"Тархины доргилтын бариа засал бол зөвхөн Монголд данстай эмчилгээ"

Хуучирсан мэдээ: 2018.02.25-нд нийтлэгдсэн

"Тархины доргилтын бариа засал бол зөвхөн Монголд данстай эмчилгээ"

"Тархины доргилтын бариа засал бол зөвхөн Монголд данстай эмчилгээ"

Монголын анагаах ухааны академийн гишүүн, Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн профессор, академич  Ш.Болдтой цөөн хором ярилцлаа. Түүний  автор бүхий 500 шахам бүтээл бий. Үүний 60 орчим нь ном, сурах бичиг байдаг бол 20 -иод нь гадаад хэлээр хэвлэгдсэн бүтээлүүд байдаг ажээ.


-Та судалгаандаа ямар ном судар түлхүү ашигладаг вэ?

-Монголын уламжлалт анагаах ухааны сурвалж судлал, ялангуяа монголчуудын бүтээн бий болгосон судраас гадна Монголын анагаах ухааны эрт үеийн түүхтэй холбоотой Хятад, Төвд сурах бичгүүдийг судалгаандаа ашигладаг. Ерөнхийдөө манай улсаас олдсон анагаах ухаантай холбоотой археологийн олдворуудыг сурвалж, судлалын аргаар нотолж байгаа юм. Жишээ дурдвал,  Увс аймгийн Улаангом сумын Чандмань уулнаас төмрийн үеийн 40 гаруй булшнаас 120 гаруй хүний араг яс олдож байсан юм. Тэдгээр гавлын яснуудад мэс засал хийсний мөр болох цоорхойнууд байсан. Гадаадын зарим улсууд эдгээр археологийн олдворыг шашны холбогдолтойгоор гавлын ясыг нь цоолсон байж болно гэж үздэг. Гэхдээ Төвдийн анагаах ухааны түүхэнд “Гавлын ясыг цоолдог 35 арга тэргүүтэй Монголын ёс” гэж бичсэн байдаг /Төвд хэлээр уншсаны дараа Монгол руу орчуулж тайлбарлав/. Тэгэхээр гавлын ясыг цоолсон нь анагаах ухааны зорилгоор цоолсон үйлдэл юм байна гэдгийг Төвд хэлээр бичсэн сурвалж баталж өгч байгаа юм. Археологийн олдворыг Монголын уламжлалт анагаах ухааны түүхтэй холбоотой Төвд болон Хятад сурвалжаас баталгаажуулж авч байна. Хамгийн гол нь судар номон дээрээ суурилах ёстой.

Хэзээнээс Төвд хэлийг сурч, судалж эхэлсэн бэ?

-Төвд хэл бол миний үндсэн хэл л дээ. Уламжлалт анагаах ухааны эмч хүний гол үндсэн судалгааны хэл бол төвд хэл. Төвд хэлийг Анагаах ухааны их сургуульд дөнгөж ороод, нэгдүгээр курст байхдаа буюу 1987 оноос эхэлж үзсэн. Төвд хэлийг үзсэн шалтгаан нь уламжлалт анагаах ухааныг сонирхож эхэлсэнтэй холбоотой.

-Уламжлалт анагаах ухаанд зөвхөн Монголд л данстай ямар эмчилгээнүүд байна вэ?

-Олон байгаа. Жишээ нь, тархины доргилтын бариа засал байна. Үүнийг манайхаас өөр газар хийдэггүй. Уламжлалт анагаах ухааны ойлголтоор тайлбарлавал энэ их энгийн. Арга, билгийн үүднээс тайлбарлана. Өөрөөр хэлбэл, доргисноос арга билгийн харьцаа алдсаныг буцаагаад доргиож оруулдаг. Хоёр бух, хоёр ухна мөргөлдөхөд тархи доргидоггүй. Харин ч мөргөлдөх тусмаа таатай байгаа нь анзаарагддаг. Хүн сэтгэдэг буюу төв мэдрэлийн системтэй л болохоос тэдэнтэй адил амьтан шүү дээ.

-Монголын уламжлалт анагаах ухааны онцлог юу вэ?

-Монголын уламжлалт анагаах ухааны онцлог хүний биеийг эмчлэхээс гадна сэтгэлийг нь эмчилдэгт оршиж байсан. Өнөөдөр зөвхөн биеийн өвчнийг эмчлэх тухай ойлголт их түлхүү яригдах болж. Уламжлалт анагаах ухааны ойлголтод ном уншуулна гэдэг сэтгэл засал, дээрээс нь хануур хатгуур хийх зэрэг засал байсан. Дээр үед домч нар өвчтөнд эм өгөхдөө “Маналын зүрхэн тарни” тарнидаж өгдөг байсан. Тарнидаж өгч байгаа эм нь илүү хүчтэй байхаас гадна тарнидуулж эм ууж байгаа өвчтөний сэтгэл зүйд маш том нөлөө үзүүлдэг байжээ.

-Тэгвэл сэтгэлийн заслыг хэрхэн хийдэг байсан бол?

-Бид энэ асуултын хариултыг олохоор саяхнаас судалгааны ажлаа эхлүүлээд байгаа. Уламжлалт анагаах ухаан гэдэг ойлголт 1990 оноос эхэлсэн нэр томъёо. 1990 оноос өмнө Монголд уламжлалт анагаах ухаан гэдэг ойлголт байгаагүй. Одоо бидний уламжлалт гээд байгаа нь Монголын анагаах ухааны уг сурвалж юм. Энэ уг сурвалж 5000 жилийн өмнө үүссэн. Тэрнээс ч өмнө байж болно. Судлаач хүн шинжлэх ухааны баримттай, анагаах ухаанд хэрэглэж байсан олдвор олдсон тэр цагаас эхлэн наашлуулж тооцдог. Магадгүй тэрнээс өмнөх үеийн олдвор олдвол урагшлах боломжтой. Уламжлалт анагаах ухааны судлаачид 1990 оноос хойш хийсэн судалгааныхаа  чиглэлийг одоо л бүрэн гүйцэд тогтоож байна. Монголын анагаах ухаан 5000 жилийн түүхийг бүтээхдээ нүүдэлчин монголчууд хүний өвчнийг эмчлэхээс илүү яаж эрүүл амьдрах вэ гэсэн ухааныг л хайж байсан. Энэ ухааныг өнөөдрийн 21-р зууны мэдлэгтэй уялдуулж өгөх юм бол одоогийн эрүүл мэндийн салбарт тавигдаж байгаа тулгамдсан зарим асуудлыг шийдэхэд  дөхөм үзүүлэлт болох юм.

-Монголын уламжлалт анагаах ухааны дэлхийд гарах гарцыг та юу гэж хардаг вэ?

-Уламжлалт анагаах ухааныг дэлхийд гаргахын тулд энэ чиглэлээр олон жил судалгаа хийлээ. Гарцын хувьд хэд хэдэн боломж байна. Үүнд уламжлалт анагаах ухааны эмчилгээний аргуудыг хэлж болно. Энэ арга нь дотроо хэд хэд хуваагддаг. Идээ ундаа, явдал мөр, эм, засал гэсэн үндсэн дөрвөн ерөндөгийг зөвхөн дотоодынхоо эмнэлгийн тусламжид хэрэглээд зогсохгүй, гадныхныг татаж болно. Гэхдээ энэ хоёр зэрэгцэж явах учиртай.

Б.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж