Израилийн засгийн газраас Африкийн иргэдийг ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс өмнө тус улсыг орхин гарахыг шаарджээ. Хэрэв Африкийн иргэд сайн дураараа Израиль улсаас явсан тохиолдолд нисэх онгоцны тасалбар дээр 3500 ам.долларын бэлэн мөнгө өгөхөөр амласан байна.
Харин өгөөмөр саналыг хүлээн аваагүй нөхцөлд албадан гаргахаа Израилийн засгийн газар хатуу анхааруулжээ. Уг мэдэгдлийн дараа орогнол хүссэн африкчууд болон тэдний дэмжигч орон нутгийн иргэд Тель Авив хотноо эсэргүүцлийн жагсаал хийсэн байна.
Израильд Африкийн зөрчил мөргөлдөөнтэй Судан зэрэг орнуудаас олон мянган иргэн дүрвэн ирсэн байдаг аж. Израильд ойролцоогоор 40 мянга орчим ажил хайсан, орогнол хүссэн иргэд байгаа бөгөөд тэднийг хариуцах эрх зүйн үндэсгүй гэж засгийн газраас нь мэдээлжээ.
Эх сурвалж: Associated Press
Б.ТУЯА