АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын далайн тээвэр, худалдааны компаниудын эсрэг шинэ хориг арга хэмжээ авчээ.
Трамп энэ тухай "Хойд Солонгосын эдийн засагт том цохилт болох хатуу хориг тавьсан. Өмнө нь тус улсын эсрэг авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээнүүд үүний хажууд юу ч биш. Та бүхнийг мэдээсэй гэсэндээ би үүнийг хэлж байгаа юм. Бидний авч буй арга хэмжээ тун удахгүй үр дүнгээ харуулна" гэжээ.
АНУ-аас авч хэрэгжүүлж буй шинэ хоригийн хүрээнд Хойд Солонгос, Хятад болон Сингапурын далбаатай 28 хөлөг онгоц болон худалдааны 27 компанийн санхүүгийн үйл ажиллагааг царцаасан байна.
АНУ-ын Сангийн яамны сайд Стивен Мнучин хэлэхдээ "АНУ-ын Ерөнхийлөгч Хойд Солонгосын цөмийн хийрхлийг дэмжин, тусалж, тэтгэж буй олон улсын компаниудтай АНУ цаашид хамтарч ажиллахгүй гэдэг тодорхой мессежийг үүгээр өглөө" гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн охин Иванка Трамп Пёнчан 2018 өвлийн наадмын хаалтын ёслолын ажиллагаанд оролцохоор БНСУ руу явсны дараа Трамп Хойд Солонгост шинэ хориг тавьж буйгаа зарласан юм.
Эх сурвалж: CNN