Цэцэрлэгийн хоолны мөнгийг аав, ээжээс нь авъя

Хуучирсан мэдээ: 2018.02.25-нд нийтлэгдсэн

ХАРАХ ӨНЦӨГ

Цэцэрлэгийн хоолны мөнгийг аав, ээжээс нь авъя

Цэцэрлэгийн хоолны мөнгийг аав, ээжээс нь авъя

Монголчууд бид хоол хүнснийхээ хэрэглээнд анхаарах цаг иржээ. Шим тэжээл багатай хоол хүнс хэрэглэснээс болж ихэнх иргэд аминдэмийн дутагдалд орж, цус багадалт, таргалалт гэх мэт эмгэгтэй болсон талаар судалгаа харуулах болов.

Өнгөрсөн долоо хоногт “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний тавдугаар судалгааны дүнг танилцуулсан ба судалгааны хүрээнд сэтгэл эмзэглүүлсэн маш олон тоо баримтыг танилцуулсан юм. Жишээ нь, жирэмсэн эхчүүдийн 75 хувь, хүүхдүүдийн 61 хувь нь Д аминдэмийн дутагдалтай байгааг дээрх судалгаагаар тогтоожээ.

Д аминдэмийн дутагдал нь нярай хүүхдэд зулай битүүрч өвдөх шинж тэмдгээр илэрдэг бол насанд хүрсэн хүмүүс сүрьеэгээр өвчлөх эрсдэлд ордог байна. Харин монгол эрчүүдийн дунд төмрийн дутагдал их байгааг судлаачид онцолсон. Хоол тэжээлийн хувьд тааруу үзүүлэлттэй гарч, хүн амын дийлэнх нь шим тэжээлийн дутагдалд орсон байна гэдэг ноцтой асуудал. Хүнсний аюулгүй байдал, насжилт гээд монгол хүний эрүүл мэнд, чадамжтай холбоотой олон сэдэв эндээс урган гарч байна.

Хүн амын талаас дээш хувь нь аминдэмийн дутагдалд орох болсон хамгийн том шалтгаан нь ядуурал, амьжиргааны баталгаажих түвшин доогуур байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Гэтэл өндөр хөгжилтэй улс оронд шим тэжээлийн дутагдал бараг арилсан гэдгийг судалгааны багийнхан онцолсон. Тиймээс бид ядаж л улаан буудайг шим тэжээлтэй болгож, гурилан бүтээгдэхүүнээр дамжуулан аминдэмтэй хүнс хэрэгжүүлэх гарц хайх цаг нь болжээ.

Шим тэжээлийн дутагдал насанд хүрэгчдийн талаас илүү хувийг эзэлж байгаа бол бага насны хүүхдүүд ч мөн адил шим тэжээлийн далд өлсгөлөнд нэрвэгдсэн гэдгийг судалгааг гардан хийсэн хүмүүс ярьсан нь анхаарал татаж байна. 

Одоогоор тав хүртэлх насны хүүхдүүд хамгийн их амин дэмийн дутагдалтай хэсэгт тооцогдож байна. Цэцэрлэгийн хүүхдүүд гэсэн үг.  Тэдний 27 хувь нь цус багадалттай, 21 хувь нь төмөр, 70 хувь нь А амин дэм, 90 хувь нь Д амин дэмийн дутагдалтай гэж гарчээ. Энэ бол анхаарал хандуулж, бага насны хүүхдийн хоол тэжээлийн асуудлыг бодлогоор эргэн харах болсныг илтгэх тод жишээ.

Өнөөдөр улсын цэцэрлэгт хүмүүждэг нэг хүүхдийн өдрийн хоолны нормыг ердөө 1700-хан төгрөгөөр тооцож олгодог. Зарим хүүхдүүд цэцэрлэгээс тарж ирэхдээ өлсөж, ундаассан байдалтай орж ирдэг талаар эцэг, эхчүүдийн яриа оргүй зүйл биш.

Үнэндээ 1700 төгрөгөөр бүтэн өдрийн турш шим тэжээлтэй, амин дэмээр баялаг хоол идэх боломжгүй нь хэнд ч ойлгомжтой. Улсын төсвийн хөрөнгө чинээ тааруухан байгаа өнөөгийн нөхцөлд цэцэрлэгт өгдөг татаасаа нэмэх боломжгүй байж болох юм. Гэлээ гээд улс бүгдийг нь даах ёстой гээд хүүхдүүдээ харсаар байж, мэдсээр байгаа мөртлөө шим тэжээлийн дутагдалд оруулмааргүй байна. Үр, хүүхдээ цэцэрлэгт өгч, ихэнх цагийг нь тэнд өнгөрүүлж байгаа эцэг, эхчүүд ч нэгийг бодмоор байна. 

Улсын цэцэрлэгийн хоол хүнсний чанарыг сайжруулах, олон нэр төрлийн тэжээллэг хүнсээр хангахад “гар татах” аав, ээж гарахгүй л болов уу. Нэгэнт л улсын цэцэрлэгт хүүхдээ үнэгүй сургаж байгаа юм чинь сард 20 мянган төгрөг өөрсдөөсөө гаргаад, хүүхдийнхээ хоол хүнсний зардалд зориулахад юу нь болохгүй байх вэ?

Сүүлийн үед цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсийг сайжруулахад анхаарал хандуулахыг эцэг, эхчүүд өөрсдөө санаачлан, уриалдаг болсон нь сайн хэрэг. Бас зарим Төрийн бус байгууллагууд энэ талаар төрийн байгууллагад хандан, санал илгээсэн тохиолдол ч байгаа. Хүүхдээ улсын цэцэрлэгт өгч байгаа гэр бүл бүр тодорхой хэмжээний хоолны мөнгө төлдөг болчихвол наанадаж хүүхдүүд маань илүү чанартай хоол, хүнс хэрэглэнэ. Цаанадаж, эцэг, эхчүүд бид хүүхдийнхээ болон цэцэрлэгийн хүмүүжлийн өмнө тодорхой хариуцлага хүлээж байгаа хэлбэр болох юм.

Т.НОМИН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж