“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э
Жаран нэгдүгээр бүлэг
БАО ЮЙ НҮГЛИЙГ БОДОЖ, ХЭРГИЙГ БИЕДЭЭ ХҮЛЭЭЖ, ПИН ЭР ХИЛСИЙГ ЦАГААТГАН ЗАРГЫГ ТАСЛАН ШИЙТГЭВ
Өгүүлэх нь: Лю эхнэр тэр жаахны нэг бүлэг үгийг сонсоод инээж: “Хөөе бэлтрэг! Авга бэргэн чинь, эр эрэхээр явсан, чи бас нэг илүү авга ахтай болох бишүү. Сэжиглэх хэрэггүй. Толгойныхоо хэдэн хялгасыг надаар зулгаалгах санаатай юү. Наад үүдээ хурдан нээ” гэсэнд зарц хөвгүүн, үүдээ нээлгүй инээж: – эй авга бэргэн минь, чи дотогш ороод хэдэн гүйлс хулгайлж авчран намайг шагнаарай. Би энд хүлээж байя. Хэрэв чи мартвал, шөнө орой архи дарс авах гээд гарахад чинь би хаалга онгойлгохгүй шүү. Амаа ангайхгүй” гэсэнд Лю эхнэр түй гэж нулимаад:
-Шал тэнэг амьтан. Энэ жилийг яаж өнгөрсөнтэй нь адилтгаж болох вэ. Тэр юмсыг чинь цөм мөөмөө нарт хувааж өгснөөс хойш тэдний нүд цөм улайжээ. Жимсийг нь хөдөлгөх байтугай, жимсний нь модны доогуур өнгөрөхөд ч тэдний хоёр нүд гэрэлтэж байх тул жимсэнд нь гар хүрч яаж болох вэ. Чиний нагац бэргэн, нагац эгч мэтийн хоёр гурван садан чинь жимсний мод хариуцаж байхад, юунд тэднээсээ авахгүй, надаас авах гэж байгаа юм бэ. Энэ чинь, сангийн Хулгана, Хэрээнээс будаа гуйна гэгчийн үлгэр болж, дэргэд нь сахигчид байхгүй, тэртээд явагчдад байх болж байна уу гэв. Зарц хөвгүүн инээж:
-Бурхан минь, шулуухан үгүй л гэвэл болчих юманд юун ч олон хэрэггүй үг вэ дээ. Үүнээс хойш та намайг зарахгүй байхаа. Уг нь эгч сайн газар олсон ч, биднийг зарах өдөр гармаар л юм. Бид танд илүүхэн зарагдаж байвал хувь дутахгүй л юмсан гэсэнд Лю эхнэр инээж:
-Энэ бэлтрэгний үг үнэхээр гашуун. Эгч чинь, ямар сайн газар олоов гэж асуусанд зарц инээн:
-Битгий намайг хуураарай, би мэдсэн. Дотоодын учрыг хэлж өгдөг хүн ганцхан чамд байхад бидэнд хэлэх хүн байж болохгүй юү. Би хэдий энэ үүдэнд зарагдаж байдаг ч хоёр хүний дайтай эгч дотор байгаа шүү. Ямар юмыг надаас нууж чадах вэ гэв.
Тэднийг ийн ярилцаж байтал үүдний дотроос нэг хөгшин гадагш “Бэлтрэгээ, Лю авга бэргэнээ хурдан дууд. Одоо ирэхгүй бол даруй саатна гэж хэл” хэмээн бархирав. Мөнөөх энэ үгийг сонсуут үүд түлхэн дотогш ороод “Бид очлоо” гээд тогооны гэр рүү явав. Түүнтэй хамт ажилладаг хэдэн хүн байвч эзэн мэдээд ажиллаж чадахгүй, юу хий, яа гэхийг хүлээгээд сууж байдаг. Лю эхнэр: “Манай охин хаачаа вэ” гэж асуусанд цаадуул нь: “Усны гэрт очихоо явсан байхаа” гэв. Лю эхнэр, айлуудын дэс дараагаар будаа, ногоог хувааж байтал Ин Чүний зарц охин Лянхуа ирж: “Сы Чи эгч шүүрхийхэн болгосон өндөгний шөл нэг аяга авна гэнээ” гэсэнд цаадах нь: “Ганц энэ зүйл эрхэм болжээ. Энэ жил тахианы өндөг яагаад ховор болсныг мэдэхгүй. Арван зоосоор нэг өндөг олдохгүй байна. Өчигдөр Лаое ураг садандаа шингэн будаа хүргэх болоод дөрөв таван хүн гаргаж, дөнгөж хоёр мянгаад өндөг олсон. Ийм ховор юмыг би хаанаас олох юм бэ. Чи түүнд дараа болъё гэж хэл” гэв. Лянхуа:
-Уржигдар дүпү идье гэсэнд чи гашилсан дүпү өгөөд намайг загнуулсан шүү. Өнөөдөр өндөг авах гэсээр байхгүй гэнэ. Ямар юм болж байгаа юм бэ. Өндөг хүртэл үгүй боллоо гэдгийг би итгэхгүй. Нэгжиж үзвэл яана гээд урагш дөхөн ногооны авдрыг нээж үзвэл арваад өндөг байв. Тэрбээр “Энэ юү вэ. Чи яагаад ингэж байгаа юм бэ. Бид эзний хувааж өгсөн хувиа идэх гэж байхад чи хармалдаг нь юү билээ. Энэ бол чиний төрүүлсэн өндөг ч биш” гэж хэлэв. Лю эхнэр хийж байсан юмаа орхиод:
-Чи барагтайхан хэхрэгтүн. Эх чинь өндөг төрүүлдэг юм уу. Хэдхэн өндөг үлдсэнийг зуушны өнгө болгох гэж хадгалж, авхай нарыг авна гэхгүй бол хийж өгөхгүй, бачим хэрэглэлд бэлтгэж байна. Та нар идээд, гэнэт дээрээс авна гэвэл сайн юмгүй болсон ч, өндөг хүртэл алга гэж болно уу. Та нар ордон дотор сууж, цай өгвөл гар сунгаж хоол өгвөл ам ангайсаар байгаад өндөг бол ерийн л юм гэж мэдэхээс биш, гадаах худалдааны ханшийг яаж мэдэх вэ. Өндөг байтугай өвсний үндэс хүртэл олдохгүй болох цаг байдаг юм шүү. Өдөр бүр нарийн тутарга, буудайн гурил, тарган тахиа, бүдүүн нугас идэж байгаад мэдвэл дээр гэж би тэдэнд сануулъя. Гэдсээ өөхөлтөл идээд уршиг төвөг гаргах хэрэггүй. Өндөг, дүпү гэтлээ бас юуны гурилын охь, хайрсан лууван иднэ гээд үнэхээр сайхан найруулж чадна. Би та нарын дураар байж чадахгүй. Нэг газар нь нэг янз, арван газар арван янз болох юм бол би харин түрүүний эздэд үйлчлэх биш, ганцхан та нарын дараах эздэд үйлчлэхэд хүрнэ гэв. Лянхуа энэ үгийг сонсоод царай нь улайж:
-Хэн нэг нь чамаас өдөр бүр юм авах гээд чи тэрэг тэргээр үг овоолж байгаа юм уу. Дөхмийг бодсонгүй бөгөөс чамайг авчирч юу хийнэ вэ. Уржигдар Шяо Янь ирээд Чин Вэнь эгч зөөлөн шарилжны иш иднэ гэсэнд, Чи яагаад сандарч махаар хуурна уу, тахианы махаар хуурна уу гэж асуусан бэ. Шяо Янь: “Мах тосны зүйл хэрэггүй” гээд чамаар гурилын охь хууруулан тосыг бага хийгтүн гэсэнд чи биеэ “Мунхаг толгой гээд гараа угааж хуурч аваад “Сүүлээ шарвалзуулан” хүргэж өгсөн. Тэгсэн чинь, өнөөдөр харин намайг нударгалж, олон үг сонсгохдоо… гэхэд нь Лю эхнэр:
-Бурхан минь, та нар цөмөөрөө харж байсан. Уржигдрын тэр нэгийг байтугай ноднин өвлөөс нааш тэр энэ гэрийн авхай, охин, эгч гэж ялгасангүй. Хааяа нэг хоёр зүйлийн ногоо, зууш нэмж авахдаа, алин нь бэлэн мөнгөөр аваагүй гэхэв. Байх, байхгүй юманд нэр нүүр хэрэгтэй. Авхай, охид, эгч гээд бодвол дөч тавин хүн, өдөрт хоёр тахиа, хоёр нугас, арав хорин жин мах, мянган зоосны ногоо… та нар бодоод үз. Энээхнээр юү хийдэг вэ. Тогтоосон хоёр цагийн хоолоо хүртэл дөнгөж байтал, дээр нь бас энэ нь тэрийг авч, тэр нь үүнийг авч гүйцнэ үү. Худалдаж авчирсныг идэхгүй, бас өөрийг авна гэнэ. Ийм бол Лао тайтайд мэдүүлж хувь мөнгийг нэмүүлэх хэрэгтэй. Бас их тогооны гэрт Лао тайтайгийн хоолыг бэлтгэдэгтэй адилаар хамаг ногооны зүйлийг пайзан дээр бичиж, өдөр бүр ээлжийг олж хэрэглээд сарын эцэст дансыг бодож байвал дээр болно. Эртийд гутгаар авхай Бао авхай хоёр гэнэт тос давс хийж хуурсан буурцагны соёо иднэ гэж таван зоос над илгээсэнд миний инээд хүрч, хоёр авхай байтугай их гэдэстэй милаа бурхан ч ийм их зоосны ногоо идэж барахгүй. Хорь гучаад зоосны явдалд ийм олон зоос хэрэггүй гээд би зоосыг нь аваачиж өгөхөд авахгүй, таныг шагнаж байгаа юм. Үүгээр архи авч уу гээд “Тогооны гэр дотоод хүрээнд байгаа болохоор зарц шивэгчингүүд очиж эргэлдэхгүй гэж байхгүй. Нэг ширхэг давс, нэг дусал тосыг ч зоосоор авна. Чамайг өгөхгүй гэвэл муудна. Өгөөд байвал чи өрөнд орно. Чи энэ зоосыг аваад, тэдний ерийн өдөрт хороосон юманд зарж бай” гэсэн. Энэ бол доод хүмүүсийн зовлонг мэдэх хүний үг. Бид түүний төлөө сайныг санаж бурханд залбирдаг. Гэтэл Жао бага эхнэр сонсоод уурлаж намайг хонжооч гэж хэлж, дараа нь удалгүй зарц охиноо явуулж энэ тэрийг эрүүлсэнд миний инээд л хүрсэн. Та нар харин ингэж сураад энэ гэтэл тэр гээд байвал би юугаараа төлөх юм бэ гэв.
Тэднийг ийн маргалдаж байтал Сы Чи бас хүн явуулж Лянхуаг шаардан “Хаана үхчихээд ирэхгүй болов” гэсэнд тэрбээр ууртайгаар харьж, нэмэр хачир нэмээд саатсанаа хэлсэнд цаадах нь сонсоод хилэгнэн хоолоо идэж дуусмагц шивэгчин охидоо дагуулан хүрч очсонд хүмүүс хоолоо идэж байв. Түүний байдал ер бишийг хараад найр тавьцгаав. Сы Чи шивэгчдэдээ: “Авдар, хоргод байгаа ногоо цагааг цөмийг гадагш хаяж нохой тэжээ. Хэн ч идэх хэрэггүй” гэж зандарсанд тэд зэрэг хөдлөн юм хумыг нь авч шидэхэд бүгд сандарч Сы Чиг аргадан хориглож гуйв.
-Авхай та бага хүүхдийн үгээр битгий хөдөлгө. Лю бэргэн хэдий найман толгойтой болсон ч танд ам гарч чадахгүй. Өндөг олдохгүй байгаа нь үнэн. Бид тун сая түүнийг “Аргыг нь олбол олдолгүй яадаг юм” гэж зэмлээд байна. Тэр одоо буруугаа мэдээд санд мэнд жигнэж байна. Авхай итгэхгүй байгаа бол гал дээрхийг үз гэцгээв. Олны ятгалгыг сонсоод Сы Чигийн уур аяндаа намдав. Шивэгчин охидын үйлдлийг зогсоов. Сы Чи ийн хараан загнаж нэг хэсэг үймүүлээд олны хориглолын дор сая харихаар гарав. Лю эхнэр уурандаа амандаа ямар нэг юм дүдэгнээд, аяга шанагаа хангинуулсаар арай гэж нэг аяга өндөгний шөл жигнэж Сы Чид хүргүүлэв. Түүнийг нь Сы Чи идэлгүй, газарт цацав. Тэгээд хэрэг өрнөхөөс болгоомжлон олон таван юм дуугарсангүй.
Лю эхнэр, охиндоо шөл уулгаж, хагас аяга шингэн будаа идүүлээд нарсны мөөгний тухай ярив. Охин нь “Үүний хагасыг Фан Гуаньд өгье” гээд олны хөл татарсан бүрий баруйгаар явж түүнтэй уулзахаар гараад хүрээлэнгийн хаалганд очоод шууд орж чадахгүй нэг бут саргай цэцгийн дэргэд бараа харж зогсов. Төдөлгүй Шао Янь гараад ирсэнд дуудан уулзав. Цаадах нь хэнийг мэдэлгүй тээнэгэлзсэнээ дөхөж очоод таньж “Яах гэж байгаа юм бэ” гэсэнд тогоочийн охин инээж: “Фан Гуанийг дуудаж өгөөч. Уулзах гэсэн юм” гэсэнд Шао Янь “Эгч та адгаад яахав, сая юманд явуулчихсан. Энд хүлээж байна уу. Эсвэл хэлэх үгээ надад хэлээд явна уу. Өөрөө мэд. Чи хүлээгээд бараг уулзаж чадахгүй байх. Хүрээний хаалга мөд хаана” гэв. Ү Эр, авч очсон юмаа Шао Яньд өгөөд “Энэ бол нарсны мөөгний нунтаг. Яаж уух, ямар хэрэгтэйг би хэлнэ. Би жаахныг олоод авчирсан юм. Чи түүнд өгчих” гээд буцав. Түүнийг өвс ургасан усны хөвөөгөөр явж байтал Линь Жышяо эхнэр хэдэн хүүхэн дагуулаад ирж байхтай тааралдав. Ү Эр нэгэнт зайлж чадахгүй болсон тул тулж очоод мэндлэв. Мөнөөх эхнэр “Би чамайг өвчтэй гэж дуулсан. Тэгтэл энд явж байна” гэсэнд Ү Эр инээмсэглэн: “Сүүлийн хоёр өдөр бие бузгай болоод ээжтэйгээ энд ирж уйтгараа сэргээлээ. Ээж сая Ү Хун Юань хүрээлэнд сав сааль аваачиж өг гээд” гэв.
-Чи худлаа хэллээ. Сая ээжийг чинь гараад явахаар би үүдээ хаасан. Ээж чинь, чамайг энээд явуулсан бол надад хэлэх л ёстой доо. Тэр чинь шууд гараад л явсан шүү дээ. Тэгэхээр чи худлаа хэлээд байх шиг санагдлаа гэж өнөөх эхнэрийг хэлсэнд охин хэлэх үггүй болсон ч “Ээж намайг уг нь өглөө эрт хэлсэн юмаа. Би амжихгүй байсаар сая л аваачиж өглөө. Ээж намайг өгчихөөд явчихсан гэж бодоод танд хэлээгүй байх л даа” гэж өчив.
Линь Жышяогийн эхнэр, Ү Эрийн үг ээдрээтэйг ажаад, саяхан тэртээ хүрээний гол гэрт юм алдагдаад хэдэн шивэгчин хэрэлдэж түлхэлцсэн ч эзэн нь олдоогүй гэж Юй Чуань хэлж байсныг санаад гэнэт сэжиг төрөв. Энэ хэр Шяо Чань, Лянхуа болон хэдэн зарц боол ирж тэр хоёрын ярианы өнгийг мэдээд: “Та үүнийг байцааж шүүх хэрэгтэй. Ойрноос энэ, үүгээр нааш цааш нуугдаж хавчиганаад гүйгээд байх болсон юм. Юу хийдгийг нь мэдэхгүй” гэсэнд Шяо Чань “Тиймээ тийм. Өчигдөр Юй Чуань эгч “Тайтайгийн бага гэрийн нэг авдар нээгдчихсэн,нилээд юм алдлаа” гэж байсан шүү. Бас Лянь Эр найнай, Пин охиныг явуулж Юй Чуань эгчээс саргай цэцгийн ханд авчруулах гэхэд нэг лонх дутсан гэнэ лээ” гэж үг хэмэв. Лянхуа инээж: “Би ийм юм сонсоогүй боловч өнөөдөр саргай цэцгийн хандны лонх нэгийг харсаан” гэж хачирласанд Линь Жышяо эхнэр, хулгайчийг эрээд олохгүй өдөр болгон Пин Эрийг ол гэж шаардаж байсныг мэдсэн тул ийм үг сонсуут “Хаана байна вэ” гэж асуусанд Лянхуа “Тэдний гал тогооны гэрт байсан” гэв. Тэгээд мөнөөх эхнэр дэнлүү асаалган тэднийг дагуулж эрэхээр явав. Тэгтэл Ү Эр бачимдан: “Түүнийг Бао Юйгийн гэрийн Фан Гуань над өгсөн юм” гэв. Эхнэр: “Би тэр Фан Гуань, Юань Гуанийг чинь мэдэхгүй. Одоо хулгайн баримтыг олсон тул дээш мэдүүлнэ. Чи эзнийхээ өмнө учраа хэлэгтүн” гээд тогооны гэрт оров. Лянхуа тэднийг дагуулж очоод сартай цэцгийн хандны лонхыг олов. Өөр бас хулгайлсан юм байх магадгүй гээд сайн нэгжиж, бас нэг нарсны мөөгний нунтаг олсон тул бүгдийг авч Ү Эрийг дагуулан Ли Вань, Тань Чүнь хоёрт мэдүүлэхээр ирэв.
Энэ үед Жя Лань өвдөөд Ли Вань ажилд ирэхгүй байсан тул Тань Чүньд очиж хэлэхээр болов. Тэрбээр харьсан тул хүн очуулж хэлүүлсэнд охидууд хүрээн дунд сэрүүцэж, Тань Чүнь дотоод гэртээ биеэ угааж байжээ. Жы Шяо орж мэдүүлсэнд цаадах нь: “Мэдлээ. Наадахыгаа хоёрдугаар найнайд хэл” гэсэн ажээ. Линь эхнэр арга буюу Фөн Жегийнд очиж Пин Эрийг дуудан хэлүүлэв. Цаадах нь дөнгөж сая хэвтсэн боловч энэ хэргийг сонсмогц босож: “Эхийг нь дөчин удаа банздаад хөөж явуул. Дотор хаалганд түүнийг дахиж үүрд битгий оруул. Ү Эрийг бас дөч банздаад хөдөө тарианы газарт аваачиж худалдах буюу хүнд ураглуул” гэж тушаав. Пин Эр түүний хэлснийг Линь Жышяогийн эхнэрт дамжуулав. Ү Эр айхдаа бүгшин уйлж Пин Эрийн өмнө сөгдөөд Фан Гуаний тухай тодорхой хэлэв. Пин Эр “За яахав, энэ амархан. Маргааш Фан Гуаниас асуухад л үнэн худал нь мэдэгдэнэ. Гэвч энэ нарсны мөөгний нунтгийг уржигдархан хүн авчраад Лао тайтай, их Тайтай хоёрыг ирсэн хойно сая нээх байсан тул үүнийг хулгайд алдах ёсгүй дээ” гэсэнд Ү Эр, нагац ахынхаа өгснийг ч хэлэв. Пин Эр инээж: “Тийм бол огт гэмгүй хүнийг хилсдүүлж байна даа. Одоо орой болчихжээ. Найнай эм уугаад хэвтсэн. Энээхэн жаахан явдалд яршиглах хэрэггүй. Одоо энэ охиныг манааны хүнд тушааж, мануулж хонуулаад маргааш би найнайд хэлсэн хойно шийдвэрлэе” гэв.
Линь Жышяогийн эхнэр энэ үгийг зориглон зөрчиж чадахгүй тул Ү Эрийг манааны хүмүүст тушаагаад харив. Тэрбээр энд ганц алхам илүү хөдлөх эрхгүй хоригдов. Манааныхны зарим нь “Ийм муухай хэрэг хийх тусгүй” гэхэд зарим нь “Хариуцсан ажлаа хийж барахгүй байхад бас хулгайч мануулдаг байна. Энэ нь үхэх юм уу оргочихвол бидний л буруу болох байхдаа гэж уцаарлана. Лю эхнэрийг таашаадаггүй зарим нэгний бах тав ханаж, түүнийг дооглоно. Ү Эр дотроо хилсдэж, түүнийгээ хэлэх газаргүйд бухимдана. Ядахдаа дорой биетэй, өвчтэй учир цай ч үгүй, ус ч үгүй, унтах гэхээр хэвтэх газаргүй тул шөнөжин бүгшин, шогшрон уйлав. Түүний эхтэй таардаггүй хүмүүс, эх охин хоёрыг даруй түргэн хөөж явуулахыг хүснэ. Маргааш нь хувирч өөрчлөгдөхөөс айж, бүгдээр эрт босоцгоож Пин Эрд ховолж Фөн Жед бэлэг сэлэг хүргээд, түүний эрс шуурхайг магтаж, тогооч авгайн болохгүй бүтэхгүй байгааг баахан тоочицгоов. Пин Эр тэдний үгийг сонсож аваад дараа нь сэмхэн Ши Рэньтэй уулзаад Ү Эр, Фан Гуаньд саргайн ханд өгсөн эсэхийг асуув. Ши Рэнь:
-Саргайн хандыг Фан Гуаньд авчирч өгсөөн. Түүнийгээ Фан Гуань хэнд өгснийг мэдэхгүй гээд Түүнийг дуудаж асуувал “Бао Юйд өгсөн” гэв. Бао Юй ч тэрхэндээ сандарч: “Саргайн хэрэг хэдий тодорхой болсон боловч нарсны мөөгний тухай асуувал тэр яриангүй үнэнээ хэлнэ. Хэрэв нагац ах нь үүдэнд жасаалж байхдаа олсон гэвэл тэр хүн бас буруудаж, цаашлаад бид хүний сайхан санааг хорлоход хүрнэ” гэж бодоод Пин Эртэй зөвлөв. Тэрбээр: “Саргайн явдал дууссан ч, энэ мөөгний явдлыг буруутгаж мэднэ. За эгч минь, түүнийг Фан Гуань өгсөн гэвэл тэгээд дуусна” гэсэнд, Пин Эр: “Хэдий тийм боловч өчигдөр нагац ах өгсөн гэсэн байтлаа өнөөдөр чамайг өгсөн гэж яаж болдог юм бэ. Ялангуяа тэндхийн алдсан мөөгний эзэн гараагүй байхад, одоо хулгайчийг гэрчтэй нь тавиад дараа нь хэнийг эрэх юм бэ. Хэн хүлээх юм бэ, хүмүүс ч итгэхгүй” гэтэл Чин Вэнь инээж:
-Тайтайгийн тэндэх саргайн хандыг Цай Юниэс өөр хэн хулгайлдаг юм бэ. Тэр хулгайлаад Жя Хуань агид өгчил дээ. Та нар энд дэмий ярьж яах юм бэ гэв. Пин Эр инээн:
-Хэн энэ учрыг мэдэхгүй вэ? Одоо Юй Чуань зовоод уйлж байна. Сэмхэн түүнээс асуугаад тэр хэрэв зөвшөөрвөл түүний хэрэг ч дуусаж, бүгдээр аргацаан өнгөрөөнө. Хэн энэ уршгийг тарих дуртай вэ. Харамсалтай нь, Цай Юнь зөвшөөрөхгүйгээр үл барам Юй Чуанийг хулгайлсан гэж түүнийг шахна. Тэр хоёр авалцаж ордон даяар доргивол бид яаж, үл мэдэгч болон явж болох вэ. Ерөөсөө хулгайд юмаа алдлаа гэж заргалдагч нь өөрөө хулгайч байдгийг хэн мэдэхгүй вэ. Хулгайчийн гэрч ч үгүй тул түүнийг яаж хэлнэ вэ гэв. Бао Юй:
-Ерөөсөө энэ явдлыг би хүлээчихье. Би тэднийг айлгаж тоглох гэж Тайтайгийн тэндээс авчирсан юмаа гэвэл энэ хоёр явдал тэгээд л дуусна гэсэнд Ши Рэнь:
-Ингэвэл хүнийг хулгайч нэрээс хэлтрүүлж буян хураах л юм байх. Тайтай сонсвол, чамайг сайн мууг мэдэхгүй хүүхдийн зан гаргалаа гэх байхдаа гэсэнд Пин Эр инээж:
-Энэ ч яахав, гайгүй гэе. Жао бага эхнэрийн гэрээс хулгайн юм олоход хялбар л байх. Гэвч энэ чинь, нэг сайн хүний нэр нүүрт хүрнэ шүү дээ. Бусад нь ч яахав гэе. Тэгтэл энэ хүн чинь уурлахгүй юү. Би түүнийг өрөвдөж байна. “Нуухыг нь аваад нүдийг нь сохлох” тийм тэнэг явдлыг хийж болохгүй юм бишүү гэсээр гурван хуруугаа гозойлгов.
Ши Рэнь нар сонсуут Тань Чүнийг хэлж байгааг мэдээд: “Яг тийм болно. Хаашдаа л бид эндээ хүлээвэл дээр болно” гэсэнд Пин Эр инээн:
-Гэвч Цай Юнь, Юй Чуань хоёр нүгэлтнийг дуудан ирүүлж сайн ярилцаж тогтох хэрэгтэй. Тэгэхгүй бол тэд нар огсойж бидний энэ яриаг мэдэхгүй учраас хэрэг шалгах чадалгүй гэж басамжилна. Бас энэ удаагийн хэргийг аргацаан өнгөрөөвөл хожим улам хулгайлж, яваандаа зүг жолоогүй болно гэсэнд Ши Рэнь инээж:
-Тийм болж мэднэ. Хожмыг бодох хэрэгтэй юм гэж түүнийг дэмжив.
Үүний дараа Пин Эр, тэр гурвыг дуудуулж ирээд:
-За та нар зовох хэрэггүй боллоо. Бид хулгайчийг оллоо гэсэнд Юй Чуань: “Хулгайч хаана байна вэ” гэж яаран асуув. Пин Эр:
-Тэр одоо хоёрдугаар найнайгийн гэрт байна. Асуусан болгоныг хүлээсэн гэнээ. Гэхдээ, түүнийг хулгайлаагүй гэдгийг би мэдэж байгаа юм. Тэгсэн чинь тэр хөөрхий айхдаа цөмийг хүлээчихэж. Бао Эреэгийн сэтгэлд түвдэхгүй тул түүний өмнөөс хагасыг хүлээсүгэй гэнэ. Би хэлж, гаргасугай гэхэд, энэ хулгайлсан хүн бол надтай найртай явдаг эгч дүү болой. Хулгайчийг далдалсан хүн ч яамай. Гэвч дотор нь бас нэг сайн хүний нэр нүүрийг бузарлахад хүрэх тул төвөгшөөж байна. Тийнхүү Бао Эр Еэг гуйж түүгээр хүлээлгэвэл бүгд явдалгүй болно. Одоо харин та хоёроос яавал дээр болохыг асууя гэсэн юм. Үүнээс хойш бүгдээр нэр нүүрээ бодож хичээнгүй болгоомжтой явбал Бао Эреэг гуйж түүгээр хүлээлгэсүгэй. Эсвэл хүнийг хилсдүүлэхгүйн тулд би хоёрдугаар найнайд гарган мэдүүлье гэв.
Цай Юний царай улс гээд агшин зуур ширвээдэх янзтай болоод:
-Эгч та санаа амар бай. Харин хүнийг хилсдүүлээд яахав. Хэрэггүй. Би үнэнээ хэлье. Нүүрээ барж юм хулгайлсан хүн бол би. Жао намайг хэд дахин гуйсан учир би бага сагаар хулгайлж Жя Хуаньд өгсөн нь үнэн. Тайтайг гэртээ байхад ч хулгайлан авч энэ тэр хүнд өгч байсан. Би нэг хоёр үймээд л өнгөрөх байх гэж бодож байлаа. Хүнийг хилсдүүлэхэд миний сэтгэл түвдэхгүй байна. Эгч та намайг дагуулж хоёрдугаар найнайд аваачвал би бүгдийг ярина гэв. Энэ үгийг сонсоод цөмөөр зориг сөстэйд нь гайхан бишрэв. Бао Юй инээн:
-Цай Юнь эгч бол ёстой үнэнч хүн байна. Тэгэхээр чи одоо үүнийг хүлээх хэрэг байхгүй. Би л сэмхэн авч та нарыг айлгах гэж тоглосон юм гэж хэлье. Одоо энэ чинь нэгэнт хэрэг болчихсон болохоор би л хүлээвэл зохистой юм. Би харин эгч та нарыг хойшид хэрэг гаргахгүй байж бүгдээр сэтгэл амар байхыг л хүснэ гэсэнд Цай Юнь:
-Би үйлдсэн хэргээ юү гэж чамаар хүлээлгэж байх юм. Хийсэн хэргээ би өөрөө хүлээж, үхэх сэхэхээ үзэх ёстой гэсэнд Пин Эр Ши Рэнь хоёр сандарч:
-Тийм учир бишээ. Чи хэрэг хүлээвэл Жао бага эхнэрийг бас гаргаж ирнэ. Үүнийг гуравдугаар авхай сонсвол юу болох вэ. Тийм болохоор Бао Юй хүлээчихвэл бусдад ямар ч явдалгүй. Энэ явдлыг энд байгаа хэдэн хүнээс өөр хэн ч мэдэхгүй. Ингэвэл цэвэрхэн. Ганцхан захих юм, үүнээс хойш бүгдээрээ хичээвэл л боллоо. Ер нь ямар нэг юм авбал Тайтайг эзгүйд авч болохгүй. Байхад нь хэлээд авахгүй юү дээ. Тайтай гэр бараагаа бусдад өгсөн ч бидэнд хамаагүй шүү гэцгээв. Энэ үгийг сонсоод Цай Юнь ихэд бодлогоширсноо, үг дуугүй дагана гэж амлав.
Бүгдээр ингэж зөвлөн тогтсоны дараа Пин Эр, Фан Гуаний хамт тэр хоёрыг дагуулан манааны байшинд очиж Ү Эрийг дуудан: “Нарсны мөөгний нунтгийг Фан Гуань өгснөөр хэлж бай” гэж сэм хэлсэнд цаадах нь маш их талархав. Пин Эр бүгдийг аваад өөрийнхөө байранд очсонд Линь Жышяогийн эхнэр хэдэн хүний хамт Лю эхнэрийг авчраад нилээд хүлээжээ. Линь эхнэр, Пин Эрд хандан: “Өглөө эрт үүнийг авчраад, тэнд өглөөний хоол бэлтгэх хүнгүй болуузай гээд би, Чинь Шяний эхнэрийг түр аваачиж хоол бэлтгүүлж байгаа” гэсэнд цаадах нь: “Чинь Шяний эхнэр гэж хэн юм бэ. Би танихгүй шүү” гэв. Мөнөөх эхнэр: “Тэр хүрээний өмнө талд суудаг манаач юм. Өдрийн цагаар онцын ажилгүй тул та танихгүй байх. Тун цэвэрхэн, том нүдтэй гавшгай хүн байгаа юм” гэсэнд Юй Чуань:
-Та түүнийг мартсан юм уу. Тэр чинь хоёрдугаар авхайг дагаж байгаа Сы Чигийн авга бэргэн юм. Сы Чигийн эцэг нь, хэдий их Лаоегийн дэргэдийн хүн боловч авга ах нь харин манай эндэхийн хүн юмаа гэв. Пин Эр сая санав бололтой инээж: – тиймээ тийм саналаа гэснээ:
-Баахан яарчихжээ. Одоо энэ явдлын учир цөм олдлоо. Уржигдар Тайтайгийн гэрээс алга болсон юмны эзнийг хүртэл оллоо. Бао Юй тэр өдөр ирээд энэ хоёр нүгэлтнээс ямар нэг юм авах гэсэнд, эд нар түүнтэй тоглоод “Тайтай гэртээ алга, өгч чадахгүй гэсэнд, цаадах нь эднийг гэнэдүүлж, дотроос нэг юм аваад гарсныг нь энэ нүглээр дүүрсэн амьтас мэдэлгүй байснаа сүүлд мэдээд айн сандарсан юм байна. Энэ явдал хүмүүст уршиг тарьсныг Бао Юй сонсоод сая л учрыг нь над тодорхой хэллээ. Юмыг нь гаргаад үзэхэд зөрсөнгүй. Тэр нарсны мөөгний нунтгийг ч Бао Юй гаднаас олж ирээд бас нилээд хүнийг шагнажээ. Хүрээний доторхийг байтугай гаднахад өгсөн байна. Мөөмөө нар гуйж аваад гарагш ураг садандаа өгсөн, бэлэглэсэн юм ч байна. Ши Рэнь, Фан Гуань хоёрт ч өгсөн л юм байна. Тэд хувийн найр талаар харилцах нь ерийн л хэрэг шүү дээ. Уржигдрын хоёр сагс нарсны мөөгийг хэрэг зөвлөх танхимд тэр хэвээр нь байлгасаар байхад яалаа гэж хүнийг гүжирдэж болох вэ. Энэ бүхнийг би найнайд мэдүүлээд эргэж та нарт хэлье гээд явав.
Фөн Же түүний үгийг сонсоод эргэлзсэн байдалтайгаар:
-Хэдий тийм боловч Бао Юй гэдэг хүн, үйл явдлыг их бага, хүнд хөнгөнийг ерөөсөө ялгахгүйгээр биедээ юм нөмрөх их дуртай. Хүн түүнээс юм гуйвал, хүний хоёрхон сайхан үгийг дагачихна. Өндөр малгай өмсгөчихвөл юу ч хүлээж авна. Бид ийм мэтийн юманд итгээд байвал… хожим их хэрэг гарахад хүрвэл хүнийг яаж захирах юм бэ. Үүнийг дахиж нарийн сайн байцаавал дээр байх. Миний бодож байгаагаар бол, Тайтайгийн гэрийн шивэгчин охидыг цөмийг дуудан авчирч, дур мэдэн их занчихгүй ч гэсэн, өвдөг дор нь шил шаазангийн хагархай тавьж, цай хоол өгөхгүйгээр халуун наранд сөгтгөвөл, төмөр хүн байсан ч нэг өдрийн дотор өчиг өгнө гээд, “Ялаа савгүй өндөг дээр суухгүй” гэдэгчлэн тэр Лю эхнэр хэдий хулгай хийгээгүй боловч хүмүүс түүний тухай зөндөө юм ярьж байна. Түүнд хулгайн ял тулгахгүй олны саналаар хөөж явуул. Хаан төрд хүртэл алдаа эндүү байдаг юм чинь, түүнийг хилсдүүлснээр бодож болохгүй гэв.
Пин Эр хариу өчихдөө:
-Хэрэггүй юманд сэтгэлээ зовоож яана! Уучилбал зохих юмыг уучлах л хэрэгтэй. Энэхэн чинь ямар их явдал юм бэ. Өршөөх хэрэгтэй. Би бол, эдний төлөө хичнээн чармайвч эрт орой хэзээ нэгэн цагт гэртээ харих тул өчүүхэн хүмүүстэй өшөө хорсол зангидаж юу хийнэ! Одоо өөрөө бас өвчин зовлонтой байгаа мөртөө, арай чамай нэг агьтай болмогц долоо найман сар болоод үр зулбасан чинь хэтэрхий ядарч, санаа сэтгэл зовсноос болсон бишүү. Тийм болохоор иймэрхүү нэг хулгай зэлгий зэргийн юмыг нүдээ аниад үзээгүй мэтээр өнгөрүүлбэл дээр юм бишүү… гэсэнд Фөн Же инээж: “За за. Та нарын дураар болтугай. Нээрэн, хэрүүлийн ч нэмэр байхаа даа” гэв. Пин Эр бас инээж: “Энэ зөв үгээ” гээд гарч нөгөө хэл аманд орсон хүмүүсийг цөмийг тавьж явуулав. Дараа нь юу болсныг мэдсүгэй хэмээвээс доорх бүлгийг үзтүгэй!
Холбоотой мэдээ