NEWS агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна
Н.БАТСАЙХАН: БАНКУУД ӨӨРИЙН ХӨРӨНГИЙН ДУТАГДАЛТАЙ ГАРСАН
Монголбанкны цаг үеийн асуудлаар өнөөдөр /2018.02.22/ мэдээлэл хийсэн. Энэ үеэр Монголбанкны Хяналт шалгалтын газрын дарга Н.Батсайхан сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээний дүн эцэслэж гарсан уу?
-Активын чанарын үнэлгээний дүн гарсан. Шалгалтын дүнгээр ойролцоогоор ДНБ-ий хоёр орчим хувьтай тэнцэх өөрийн хөрөнгийн дутагдал гарсан. Гэсэн хэдий ч банкны системийн үзүүлэлтүүд сайн гарсан. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 13,7 хувьтай, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 45 хувьтай байна.
Монголбанкны бодлогоор ерөнхий системийн дутагдлыг олон нийтэд мэдээлнэ. Бусад мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулах боломжгүй. Активын чанарын үнэлгээний зорилго нь хэдий хэмжээний өөрийн хөрөнгө вэ гэдгийг тодорхойлох зорилттой.
-Активын чанарын үнэлгээний шалгалт хийсэн жил хямралтгүй байсан учраас эдийн засаг өссөн буюу 2017 оноор үнэлгээ хийнэ гэж тохируулга хийж байгаа гэсэн. Тэрийг тайлбарлаж өгнө үү?
-Активын чанарын үнэлгээг 2016 оны эцсээр хийсэн. Тухайн жил эдийн засгийн мөчлөгөөр нилээн муу үзүүлэлттэй байсан. Активын чанарын үнэлгээ хийх, сонгон шалгаруулалт зарлах, бэлтгэл ажил шаардлагатай байсан. Багагүй хугацааны дараа банкуудад материаллаг өөрчлөлт орж, 2017 онд эдийн засагт сэргэлт ажиглагдсан учраас активын чанарын үнэлгээг 2017 оны гуравдугаар улирлаар хийх нь зүйтэй гэж ОУВС-тай тохиролцож, дүнгээ гаргасан.
-Системийн дутагдал гэдэгт юу орох вэ?
-Банкны системийн өөрийн хөрөнгийн дутагдлын хэмжээ гэсэн үг.
Ш.АНХМАА: НИЙСЛЭЛД 52 ЦЭЦЭРЛЭГ, 34 СУРГУУЛЬ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаатай цөөн хором ярилцлаа. Тэрбээр шинээр баригдах сургууль цэцэрлэгийн талаар товчхон мэдээлэл өгөв.
-Энэ онд нийслэлийн боловсролын салбарт томоохон бүтээн байгуулалтын жил байх болно гэж та хэлж байсан. Ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?
-Энэ онд улсын төсвөөр нийслэлд 34 сургуулийг өргөтгөх ажлыг эхлүүлнэ. Энэ ажил ирэх он хүртэл үргэлжлэх байх. Бидний тооцоолсноор 2019 он гэхэд бүрэн ашиглалтад орчих болов уу. Үүнээс гадна 50 цэцэрлэгийг барих буюу өргөтгөх ажлыг хийнэ.
2017 онд улсын төсөв, нийслэлийн төсвөөр долоон сургууль барих ажлыг эхлүүлчихсэн. Энэ ажил он дамжиж хэрэгжих байх. Өнгөрсөн онд нийслэлийн төсвөөр долоон цэцэрлэг баригдаж ашиглалтад орсон. Харин гаднын санхүүжилтээр баригдах хэд хэдэн сургууль цэцэрлэгүүд бий.
Товчхон дурдвал, Азийн хөгжлийн банкны зээлээр энэ онд есөн сургууль, 22 цэцэрлэг барьж, өргөтгөх ажлыг эхлүүлнэ. Мөн Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хоёр сургууль өргөтгөхөөр ярилцаж байна. Энэ хавраас барилгын ажил хийгдэнэ. Үүн дээр нэмээд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар нийслэлд 21 сургууль, нэг цэцэрлэг баригдах юм. Тэдгээрээс энэ онд эхний долоо сургуулийн барилгын ажил эхлэх төлөвтэй байна. Нийтдээ 52 цэцэрлэг, 34 сургууль ашиглалтад оруулна.
-Дунджаар нэг цэцэрлэг барихад хэчнээн төгрөг төсөвлөгдсөн бэ? Хаана ямар байршилд баригдах вэ?
-Цэцэрлэгийн хүүхэд хүлээн авах орны тоогоор харилцан адилгүйгээс хамаарч нэг цэцэрлэгийг 1.2-2.4 тэрбум төгрөгөөр барих төсөвтэй байгаа. Төрийн өмчийн 227 цэцэрлэгийн нийт хүчин чадал 40 мянган хүүхэд хамрагдах боломжтой бөгөөд эдгээр цэцэрлэгт 83,897 хүүхэд хүмүүжиж, төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаасаа 2.1 дахин хүүхэд хүлээн авч хүмүүжүүлж байна. Үүнээс гадна 32,774 хүүхэд цэцэрлэгт огт хамрагдаж чадахгүй гэртээ байгаа юм. Өнгөрсөн жилд бид нийслэлийн боловсролын салбарын барилга байгууламжийн судалгаа хийсэн. Жишээлбэл, аль дүүрэгт сургууль цэцэрлэгийн ачаалал их байна вэ гэдгийг гаргаж ирсэн. 2017 онд нийслэлд 34 сургууль гурван ээлжээр хичээллэдэг байсан. Бид энэ тоог 20 болгож бууруулсан.
ТАВАНТОЛГОЙ ЦС-ЫН 34 ХУВИЙГ MCS ЭЗЭМШИНЭ
Монгол Улсын Засгийн газар 2009 онд Оюутолгой компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш дөрвөн жил Оюутолгой компани БНХАУ-ын талаас эрчим хүчээ авах байсан. Дөрвөн жилээс хойш Монгол Улсаас эрчим хүч авна гэх заалт анхны Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан байдаг. Тэгвэл шинэ Засгийн газар Монголоос эрчим хүч авах шийдвэр гаргасан учраас Оюутолгой ХХК цаашид эрчим хүчний эх үүсвэрээ хэрхэн зохицуулах талаар тодорхой мэдээлэл гаргаагүй байгаа. Тэгвэл Оюутолгой болон өмнийн бүсийг эрчим хүчээр хангах хамгийн том боломж нь одоогийн нөхцөл Тавантолгой цахилгаан станц төсөл юм байна. Энэ талаар Тавантолгой цахилгаан станц төслийн захирал Д.Батбилэгтэй төслийн ажил ямар шатандаа яваа талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Тавантолгойн цахилгаан станцын төсөл хэрэгжиж эхлэхэд бэлэн үү. Ямар шатандаа явна вэ?
-Манай төсөл 2013 онд байгуулагдсан. Энэ хугацаанд бид Тавантолгойн цахилгаан станц төслийн Техник, эдийн засгийн болон бусад бүх судалгаа, шинжилгээний ажлыг хийсэн. Мөн техникийн болон санхүүгийн зөвлөгөөг ч авсан. Өнөөдрийн байдлаар цахилгаан станцыг барьж эхлэхэд бэлэн болсон. Хэрвээ гол худалдан авагч тал болох “Оюу толгой” компаниас батлан даалт гаргавал 2018 оны долдугаар сараас барилгын ажил эхлэх боломжтой.
-Станцыг барих компаниудыг сонгон шалгаруулаад байсан. Тэгэхээр батлан даалт ямар хэрэгтэй юм бэ?
-Монгол Улсын Засгийн газар 2016 оны зургадугаар сарын 28-ны өдөр Монголын талаас “MCS” групп, гадны хөрөнгө оруулагч буюу Японы “Марубени” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Энэ гэрээгээр Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 мвт хүчин чадалтай нүүрсний цахилгаан станц барих ёстой. Хугацаа нь дөрвөн жил. Хэрвээ 2018 онд станцын бүтээн байгуулалтыг эхлүүлбэл 2022 онд дуусах ёстой. Энэ станцын өөрийн өртөг нь одоогийн тооцоогоор нэг тэрбум ам.доллар. Тэрбум ам.долларын хөрөнгийн баталгааг гол худалдан авагч болох “Рио Тинто” компани гаргаж өгөх ёстой. Одоогийн байдлаар манай хамтарсан консерцум “Рио Тинто” компанитай яриа хэлэлцээр хийж байна. Олон улсын банкиуд бидэнд зээл өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн. Өмнө нь ярьж тохирсноор бол 30 жилийн хугацаанд тэрбум ам.долларын батлан даалт гаргана гэж байсан. Харин одоо болохоор Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас гаргасан шаардлагын дагуу 15 жилийн хугацаанд зээлийн баталгаа гаргаж өгөх асуудлаар гол худалдан авагч талтайгаа хэлэлцээр хийж байна.