Евгения Медведевагийн талаар юу гэж хэлэх вэ? Эндээс яриагаа эхлэе?

-Алина Загитовагийн хувьд яах аргагүй хүндрэлийн өндөр түвшинд элемэнтээ гүйцэтгэдэг, супер тамирчин. Саяханыг хүртэл гурав үсрэлтийг хоёр дараалж хийсэн комбинац хамгийн өндөр үнэлгээтэй байлаа. Үүнийг Загитова олимпийн наадамд амжилттай хийж, аварга боллоо. Бид бүгд түүний гүйцэтгэлийг харсан. Тэр агаарт нисээд эргэж байхдаа газардан, дараагийн үсрэлтэд бэлдэж үсэрдэг. Энэ бол түүнийг гайхамшиг юм.

Дэлхийн хошой аварга Евгения Медведевагийн хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд эмэгтэй уран гулгагчдын амжилтыг тэргүүлж эхэлсэн. Ялагдал бараг байхгүй тамирчин. Тэр утгаараа фэн ихтэй. Гүйцэтгэлийн чанарыг нь задлаад үзэх юм бол Ким Юнагийн дээд амжилтыг оноогоор эвдсэн. Гэхдээ чадвараар бол түүний хэмжээнд хүрэхгүй. Медведевагийн нэг давуу тал бол хамгийн анх эмэгтэй уран гулгагчид дотроос чөлөөт үзүүлбэрийн сүүлийн хоёр минутад өндөр онооны үнэлэмжтэй элементүүдийг хийж эхэлснээрээ онцлог. Энэ нь түүнд их боломжийг олгосон байх. Мөн тэр тогтвортой удаан хугацаанд сайн гүйцэтгэлийг харуулж, амжилтаа хадгалж чадсан. Энэ нь шүүгчдээс том үнэлгээ авахад нөлөөлдөг. Гэхдээ спортод шинэ зүйл авчраагүй. Харин Загитова бол шинэ зүйлийг авчирч чадсанаараа түүхийн хуудсанд нэрээ үлдээж чадлаа. Би хувь хүнийхээ талаас шинэ зүйл хийж байгаа хүнд дуртай байдаг.

-Эрэгтэй уран гулгагч дундаас Японы Юзүрү Ханюүг онцлон асуумаар байна. Тэр дөрвөн жилийн дараа Бээжинд ийм эрч хүчтэй байж чадах болов уу?

-Эрэгтэй уран гулгалт маш хүчтэй хөгжсөн учраас Юзүрү Ханю хоёр олимп дараалан түрүүлнэ гэдэг бол гайхамшиг юм даа. Тэр 1948, 1952 оны олимпод дараалан түрүүлсэн АНУ-ын уран гулгагч Дик Баттоны амжилтыг давтсан. Магадгүй дараагийн 2022 оны Бээжингийн наадамд түрүүлнэ гэдэг бол хэцүү. Юзүрү Ханю аварга болсныхоо дараа хоёр янзын ярилцлага өгсөн. Эхлээд ялалтынхаа дараа “Би Бээжингийн олимпод түрүүлнэ. Дахиад шинэ хуудас бичнэ” гэдгээ хэвлэлийн хурал дээр зарласан. Гэтэл үүнээс гурав хоногийн дараа “Миний хөлний бэртэл эдгээгүй байгаа. Дараагийн олимпод оролцох эсэх ямар ч шийдвэр гаргаагүй” гэж хэлсэн. Юзүрү Ханю уран гулгалтад шинэ зүйлийг авчирч чадсан, тэр хэмжээгээр дөрөв үсрэлтийг анх удаа олон улсын тэмцээнд амжилттай хийж, геннисийн номонд бичигдсэн. Гэхдээ түүний араас олон залуу тамирчид хүч түрэн гарч ирж байна. Бид сая Пёнчаны наадмаас тэднийг харлаа.

Миний бодож байгаагаар Юзүрү Ханю ирэх хоёр жилийн дотор өндөр амжилт гаргана гэдэгт итгэхгүй байна. Тэр Сочигоос Пёнчанд ирэх хүртэл бэртэлтэй байлаа. Түүний бэлтгэлийн арга өөр байдаг. Долоо хоногт 23 цагийг бэлтгэлд зарцуулдаг нь багтраа өвчинтэй холбоотой байх.

-Пёнчаны наадамд хамгийн харамсалтай оролцсон тамирчнаар та Нэтан Чаныг нэрлэх байх?

-Тийм ээ. Америкийн алтан найдвар байсан Нэтан Чен сая азгүйтсэнийг эс тооцвол түүний хувьд дараагийн олимпод хүчтэй орж ирнэ. Богино үзүүлбэрт төсөөлж байснаас бага оноо авсан. Тэр бэлтгэл дээр гайхамшигтай байдгийг бусад гулгагчид хэлдэг. Багаасаа авьяастай байсан түүнийг аав, ээж нь дэмжиж ирсэн. 10 настай хүүхэд байхдаа л 2018 оны олимпийн наадамд оролцоно гэж хэлж байсан. Нэтан Чан уран гулгалтаас гадна уран гимнастик, төгөлдөр хуураар хичээллэдэг байсан нь өнөөдрийн энэ амжилтыг хослуулж чадсан байх. Бас тэр Харвардын их сургуульд тэнцсэн. Тамирчин хүн ийм их ачаалалтай бэлтгэлийн хажуугаар том сургуульд тэнцэнэ гэдэг бол гайхамшиг юм даа.

-Пёнчаны наадамд мөсгүй орны тамирчид гулгаж байхыг олонтоо харлаа. Магадгүй, та үүн дээр нэг зүйлийг хэлэх байх?

-Хамгийн ойрын жишээ бол Филиппиний Майкл Кристиан Мартинес, Казахстаны Дэнис Тен нар байна. Тэд энэ удаа богино үзүүлбэрийн амжилтаар чөлөөт үзүүлбэрт үзүүлбэр үзүүлэх боломжгүй болсон. Бид дөрвөн жилийн өмнө Филиппин залуу Сочид оролцохын тулд санхүүгийн ямар том бэрхшээлтэй байсныг харсан. Гэтэл тэр одоо хоёр дахь олимпод оролцчихлоо. Одоо Казахстанд уран гулгалт эрчимтэй хөгжөөд эхэллээ. Дэнис Тен Сочид хүрэл авсны дараа төр засгаас нь хүчтэй дэмжсэн. Мөсгүй орны хүмүүс өөрсдийгөө дайчлаад олимпод оролцоод байхад бид яагаад болохгүй юм бол гэж бодогддог. Монголд уран гулгалт хөгжих хамгийн боломжтой. Далайн түвшнээс өндөр байрлалтай, бэлтгэл хангахуйц нөхцөл бүрдчихсэн.

-Та Монголд энэ спорт хөгжих ямар гарц байна гэж харж байна?

-Манай нөхцөлд өвлийн спортын төрөл хөгжих боломж одоохондоо бага. Хэрхэн хурдан хугацаанд монгол хүн уран гулгалтаар гарч ирэх вэ гэдгийг хэлэхэд одоо хэлэхэд боломжгүй байна. Стандартын шаардлага хангасан мөсөн талбай байхгүй. Харин  Америк, Канадад байгаа монголчуудын хүүхдүүд тэндээ хичээллэх боломжтой. Тэд эхэлж сурчихаад нэрээ гаргаад эхэлбэл өөрийн эрхгүй үүнд анхаарна. Тухайн орны тамирчны нэр дэлхийд гараад ирэхэд улс орноос нь бодлоготойгоор анзаарч эхэлдэг. Энэ бол аль ч оронд тохиолддог. Зөвхөн өөрийнхөө амжилтын төлөө биш эх орондоо энэ спортын хөгжлийг үлдээх нь чухал.

-Өнөөдөр өвлийн наадмыг зохион байгуулж байгаа БНСУ уран гулгалтаа цааш хөгжүүлэх боломжтойгоо харуулчихлаа?

-Өмнөд Солонгост Ким Юнаг гарч иртэл уран гулгалт тийм ч өндөр хөгжөөгүй байсан. Түүнийг өсвөрийн ангиллаас онцгойрч, нүдэнд тусч эхлэх үеэр Өмнөд Солонгосын спортын холбоо нь анхаарч, уран гулгалтын холбоо хүртэл бий болж байсан. Тухайн үед Ким Юна Өмнөд Солонгост сайн чанарын мөс байдаггүй гээд Японд очиж бэлтгэлээ хангадаг байсан шүү дээ. Өсвөр наснаасаа олны анхааралд байж, насанд хүрэгчдийн ангилалд орж ирээд цагийг эзэлсэн аварга болно гэдэгтээ тэр итгэлтэй байсан. Түүнийгээ ч харуулж чадлаа. Пёнчаны наадмын үеэр Ким Юна хоёр залуу тамирчнаа ямар их дэмжиж байгааг харлаа. Тэр тэдний тэмцээнийг алгасалгүй үзсэн. Хоёр тамирчнаа маш сайн дэмжсэн. Өмнөд Солонгост уран гулгалт хөгжөөд эхэлчихлээ. Одоо Ким Юнагийн гулгаж чадахгүй байгаа шалтгаан бол нурууны өвчинтэй нь холбоотой. Ер нь тамирчин хүн маш том эрсдэл гаргаж, талбай дээр ирдэг. Уран гулгагч хүн гүйцэтгэлээ ямар ч алдаагүй хийнэ гэдэг ховор. Хамгийн том хүссэн тэмцээн дээр үзэгчдийн өмнө гүйцэтгэлээ төгс хийх нь чухал. Гэхдээ тэмцээн бол тэмцээн байдаг. Тамирчин хүнд юу ч тохиолдож болохыг Пёнчаны тэмцээнээс харлаа.

-Телевизээр тайлбар хийгээд эхлэхээр хүмүүс таныг хэр хүлээн авч байна. Магадгүй, олон хүмүүс таныг ийм мундаг авьяастайг мэдээгүй байж болох юм?

-Уг нь М-Jeed 1000 инженер төслийн ажил гээд би их ажилтай байлаа. Хичээл, сургалт ид үргэлжилж байгаа учраас ийм үед багш нар бид ер нь зав муутай. Телевизтэй анх олимпийн наадам эхлэх үеэр зөвлөгөө өгөх маягаар холбогдсон. Гэтэл ТВ5-аас та манай эфирт ирээд, тайлбар хийгээд өгөөч гэж хэлэхийг сонсоод шоконд орсон. Би үнэндээ тийм зүйл болно гэж бодоогүй. Хичээл ихтэй учраас шинийн хоёрны өдрийн тайлбарыг эхлээд хийсэн. Ээждээ үйлчилж чадахгүй, ажилтай байна гэж хэлээд гарсан. Манайхан бол намайг чихээ алт болтол уран гулгалт сонссон гэдгийг мэдэх болохоор дэмжиж байсан. Эхлээд их сандарсан. Гэхдээ сүүлийн тайлбарыг хийх надад хийхэд хэцүү байсан. Учир нь төслийн багийн ахлагч маань Япон хүн байдаг юм. Чөлөө авна гэдэг маш хэцүү. Надад чөлөө олдохгүй гэдгийг мэдэж байсан. Азаар сүүлийн өдрүүдэд хичээлийн хуваарийг зохицуулж эфирт гарсан. 

-Багш хүний хувьд одоо шавь нар тань хэрхэн хүлээн авч байна?

-Тэд их баяртай байгаа. Зарим нь шимтэж үзэж байгаагаа хэлж байсан. Бүр арван жилийн өмнө хичээл заалгаж байсан шавь маань багшийнхаа дууг сонсоод танилаа гээд ярьсан. Ер нь олон сонирхолтой зүйл болж байна.

-Гэр бүлийнхнийгээ танилцуулаач?

-Миний аав Завханых, ээж Сүхбаатар аймгийнх. Би өөрөө Дархан хотод төрсөн. Аав цэргийн хүн. Ээж эрдэм номын хүн. Намайг таван настай байхад манайх хотод ирж байсан. Аав, ээж хоёулаа орос хэлтэй. Би орос сургалттай орчинд өсч, 23 –р сургуульд суралцсан болохоор багаасаа балет, дуурь, уран гулгалтыг үзэх боломжтой байсан гэхүү дээ. Бага эгчийн маань охин балетчин болж, миний биелүүлж чадаагүй хүсэл мөрөөдлийг биелүүлсэнд баяртай байдаг. Би ээжээсээ их зүйлийг сурдаг. Одоо ч сурсаар байна. Хүн мэдлэгээ хуваалцаж байх ёстой гэдэг маш үнэн. Хүн хичнээн хуваалцана тэр хэрээр өөрөө хөгжинө гэж ээж байнга захина. Дотроо хий хоосон хардаад, энэ надаас илүү болчих байх гэсэн атгаг санааг бүү тээгээрэй гэж би захих дуртай. Намайг балетын урлаг их өөрчилсөн. Балет хүнийг их хүмүүжүүлдэг. Хүний чадварыг олон талаас нь тэлж өгдөг. Би балетаар хичээллээгүй байсан бол эрдмийн ажлаа хийж чадахгүй байсан байх гэж боддог юм. Заримдаа шантрах үе байна. Тэр үед балетын дасгал хийж, хүч тэнхээ авна. Балет тэсвэр хатуужлын урлаг. Уран гулгалт ч ялгаагүй. Би их чимээгүй амьдралыг эрхэмлэдэг. Гэхдээ олимпийн наадмын үеэр ард түмэндээ өөрийн бага ч болов мэддэг зүйлээ хуваалцсандаа сэтгэл хангалуун байна. Бас ТВ-5 телевизийн уран бүтээлчдэд талархаж байгаагаа хэлмээр байна. Би уг нь зарим нэг нарийн зүйлсийг хэлж өгч, тус болъё гэж бодсон чинь эсэргээрээ эфирт очих хэмжээнд хүрчихсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж