Оросын тамирчны медалийг Норвегийн хосод гардуулав

Хуучирсан мэдээ: 2018.02.25-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Оросын тамирчны медалийг Норвегийн хосод гардуулав

Оросын тамирчны медалийг Норвегийн хосод гардуулав

БНСУ-ын Пёнчан хотод өнөөдөр өндөрлөх өвлийн олимпийн XXIII наадмын үеэр сэргээштой холбоотой асуудал гурван удаа бүртгэгдсэн. Оросын олимпийн багийн кёрлингийн тамирчин Александр Крушельницкигаас “Мельдоний” хэмээх хориотой бодис илэрч медалиа хураалгаад байсан юм. Тэгвэл өчигдөр Пёнчан хотод Норвегийн кёрлингийн холимог хосын тамирчин К.Скаслиен, Магнус Недерготен нарт хүрэл медалийг гардуулж өглөө. Энэхүү наадмаас эхлэн кёрлингийн хосын төрлийг шинээр оруулсан бөгөөд анхны медалийн эзэд дуулиантайгаар медалиа хураалгалаа.  

Хоёрдугаар сарын 13-ны өдөр болсон медалийн төлөөх тоглолтод Оросын олимпийн баг Норвегийн хосыг хожсон ч ялалтыг хоёр хоногийн өмнөөс өөрчилсөн. Ингэснээр Норвегийн холимог хосын тамирчид болох К.Скаслиен, Магнус Недерготен нар хүрэл медаль хүртэж, олимпийн наадмын анхны медалиа авлаа. 

Сэргээш хэрэглэсэн гэгдэж буй Александр Крушельницки өөрийгөө буруугүй гэдэгт итгэлтэй байгаа аж. “Ямар ч эрүүл хүн ийм зүйл хийхгүй. Би үүнийг манай багийн гишүүдээс санаатай хийсэн үйлдэл гэж үзэж байна. Бид ямар ч буруугүй” гэж тэр хэлж байсан юм. Түүний асуудлыг Олон улсын арбитрын шүүх хянахаар болсон. 

Пёнчаны наадмын сэргээшийн дуулиан Японы тэшүүрчин Кэй Сатогоос эхэлсэн бөгөөд тэрбээр өнгөрөгч долоо хоногт нутаг буцсан. Энэ нь Японы тамирчин өвлийн олимпийн наадмаас сэргээш хэрэглэсэн анхны тохиолдол болсон юм. Үүнээс гадна шайбтай хоккейн Словени шигшээ багийн тамирчин Жига Егличээс хориотой бодис илрэсэн тул түүнийг үлдсэн тоглолтуудад оролцох эрхийг нь түдгэлзүүлж, нутаг буцаасан. Түүний биеэс фенотерол хэмээх бодис илэрсэн бөгөөд энэ нь астматай хүн хэрэглэдэг бэлдмэл ажээ. Тэрээр “астма өвчний холбогдолтой эмийн талаарх зөвлөгөөг үргэлж авдаг. Өнгөрсөн 2017 онд би амьсгалын замын өвчнөө үзүүлэхэд энэ эмийг надад өгсөн. Харамсалтай нь, олимпийн үеэр амстма өвчинд зориулагдсан эмний жагсаалтыг шалгаагүй байсан. Өөрийн хайхрамжгүй байдлаас болж ийм байдалд хүрсэндээ багийнхнаасаа уучлалт гуйж байна. Би допингийн эсрэг журмыг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна” хэмээн мэдэгдэж, олимпийн тосгоныг орхисон. 

Одоогоор ‘Пёнчан 2018’ өвлийн олимпийн XXIII наадмаас сэргээш хэрэглэсэн гурван тохиолдол бүртгэгдлээ. 

Анастасия Брызгаловагийн гоо үзэсгэлэнг сошиал хуудаст магтан саашаах зуур Александр Крушельницки сэргээшийн шалгалтанд бүдэрсэн.

Японы тэшүүрчин Кэй Сато буухиа уралдааны багийн гишүүн байсан бөгөөд түүнээс сэргээш илэрч тэмцээнд оролцохыг нь хориглосон.

Шайбтай хоккейн Словени шигшээ багийн тамирчин Жига Егличээс хориотой бодис илэрсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж