Уран гулгалт сүүлийн 50 жилийн хугацаанд ОХУ-д тэргүүлэх спортын нэг болон хөгжиж байна. Тэртээ XX зууны 60-аад оны дунд үед Зөвлөлтийн тамирчид уран гулгалтын спортын төрөлд хосын үзүүлбэрээр анхны амжилтаа гаргаж, мөсөн талбайн эзэд гэдгээ нотолж эхэлсэн.
Хожим нь, ЗХУ уран гулгалтын спортын бүжгийн төрөлд тэргүүлэх болов. Ингээд 1990-ээд оноос эхлэн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын тамирчид од болон гялалзаж, "мөсний хаан" гэх цолыг албан ёсоор эх орондоо авчирсан билээ. Тэдний тод жишээ бол та бидний сайн мэдэх Евгений Плющенко билээ.
Харин энэ спортоор хичээллэж буй эмэгтэйчүүд амжилтаараа ЗХУ-д ч гэсэн хожим нь ОХУ-д ч гэсэн ард түмнээ баясгаж чаддаггүй байв.
1999 онд Мария Бутырская гэх бүсгүй уран гулгалтын дэлхийн аваргын цолыг эх орондоо авчирсан нь энэ төрөлд эмэгтэйчүүд том амжилт гаргах боломж бий гэдэг итгэл найдварыг төрүүлсэн билээ. Түүний араас Ирина Слуцкая амжилтын буухиаг үргэлжлүүлж, дэлхийн хошой аварга болсон ч ОХУ-ын эмэгтэйчүүд Олимпийн мөсөн талбайг эзэгнэх цаг нь болоогүй л байв.
Гайхалтай нь, Сочигийн олимпоор уран гулгалтын спортын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-д анх удаа олимпийн эмэгтэй аварга төрсөн нь Аделина Сотникова байлаа. Гэхдээ энэ бол гайхамшиг биш гэж Оросын ард түмэн үзэж байв. Учир нь тухайн үед эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд рекордыг Өмнөд Солонгосын тамирчин Ким Ю На эзэмшиж байв. Үүнээс гадна, Юлия Липницкая гэх охин Сочигийн олимпоор дэлхийд нэрээ тамгалсан билээ. Ийнхүү орос эмэгтэйчүүдийн нэр алдар уран гулгалтын спортод дуурсагдаж эхэлжээ.
Орос эмэгтэйчүүд Пёнчаны Өвлийн Олимпийн наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан болон мөнгөн медалийг авч, "мөсний хатад" гэдгээ нотоллоо.
Тэд бол Алина Загитова болон Евгения Медведева нар юм. Тэд бол ОХУ-ын олимп, дэлхийн аваргуудыг бэлддэг, эрэлт хэрэгцээтэй дасгалжуулагч Этери Георгиевна Тутберидзегийн шавь нар билээ.
Олимпийн аварга Алина Загитова | Олимпийн мөнгөн медальт Евгения Медведева | |
Уран гулгалтын спортын эмэгтэйчүүдийн төрөлд ОХУ-аас од болон гялалзаж буй Алина 2002 оны тавдугаар сарын 18-нд Загитовын гэр бүлд анхны үр нь болон мэндэлжээ. Бяцхан охин хорвоод мэндлээд жил гаруйн хугацаанд огт нэргүй явсан гэдэг. Учир нь түүний аав, ээж нь анхны охиндоо ямар нэр өгөх вэ гэдэг асуудалд маш нухацтай ханджээ. Нэг удаа тэд уран гимнастикч Алина Кабаевагийн гайхалтай үзүүлбэрийн шууд дамжуулалтыг үзээд, охиноо Алина гэх нэрийг өгөхөөр санал нэгдсэн гэдэг. Түүний эцэг Ильназ Насихович Загитов хоккейн багийн дасгалжуулагч ажээ. Тэрбээр том охин Алина, бага охин Сабинагийнхаа хувьд ялалтад тэмүүлэх хүсэл эрмэлзэл, тэсвэр тэвчээрийн үлгэр жишээ болохын тулд бүх амьдралаа охидынхоо ирээдүйд зориулж ирсэн гэдэг. Эцгийнхээ зөвлөмж, зөвлөгөөг дагаж өссөн хоёр охин нь багаасаа уран улгалтын спортоор хичээллэх болжээ. Түүний ээж Загитова Лейсан бүх амьдралынхаа туршид мэргэжлийн спортоор хичээллэхийг мөрөөддөг байсан ч хэзээ ч мөсөн талбай дээр гарч үзээгүй гэнэ. Биелүүлж чадаагүй мөрөөдлөө тэр хүүхдүүддээ өвлүүлжээ. Тийм ч учраас аав, ээж нь ирээдүйд Алинаг спортын тэнгэрт од болон гялалзана гэдэгт итгэж найддаг байж. Мэргэжлийн спортын ихэнх тамирчид хүүхэд насныхаа дурсамжийг тод санадаг. Тухайлбал, тэдэнд хүүхэд нас гэж байгаагүй, бусад хүүхдүүдээс тусгаарлагдмал өсч, өдөр шөнөгүй дасгал, сургуулилт хийдэг байсан тухайгаа л дурсдаг. Харин Алинагийн хувьд энэ бүхэн огт өөр байв. Түүний хувьд мөсөн талбайд гулгах нь амралтын өдрүүдээр цагаа зөв өнгөрүүлэх хобби нь байжээ. Түүнийг хэн ч албадан мөсөн дээр гулгуулдаггүй байв. Таван настайгаасаа эхлэн уран гулгалтын спортоор хичээллэсэн Алина хэд хэдэн удаа энэ спортыг хаяж, дүрслэх урлагаар хичээллэж, аавынхаа ‘Ижсталь’ хоккейн багийг хөгжөөн дэмжиж, чөлөөт цагаа өнгөрүүлдэг байжээ. Харин долоон настайдаа Алина мөсөн талбайд гайхалтай амжилт гаргаснаар уран гулгалтын спортоор цаашид хичээллэх итгэл төрж, энэ спортод зүрх сэтгэлээ зориулах болжээ. 2007 онд Алина Лариса Геннадьевна Санина болон Наталья Алексеевна Антипина нарын шавь болж, уран гулгалтын спортын анхны үндэс суурь, мэдлэгийг олж авсан гэдэг. Тэд өнөөдөр ч гэсэн Алина охины бэлтгэл сургуулилтад анхаарал тавьдаг гэнэ. КАРЬЕРЫН ЭХЛЭЛ Алинаг уран гулгалтын спортын төрөлд амжилт гаргахын тулд түүнд хүчтэй өрсөлдөгч хэрэгтэй гэж багш нар нь хардаг байв. Тиймээс түүний эцэг, эх охиныхоо ирээдүйн төлөө хүнд шийдвэр гаргаж, Удмуртскийн бүгд найрамдах улсаас ОХУ-ын нийслэл Москва хотыг зорин, нүүжээ. Москва хотод амьдрах болсон Алина энэ үед Этери Георгиевна Тутберидзетай танилцсанаар түүний хувь тавилан орвонгоороо эргэжээ. Этери Георгиевна Тутберидзе бол ОХУ-д олимп, дэлхийн аваргуудыг бэлддэг, эрэлт хэрэгцээтэй дасгалжуулагч юм. Тэрбээр өөрт нь хандсан олон охид дундаас Алинад боломж олгож, сонгон шалгаруулалтын үеэр түүний үзүүлбэрийг дахин сонирхсон ажээ. Гэхдээ Тутберидзе Алинаг өөрийн багтаа авсан ч гуравхан сарын дараа хасчээ. Тэр "Алина өмнөх багшийнхаа арга барилаас огт гарч чадахгүй, бидний зааж байгаа дасгал сургуулилтад дасахгүй, зэмлэл даахгүй байгаа тул ажиллаж чадахгүй" гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Тутберидзегийн хувьд тамирчин өөрөө чармайлт гаргаж, дасгалжуулагчийн үгнээс зөрдөггүй, зэмлэл магтаал хоёрыг даадаг байх нь чухал гэж үздэг. Ингээд Алина Этери Тутберидзе дасгалжуулагчийг орхиж, Анна Владимировна Царевагийн багт шилжжээ. Гэтэл Алина охин уран гулгалтын тэмцээнд оролцох явцдаа хоёр ч удаа маш хүнд бэртэл авсан юм. Тэр хоёр долоо хоногийн туршид чанга дэглэм сахисны дараагаар Москваг орхиж, төрсөн хот руугаа явахаар шийдээд байлаа. Ингээд Алинагийн гэр бүл Москвагаас нүүхийн өмнө Этери Тутберидзе дасгалжуулагчтай салах ёс хийхээр очжээ. Чухамхүү энэ үед дасгалжуулагч Этери Тутберидзе Алинад боломж олгож, хамтран ажиллах хүсэлт тавьсан юм. Охин дасгалжуулагчийн урилгыг баяртай хүлээн авч, дахин их зан гаргахгүй, алдаа оноон дээрээсээ суралцаж, дасгалжуулагчийн зэмлэлийг хүлээн авч, хичээх болно гэдэг амлалтыг өгчээ. "Алина Загитова бол бидний хамгийн том итгэл, найдвар. Охин маш сэтгэл татам, уян хатан, уран гулгалтын үзүүлбэрийг сонирхолтойгоор үзүүлдэг. Хамгийн хүнд, хэцүү техникийн үзүүлбэрийг чадварлаг гүйцэтгэдэг" гэж уран гулгалтын спортын мастер Сергей Викторович Дудаков түүнийг онцолсон байдаг. СПОРТЫН АМЖИЛТ
ХУВИЙН АМЬДРАЛ Өдгөө Алина Загитова эмээтэйгээ Москва хотод амьдардаг. Харин түүний аав, ээж, дүү гурав нь Ижевск хотод амьдардаг ажээ. Алинагийн хувьд эмээ нь хамгийн ойр дотны хүн нь бөгөөд мэргэжлийн тал дээр ч хатуу шүүмжлэгч нь байдаг гэнэ. Ойрын хугацаанд Алина спортын салбарт дээд боловсрол эзэмших төлөвлөгөөтэй байгаа. Мөн япон хоолны рестораны бизнестэй болохыг мөрөөддөг. Загитова сошиал сүлжээг идэвхтэй ашигладаг. Тэрбээр инстаграм хуудаснаа өдөр тутам шинэ зураг нийтэлдэг ажээ. Алина Загитова уран гулгалтын спортоор хичээллэхийн хажуугаар шүлэг зохиох дуртай, дүрслэх урлаг сонирхдог. Залуу тамирчин гадаад төрхөндөө ямар стиль тохирох эсэхэд одоо хүртэл эрэл хайгуул хийдэг бөгөөд нүүр будалтын зоригтой алхам хийж, хурц тод өнгийн өмсгөл сонгодог. |
| Евгения Арманова Медведева нь 1999 оны арваннэгдүгээр сарын 19-нд ОХУ-ын нийслэл Москва хотод мэндэлсэн. Армян гаралтай. Түүний аавыг Арман Бабасян гэдэг бөгөөд хувиараа бизнес эрхэлдэг. Харин ээж нь уран гулгалтын спортын тамирчин аж. Женя төрөхдөө л маш сул биетэй, жин багатай байсан тул эмч нар түүнийг уран гулгалт эсвэл усан сэлэлтийн спортоор хичээллэхийг зөвлөдөг байсан гэнэ. Улмаар түүнийг ээж нь гурван настай байхад нь уран гулгалтын спортод хөтөлж оруулсан гэдэг. Гэхдээ түүнийг жижигхэн, сулбагар биетэй гээд дасгалжуулагч нь авахаас татгалзсан түүхтэй. Охин чин сэтгэлээсээ уран гулгалтын спортод хайртай байсан төдийгүй зурагтаар "Мөсний хаан" Евгений Плющенкогийн үзүүлбэрийг шимтэн үзэх дуртай нэгэн байв. Ингээд Женя өдөр шөнө, өглөө оройгүй уйлж, улмаар дасгалжуулагч Любовь Яковлевагийн шавь болсон гэдэг. Хожим нь, дасгалжуулагч нь жирэмсний амралтаа авч, авьяаслаг охин Евгения Елена Селивановагийн удирдлага дор дасгал, сургуулилтаа хангах болжээ. Гуравхан настайгаасаа эхэлж, энгийн хүүхдүүдээс тусгаарлагдаж, тоглож наадах цаг завгүй, дасгал сургуулилтаа базаадаг байсан түүнд хүүхдийн тоглоомны оронд тэшүүр нь байдаг байв. Охин найман нас хүрэхэд түүний амьдралд ОХУ-ын шигшээ багийн тамирчдыг бэлтгэдэг, алдарт дасгалжуулагч Этери Георгиевна Тутберидзе орж ирсэн билээ. Туршлагатай дасгалжуулагчийн удирдлага дор бяцхан Женя "Мөсний жинхэнэ хатан хаан" болж хүмүүжиж байв. Энэ цаг мөчөөс хойш тэрбээр өөрийн зорилгоо бүрэн ухаарч, юуны төлөө, яах гэж энэ спортоор хичээллэж буйгаа ойлгож эхэлсэн гэдэг. Түүний хувьд хүүхэд нас гэж байгаагүй. Уйгагүй хөдөлмөрлөсний эцэст, тэрбээр 12 насандаа ОХУ-ын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд албан ёсоор багтах болсон. Ингээд түүний спортын амжилтын түүх эхэлсэн юм. Евгения Латвид зохион байгуулагдсан залуучуудын Гран-при тэмцээнд оролцож, 169.52 оноогоор гайхалтай ялалт байгуулж, алтан медалийн эзэн болов. Өндөр ачааллыг үүрч, бэлтгэл сургуулилтаа орхигдуулаагүй ч тэр ерөнхий боловсролын сургуульдаа онц сурлагатан байсан гэнэ. Түүний дуртай хичээл – Биологи, түүх. Спортдоо анхаарлаа хандуулахын тулд тэрбээр 10 болон 11 дүгээр ангиа зэрэг төгссөн гэдэг. СПОРТЫН АМЖИЛТ Евгения Медведева чимээгүйхэн дэлхийн аваргын медалийг түүж байна гэж судлаачид дүгнэдэг. Тэрбээр Латвийн Гран-при тэмцээний дараагаар Польшид зохион байгуулагдсан Гран-при тэмцээнд оролцож 179.96 оноогоор алтан медаль хүртэв. Дараагаар нь, Евгения Япон улсад зохион байгуулагдсан тэмцээнд оролцож, 163.68 оноо цуглуулж, хүрэл медалийн эзэн болжээ. 2014 онд Евгения ОХУ-ын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнд насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж, долдугаар байр, өсвөрийн тамичрдын тэмцээнд дөрөвдүгээр байрыг тус тус эзлэв. Удалгүй, Оросын цомын тэмцээнд оролцож, хоёрдугаар байранд шалгарав. Түүний алтан медалийн буухиа Барселон болон Таллинд болсон залуучуудын Гран-при тэмцээнээр үргэлжлэв.Тэрбээр 2015 онд ОХУ-ын аваргын тэмцээнд оролцож, хүрэл медалийн эзэн болсон. Харин залуучуудын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртжээ. 2015 оны төгсгөлд Женя уран гулгалтын насанд хүрэгчдийн багт орж, Братислав хотод зохион байгуулагдсан тэмцээнд орж, ялалт байгуулсан. Тэмцээн дууссны дараагаар тэрбээр амсхийж амжилгүй Милуоки руу нисч, насанд хүрэгчдийн Лигийн Гран-при тэмцээнд оролцож, нэгдүгээр байрыг эзэлсэн билээ. Гэхдээ энэ бол Евгения Медведевагийн гайхалтай амжилтын зөвхөн эхлэл нь байв. Үүний дараагаар тэрбээр Барселоны тэмцээнд орж, мөн ОХУ-ын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аваргын цолыг хүртсэн. Улмаар Евгения Медведева Европ, дэлхиийн аваргын алтан медалийг хүртэж эхэлсэн. Тодруулбал, 2016.02 – Европын аваргын алтан медаль “Женя оролцсон тэмцээнд болгондоо хувийн болон дэлхийн рекордуудыг шинэчилж ирсэн. Түүний тогтоосон рекордыг тэр өөрөө л эвдэж чадах байх” гэж зарим судлаачид хэлдэг ажээ. Үүнийгээ ч тэрбээр 2017 онд бататгасан билээ. 2017 оны эхэнд Европ болон Дэлхийн хошой аварга болсон төдийгүй хувийн болон дэлхийн рекордыг дахин шинэчлэв. ХУВИЙН АМЬДРАЛ Евгения Медведева бэлтгэл сургуулилтаа хангаад хэт завгүй байдгаас болоод одоог хүртэл ганц бие яваа гэнэ. Үүнээс гадна, түүнд олон найз байдаггүй. Гэхдээ зүрх сэтгэлээ хуваалцах цөөн тооны найзтай байх нь чухал гэж үздэг ажээ. Тэрбээр ээжтэйгээ цагийг өнгөрүүлэх дуртай. Женя Япон улсад их алдартай. Японы уран зохиол, загварын ертөнц, аниме хүүхэлдэйн кинод хүртэл түүний дүр мөнхөрсөн гэж хэлж болно. Нэг удаа тэр үзүүлбэртээ Sailor Moon япон хүүхэлдэйн киноны дуу дор бүжжээ. Мөн япон хэл дээр шүлэг уншсан нь өрсөлдөгч Моа Асадаг гайхшруулсан. Женя инстаграм, твиттер зэрэг олон нийтийн сүлжээг маш идэвхтэй ашигладаг. Мөн түүнийг гэрт нь Жерри нэртэй франц бульдог нохой хүлээж байдаг ажээ. Тамирчин бүсгүй жингээ барих шаардлагатай байдаг ч тэрбээр хэзээ ч суши, мармелад болон жимс жимсгэнэээс татгалздаггүй гэнэ. Дуртай хоол нь Том-ям хэмээх нэртэй ази шөл. Мөн Майкл Жексон, Metallica, Бон жови Scorpions зэрэг хамтлаг дуучдыг сонсох дуртай. |