Mонгол Улсын Засгийн газар "Оюутолгой" ХХК-ийн Өмнөд бүсийг эрчим хүчээр хангах цахилгаан станцыг барих гэрээг цуцалсан асуудал гадада дотоодын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. Уг гэрээг 2014 оны наймдугаар сарын 15-нд байгуулж, Монгол Улсын Засгийн газар болон ‘Оюу Толгой’ ХХК-ийн хооронд гэрээд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Төрийн ордонд болсон байдаг.
Энэ талаар Монголын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон Оюутолгой компанийн зүгээс ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
Ц.Даваасүрэн
“Оюутолгой” ХХК нь 2009 оны аравдугаар сард Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр 2017 оны долдугаар сараас өөрийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ зөвхөн дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах үүргийг хүлээсэн. Энэ гэрээний 7.3-т хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш дөрвөн жилийн дотор Оюутолгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эх үүсвэрээс сонгон хангана гэж заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл эрчим хүчээ аваагүй байна. Энэ нь 2014 оны наймдугаар сард “Оюутолгой” ХХК ба Засгийн газар хооронд Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгуулж, Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т заалтыг түдгэлзүүлсэн. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол УИХ-аар батлагдсан гэрээ. Энэ гэрээний аливаа заалтыг өөрчлөхдөө УИХ-д танилцуулах учиртай. Гэтэл “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дугаар заалтыг түдгэлзүүлсэн, хууль зөрчсөн учраас энэ Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г цуцалж хүчингүй болгосон. Энэ гэрээ цуцлагдсанаар Оюутолгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээг дөрвөн жилийн дотор Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эх үүсвэрээс сонгох авах үүрэгтэй болсон.
Оюутолгой
Монгол Улсын Засгийн газар 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” (ӨБЭХСХАГ)-г цуцалсан билээ. ӨБЭХСХАГ нь өмнийн говийн бүсэд эрчим хүчний хангамж хөгжүүлэх цогц төлөвлөгөө боловсруулах зорилгоор Засгийн газар болон “Оюу толгой” ХХК-ийн хооронд байгуулсан урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны суурь баримт юм. Тус гэрээнд Засгийн газар Тавантолгойн нүүрсний бүлэг ордод түшиглэн бие даасан Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) шинээр барьж, Оюу толгойн эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгыг тусгаж, “Оюу толгой” нь станцын эзэмшигч бус эрчим хүчний худалдан авагч байхаар заасан юм.
ӨБЭХСХАГ-г байгуулснаар “Оюу толгой” компани нь Монгол Улсын Засгийн газраас албан ёсоор тавьсан саналыг дэмжиж, уурхай дээрээ 2012 оноос барьж эхлэхээр ажиллаж байсан өөрийн эзэмшлийн цахилгаан станцын ажлыг зогсоосон бөгөөд ТТЦС-ыг байгуулах ажлыг бүрэн дэмжиж, ТТЦС-ын судалгааны ажил болон хөрөнгө оруулагч нартай хийсэн хэлэлцээрүүдэд оролцож ирсэн билээ. Мөн судалгааны ажлын явцад ТТЦС-ыг байгуулах ажил дөрвөн жилээс урт хугацаанд үргэлжлэх нь тодорхой болсон тул 2017 онд багтаан дотоодоос эрчим хүч авах тухай 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээний заалтын хэрэгжилтийг түр зогсоосон юм. Засгийн газрын төслийн нэгж, “Эм-Си-Эс” ХХК (ТТЦС-ын дотоодын хувь эзэмшигч), Рио Тинто, “Оюу толгой”-н хамтын хүчин чармайлтаар ТТЦС-ын ажил урагшилж байгаа боловч ТТЦС-ын төслийг сонирхох хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчийн тоо цөөхөн байгаагаас төслийн ахиц удаан байна. Одоогоор ТТЦС-ын төсөл дээр “Оюу толгой”-д шаардлага хангахуйц албан ёсны техникийн болон эдийн засгийн санал ирүүлэх стратегийн хөрөнгө оруулагч байхгүй байгаа бөгөөд ийм хөрөнгө оруулагчгүйгээр төслийн санхүүжилт татах боломжгүй юм. Эдгээр амин чухал асуудлуудыг шийдсэн ч дараа нь олон шатны хэлэлцээр, зээлийн судалгаа зэрэг багагүй ажил хийх шаардлагатай тул ТТЦС нь дөрвөн жилийн дотор ашиглалтанд орох боломж хомс байна.
“Оюу толгой” компанийн зүгээс дөрвөн жилийн дотор хэрэгжүүлэх боломжтой эрчим хүчний эх үүсвэрийг шийдвэрлэх ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд үүнд уурхай дээрээ цахилгаан станц барих хувилбарыг эргэн судлаж байна. Энэ ажлын хүрээнд бид шаардлагатай зөвшөөрлүүдийг авах ажлаа эхлүүлж, Эрчим хүчний яаманд хандах болно. Мөн зарим зөвшөөрлийг 2017 оны 1 дүгээр сард сэргээхээр хандсан боловч одоогоор шийдэгдээгүй байна. Бид цаашдын ажилдаа Эрчим хүчний яамтай ярилцаж, харилцан байр сууриа ойлголцон ажиллана.
Б.БАТ
Холбоотой мэдээ