АНУ Тель-Авив дахь Элчин сайдын яамаа тавдугаар сард Иерусалим хотод шилжүүлнэ хэмээн тус улсын Засаг захиргаанаас мэдэгджээ.
Элчин сайдын яамыг Иерусалим руу шилжүүлэх үйл явц Израилийн шинээр суурьшсаны 70 жилийн ойтой давхцаж байгаа гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш нэг жилийн ойд Иерусалимыг Израилийн нийслэл мөн хэмээн хүлээн зөвшөөрсөн нь Израил-Палестины энхийн хэлэлцээг үгүй хийж, Ойрхи Дорнодод бөмбөг тэслэхтэй адил зүйл болсон юм. Исламын шашинт орнууд Трампын хийсэн алхмыг нэгэн дуугаар эсэргүүцэж, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Палестины төлөөлөгч АНУ-ын Засаг захиргааны шийдвэрийг “Илэрхий өдөөн хатгалга”гэж үзсэн.
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ Элчин сайдын яамаа Иерусалимд нээх тухай мэдэгдлийг “Израилийн ард түмний хувьд том баярын өдөр” хэмээн мэдэгдсэн бол Палестины эрх баригчид үүнийг “сүйрэл” гэж үзсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль, Палестин улсууд аль алин нь өөрсдийн нийслэлээ гэж үздэг Иерусалим хотыг Израилийн нийслэл гэж хүлээн зөвшөөрснөөр АНУ-ын 70 гаруй жил баримталж ирсэн гадаад бодлогын тэргүүн шугамаас хазайсан билээ.
АНУ-ын Засаг захиргаанаас мэдэгдэхдээ Элчин сайдыг яамыг Иерусалим хотын Арнона дүүрэг дэх Консулын хэлтэс байгаа газар байгуулна гэжээ.
Эх сурвалж: BBC