Монголд анх удаа хүүхдэд зориулсан “Дүдү” музей байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.02.24-нд нийтлэгдсэн

Монголд анх удаа хүүхдэд зориулсан “Дүдү” музей байгуулагдлаа

Монголд анх удаа хүүхдэд зориулсан “Дүдү” музей байгуулагдлаа

Монголд анх удаа хүүхдийн танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Дүдү” нэртэй багачуудад зориулсан анхны музейн нээлт өнөөдөр /2018.02.24/ боллоо.

Энэхүү хүүхдийн музейн нээлтэд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаач эрдэмтэд, мөн эцэг эхчүүд бяцхан үрсийнхээ хамтаар оролцлоо. Ингээд хүүхдийн музей үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, хүүхэд багачуудын хөл хөдөлгөөнд дарагджээ.

Уг төв нь ‘E-Mart’ худалдааны төвийн таван давхарт байрлах ба одоогоор 21 үзүүлэнгийн хэсэгтэй ба нэг дор 100-150 хүүхэд хүлээн авах багтаамжтай гэнэ. Харин үнийн хувьд 2-12 насны хүүхэд 20 мянган төгрөг, 12-17 насны хүүхэд 10 мянган төгрөгөөр үйлчлэх гэнэ. Нэг зүйлийг онцлон хэлэхэд энэ төв нь цагийн хязгааргүй бөгөөд 0-2 насны хүүхэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхтэй гэдгийг тус төвийн ажилтнууд хэлж байлаа.

Бяцхан үрсийн нүүрэнд мишээл тодорч, хамгийн гэгээлэг энд бүхэн мэдрэгдэж байв. Түүнчлэн алхдаг үлэг гүрвэл, цахилгаан бөмбөлөг, сансрын хөлөг онгоц зэрэг сонирхолтой зүйлсийг эндээс харж болох юм.

Энэ үеэр тус музейг санаачлагч Г.Мөнхтулга “Дүдү боловсролын сан” одоогоос 10 жилийн өмнө “Дүдү машин” хөтөлбөрийг санаачлан амжилттай хэрэгжүүлж байсан. Хүүхдэд зориулсан музей бий болгох санааг би 10 жилийн өмнө санаачилсан. Өнөөдөр бодитой ажил хэрэг болгосондоо маш их баяртай байна. Дэлхийн ихэнх орнуудад хүүхдэд зориулсан музей гэж байдаг. Бид бодитоор гар хүрч, суралцах боломжтой 20 орчим үзүүлэнгийн өрөө нээсэн. Гал сөнөөгч, хүүхдийн эмнэлэг, театр гээд л сонирхолтой үзүүлэн олон бий. Энэ төслийг эхлүүлэхдээ Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнтэй хамтарч ажилласан. Мөн Монгол улсын анхны сансрын нисгэгч С.Гүррагчаагийн дэмжлэг зөвлөгөөг авсан. Манай төвд ирснээр хүүхэд багачууд та бүхэн эцэг эхтэйгээ хамт, танин мэдэхүйн мэдлэгээ дээшлүүлж олон талын зүйлийг сурч мэдэх боломжтой. Цэцэрлэг, бага ангийн сурагчид анги хамт олноороо хүрэлцэн ирж хичээлийнхээ сэдвийг практик болгох боломж нээлттэй байгаа” гэв.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа

Монголын хүүхэд багачуудад шинжлэх ухааны үндэслэлтэй, тоглоомын орчин бий болгох зорилгоор хүүхдийн музей байгуулагдсанд маш их талархалтай байна. Энэ музейн үйл ажиллагаанд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам, тэр дундаа Палеонтологийн хүрээлэнгийнхэн хамтарч ажиллалаа. Дэлхийн улс орнуудад тоглоомын орчинд хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх төвүүд олон байдаг. Тийм учраас хүүхдийн музей нээгдсэнд маш их талархалтай байна. Цаашид уг музейг баяжуулах тал дээр дэмжиж ажиллана.

Баянзүрх дүүргийн иргэн Х.Саранчимэг

Өнөөдөр энэ төвд хоёр ачийнхаа хамтаар ирсэн. Ер нь нийслэл хүүхдэд зориулсан олон тоглоомын төвүүд байгуулагдсан байна. Гэхдээ энэ төвийн онцлог нь хүүхдэд зориулсан музей гэж нэрлэгдэж байгаа. Тиймээс танин мэдэхүйн мэдлэг өгсөн олон талын  ач холбогдолтой төв гэж санагдаж байна.

Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар

Оны өмнөхөн тус төвийг үүсгэн байгуулагчид бидэнтэй хамтарч ажиллаж, зөвлөгөө дэмжлэг авахаар ирж байсан. Миний ажигласнаар бяцхан хүүхдүүд үлэг гүрвэлийг их сонирхдог. Тиймээс энэ төвд мэргэжлийн туслалцаа үзүүлж монгол нутагт үлэг гүрвэл аль нутгаас олдсоныг харуулах газрын зураг, үзүүлэнг хийж өгсөн байгаа.

Ч.Өнөхишиг дунд сургуулийн сурагч

Надад маш сонирхолтой санагдаж байна. Өнөөдөр эмээ өвөөгөө дагаад ийшээ ирсэн. Ёстой гоё юм үзээд цагийг зугаатай өнгөрүүлж байна. Усаар тоглох, үсрэх гэх мэт нь хөгжилтэй санагдлаа. 

Э.Ариун 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж