Улаан асрын зүүд​​​​​​​ (62-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.02.25-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд​​​​​​​ (62-р бүлэг)

Улаан асрын зүүд​​​​​​​ (62-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ

ГАО Э

Жаран хоёрдугаар бүлэг

БЯДУУ ШЯН ЮНЬ ЦЭЦЭГ ДЭРЛЭЖ СОГТУУРАН УНТААД, БҮДҮҮЛЭГ ШЯН ЛИН АНАРЫН ХОРМОГЧОО АЛСХИН ТАЙЛАВ

Өгүүлэх нь: Пин Эр дотроос гарч ирээд Линь Жышяогийн эхнэрт: “Их хэргийг бага болгож, бага хэргийг үгүй болгох нь өөдөлж мандах айлын шинж болно. Ялимгүй хэрэгт сүр цуу мандуулан олныг үймүүлбэл ёсонд үл нийцнэ. Одоо энэ эх охин хоёрыг дагуулан аваачиж хэв ёсоор нь ажиллуулж, тэр гал тогоонд авчирсан эхнэрээ уг ажилд нь буцаа. Дахиж энэ явдлыг дурдах хэрэггүй. Харин өдөр бүр сайтар хичээж байх хэрэгтэй” гэсэнд Лю овогт эх охин яаран босож дээш хандан мөргөв. Линь Жышяогийн эхнэр тэднийг хүрээнд дагуулан аваачиж, Ли Вань, Тань Чүнь нарт хэлсэнд цаадуул нь “Мэдлээ. Хэрэг заргагүй бол тун сайн” гэцгээв. Сы Чи нар нэгэн зэрэг талаар баярлаж, Чинь Шяны эхнэр арай гэж нэг ийм завшаан олж аваад хагас өдөр л баярлав. Тэр авгай баярлахдаа тогооны гэрийн сав сааль, амуу будаа, нүүрс түлээ зэргийн эд хэрэглэлийг бүртгээд, бас нилээд юм дутууг тогтоож: “Оройн тутарга хоёр шуудай, ерийн тутарга нэг сарынхыг илүү хэрэглэсэн. Нүүрс бас дутуу” гэжээ. Бас самбаачилж, Линь Жышяод бэлэглэхээр нэг сагс нүүрс, нэг таар шуудай оройн тутарга гадаа бэлтгэж тавьснаа гэрт нь хүргүүлэв. Бас дансны гэрт өгөх бэлгийг ч бэлдэж, хажуугаар нь хэдэн зүйлийн ногоо зууш бэлтгээд хамт ажилладаг манаач нараа залж “Миний энд ирсэн нь та бүхний тэтгэн тусалсны ач юм. Үүнээс хойш цөм нэгэн айл болсон тул миний хүрэлцэхгүй газрыг та бүхэн дэмжиж харгалзахыг хүснэ” гэв. Яг ийнхүү бужигнаж байтал гэнэт хүн ирж: “Чи энэ цагийн хоолыг идүүлж байсан тул уг газартаа очтугай. Лю бэргэнд осол эндүүгүй тул одоо дахин түүгээр хамааруулахаар болов” гэж хэлэв. Чинь Шяны эхнэр үүнийг сонсоод, сүр сүлд нь бууж тэр даруй туг далбаа юугаа хурааж гоншгоносоор өвдөл цөвдөл юм тэврээд буцав. Тал бэлэг гэж нилээд зарснаа өөрөө төлөх болов. Сы Чи хүртэл туйлын их уурлаад яах ч аргагүй тул тэгсгээд намдав . Цай Юний далдуур нилээд юм хүнд бэлэглэснийг Юй Чуань задруулсан учир Жао бага эхнэр нэгжүүлэхээс айж “Зүрхээ гартаа атган” сураг чимээ асууж байтал гэнэт Цай Юнь ирээд: “Бао Юй бүгдийг өөртөө хүлээсэн тул одоо зовох хэрэг байхгүй” гэж хэлснээс хойш бага эхнэр тайвшрав.

Тэгтэл Жя Хуань үүнийг сонсон сэжиг төрөөд, Цай Юний нууж өгсөн бэлгийг гаргаж шидээд “Чам шиг хоёр гурван нүүртэй амьтныг би тоохгүй. Чи Бао Юйтэй сайн биш бол чиний өмнөөс хэрэг хүлээх гэж байхгүй. Чи нэгэнт өөрийн юмаа авчирч над өгсөн бол хэнд ч мэдэгдэхгүй байх ёстой. Чи нэгэнт түүнд хэлсэн тул би одоо үүнийг авч яах юм бэ” гэж хэлэв. Цай Юнь энэ байдлыг хараад бачимдахдаа ам алдан тангараглаж тэсгэлгүй уйлав. Хичнээн тайлбарлаж хэлсэн ч Жя Хуань огт итгэсэнгүй.

-Чиний сэтгэлийг бодохгүй би шууд хоёрдугаар бэргэнд очиж, үүний хулгайлж өгсөн юмыг би авахгүй гэж хэлнэ. Чи сайн бодож үзээрэй гээд гарч явав. Бага эхнэр бачимдахдаа “Цаадах чинь буянгүй амьтан. Түүний үгийг ямар үг гэхэв” гэж хараав. Цай Юнь нүдээ хавдтал уйлсанд бага эхнэр “Миний сайн охин бод. Тэр чиний сайхан сэтгэлийг газарт хаяж байна. Би мэдэлгүй яахав. Энд зүгээр хураагаад тавьчихъя. Хоёр нэг өдрөөс сэтгэл нь аяндаа эргэнэ гэсээр бутрааж шидсэн юмыг хурааж байтал Цай Юнь уурандаа бүгдийг хамж аваад, хүний чөлөөгөөр хүрээнд орж усанд хаяв. Тэдгээр юмсын ихэнх нь хөвж урсан зарим нь тунаж шаварт шигдэв. Тэгээд шөнө турш орондоо уйлав.

Бао Юйгийн төрсөн өдрийн баяр болно гэж зарлав. Бао Чинь бас энэ өдөр ой нь таарав. Тэд нэг өдөр төрсөн байжээ. Ван Фүрэнь ордондоо байсангүй тул өнгөрсөн жилийнх мэт хөгжилдсөнгүй. Харин Жан овогт бумба дөрвөн зүйлийн бэлэг хүргэн ирж амин сахиусыг нь сольж өгөв. Бас хэдэн сүмийн хуушаан, чавганц нар тахилгын чонхор, өлзийт одон, бурхны зураг, тарнийн хуудас, мэнгэ эзлэгч, оны эзэн тэнгэр, жилийн ойд солих оньс зэргийг авч ирэв. Үргэлж нааш цааш явалцдаг гэр зуурын бүстэй, бүсгүйчүүл нэг өдөр урьдчилж баярт ёслов. Ван Зытөнгийн тэндээс мөн заншил ёсоор өвч бүрэн хувцас, өлзийт тоор зуу, ордны нарийн гоймон зуун боодол хүргэж ирэв. Шюэ Имагийн тэндээс Ван Зытөнгийн хагас бэлгийг хүргэв. Ёу хатан оймс, шаахай нэг хоёр Фөн Же дөрвөн талыг товчлон нийлүүлсэн хатгамал хавтагад алт суулгасан нэг хутагт одон, бас нэг бумба улсын тоглоом наадмын зүйлийг агуулсан бэлэг ирүүлжээ. Олон сүм хийдэд хүн илгээж өглөг буян үйлдсэн ажээ. Үүний зэрэгцээ Бао Чиньд ирсэн бэлэг тоймгүй. Эгч дүү нар нь өөрийн дураар нэг шанз, нэг үсэг, нэг шүлэг мэтийн хөөрхөн бэлэг ирүүлж ёс гүйцэтгэв.

Энэ өдөр Бао Юй эртлэн босож угааж арчиж дуусмагц дээл малгайгаа өмсөөд өмнөд танхимын хүрээнд орж очиход Ли Гүй зэргийн дөрвөн хүн хэзээний тэнгэр газарт мөргөхөд хэрэглэх зул хүжийг бэлтгэжээ. Бао Юй хүж барьж мөргөөд цай өргөн цаас шатаасны дараа Нин Гуофүд очиж, өвгөдийн сүм, дээдсийн дугана хоёрт мөргөв. Тэндээс гарч индэр дээр зогсон Жя Мү, Жя Жөн, Ван Фүрэнь нарын зүг хандаж холоос мөргөв. Замдаа Ёу хатаны дээд гэрт орж ёс гүйцэтгэн хэсэг суугаад Рун Гуофүдээ буцав. Дараа нь Шюэ Имагийн тэнд хүрч баахан татаж чангаалдаад Шюэ Көтэй уулзаж, найрсгаар ёслолцоод сая хүрээндээ буцаж ирэв. Чин Вэнь, Шө Юэ хоёрыг дагуулан бяцхан шивэгчдээр эсгий тэврүүлж, Ли Ванийхаас эхлээд ахмад хүмүүсийн гэрт дараалан орж ёс гүйцэтгээд дахин хоёрдугаар хаалгаар гарч дөрвөн хөхүүл эхийнд очиж мэндлээд гэртээ буцаж ирэв. Бүгд түүнд мөргөх гэсэн боловч Бао Юй зөвшөөрсөнгүй. Харьсан хойно нь ч Ши Рэнь нар мэндлээд мөргөсөнгүй. Учир нь гэвэл “Залуу хүнд мөргөвөл буян нь хорогдоно” гэж Ван Фүрэнь хэлсэн гээд цөм мөргөсөнгүй.

Төдөлгүй Жя Лянь, Жя Хуань нар ирэв. Ши Рэнь угтан авч суулгав. Бао Юй инээж: “Явсаар байгаад ядарлаа” гээд ор дээр хажуулан аяга цай ууж байтал хэсэг охид инээлдсээр орж ирэв. Цүй Мо тэднийг тэргүүлж хойноос нь хөхүүл эхчүүл найм есөн хүн улаан эсгий тэвэрч ирээд: “Насан хутагт мөргөхөөр ирсэн хүмүүсийг чинь эвдэх нь ээ” гэж хэлтэл Тань Чүнь, Шян Юнь, Бао Чинь, Шю Янь, Ши Чүнь нар хүрч ирэв. Бао Юй тэднийг угтан: “Та нарыг чилээжээ. Цай түргэн авчир” гэсэнд тэд нэг зэрэг найрын ёсыг гүйцэтгээд сууцгаав. Ши Рэнийг цай аягалан барьж байтал Пин Эр цэцэг барин орж ирэв. Бао Юй: “Би түрүүхэн Пин Эгчийн үүдэнд очоод хэл өгүүлэхэд, уулзаж чадахгүй гэсэн болохоор урьсан юмаа” гэсэнд цаадах нь: “Би яг тэр үед эгчийн чинь гэзгийг самнаж байсан учир гарч уулзаж чадаагүй юмаа. Харин урилаа гэснийг сонссоон. Би яалаа гэж уриулж залуулах вэ дээ. Яараад л Эр Еэгийн насан хутагт мөргөхөөр ирлээ” гэхэд нь Ши Рэнь суудал тавьж өгөв. Пин Эрийг мөргөхөд Бао Юй хариу ёсолсонд цаадах нь сөгдөв. Бао Юй бас сөгдөхөд нь Ши Рэнь яаран босгов.

Тэгтэл Пин Эр дахин сөгдөн ёслов. Ши Рэнь, Бао Юйд: “Чи ёслооч” гэсэнд цаадах нь: “Би сая ёслоо биз дээ” гэхэд нь Пин Эр бас өнөөдөр төрсөн болохоор, чи түүний насны баярт мөргөх ёстой биз дээ” гэсэнд Бао Юй баяртайгаар босож ёслов. Шян Юнь, Бао Чинь, Шю Янь хоёрын гарыг бариад: “Та дөрөв, өдөржин харилцан ёслолцох юм байна” гэсэнд Тань Чүнь: “Шин охин дүү бас өнөөдөр төрсөн гэнэ. Би яагаад мартсан юм бол” гээд шивэгчин дуудаж: “Хоёр дугаар найнайд хэлээд, Чинь авхайд өгсний хэр бэлэг төхөөрч, Эр охины гэрт хүргэж өг” гэв. Шян Юнь шууд хэлж гаргасан тул Шю Янь олон гэрээр орж ёс гүйцэтгэв. Тань Чүнь инээж: “Энэ харин сонин боллоо. Жилийн арван хоёр сард чухам хичнээн хүний төрсөн өдөр тохиох вэ. Хүн олон бол улам сонин. Хоёр гурваараа нэг өдөр тохиолдох ч байна. Цагаан сарын шинийн нэгэнд ч хоосон өнгөрөхгүй. Их эгч энэ өдөр төрсөн тул буян нь ихээс гадна төрсөн өдөр нь бусдаас түрүүнд юм. Өвгөн аав мөн энэ өдөр мэндэлжээ. Цагаан сарын арван тавны баярын өдрийг өнгөрөөвөл даруй их Тайтай хийгээд Бао эгчийнх болно. Эх охин хоёрынх таарчээ. Гурван сарын нэгэн бол Тайтайгийн өдөр. Есөн бол Лянь ахын өдөр. Хоёр сард байхгүй” гэсэнд Ши Рэнь:

-Хоёр сарын арван хоёрон чинь Линь авхайнх шүү дээ. Тэгэхээр хүнгүй гэж яаж болох вэ. Харин манай гэрийнх л биш юм гэсэнд Тань Чүнь инээж: “Миний энэ мартамхайг хараач” гэв. Бао Юй, Ши Рэнийг зааж: “Тэр бас Линь авхайтай нэг өдөр тул санаж байна” гэсэнд Тань Чүнь инээж: “Та хоёр харин хамт байжээ. Тэгсэн хэр нь манайд мөргөдөггүй байх нь. Пин Эрийн төрсөн өдрийг бас мэдэхгүй байсан. Сая л мэдлээ” гэсэнд Пин Эр: “Биднийг ямар хүн гэх юм. Төрсөн өдөр нь болсон ч бэлэг сэлэг байх биш. Тал бэлэг ч авах хувьгүй байж, олныг үймүүлснээс чимээгүй байсан дээр биз дээ. Өнөөдөр харин хэрэггүй юмыг тэр хэлчихлээ. Би авхайг харьсан хойно очиж мөргөмз” гэсэнд Тань Чүнь: “Аймшиггүйгээр таныг хөдөлгөхгүй. Гэвч энэ өдөр таныг баярлуулбал сэтгэл сая амарна” гэсэнд Бао Юй, Шян Юнь нар: “Яг тийм шүү” гэцгээв. Тань Чүнь шивэгчин явуулж найнайд нь “Бид цөмөөрөө өнөөдөр Пин Эрийг явуулахгүй гэж шийдлээ. Бүгдээр хувь нийлүүлж түүнд баяр хүргэнэ” гэж хэлүүлэв. Шивэгчин яваад удаж удаж ирээд: “Авхай нар түүнд ингэж найрсан хандсанд талархаж байна. Төрсөн баяраар нь юү идүүлнэ вэ. Хоёрдугаар найнайгаа мартахгүй бол би түүнд саад хийхгүй гэж байна” гэсэнд бүгдээр хөхрөлдөв. Тань Чүнь: “Өнөөдөр дотоод тогооны гэрт хоол бэлдүүлэхгүй. Будаа ногоог гадаад тогооны гэрт бэлтгэх учир бид зоосоо нийлүүлээд Лю эхнэрт өгч дотроо бэлтгүүлбэл дээр байх” гэсэнд цөм нэгэн дуугаар зөвшөөрөв. Дараа нь Тань Чүнь Ли Вань, Бао Чай, Дай Юй нарыг залуулж, бас Лю эхнэрийг дуудаж: “Дотоод тогооны гэрт найрын хоёр ширээ базаа” гэж захив. Лю эхнэр учрыг мэдээгүй учир: “Гадаад тогооны гэрт цөмийг бэлтгүүлье” гэсэнд Тань Чүнь: “Өө чи мэдэхгүй байгаа юм уу. Өнөөдөр бол Пин Охины төрсөн өдөр юм. Гадаад тогооны гэрт дээд гэрийнхийг л бэлтгэдэг. Одоо бол бид дотор зуураа хувь нийлүүлж ганцхан Пин охинд найр базааж, түүнийг дайлах гэж байгаа юм. Чи шинэ сайхан ногоо сонгож хоол хийгээрэй дээ. Данс тооцоогоо бодоод надаас зоос аваарай” гэв. Лю эхнэр: “Хэ ер, өнөөдөр чинь Пин охины төрсөн өлзийт өдөр байх нь. Би мэдсэнгүй” гээд Пин Эрд мөргөсөнд цаадах нь яаран татаж босгов. Мөнөөх эхнэр яаран явав.

Тань Чүнь, Бао Юйг урьж танхимд ороод байтал Ли Вань, Бао Чай нар ирэв. Шюэ Има, Дай Юй хоёр ирээгүй байв. Энэ хэр тэнгэр дулаарч Дай Юйн өвчин намдсан учир тэрбээр төдөлгүй хүрч ирэв. Нэг харах нь ээ, таж магнаг мяралзуулсан хүмүүс танхим дүүрчээ. Энэ үед Шюэ Кө алчуур, дэвүүр, заар, хив торго зэрэг дөрвөн зүйлийн өлзийт бэлгийг Бао Юйд хүргэж ирэв. Түүнийг угтан гарч Бао Юйд хүргэж ирэв. Түүнийг угтан гарч Бао Юй дайлав. Тэгж байтал хоёр гэрээрээ бэлдсэн насны баярын архийг ч авчрав. Бао Юй Шюэ Көг зочилж хоёр хундага архи уув. Бао Чай, дүү охиноо дагуулан гарч ирээд Шюэ Көд ёслон архи барив. Тэгээд Бао Чай

-Гэрт байгаа архийг нааш авчрах хэрэггүй. Хоршигчдоо залж уулга. Би Бао Юй дүүтэй хамт очиж тэднийг зочлох тул чамд хань болж чадахгүй гэж захисанд цаадах нь: “Эгч дүүс та нар дураараа болтугай. Манай хоршигчид одоохон ирнэ” гэв.

Энэ үед Бао Юй ч ёс алдлаа гээд түргэн буцаж ирэв. Зовхис хаалгаар ормогц Бао Чай, зарц эмгэдээр хаалгыг оньслуулж, түлхүүрийг авсанд Бао Юй:

-Энэ хаалгыг дарах хэрэггүй биз дээ. Дэмий явах хүнгүй бөгөөд эгч, дүүс, авхай нар цөм дотоод хүрээнд байх тул гэрээс ямар нэг юм авна гэж яршиг болох бишүү гэсэнд цаадах нь инээж:

-Болгоомжилж, хаширлах ч илүүдэхгүй л дээ. Гэхдээ танай тэнд сая элдэв эсийн хэрэг гарсан боловч манай тэндээс хүн холбогдоогүй нь энэ хаалгыг түгжсэний ач шүү. Энэ хаалга онгойж байсан бол нааш цааш явах хүмүүс хөлийн аяар дөт зам эрж үүгээр явахыг хэн хориглож чадах вэ. Үүнийг хаавал эжий бид хоёр ч биеэ барьж, бусад хүмүүс ч явахгүй болбол хожим хэдий хэрэг гарсан ч эндэх хүмүүст холбогдохгүй болно гэв.

Бао Юй инээж: “Манай тэнд юм алдсан гэж дуулсан уу” гэсэнд цаадах нь инээж

-Чи бол зөвхөн саргайн ханд, нарсны мөөг хоёрыг л мэдэж байгаа. Хүн байсан учраас л эд агуурсанд хүрсэн хэрэг. Хүн байгаагүй бол юм алга болохгүй. Хүмүүс юм ярихаар чи мэдсэн хэрэг. Үүнээс цаагуур юу болж байгааг мэдэхгүй дээ. Ухчилж нарийн хянавал хичнээн хүнд холбогдохыг мэдэхгүй. Чи юуг ч хайхардаггүй хүн болохоор чинь хэлж байгаа юм. Пин Эр ухаантай хүн. Би уржигдар түүнд хэлсэн. Найнай гадагш гарахгүй байгаа болохоор түүнд хэлж л дээ. Хэрэг задрахгүй бол бүгд сэтгэл амар явна. Задрахад хүрвэл, тэр дотроо мэдэж байгаа бол гэмгүй хүнийг хилсдүүлэх явдалгүй болно. Чи ер нь миний хэлэхийг сонсоод цаашид хичээвэл таарна. Энэнийг өөр нэг ч хүнд хэлж болохгүй гэв.

Тэр хоёр ийнхүү ярилцсаар яваад Чинь Фан танхимын дэргэд хүрч ирвэл, тэнд загас харж байсан Ши Рэнь, Шян Лин, Дай Шу, Цин Вэнь, Шө Юэ, Фан Гуань, Рүй Гуань,Оу Гуань зэрэг арваад хүн, тэр хоёрыг хараад: “Цээнэ цэцгийн хашлага дотор найрын ширээ зассан. Хурдан явж найртаа суу” гэцгээв.

Тэд явсаар Хун Шян пү хэмээх гурван тасалгаа бүхүй задгай танхимд орвол Ёу хатан уригдаж ирээд тэдний хамт байв. Харин Пин Эр харагдсангүй. Гэртээ харьсан юмсанжээ. Түүнийг харихад нь Лай Да, Линь Жышяо зэрэг хүмүүс бэлэг хүргэж иртэл хойноос нь хүмүүс хоёр гурваар ирж, дээд, дунд, доод гурван дэсийн бэлэг авчрав. Пин Эр тэдэнд талархал хүргэж, зоос шагнаад, бэлгийн талаар Фөн Жед хэлж, авахыг нь аваад заримаар нь бусдыг шагнав. Тэгээд Фөн Жед хоол хийж өгчихөөд хүрээлэнд очив. Хэдэн шивэгчин араас нь эрж ирээд, тэр дор нь Хун Шянпүд аваачвал, найрын ширээг толбот мэлхийн хуягаар чимж, цацагт цэцгийн хатгамалтай олбог дэвсжээ. Бүгдээр хөхрөлдөн: “Хутагт одод бүрдлээ” гээд тэр дөрвийг дээд суудалд суулгах гэсэнд тэд суухгүй гэцгээв. Шюэ Има:

-Үүдэн шүд минь сийж, өмнөх энгэр минь сэмэрсэн би, та нарын дунд байх тун эвгүй байна. Би танхимд очиж биеийнхээ тааваар хэвтэж амарвал дээр байна. Би нэг их идэж уух ч биш. Харин та нар минь эндээ сайхан наргивал дээр гэв. Ёу хатан энэ тэр юү гэсэн үг вэ, явуулахгүй гэсэнд Бао Чай:

-Ээжийн хувьд болно. Ээж танхимд очоод биеийн тааваар хэвтэж амар. Юм идмээр бол бид хүргээд өгнө. Тэнд хүн амьтангүй нам сэлүүн. Оч оч гэсэнд Тань Чүнь инээж:

-Тийм бол хичээнгүйлэн хүндэлье гээд хэрэг зөвлөх танхимд оруулж магнаг олбог, түшлэгтэй дэр тавьсан ор дээр хэвтүүлээд:

-И Тайтайгийн хөл гарыг сайн барьж өг. Цай ус авна гэвэл бие бие рүүгээ түлхэлгүй оруулж өг. Тайтайд хоол өгөхдөө, та нарт бас юм өгнө. Та нар эндээс салж болохгүй гэж шивэгчин охидод анхааруулж захив. Тань Чүнь нар буцаж ирээд, Бао Чинь, Шю Янь хоёрыг гол суудалд Бао Юй, Пин Эр хоёрыг баруун зүүн талын суудалд суулгав. Тэгээд Тань Чүнь Юань Янг дэргэдээ авчирч тэдний өөдөөс харж суув. Бусад нь захын ширээнд сууцгаав. Гуравдугаар ширээнд Ли Вань, Ёу хатан хоёр суугаад Ши Рэнь, Цай Юнь хоёрыг дэргэдээ авав. Тань Чүнь нар архи барих гэсэнд, Бао Чинь нарын дөрөв “Архи уувал өдөржин сууж чадахгүй болно” гэж татгалзав. Хоёр дуучин бүсгүй ирж, дуулж хөгжимдөн насан хутгийг ерөөе гэсэнд: “Манай энд тийм золбин үгийг сонсох хүнгүй. Харин танхимд очиж Тайтайгийн уйтгарыг сэргээж болно” гээд зүйл бүрийн идээнээс сонгож Имад өгүүлэв. Бао Юй: “Чи чимээгүй суугаад яахав. Архины дүрэм явуулъя” гэсэнд зарим нь ийм, тийм дүрэм сайн гэцгээв. Харин Дай Юй: “Бийр цаас авчраад, дүрэм бүхний нэрийг бичээд сугалаа хийе” гэж санал гаргав. Түүнийг цөм зөвшөөрсөнд Шян Лин саянаас үсэг бичиг сурч, шүлэг уншиж байгаа учир бийр бэх хармагцаа” Би бичье” гэв.

Тэд бодож байгаад арваадыг хэлсэнд Шян Лин бичиж хуйлаад лонхонд хийв. Тань Чүнь: “Эхлээд Пин Эр сугална уу” гэсэнд цаадах нь лонхыг нь сэгсрээд, саваагаар нэгийг хавчиж гарган ирээд үзвэл, “Харвалт нуулт” гэсэн хоёр үг бичсэн байв. Бао Чай инээж: “Дүрмийн овгийг сугалжээ. Энэ дүрэм эртний үед байсан боловч одоо мэдэх хүнгүй болжээ. Энэ бол хожмын хүний найруулсан бөгөөд дүрмийн дотор хамгийн хэцүү нь юм. Бидний хагас нь бараг мэдэхгүй байхаа. Үүнийг орхиод, олноор мэдэхийг олбол яасан юм” гэсэнд Тань Чүнь инээж: “Нэгэнт сугалсан юм чинь хаяж болохгүй. Одоо дахин нэгийг сугалаад бүгдээр мэдвэл тэд тэр дүрмийг явуулж, бид энэ дүрмийг явуулъя” гээд Ши Рэнээр нэгийг сугалуулсанд “Эрхийн дайн” гэж байв. Шян Юнь инээж:

-Энэ хялбар дөхөм юм. Миний зантай нийцнэ. Би тэр “Харвалт наалтыг” явуулахгүй. Тархи толгой эргүүлбэл яршиг. Би хуруу гаргаж хуална” гэсэнд Тань Чүнь: “Ганц тэр дүрмийг самууруулж байх тул Бао эгч, хурдан түүнийг хундага архиар торго” гэв. Бао Чай, Шян Юний маргахыг тоолгүй нэг хундага уулгав. Тань Чүнь: “Би дүрэм зарлагч тул нэг хундага ууна. Дахиж зарлах хэрэггүй. Ганцхан миний үгийг сонсогтун. Шоо дөрвөлжийн савыг авчирч Бао Чинь дүүгээс эхэлж, дэс дараалан орхигтүн. Тоо нь таарвал хоёул харвалт нуулт хийнэ” гэв.

Бао Чинь орхисонд гурав буув. Шю Янь, Бао Юй нар орхиод цөм таарсангүй. Шян Лингийн ээлж болоод сая “Гурав” буув. Бао Чинь инээж: “Ганц гэрийн доторх зүйлийг нууж харваас барав. Гаднах зүйлийг хэлбэл, даанч эх захгүй болно” гэсэнд Тань Чүнь: “Яриангүй. Гурав орхиод тааруулж эс чадвал нэг хундага торгоно. Чи нууж тэр харвана” гэв. Бао Чинь баахан бодоод: “Хөгшин” гэж хэлэв. Шян Лин ийм дүрмийг сая сонссон тул тэр даруй бодож олохгүй, эргүүлж тойруулж үзэвч “Хөгшин” гэх үгтэй холбогдох үг олдсонгүй. Шян Юнь сонсоод бас энэ тэрийг харж байтал гэнэт үүдэн дээрх “Хун Шян пү” гэх гурван үгийг хараад даруй Бао Чиний нуулт нь “Би хөгшин пүд үл хүрнэ” гэсэн хууч үгийн пү гэдэг үг байсныг мэдээд, Шян Лин бодож олохгүйд бүгд алга ташин шаардахыг үзээд даруй Шян Линг татаж “Эм” гэсэн үгийг хэлтүгэй гэв. Гэтэл Дай Юй олж үзээд “Түүнийг хурдан торготугай. Бас хэлж өгч байна” гэсэнд бүгдээр мэдээд бас нэг хундага торгов. Шян Юний хор хөдөлж Дай Юйгийн гарыг саваагаар нэг цохив. Тэгээд Шян Юнийг нэг хундагаар торгов.

Дараа нь Бао Чай, Тань Чүнь хоёрын тоо таарав. Тань Чүнь даруй “хүн” гэв. Бао Чай инээж: “Энэ хүн хэмээх үгийн хэмжээ даанч өргөн” гэсэнд цаадах нь инээж: “Нэг үсэг нэмж, хоёр нууж нэг харавбал өргөнгүй болно” гээд “Цонх” хэмээх үгийг хэлэв. Бао Чай баахан бодоод найрын ширээн дээр тахиа байхыг харуут, тэр лав “Тахиан цонх”, “Тахиан хүн”1 хэмээх хоёр домгийг хэрэглэсэн байх гэж таамаглаад “Үүр” гэсэн үсэг харвав. Тэр “Тахиа үүрт хононо” гэсэн домгийг хэрэглэж, харваж унагасныг Тань Чүнь мэдээд, хоёул инээлдэн тус бүр нэг хундага уув. Шян Юнь тэсэж ядан Бао Юйтэй, гурав, тав гэж хашгиралдан хуалж эхлэв. Нөгөө ширээний Ёу хатан Юань Янтай долоо, найм гэж бархиран хуална. Пин Эр, Ши Рэнь хоёр ч нэг хос болж агшин зуур гарын бугуйвч хангинуулна. Тэнд Шян Юнь Бао Юйг хожиж байхад, энд Ши Рэнь Пин Эрийг хожиж, хоёул архины нүүр ба ёроолыг2 хязгаарлав. Шян Юнь: “Архины нүүрт нэг бадаг эртний зохиол, нэг бадаг эртний шүлэг, нэг бадаг ясан бийрийн нэр, нэг дууллын нэр, бас нэг бадаг цаг улирлын бичиг дээрх үг, эдгээрийг нийлүүлж нэг өгүүлбэр болгоно. Архины ёроол нь хүний явдалд холбоотой ногоо жимсний нэр байна” гэв.

Бүгдээр “Чинийх л хүнээс онцгой яршигтай. Гэсэн ч учиртай юм яая гэхэв” гээд алив Бао Юй хурдан хэл гэж шаардав. Цаадах нь инээгээд: “Хэн үүнийг хэлж үзэв. Жаахан бодъё” гэсэнд Дай Юй: “Чи илүү нэг хундага уувал би хэлж өгнө шүү” гэв. Бао Юй зөвшөөрч нэг хундага таттал Дай Юй ингэж хэлэв.

Оройн өнгөт үүл, өнчин нугастай зэрэгцэн нисч3

Огторгуй тулам хүчит салхийг зүсэн өнгөрөх нь уяралтай4

Үзэхүл, өрөөсөн хөл нь хугарсан галуу5 ажээ

Уяралтай дуунд нь голт зүрх шимширнэ.

Энэ бол хун, галуу айлчлан ирэх нь болой гэсэнд бүгдээр хөхрөлдөв. Тэгээд тэд “Ингэж холбосон нь зүгээр юмаа” гэсэнд Дай Юй бас нэг шидийн цөмийг авч гарган архины ёроолыг хэлсэн нь,

Алс хүрээний огор шидийн цөмтэй хамаагүй

Аль холоос ирсэн түмэн манж айлын дуун ажээ

Энэ дүрмийг хэлсэн хойно Юань Ян, Ши Рэнь нар “Өлзий” үсэгтэй цэцэн үг хэлсэн ажээ.

Тэд ийнхүү ээлжлэн ухаан бодлоо уралдуулж удаан наргив. Одоо Шян Юнь, Бао Чиньтай хосолж Ли Вань Шю Яньтай таарав. Ли Вань нэг “Хулу” гэдгийг хэлж, цаадах нь: “Ногоон” гэсэн үг харвасанд хоёул утгыг ухаж, тус бүр нэг оочив. Шян Юнь хуалж алдаад, архины нүүр ба ёроол гэсэнд Бао Чинь инээж: “Авгай таныг будунд /ваар/ залсугай6 гэтэл бүгдээр хөхрөлдөж: “Энэ домог сайхан тохиров” гэцгээв. Шян Юнь:

Угалзан шуурга эрчлэн босохуйяа7

Ус мөрний долгион тэнгэр өөд үсчинэ8

Тэнгэр тулам салхи долгион учруулсан тул

Төмөр гинжээр өнчин завиа аргамжсугай!

Гадагш гарч үл болно гэсэнд бүгдээр хөхрөлдөж: “Тэр биднийг инээлгэх гэж зориуд энэ дүрмийг гаргажээ. Цээжээ нээн чалчигч энэ амьтан” гэснээ, алив түргэл. Архины ёроолыг хэлтүгэй гэж шаардав. Шиян Юнь архийг уугаад, нугасны махнаас савхадсанаа архинаасаа оочтол, аяга дотор нугасны толгойн хагас харагдсанд түүнийг савхдаад тархийг нь идэв.

-Бао Юй идэх гээд шунаж байгаа шүү хурдан хэлэгтүн гэсэнд Шян Юнь савхаа дээш өргөөд:

Энэ яатуу бол тэр яатуу биш9

Эрхэм толгой дээр нь гавирын тос алга!

Цөм хөхрөлдөв. Чин Вэнь, Шяо Луо нар: “Юнь авхай биднийг элэг барьж чадлаа. Хурдхан шиг нэг хундага өгөөтөх. Яагаад бид гавирын тос түрхэх хэрэгтэй болов. Тэгвэл бидэнд хүн бүрд нэг лонх гавирын тос өгөх хэрэгтэй боллоо” гэсэнд Дай Юй инээж:

-Тэр харин танд нэг лонх тос өгөх санаатай юм байна. Гэхдээ хулгайн хэрэгт орохоос айж байгаа байхаа гэснийг хүмүүс анзаараагүй ч Бао Юй ойлгоод доош тонгойв. Цай Юнь дотроо түгшүүртэй тул царай нь улсхийв. Бао Чай, Дай Юйг ширвээд автал цаадах нь үг алдсанаа мэдүүт Бао Юйг шоолох гээд Цай Юнийг дайруулсандаа гэмшээд хуалж аргалав.

Дараагийн ээлжинд Бао Юй, Бао Чайтай тоо таарав. Бао Чай “Эрдэнэ” гэсэнд, Бао Юй бодъё гээд өөрийн нь эрдэнийн хашийг зааж хэлснийг мэдүүт инээн: “Эгч надаар сайхан наадна шүү. Би оносон биз. Намайг хэлэхээр битгий уурлаарай. Даруй эгчийн нэр-хатгуур, мөн биз” гэсэнд цаадуул нь “Үүнийг яаж тайлбарлана вэ” гэсэнд Бао Юй: “Тэр эрдэнэ гэсэн тул дотор нь хаш байгаа биз. Би “Хатгуур” гэснээ хэлбэл шүлэгт “Хашийн хатгуурыг цохиж хагалахуйяа, улаан лав ундарна” гэж байдаг тул оносон юм биш үү гэв. Шян Юнь: “Ийнхүү одоогийн явдлаар жишээ болгон хэлж болохгүй. Энэ хоёрыг торгоё” гэсэнд Шян Лин: “Одоогийн явдлаар зогсохгүй, үүнд бас утга байна” гэсэнд Шян Юнь хариу нь “Энэ эрдэнийн хашид” утгагүй. Хааяа цагаан сарын хос уянгад харагдах магадгүй. Шүлэг бичигт үгүй тул торговол зохино” гэв. Шян Лин “Уржигдар уншихад “Энэ нутагт эрдэнийн хаш арвин” гэсэн мөр байсныг чи санахгүй байна уу. Сүүлд бас Ли Ишаний11 долоон үгийн тасархай бадгийг уншихад бас “Эрдэнийн хатгуурт тоосгүй өдөр гэж байхгүй” гэсэн мөр харагдсандаа. Тэгээд би энэ хоёрын нэр Тан улсын үеийн шүлэгт байдаг байхнаа гэж бодоод инээд хүрч байсан” гэсэнд бүгд хөхрөлдөж: “Одоо энэ хоёр дийлдсэн. Хурдан нэг хундага бариад торгоотох” гэсэнд Шян Юнь аргагүйдэн уув.

Дараагаар нь бүгд хуруу гарган хуалж, Жя Мү Ван Фүрэнь эзгүй тул дураараа цэнгэлдэн чанга дуугаар хашгиралдан бархиралдаж, танхим дүүрэн улаан ногоон өнгө ээлжлэн мяралзаж, хаш сувд гялтганан гялалзаж, үнэхээр хөгжилдэн найрлахын туйл болжээ. Ийнхүү сайхан наадаад сая тарав. Тэгтэл гэнэт Шиян Юнь алга болчихов. Гадаа гарч бие засчихаад л эргээд ирэх юм бодоод хүлээж байтал ирсэнгүй. Хүн явуулж эрүүлэв. Олсонгүй.

Энэ үед Линь Хишиюагийн эхнэр хэдэн эмгэний хамт, нэгд чухал явдал гарч дуудуузай, хоёрт, шивэгчин охид, Ван Фүрэний эзгүйд Тань Чүнь нарын үгийг тоолгүй дураар ууж согтууран ёс алдуузай, гуравт, тухайлсан явдал байгаа, үгүйг асуухаар иржээ. Тэдний ирснийг хараад Тань Чүнь санааг нь мэдэж: “Та нарын сэтгэл зовоод биднийг шалгахаар ирэв үү. Бид архи төдий л уусангүй. Инээлдэж наадахдаа архиар зугаацсан төдий. Мөөмөө нар санаа амар байцгаа” гэсэнд Ли Вань Ёу хатан хоёр тэдэнд тал өгөөд: “Та нар явж амарцгаа. Одоо архи нэмж уухгүй” гэж хэлсэнд Линь Жышяогийн эхнэр: “Бид мэдэж байна. Охидуудыг Лао тайтай архи уу гэж шаардахад эд нар уудаггүй юм. Тайтай нар эзгүй болохоор л ирсэн юм. Бас яриа байж мэднэ гэж бодсон юм. Одоо өдөр урт болсон. Охидууд удаан наадсан тул юм идвэл зүгээр дээ. Юм идэхгүй, архи уувал гаж болно шүү” гэж сануулав.

Тань Чүнь инээж: “Мөөмөөгийн хэлсэн зөв. Бид юм иднэ” гээд жимс боорцог авчир гэж хэлэв. Шивэгчид “За” гэв. Тань Чүнь эмгэдэд: “Та нар амарч болно. Эсвэл Имагийн тэнд очиж юм ярьцгааж болно. Тэгвэл, та нарт архи дарс хүргүүлэе” гэсэнд цаадуул нь: “Тэгж болохгүй ээ” гээд ухран гарцгаав. Пин Эр хацраа илснээ инээж:

-Миний нүүр халаад байна. Тэдэнтэй учрахаас зовж байна. Дахиад ирвэл хар яршиг. Ширээгээ хураая гэсэнд Тань Чүнь:

-Гайгүй хэвтэнэ. Бид нэг их уухгүй л байвал болоо бишүү гэв.

Тэднийг ийн ярилцаж байтал нэг бяцхан шивэгчин хи хи гэсээр орж ирээд: “Охидуудаа шалавхан очиж үзээч. Юнь охин согтоод, сэрүүцэх гэсэн юм байхдаа, хиймэл уулын арын нэг хэсэг хавтгай хөх чулуун дээр унтсан байна” гэсэнд бүгдээр хөхрөлдөн “За битгий шуугилд” гэсээр очиж үзвэл, Юнь охин уулын ард байдаг хэсэг чулуун дээр мансууран унтаад амттайхан зүүдэлж байх шиг харагдана. Эргэн тойронд нь цээнэ цэцэг алаглаж толгой дээр нь баахан навч унажээ. Дэвүүр нь газарт унаж, сүрэг балт зөгийг эрвээхэй тойрон эргэлдэнэ. Баахан цээнийн цэцэг таслан дурдан алчууртаа боогоод дэрлэсэн байв. Түүнийг хараад цөм хөөрхийлэн инээлдэж дуудан сэрээгээд өргөж босгов. Цаадах нь нойрмогоор архины дүрэм хэлж амандаа: “Булаг ариун, архи сэрүүн12 хөлчүү хүн түшүүлж очно. Ураг садантайгаа уулзвал зохино” гэж амандаа дүдэгнэнэ. Охидууд түүнийг татаж, түлхэн инээлдсээр: “За сэр, сэр. Явж хоол ид. Ийм чийгтэй газар хүйтэн чулуун дээр унтаад өвчин олно шүү” гэцгээнэ. Шян Юнь нүдээ алгуурхан нээж, олныг нэг харж, биеэ бас ажиглан согтсоноо мэдэв бололтой. Сэлүүхэн сууж сэрүүцье гээд гадаа гарсанд, илүү хоёр хундага ууснаа даалгүй ихэд согтуурсандаа гэмшиж байх ажээ. Энэ хэр бяцхан шивэгчин ус авчирч нүүрийг нь угаалгав. Наадуул нь түүнийг хүлээн зогсоцгооно. Шян Юнь нүүр гараа угааж гэзэг үсээ засаад Хун Шян пүдээ очив. Түүнийг хоёр аяга цай уусны дараа Тань Чүнь согтууг сэргээх чулуу авчруулж үмхүүлэв. Дараа нь исгэлэн ундаа уулгасанд сая эрүүл болов.

Тэд хэдэн зүйлийн жимс ногоо Фөн Жед хүргүүлсэнд хариуд нь баахан ногоо жимс өгснийг аваад ирэв. Бао Чай нар жимс боов идсэний дараа хүмүүсийн зарим нь гадаа гарч цэцэг ногоо харж, зарим нь хашлага түшин загас сонирхож, дураар хөхрөлдөн нааджээ. Тэнд Тань Чүнь, Бао Чиньтай шатар тавьж, Бао Чай Шю Янь хоёр үзэгч болон зогсоно. Дай Юй, Бао Юй хоёр бут цэцгийн дор ямар нэгнийг шивнэлдэж байв. Тэднийг ингэж байтал Линь Жышяогийн эхнэр хэдэн хүүхний хамт нэгэн эмэгтэйг дагуулан ирэв. Цаадах нь усан нүдэлж, танхимд орж чадахгүй, индрийн дэргэд ирмэгц сөгдөн мөргөв. Тань Чүний хэдэн хүү, дайсанд бүслэгдэж, хаашаа ч гарах аргагүй болсон тул хоёр нүд нь шатрын хөлөг ширтэн нэг гараа хайрцагт хийж, хүүгээ барин бодлогоширч сууна. Линь Жышяогийн эхнэр зогсож л байна. Тань Чүнь, аягатай цайгаа авахаар эргэх зуур түүнийг хараад: “Ямар юм болоов” гэж асуув. Мөнөөх эхнэр эмэгтэйг зааж:

-Энэ эм бол дөрөвдүгээр авхайн гэрийн шивэгчин Цай Эрийн эх юм. Одоо хүрээн дотор зарагдаж байгаа. Ам хэл нь маш муухай. Сая би сонсоод, түүнээс асуусанд хэлсэн үгийг нь авхайд мэдүүлэхийн аргагүй. Ийм амьтныг хөөж явуулбал зохино гэж хэлэв. Тань Чүнь:

-Их найнайд яагаад мэдүүлээгүй юм бэ гэсэнд авгай:

-Сая их найнай танхимд, И Тайтайтай уулзах гэж явахад нь учраад мэдүүлсэнд авхайд мэдүүл гэлээ… гэхэд нь Тань Чүнь:

-Тэгвэл хоёрдугаар найнайд яагаад мэдүүлээгүй юм бэ гэсэнд Пин Эр:

-Би хариад мэдүүлье. Наадахаа явуулж бай. Тайтайг ирсэн хойно дахиж мэдүүлнэ шүү. Авхай шийдэж өг гэсэнд Тань Чүнь толгой дохиод, урьдын адил шатраа ширтэв. Линь Жышяогийн эхнэр нөгөө эмэгтэйг дагуулаад гарав.

Дай Юй, Бао Юй хоёр мөнөөх цэцгийн дэргэд алсын бараа харж зогсоно. Дай Юй: “Танай гуравдугаар авхай сүрхий сэргэлэн хүн. Хэдий түүгээр хэрэг мэдүүлсэн боловч илүү нэг гишгэхгүй. Өдийд баргийн хүн болсон бол ямар их ааш, ямбатай болох бол доо” гэсэнд цаадах нь: “Чи мэдэхгүй байгаа. Чамайг өвчтэй байхад тэр хэдэн зүйлийн явдал үйлдсэн. Энэ хүрээг ч хүнд хариуцуулан захируулсан тул одоо нэг ширхэг өвсийг ч хөдөлгөж болохгүй болжээ. Бас хэдэн зүйлийг зогсоожээ. Дандаа Фөн Же бид хоёроос өө эрнэ. Сэргэлэнгээр барахгүй дотуур тамиртай амьтан даа” гэсэнд Дай Юй:

-Тийм бол сайн шүү. Бид хэтэрхий бүрэлгэж байна. Би хэдийгээр ажил хариуцдаггүй хүн боловч дэмий байж байхдаа, тэдний өмнөөс бодож үзвэл зарлага маш их байна. Орлого бага байна. Одоогоос гамнаж хэмнэхгүй юм бол хожим гар мөхөсдөхөд хүрнэ шүү гэв. Бао Юй инээж: “Яаж гар мөхөсдлөө ч, бид дөрвийг дутаахгүй” гэсэнд цаадах нь үг дуугүй эргээд явчихав. Түүнийг ороод ирэхээр Ши Рэнь хоёр аяганд шинэ цай хийсэн угалзтай таваг барин угтаад: “Тэр хаачсан бэ. Би та хоёрыг ойрд цай уугаагүй гэж бодоод үүнийг хүргэж өгөх гэсэн юмаа” гээд нэг цайгаа өгөв. Дай Юйн заасан зүг харвал Бао Юй ирж явав. Цайгаа өгөөд эргэвэл Дай Юй Бао Чайтай яриад зогсож байлаа. Ши Рэнь аяга авахаар ирсэнд Бао Юй: “Фан Гуань харагдахгүй юм. Тэр хаана байна вэ” гэхээр нь эргүүлж хараад, саяхан л энд өвс хэрэлдүүлэн тоглож байсандаа гэв. Бао Юй төдөлгүй харив. Фан Гуань ор дээрээ түрүүлгээ хараад унтаж байв. Түүнийг сэрээгээд “Битгий унт. Гарч нойроо сэргээ. Мөд хоол ирнэ шүү” гэсэнд цаадах нь: “Та нар архи уугаад намайг тоохгүй байна. Уйдаад байхаар нь ирж унтсан” гэсэнд Бао Юй татаж босгоод “Орой бид гэртээ ууцгаана. Мөд Ши Рэнь эгч чинь ирээд чамайг аваачиж ширээнд суулган хоол өгөх байхаа” гэв. Фан Гуань: “Оу Гуань, Рүй Гуань энэ тэр очихгүй бол би ганцаар очих дэмий. Би өглөө олигтой хоол идээгүй. Сая би Лю авга бэргэнд урьдаар надад аяга шөл, тутаргын будаатай өгөөч гэж гуйсан. Би эндээ хоол идчихье. Орой архи ууцгаавал надад битгий өгөөрэй. Харин гэртээ байхдаа жаахан архи яах ч үгүй. Тэр хэрэггүй шийд тоглосноос хойш хоолой эвдэрнэ гээд хэдэн жил архи уух байтугай үнэртсэнгүй. Одоо харин энэ чөлөө завтай үедээ бацаг тайлж болох л юм” гэсэнд цаадах нь: “Тэр ч амархаан” гэв.

Тэр хоёрыг ийн ярилцаж байтал Лю эхнэр захиалсан хоолыг нь хүргүүлжээ. Шяо Янь аваад нээж үзвэл дотор нь нэг аяга сам хорхойтой өндөгний шөл, нэг аяга жигнэсэн нугас, нэг пял давсалсан галууны өвчүү, бас дөрвөн пял зөөхийтэй ороомог, нэг аяга халуун ууранд жигнэсэн тутарга будаа байв. Тэдгээрийг Шяо Янь ширээн дээр тавиад савх гаргаж, будаа аягалав. Фан Гуань “Энэ их тосыг хэн идэх вэ” гээд будаандаа шөл хийж нэг аяга идээд давсалсан галууны махнаас хоёр савхдаад л болчихов. Бао Юй хоолны үнэр аваад тэсэлгүй нэг ороомог, хагас аяга будаа шөлтэй идээд амтыг нь магтав. Тэднийг идсэний дараа үлдсэн хоолыг тогооны гэрт аваачиж өгөх гэсэнд Бао Юй: “Яах гэсэн юм. Чи ид. Цадахгүй бол дахиад авчруулая” гэв. Шяо Янь “Дахиж авчруулах хэрэггүй. Энэ болно. Сая Шө Юэ эгч хоёр пял боорцог өгүүлсэн байна. Ингээд болно” гээд ширээний дэргэд зогсож хоол идээд, хоёр ороомог жаахан боорцог авч үүнийг би ээждээ өгье. Та нар орой архи уувал надад хоёр аяга өгөөрэй гэж хүсэв. Бао Юй:

-Чи бас архинд дуртай юм уу. Өнөөдөр уул даа. Чин Вэнь, Ши Рэнь эгч нар чинь ерийн үед эвгүй гээд уудаггүй болохоос уувал сайн даана шүү. Энэ далимаар нь бацгаа тайлтугай. Үүнээс гадна чамд нэг юм хэлэх гээд мартчихаж. Сая санаанд орлоо. Өнөөдрөөс хойш чи Фан Гуанийг сайн харж бай. Түүний хийх ёстой юмыг нь сайн сануулж бай. Ши Рэнь ганцаардаад тэр бүхнийг амжихгүй юмаа гэв. Шяо Янь: “Би мэдэж байна. Та зовох хэрэггүй. Тэр Ү Эрийн ажил яасан бэ” гэсэнд Бао Юй:

-Маргааш шууд ирүүл гэж Лю эхнэрт хэл. Би тэдэнд нэг л хэлбэл боллоо гэснийг Фан Гуань сонсоод инээж: “Юун сайн юм” гэв. Шяо Янь хоёр бяцхан шивэгчнийг гар угаах ус авчруулан цай барив. Сав суулга хурааж эмгэдэд тушаагаад гараа угаагаад Лю эхнэртэй уулзахаар явав.

Бао Юй гэрээс гарч Хун Шян пүд эгч дүүс рүүгээ явахад нь Фан Гуань алчуур дэвүүр барьж араас нь дагав. Тэднийг хүрээнээс гарахад Ши Рэнь Чин Вэнь хоёр хөтлөлцөн ирж явав. Бао Юй: “Та нар юүхийв” гэсэнд Ши Рэнь: “Хоол ирээд… таныг хүлээж байна” гэхэд нь “Би сая гэртээ хоол идчихлээ” гэв. Ши Рэнь инээж: “Би чамайг муур мэт цаг наргүй иддэг гэдэг нь энэ дээ. Хэдий тийм боловч хүний зүй ёсоор очиж тэднийг дайлбал зохино” гэв. Чин Вэнь, Фан Гуаний нүүр рүү чичиж “Энэ үнэгэн зальт аль заваараа гүйж яваад хоол идчихэв. Та хоёр яаж болзов? Бидэнд яагаад хэлдэггүй юм бэ” гэсэнд Ши Рэнь: “Явсаар байгаад л таарсан биз. Яасан ийсэн болзох вэ” гэв. Чин Вэнь “Тийм юм бол биднээр юү хийнэ? Бид маргааш цөмөөрөө явъя. Фан Гуань ганцаараа байвал цөмийг чадах л юм байна” гэсэнд Ши Рэнь инээж:

-Бид цөмөөрөө явж болно л дээ. Чи харин явж болохгүй гэв.

-Үгүй, би ганцаараа хамгийн түрүүнд явна. Залхуу, мунхаг, ааш муутай, хэрэггүй хүн би гэж Чин Вэнь хэлэв. Ши Рэнь доогтойёо инээж:

-Чи явчих юм бол тэрний тогосон нөмрөгийн энгэр шатаж нүх гарвал хэн нөхөж өгнө вэ. Чи харин надад халдаж хавирах хэрэггүй. Би чамайг нэг удаа гуйсан. Чи залхуураад “Хөндлөн зүү хатгадаггүй ээ” гэсэн. Би чамаар хувийнхаа юмыг оёулах гээгүй л дээ. Цөм түүний л юм байсан. Чи гуйгаад байхад оёж өгөөгүй, тиймээ! Тэгтэл намайг яваад хэд хонох хооронд, чи үхлүүт байсан хэр нь амиа бодохгүй шөнө турш сууж тэр нөмрөгийг нөхөж өгсөн гэсэн. Энэ чинь ямар учир юм бэ. Чи хэлэл дээ. Чи мэлрэн инээж яана? Тэр бас тусалж болохгүй юү гэсэнд Чинь Вэнь өөдөөс нь харж инээснээ түй гэж нулимав. Ийнхүү ярилцсаар яваад танхимд хүрч очвол Шюэ Има ч ирчихсэн, бүгд дэс дараалан сууж хоол идэхэд Бао Юй аялдан дагалдаж суув. Тэгсгээд цай уучихаад тоглоцгоов. Гадаа Шян Лин Фан Гуань, Рүй Гуань нарын дөрөв таван охин хүрээгээр гүйлдэн наадаж, цэцэг өвс цуглуулж, шивээ ноцолдуулж тоглоно. Нэг нь: “Надад аръяабалын уд байна” гэхэд нөгөөх нь: “Агуйн шүтээний нарс над байна” гэнэ. Тэгтэл тэнд нэг нь “Над эзний хулс байна” гэхэд цаана нэг нь “Над ганган хүний гадаль байна” гэнэ. Би яаж хоцрох вэ гэсэн шиг тэнд нэг нь: “Над одон ногоон байна” гэнгүүт хажуугийнх нь: “Над мөнх улаан байна” гэж хөөрлөнө. Түүнээс илүү юмтай гэсэн шиг бас нэг нь “Над “Мандарваа танхимын” мардарваа цэцэг байна” гэхэд дэргэдэх нь “Над “Бибаагийн дуулал” доторх пиба жимс байна” гэвэл Дао Гуань: “Эр эм салаат цэцэг гэж огт сонсоогүй юм байна” гэсэнд цаадах нь: “Нэг салаанд нэг цэцэг суухыг “Цахирмаа” гэдэг бол нэг салаанд хэдэн цэцэг суухыг “Салаат цэцэг” гэдэг юм. Дээр дор нь цэцэг ургахыг ах дүү салаат цэцэг. Толгойгоо холбож ургасныг нь “Эр эм салаат цэцэг” гэдэг юмаа. Миний энэ цэцэг толгойгоо холбосон юм чинь, ингэж нэрлэж болохгүй гэж үү” гэсэнд Дао Гуань хэлэх үггүй болоод инээж: “Чиний хэлэхээр энэ хоёр том жижиг бол эцэг хүү салаат цэцэг гэх үү. Хоёр тийш харж ургасан байвал өшөөтөн салаат цэцэг гэх үү. Эр чинь гадагш яваад хагас жил болсонд санаад тэвчээр алдахдаа цэцэг хүртэл хараад эр эм байх шиг санагдаад ингэж дэмийрч байгаа юм биш биз дээ гэж мохоов. Шян Лин хялавхийгээд: “Энэ муу уруул ам нь урагдсан өлөгчингийн ам дүүрэн унгас алдахыг харав уу” гээд босон харайж түүнийг чимхэх гэсэнд Дао Гуань юү гэж босгох вэ биеэр дараад “Алив та нар хурдан ирээд үүний амыг чимхээтэх” гээд ноцолдов. Бүгд алга ташин хөхрөлдөж: “Болио боль, хайран шинэ хормогчийг нь муухай болгочихлоо” гэсэнд харвал Шян Лингийн хормогч борооны тогтоол усанд норчихсон байв. Дао Гуань холдон зугтав. Бусад нь бас Шян Лингийн уурлахаас айн холдоод харвал, тэрбээр ногоон ус дуслах хормогчоо хараад гуниглан харааж байв. Энэ үед Бао Юй тэднийг өвс ногоо ноцолдуулан тоглож байхыг хараад баахан цэцэг ногоо түүгээд тоглохоор ирвэл нөгөөдүүл нь гэнэт бутраад, ганцхан Шян Лин хормогчоороо оролдон зогсож байв. Бао Юй: “Хөөе та нар чинь яагаад тарчихав аа” гэсэнд Шян Лин: “Би эр эм салаат цэцэг байхаар тайлбарлаж өгсөн чинь, тэд нар мэдэхгүй мөртөө, намайг дэмий чалчаа гэхээр нь ноцолдсон чинь, миний хормогчийг ийм болгочихлоо” гэв. Бао Юй: “Чамд эр эм салаат цэцэг байгаа юм бол надад хос цөнхрөгт зангуу байна” гэсээр хос цөнхрөгт зангуу эр эм салаат цэцэг барьж харуулав. Шян Лин, “Юуны чинь, эр эм хос цөнхрөгт зангуу энэ тэр вэ, чи энэ хормогчийг хараач” гэсэнд Бао Юй тонгойн хараад аяа гэж дуу алдсанаа “Яагаад шавар дундуур чирсэн юм бэ. Хайран юм. Ийм анар улаан хив тун амархан хиртдэг юмаа” гэсэнд цаадах нь: “Үүнийг Бао Чинь авхай авчраад” Бао эгч бид хоёр нэг нэг хормогч хийлгэсэн юм. Би өнөөдөр л өмсөж байгаа юм” гэсэнд Бао Юй шүүрс алдаж: “Танай гэрийн юм бол өдрийн нэгийг ийм болгож хаясан ч яамай. Гэвч нэгд, Бао Чинь авчирснаас Бао эгч та хоёр нэг нэгийг хийлгээд, тэр нь шив шинээрээ байхад чи урьдаар ийм болгох чинь, түүний сэтгэлийг мартсан явдал болно. Хоёрт, нагац эхийн хэлэх дуртай “Зүв зүгээр байх мөртөө сүйтгэхийг мэдэхээс биш, амьдрахыг мэдэхгүй. Буянаа хайрлахыг мэдэхгүй” гэдэг үг л үнэн болох нь. Одоо нагац эх сонсвол энэ насандаа ярьж барахгүй юм болно” гэв. Энэ үг Шян Линий сэтгэлд нийцсэн тул баярлаж: “Яг тийм боллоо, надад гэрийн хормогч байвч цөм энүүнтэй адилгүй. Адил хормогч байдагсан бол шалавхан солиод үүнийг сүүлд аргалж болохсон гэв. Бао Юй: “Чи хөдөлж болохгүй, зогссон чигтээ л байж бай. Хэрэв хөдөлбөл дотуур хувцас, өмд, шаахай чинь цөм муухай болно. Би нэг арга бодъё. Ши Рэнь, эртийд яг үүнтэй адилхан нэг хормогч хийлгээд бэлбэсэрлийн үедээ өмсөөгүй байгаа. Түүнийг авчраад чамд өмсгөвөл ямар вэ” гэсэнд цаадах нь толгой сэгсэрч: “Болохгүй. Хэрэв тэд сонсвол бүр ч муухай юм болно” гэв. Бао Юй:

-Ямар хамаатай юм бэ. түүний бэлэвсрэл дууссан хойно аль дуртайг нь авч өгч болохгүй юү. Хиртсэн хэвээрээ байвал чиний ердийн заншилтай нийцэхгүй болно. Ялангуяа энэ ямар нэг хүнээс нууж далдалсан учир ч биш. Бао Чай эгчид хэлэвч болно. Гагцхүү нагац эхийн уурлахаас айсан төдий л юм болно” гэсэнд Шян Лин бодож бодож, толгой дохиод:

-Таны хэлснээр болтугай. Сайн санааг чинь хэзээ ч мартахгүй. Би эндээ хүлээж байя. Яасан ч тэр биеэр хүргэж ирвэл сайн болно гэсэнд Бао Юй баярлан гэр рүүгээ явахдаа, толгой бөхийсхийн “Энэ хүн үнэхээр хөөрхий. Эцэг эхгүй амьтан. Уг овгоо хүртэл мэддэггүй юм шүү дээ. Хүнд мэхлэгдэж явсаар очиж очиж энэ эрлэгийн элчид худалдагдсан байгаа юм даа” гэхчилэн бодож хажуугаар нь Пин Эрийн явдлыг бас санаж “Тэр удаа Пин Эр ч санамсаргүй таарчээ. Энэ өдөр бас л санаанаас гадуур хэрэг боллоо доо” гэсээр гэртээ орж Ши Рэньд учир явдлыг тодорхой хэлэв.

Энэ Шян Линг хүн бүхэн өрөвдөн хайрладаг. Тэр дундаа Ши Рэнь ч түүнтэй сэтгэл нийлдэг бөгөөд хажуугаар нь гар султай хүн болохоор Бао Юйг хэлэхтэй зэрэг авдраа уудлан хормогчоо гаргаж эвхэн боогоод түүнтэй хамт Шян Линий тэнд очихоор яаран явав. Тэрбээр угийн байсан гараа зогсож харагдана. Ши Рэнь инээж:

-Би чамайг дэндүү алиа гэж боддог. Тэгтэл: “Алиа хүн амаргүй, агсам морь жороогүй” гэж үг байдгийг сонслоо гэсэнд цаадахын нь царай улсхийгээд:

-Эгч танд тун их талархаж байна. Тэр золигийн амьтныг ийм хар санаатай гэж мэдсэнгүй гээд хормогчийг гардан авч дэлгэж үзвэл, өөрийнхтэй их адилхан тул баярлан, Бао Юйг цааш харуулж байгаад хормогчийг өмсөв. Ши Рэнь, энэ муухай болсон хормогчоо надад өгчих. Би угааж цэвэрлээд эргүүлж өгнөө. Чи тэндээ аваачаад хүнд харуулчихвал тайлбарлах гэж яршиг болно гэсэнд цаадах нь: “Хэн нэгэнд өгчихөөрэй. Би ийм сайхан юмтай болсон учир тэр хэрэггүй” гэхэд нь Ши Рэнь: “Чи харин их гартай хүн юмаа” гэв. Шян Лин дахин дахин талархав. Ши Рэнь шаварт бохиртсон хормогчийг нь хумьж аваад явав. Шян Лин, Бао Юйг харвал, тэрбээр газар дээр явган суугаад, модны мөчрөөр газар хонхойлж, зулгарсан цэцгүүд түүгээд доор нь дэвсэж, эр эм салаат цэцэг, хос цөнхрөгт зангуугаа дээр нь аятайхан тавиад, шороогоор булж газраа тэгшлэв. Шян Лин түүний гараас татан инээж: “Яаж байгаа чинь энэ вэ. Хүн бүхэн чамайг нууж хавчаад муухай аашилна гэдэг нь буруугүй юм байна. Наад гараа хар! Нэл шавар. Шалавхан очиж угааж цэвэрлэ” гэсэнд Бао Юй инээж, гараа угаахаар явав. Шян Лин ч явав. Тэгснээ Бао Юйг дуудав. Цаадах нь: “Яасан бэ” гээд шороотой гараа арвагануулан эргэж хараад инээмсэглэв. Шян Лингийн царай улайж юу хэлэхээ хэлж чадахгүй байх шиг харагдана. Энэ үед нэг бяцхан шивэгчин гүйж ирээд: “Хоёрдугаар авхай чамайг дуудсан” гэсэнд, Шян Лингийн царай бас л улайгаад Бао Юйд: “Хормогчны талаар битгий хэлээрэй” гэж гуйгаад цааш эргэхэд нь Бао Юй: “Би солиороогүй ээ. Барсын аманд толгойгоо хийхдээ хүрээгүй” гэж үглэн харив. Үүнээс хойш юу болохыг мэдсүгэй хэмээвээс дараах бүлгийг үзтүгэй!

Тайлбар:

1.Тахиан цонх-Хятадын эртний домогт, Сүн овогт бичгийн хүн, үг хэлдэг тахиа олоод, түүнийгээ цонх дээрээ тавиад өдөр болгон түүнтэйгээ юм ярьсаар байгаад эрдэмтэй болгожээ. Түүнээс хойш бичгийн гэрийг тахиан цонх гэх болжээ. Тахиан хүн-энэ бол эртний нэг тушаалын нэр. Их тахилгатай үед өглөө эрт босож ноёдыг сэрээх үүрэгтэй хүн.

2.Архины нүүр тал ба ёроол тал-хожигдсон тал нэг бадаг шүлэг уншихыг архины нүүр тал, уусан хойноо шүлэглэхийг нь архины ёроол тал гэнэ.

3.Өнчин нугастай зэрэгцэн нисч-Тан улсын нэрт шүлэгч Ван Бүэгийн “Тэн Ван Хи-гийн оршил” шүлгээс авчээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж