Хөршүүдээ дууриах вий гэсэн зовинол

Хуучирсан мэдээ: 2018.02.25-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Хөршүүдээ дууриах вий гэсэн зовинол

Хөршүүдээ дууриах вий гэсэн зовинол

Үндсэн хуулиасаа төрийн тэргүүн таван жилээр хоёр бүрэн эрхийн хугацаагаар сонгогдож болох тухай заалтыг авах саналыг Хятадын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооноос гаргасан хэмээн Хятадын мэдээллийн Синьхуа агентлаг өчигдөр /2018.02.25/ мэдээллээ. Энэ мэдээллийг дэлхийн томоохон мэдээллийн сувгууд тэр дор нь түгээлээ. Сүүлийн арав гаруй жилийн дотор дэлхийн хоёр дахь том эдийн засаг болон үсрэнгүй хөгжиж чадсан Хятад улс бэлтэй, чадалтайн хэрээр дэлхийн улс төрд нөлөөлдөг болоод байгаа учраас тус улсын удирдлагын түвшинд ийм эргэлтийн шинжтэй өөрчлөлт хийгдэх гэж байгаа нь анхаарал татаж байна.

Улс төрийн товчооны хуралдаан хоёрдугаар сарын 24-ний Бямба гаригт болсон бөгөөд өнөөдөр буюу Даваа гаригт Коммунист намын Төв хорооны бүгд хурал эхэлж байгаа юм.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг гурав хоног үргэлжлэх энэхүү хурлаар хэлэлцэнэ хэмээн мэдээлж байна. Гэхдээ энэ бүгд хурлаар эцсийн шийд гарахгүй, харин гуравдугаар сарын 5-нд эхлэх Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаар санал хураалгах юм.

Хүссэн ч, хүсээгүй ч хоёр хөршийн бодлогоос ангид байх боломжгүй, зохицон нийцэх хувь тавилантай Монголын хувьд энэ хандлага бидэнд яаж нөлөөлөх бол гэсэн эмзэглэл төрж байна. Тэр тусмаа монгол цусыг омогшуулж, үндсэрхэг үзлийг дэвэргэх үрийг харамгүй цацаж байгаа хүмүүст энэ хандлага үлгэрлэн дууриах жишээ болох вий.

БНХАУ-ын одоогийн дарга Си Жиньпин 2012 оноос энэхүү албан тушаалаа хашиж байгаа бөгөөд одоо үйлчилж байгаа Үндсэн хуулиар бүрэн эрхийн хугацаа нь 2023 онд дуусгавар болох учиртай. Харин Улс төрийн товчооноос гаргаж буй саналын дагуу Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулбал Си Жиньпин 2023 оноос цааш албан тушаалдаа үлдэх боломжтой болно. 2012 онд албан тушаалаа авснаас хойш Хятадын улс төр, эдийн засгийн томоохон бүлэглэлийг задлах ажиллагааг авлигатай тэмцэх нэрийн дор амжилттай хэрэгжүүлж, нэр хүнд, нөлөөгөө дотооддоо төдийгүй гадаад орчинд ч бэхжүүлж чадсан лидер. Түүний дэвшүүлсэн Евро-Азийн улс орнуудын эдийн засгийг дэд бүтцээр уялдуулан холбох “Нэг зам, нэг бүс” санаачилга нь аль хэдийнэ бодит ажил болоод эхэлсэн.

Хэдийгээр Си Жиньпин улс орноо гайхамшигтай удирдаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн лидер мөн боловч Үндсэн хуулиасаа төрийн тэргүүний сонгогдох хугацааг хязгааргүй болгохоор зорьж буй нь анхаарал татаж байна. Нэг хүний хэмжээгүй эрхт засаглал дарангуйлал болон хувирах нь алга урвуулахын төдий зүйл гэдгийг түүх нотолдог. Манай хойд хөрш ОХУ-д Ерөнхийлөгч Владимир Путин үндсэндээ 2000 оноос хойш улс орноо удирдаж байна.

Ийнхүү Монголын хойд, урд хоёр хөрш ардчилсан засаглалаас шууд татгалзаагүй ч хуулийн хүрээнд “Ганц гарт зангидагдах” зам руу явж байна. Хүссэн ч, хүсээгүй ч хоёр хөршийн бодлогоос ангид байх боломжгүй, зохицон нийцэх хувь тавилантай Монголын хувьд энэ хандлага бидэнд яаж нөлөөлөх бол гэсэн эмзэглэл төрж байна. Тэр тусмаа монгол цусыг омогшуулж, үндсэрхэг үзлийг дэвэргэх үрийг харамгүй цацаж байгаа хүмүүст энэ хандлага үлгэрлэн дууриах жишээ болох вий. Ази дахь ардчиллын баян бүрд гэсэн тодорхойлолт түүх болон үлдэх вий. Үндсэн хуулиндаа заасан засаглалын хэлбэрийг солъё гэсэн санал хаа сайгүй цухалзах болж, үүнийг нийгмийн сүлжээгээр хөөрөгдөх болсныг бүгд анзаарч байгаа үед энэ зовинол дэмий зүйл биш.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж