“Цалинтай ээж” амлалт биелэлээ оллоо

Хуучирсан мэдээ: 2018.02.23-нд нийтлэгдсэн

“Цалинтай ээж” амлалт биелэлээ оллоо

“Цалинтай ээж” амлалт биелэлээ оллоо

“Цалинтай ээж” хөтөлбөр энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. 2015 оны байдлаар Монгол Улсын нийт хүн ам 3 сая 57,8 мянга, жилийн дундаж өсөлт нь 2.1 хувь байна. Хүн амын жилийн дундаж өсөлт сүүлийн жилүүдэд нэмэгдсэн нь хүн амын цонх үетэй холбоотой бөгөөд цаашид хүн амын дундаж өсөлт аажим буурсаар 2025 онд 0.99 хувь болох хэтийн тооцоотой байгаа аж. Энэ хэвээр цаашид үргэлжилбэл 2025 он орчмоос хүүхдийн ачаалал эрчимтэй буурч, хөгшдийн ачаалал нэмэгдэх хандлагатай байгаа гэдгийг мэргэжлийн судлаачид хэлж байгаа юм.

Тиймээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт албан ёсоор тусгагдсан “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийг УИХ-аас баталж гаргасан. Үүний дагуу 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд сар бүр хүүхэд асарсаны тэтгэмж 50.000 төгрөг олгоно. Үүнд 135.000 ээжүүд хамрагдах юм байна. Харин 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240.000 төгрөгийн тэтгэмж олгоно. Үүнд 165.000 өрх толгойлсон эцэг эхчүүд хамрагдахаар тооцоо судалгаа хийгджээ.

Хүүхдийг төрснөөс хойш эхний 1000 хоногт шимт хоол тэжээл, сайн асаргаагаар хангах нь хүүхдийн тархины болоод цаашдын биеийн өсөлт хөгжилд сайнаар нөлөөлдөг. Харин манай улсад төлбөр өндөртэй хувийн цэцэрлэгийг эс тооцвол 0-2 хүртэлх насны хүүхдийг асран халамжлах цэцэрлэг, ясли үндсэндээ байдаггүй учраас эцэг, эхийн хэн нэг нь хүүхдээ гэртээ асарч ажил хийхгүй байх тохиолдол элбэг байдаг.  Энэ үед тухайн өрх нэг хүний цалингаар амьдарч, хүүхэддээ шим тэжээлтэй хоол өгч, хөгжлийг нь хангаж чаддаггүй байна.

Иймд олон хүүхэдтэй өрхийн амьжиргааг дэмжих, хүүхдээ гэртээ асарч байгаа эхчүүдийн нийгмийн баталгааг дээшлүүлж, хүн амаа өсгөх бодлогыг хүн амын цонх үе буюу төрөх насны эмэгтэйчүүдийн тоо хамгийн өндөр байгаа өнөө үед хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Түүнчлэн Монгол Улсад олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн амьжиргааг дэмжих тэтгэмж, тусламжийн хэмжээ хангалтгүй байна. Олон хүүхэдтэй ганц бие эх, эцгийн хувьд ажил хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь өрхийн амьжиргаанд хүрэлцдэггүй учраас хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад хүндрэлтэй байдаг. Дээр дурдсан бодит нөхцөл, хэрэгцээг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “3 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах ‘Цалинтай ээж’ хөтөлбөр, “Өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн хамгааллын хуулийг тус тус батлан хэрэгжүүлнэ’ гэж заасныг хэрэгжүүлж эхэллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж