Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр сар шинийн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, үүрэг гүйцэтгэсэн ажлын талаар танилцуулж, НЭМГ-ын даргын А/16 дугаар тушаалын дагуу харьяа эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажилласан тухай мэдээллийг өглөө.
Энэ хүрээнд НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байгаа салхинцэцэг, менингококкт халдвар болон томуу, томуу төст өвчний цаг үеийн мэдээлэл хүргэсэн юм. Мөн халдварт өвчлөлтэй холбоотой мэдээ тайланг цаг хугацаанд нь ирүүлж байхыг сануулж, ирэх бямба гарагт болох “Мөнгөн Улаанбаатар” спорт наадамд идэвхи санаачлагатай оролцохыг эмнэлгийн удирдлагуудаас хүслээ. Түүнчлэн пневмококкын дархлаажуулалтыг нийслэлийн бүх дүүрэгт нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаж буй талаараа ч энэ үеэр дуулгасан.
Ээлжит шуурхай хурлаар дамжуулан НЭМГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга З.Отгонбаяр цахим системд орсон өөрчлөлтийн талаарх мэдээллийг хүргэлээ. Хурлын төгсгөлд тус газрын Захиргаа, төлөвлөлт, хяналт, үнэлгээний хэлтсийн дарга Г.Баянжаргал НЭМГ-ын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах эрдэм шинжилгээний хурал болон ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийг танилцуулсан юм.
НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар энэ хүрээнд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлуудаа үргэлжлүүлэхээс гадна эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг сайжруулах, хувь хүний хөгжлийн асуудалд анхаарч ажиллахыг харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад даалгалаа. Үүний зэрэгцээ, НЭМГ-аас эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон ажлуудаа танилцуулж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР