Хятадын эрх баригч Коммунист нам намын даргын бүрэн эрх хэрэгжүүлэх хугацааг таван жил байх тухай заасан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал оруулжээ. Олон сая гишүүнтэй улс төрийн томоохон байгууллага болох Коммунист намын дарга Ши Жиньпин хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа билээ. Эрх баригч нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал оруулсан тухай Шинхуа агентлаг ням гаригт /2018.02.25/ мэдээлсэн юм.
Коммунист намын дарга бөгөөд зэвсэгт хүчний ерөнхий командлагч Cи Жиньпиний хоёр дахь бүрэн эрхийг 2017 оны аравдугаар сард болсон намын их хурлаар хүлээн зөвшөөрсөн билээ.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн албан тушаал бий болгох саналыг Хятадын Коммунист намын Төв хороо гаргасан байна.
Коммунист намын шийдвэр гаргах түвшний дээд байгууллага Төв хороо мөн “Хятад маягийн социализмын шинэ эрин байгуулах тухай Cи Жиньпиний үзэл онол”-ыг Үндсэн хуульд тусгах санал оруулсныг Синхуа мэдээлжээ.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд парламентаар хэлэлцүүлэх хэрэгтэй. Харин Хятадын парламент намд үнэнч байх амлалт өгч сонгогдсон гишүүдээр дүүрэн учраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь алга урвуулахын адил зүйл гэж шинжээчид хэлж байна. 2012 онд ХКН-ын даргаар томилогдсон Cи Жиньпиний хоёр дахь бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусгавар болох хэдий ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулвал 2023 оноос хойш бүрэн эрхийн хугацааг үргэлжлүүлэх юм.
Хятадын Коммунист нам /ХКН/-ын их хурлаас хойш намын дарга Cи Жиньпинийг хоёроос илүү бүрэн эрх хэрэгжүүлж магадгүй тухай олон хүн таамаг дэвшүүлж байсан юм.
Ши Жиньпиний баруун гар гэгддэг, улс орон даяар авлигатай тэмцэх кампанит ажлыг гардан гүйцэтгэсэн Ван Цишанийг өнгөрсөн аравдугаар сард ХКН-ын Төв хорооны долоон гишүүнтэй Байнгын хорооны гишүүнээс огцруулсан нь түүнийг өөр том албан тушаалд томилохын цондон гэж зарим шинжээчид үзсэн.
Өдгөө 69 настай Ван Цишань улс төрийн өндөр тушаалтнуудын тэтгэвэрт гарах насны хязгаарыг хэдийн давсан. Гэхдээ энэ жил парламентын төлөөлөгчөөр сонгогдсон Ван Цишань дэд ерөнхийлөгч болох магадлал өндөр байгаа талаар Хятадын Коммунист намын удирдлагад ойр эх сурвалж мэдээлсэн байна.
Хэрэв Ван тэтгэвэртээ гарахгүй бол дэд ерөнхийлөгчөөр сонгогдож, Ши Жиньпин Коммунист намын даргын хоёр дахь бүрэн эрхийн хугацааг дуусгасныхаа дараа улсын эрх мэдлийг гартаа авах ажээ. Хятадын парламентын чуулган гуравдугаар сарын эхний долоо хоногт товлогдсон боловч Хятадын Коммунист намын элитүүд гол шийдвэрүүдээ дэд хуралдаануудаар хэдийн гаргасан гэнэ.
Cи Жиньпинь өөрийн дэмжигчдийг ХКН-ын Улс төрийн товчооны Байнгын хорооны гол албан тушаалд томилсон байна. Cи Жиньпинь улс орныг бүхэлд нь хамарсан авлигын эсрэг кампанит ажлыг эхлүүлэхдээ улс төрийн өндөр албан тушаалтнууд, тэр дундаа өөрийн улс төрийн өрсөлдөгчид болон дайснуудаа замаасаа зайлуулсан билээ.
ХКН-ын Төв хороо энэ долоо хоногт намын 2000 төлөөлөгч оролцсон хурал зохион байгуулж, Засгийн газрын шинэ томилгоонуудыг хэлэлцэн батлах ажээ.
Харин Cи Жиньпинь ирэх гуравдугаар сард болох Ардын үндэсний их хурлаар ХКН-ын даргын хоёр дахь бүрэн эрхээ албан ёсоор баталгаажуулна.
Гэвч намын даргын гүйцэтгэх үүрэг ерөнхийлөгчийн үүргээс чухал байж болохыг шинжээчид хэлж байгаа юм. Бас зарим нь Cи Жиньпинийг Коммунист намын албан тушаалд хүссэн хугацаагаараа үлдэхийг хүсч байгаа хэмээж байна.