Өвлийн Олимпийн наадмын хаалтын ёслолын ажиллагаанд оролцохоор Хойд Солонгосын төлөөлөгчид Сөүлд иржээ. Хойд Солонгосын төлөөлөгчдийг цэргийн тагнуулын генерал асан Ким Ён Чол даргалжээ. Тэрбээр 2010 онд Өмнөд Солонгосын 50 иргэний амийг хөнөөсөн хоёр халдлагыг зохион байгуулсан гэж сэжиглэгддэг. Эдгээр нь Чёнань хөлөг онгоцыг сөнөөснөөр 46 далайчин, Өмнөд Солонгосын арал руу их буугаар буудсанаар дөрвөн хүнийг хөнөөсөн зэрэг халдлага аж. Гэвч Ким Ён Чол Хойд Солонгосын төлөөлөгчдийг даргалж буй учраас Сөүл түүнийг хар жагсаалтаас түр түдгэлзүүлжээ.
Өмнө нь өвлийн Олимпийн нээлтийн ажиллагаанд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү охин Ким Ёо Жон оролцсон юм.
Өмнөд Солонгосын Пёнчан хотноо өвлийн Олимпийн наадмын хаалтын ажиллагаа өнөөдөр болно. Хаалтын ажиллагаанд АНУ-ын ерөнхийлөгчийн охин Иванка Трамп оролцох юм.
Эх сурвалж: Associated Press
Б.ТУЯА