"Жаст" компани хариуцлагаас бултаж чадахгүй

Хуучирсан мэдээ: 2018.02.25-нд нийтлэгдсэн

"Жаст" компани хариуцлагаас бултаж чадахгүй

"Жаст" компани хариуцлагаас бултаж чадахгүй

Төрийн албан хаагчид хууль бус, алдаатай шийдвэр гаргаж, иргэдийг хохироодог, улмаар төрд шууд хохирол учруулдаг үзэгдэл Монголд энгийн, байх ёстой нийгмийн үзэгдэл мэт болжээ. Энэ үйл явцыг цэгцэнд нь оруулах,  төрийн байгууллага, албан тушаалтнуудыг хариуцлагатай болгох санаачилгыг гаргаж буй "Онч Шийдэл" ТББ-ын Удирдах Зөвлөлийн дарга, хуульч Ш.Алтангадастай ярилцлаа


-Төрийн албан хаагчийн буруу гаргасан шийдвэрийн улмаас иргэд хохирдог. Тэрхүү хохирлыг төр нөхөн олгодог. Харин буруу шийдвэр гаргасан төрийн албан хаагч ямар ч хариуцлага хүлээдэггүй, эрх ямба эдэлдэг тогтолцоо манай улсад хэвийн үзэгдэл боллоо. Үүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин Монгол Улсад бий юу?

-2016 оны долдугаар сарын 1-нээс Захиргааны ерөнхий хууль үйлчилж эхэлсэн. Энэ хуульд буруу шийдвэр гаргаж, улмаар захиргааны байгууллагад тодорхой хэмжээний хохирол учруулсан буруутай албан хаагчдад хариуцлага тооцох механизмыг суулгаж өгсөн. Харамсалтай нь, хууль огт хэрэгжихгүй байна.

Өмнө нь бид энэ төрлийн хэргийг иргэний хуулиар зохицуулаад явдаг байсан. Гэхдээ хариуцлага хэрхэн тооцох вэ гэдэг процессын зохицуулалт байхгүй байснаас өнөөдөр энэ асуудал нийгмийн энгийн үзэгдэл мэт болсон байна.

Бидний судалгаанаас харахад, 2014-2017 оны хооронд захиргааны байгууллага, албан тушаалтны буруу гаргасан шийдвэрийн улмаас хохирсон иргэд улсын төсвөөс 25 тэрбум төгрөгийн нөхөн олговор авсан байх жишээтэй. Гэтэл энэ хэмжээний төсөвт хохирол учруулсан төрийн  албан хаагч нар ямар ч хариуцлага хүлээгээгүй байна. Энэ бол шууд төр, улсын төсөвт учирч буй хохирол. Өргөн утгаар нь харвал, иргэдийн халааснаас гарч буй мөнгө гэж ойлгож болно.

Энгийнээр тайлбарлавал, Засгийн газар солигдох бүрт хэсэг бүлэг хүмүүс ажлаасаа халагддаг. Тэдгээр хүмүүс нь үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан гэх зэргээр шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Ингээд шүүхийн шийдвэр тухайн халагдсан ажилтныг буцаан албан тушаалд нь томилох, ажилгүй байсан хугацааных нь цалинг олгох шийдвэр гаргадаг. Мэдээж, ажлаасаа халагдсан ажилтан улсын төсвөөс уг шүүхээр тогтоолгосон цалингаа авна. Энэ байдал нийгмийн энгийн үзэгдэл мэт үргэлжилсээр өнөөдөр төсөвт 25 тэрбум төгрөгийн хохирол учирчихсан байна. Энэ гэхдээ сүүлийн дөрвөн жилийн судалгаа.  Харин төр тэрхүү буруу шийдвэр гаргаж, ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан төрийн албан хаагчдаас төрд учруулсан хохирлоо авч чадахгүй, хариуцлага тооцож чадахгүй байдалтай байна. Уг нь бол Захиргааны ерөнхий хуульд үүнийг тодорхой тусгачихсан байдаг. Харамсалтай нь, хууль хэрэгждэггүй, хуулиа биелүүлэгддэгүйн тод жишээ үүн дээр харагдаж байна. 

Засгийн газар солигдох бүрт хэсэг бүлэг хүмүүс ажлаасаа халагддаг. Тэдгээр хүмүүс нь үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан гэх зэргээр шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Ингээд шүүхийн шийдвэр тухайн халагдсан ажилтныг буцаан албан тушаалд нь томилох, ажилгүй байсан хугацааных нь цалинг олгох шийдвэр гаргадаг. Энэ байдал нийгмийн энгийн үзэгдэл мэт үргэлжилсээр өнөөдөр төсөвт 25 тэрбум төгрөгийн хохирол учирчихсан байна.

-Энэ чиглэлд хийгдсэн тодорхой судалгаа байна уу? 

-Манай төрийн бус байгууллага 2014-2017 оны хооронд Захиргааны байгууллага, албан тушаалтны буруутайг тогтоосон, бусдад хохирол учруулсан, хохирол төлөх үүрэг ногдуулсан 194 шийдвэр, 2016 онд захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдсэн захиргааны маргаан, түүнийг шийдэрлэсэн байдалд анализ хийн, ямар төрлийн нийтлэг алдаа байна, учир шалтгаан нь юунд байгаа зэрэгт судалгаа хийлээ.

Захиргааны хэргийн шүүхээр 2016 онд нийт 1780 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс 1368 нь ердийн журмаар шийдвэрлэгдсэн. Бидний судалгаагаар төрийн албанаас үндэслэлгүйгээр ажлаас халагдсан маргаан 417 байна. Ерөнхий утгаар  нь авч үзвэл, Захиргааны хэргийн шүүх нийт нэхэмжлэлийн шаардлагын 47.9 хувийг хангасан гэсэн тайлан байдаг ба үүнийг энэ төрлийн маргаантай жишиж ойлговол мөн адил 47.9 хувь нь шүүхээр үндэслэлгүй халагдсан болохыг тогтоосон гэсэн үг. Тэгвэл энэ 47.9 хувьтай тэнцүү буруутай шийдвэр гаргасан албан хаагчдаас төр хохирлоо нөхөн төлүүлж авсан уу гэдэг нь өөрөө асуулт хэвээрээ үлдэнэ. 

-Сүүлийн үед "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудал хэвлэлээр их цацагдаж байна. Үнэхээр тухайн үед Засгийн газрын баталгаа гаргаж өгсөн албан тушаалтнууд аливаа хяналт шалгалтаар буруутай нь тогтоогдвол төрд учраад буй энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ? 

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай хангалттай мэдээлэл явж буй учир өөрийн харж буй зүйлээ энгийнээр тайлбарлах гэж үзье. Юутай ч Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн хороо зэрэг байгууллагууд "Стандарт" банкинд "Эрдэнэт" үйлдвэрээр баталгаа гаргаж өгсөн гэж ойлгосон. Хэрэв үнэхээр тийм бол Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, тогтоомжуудад баталгаа гэдэг бол аливаа үүрэг хүлээсэн этгээд үүргээ биелүүлэхийг баталгаа болгож, үүрэг хүлээсэн этгээд үүргээ биелүүлэхгүй бол баталгаа гаргаж буй этгээд түүний өмнөөс төлөх харилцааг баталгаа гаргах гэж нэрлэдэг. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр үү, эсвэл мөнгөө зээлүүлээд эргэж авах уу гэдэг нь чухал биш, мэдээж төлөх нь үнэн. Тэгвэл "Эрдэнэт" үйлвэрийн эрсдлийн сангаас ч бай, Монгол Улсын тусгай сангаас ч бай аль нэг байдлаар уг өрийг төлөх үүрэг үүснэ. Харин хамгийн чухал асуудал нь төрд учирсан энэ хохирлыг хэн төлж барагдуулах вэ гэдэг байна. 

Мэдээж, "Жаст" гэдэг компани хариуцлагаас бултаж чадахгүй. Харин түүнд эрх олгосон албан тушаалтнуудыг хэрхэх вэ? Одоо ч хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний хуулиар төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнуудаас гаргуулах, мөн Захиргааны ерөнхий хуулиар ч тэр төрд өөрт нь учирсан хохирлыг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаар гаргуулах хуулийн бүрэн боломж бий. Энэ мэт буруутай шийдвэр гаргадаг, хохирол учруулдаг албан тушаалтнуудыг хазаарлахын тулд энэ хуулиуд гардаг хэдий ч хуулийг хэрэгжүүлэх сонирхол байхгүй байна. Иймээс л бидний хэсэг хуульчид эдгээр хууль хэрэгжүүлдэггүй байдлыг зогсооход нөлөөлөх зорилгоор энэ ажлыг эхлүүлж байгаа юм. 

"Жаст" гэдэг компани хариуцлагаас бултаж чадахгүй. Харин түүнд эрх олгосон албан тушаалтнуудыг хэрхэх вэ?

-Одоо тэгвэл яг яах ёстой юм бэ. Үүнд хэрхэн хариуцлага тооцох ёстой гэж?

-Захиргааны байгууллага болгонд дотоод аудитын газар гэж бий. Тэр хүмүүс ажлаа хийх ёстой. Бид тэр хүмүүсийг ажлаа хийхийг шаардах, тэдэнд нөлөөлөх хэрэгтэй. Дотоод аудит хариуцсан ажилтнууд хуулийн хэрэгжилтийг хангуулж, буруутай этгээдээс төсөвт мөнгийг буцаан төлүүлэх чиг үүрэгтэй. Хоёрт, Засгийн газарт дотоод аудитын газар гэж байхгүй. Түүнд нөлөөлөх, шаардлага тавих газар нь Үндэсний аудитын газар. Иймээс үндэсний аудитын газарт бид хоёрдугаар сарын 1-нд шаардлага хүргүүлсэн. Хуулийнхаа дагуу тэд 30 хоногийн дотор бидэнд хариу ирүүлэх ёстой. Хэрвээ хариу ирүүлээгүй тохиолдолд бид шүүхэд нэхэмжлэл гаргах зэргээр дараагийн арга хэмжээг эрчимтэй авч эхэлнэ. Түүндээ хяналт тавиад явах болно.

Үүнээс гадна, төрийн албан хаагчид өөрсдөө үүнийгээ ухамсарладаг болох хэрэгтэй байна. Аливаа гаргаж буй шийдвэрийн цаана үргэлж эдийн засгийн хөшүүрэг байдаг. Үүндээ хариуцлага хүлээх ёстой гэдгээ ойлгох нь чухал. Үүнийг хэвшүүлэхийн тулд төрийн албанд томилогдож буй иргэн гаргаж буй шийдвэрийнхээ эдийн засгийн үр дагаврыг нь өөрөө хариуцна гэсэн мэдүүлэг бөглөдөг болъё. Эсвэл төрийн албан хаагчийн тангарагийнх нь доод хэсэгт нь бичгээр оруулаад өгье. Ингэсэн цагт төрийн албан хаагч бүр надад ийм хариуцлага байгаа шүү гэсэн ойлголт, айдас, хариуцлага тодорхой хэмжээгээр бий болж эхэлнэ.

Нөгөөтэйгүүр, манай улс нэгдүгээр сарын 31-нд Иргэний нийгмийн өдрийг тэмдэглээд 10 жил болжээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд иргэний нийгмийн байгууллагууд тодорхой хэмжээнд ажиллаж, тодорхой үр дүнд хүрч, бүхий л чиглэлд дуу хоолойгоо өргөдөг болжээ. Гэвч одоо бид арай мэргэжлийн чиглэлд төрийг, төрийн байгууллагуудыг шахаж шаардахгүй бол болохгүй байна. Тодорхой судалгаатай, хийгдэх арга замтайгаар шүүмжилж, шахаж шаардахгүй бол иргэний нийгмийнхний нийгэмд босгосон байр суурь хөгжлийнхөө дараагийн шатанд гарахгүй, үр дүнгүй болсоор байна. Тиймээс манай төрийн бус байгууллага энэ чиглэлд судалгаа хийж, хийгдэх арга замтайгаар нийгэмд хандаж, хуулийг хэлбэрлэлтгүй хэрэгжүүлдэг болгоё гэсэн зорилго тавьж, тэр хүрээндээ энэ ажлыг хийж байгаа юм. 

-Та бүхэн энэ асуудлаар Үндэсний аудитын газарт хандаад байгаа гэлээ. Мөн шүүхэд хандах ч талаар ярьлаа. Хэрвээ дээрх байгууллагаас эерэг хариу гарвал төр засаг энэ хохирлыг барагдуулж, буруутай төрийн албан хаагчдад яаж хариуцлага тооцох ёстой вэ?

-Энэ асуултын хариултыг англи улсын жишээн дээр ярья. Англи улс өнөөдөр ахуйн гаралтай утаагүй болчихлоо. Гэхдээ тодорхой хэмжээнд утаа бий. Энэ чиглэлд Засгийн газар нь ажлаа хийхгүй байна гээд ТББ-аас нь нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэр эерэг гарсан. Улмаар Английн Засгийн газар мөрийн хөтөлбөрөө эргэн харж, нэмэлт өөрчлөлт оруулж, одоо ялгарч буй утаанд агуулагдаж байгаа хорт бодисын хэмжээг бууруулах чиглэлд ажлаад эхэлчихлээ. Иймээс хэрвээ энэ хуулийн заалтыг хэрэгжүүлээд явбал буруу шийдвэр гаргаж, төрд хохирол учруулсан албан хаагчдаас учруулсан хохирлыг буцаан гаргуулдаг болно. Улмаар төсвийн хяналт хариуцлага нэмэгдэнэ, төрийн алба тогтворжино, хуулийн хэрэгжилт хангагдана, албан тушаалтны шийдвэр хууль ёсны хариуцлага бүхий гардаг болно. Хамгийн гол үр дүн нь хууль бус, алдаатай шийдвэр гаргаж, иргэдийг хохироодог, улмаар төрд шууд хохирол учруулдаг энэ үйл явц цэгцэндээ орно. Төрийн байгууллага, албан тушаалтан бүр хариуцлагатай болох юм. 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж