Оросын олимпийн баг анхны алтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2018.02.23-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Оросын олимпийн баг анхны алтаа авлаа

Оросын олимпийн баг анхны алтаа авлаа

БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн олимпийн XXIII наадмын уран гулгалтын тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн чөлөөт үзүүлбэрээр өндөрлөлөө.

Өвлийн спортын хамгийн үзүүштэй бас хамгийн оргил гэж хэлж болох энэ төрөлд Оросын олимпийн багийн одод алтан медалийн төлөө өрсөлдөх нь эртнээс тодорхой байсан.

16 настай Алина Загитова, 18 настай Евгений Медведева нар хоёр хоногийн өмнө болсон богино үзүүлбэрт хоёул дэлхийн рекордыг ээлжлэн шинэчлэн тогтоосон. Тиймээс өнөөдөр болсон чөлөөт үзүүлбэрт хэн чадварлаг байсан нь алтан медаль авах байлаа. Энэ нь Оросын олимпийн багийн энэ наадмын анхны алт байсан юм.

Ингээд богино болон чөлөөт үзүүлбэрийн нийлбэр дүнгээр Алина Загитова олимпийн аварга болсон бол Евгений Медведева мөнгөн медаль дээр буулаа. Харин хүрэл медалийн төлөө Кандын Сатако Мияхара, Каори Сакамото болон Канадын Кэйтлин Осмонд нарын өсвөрийн уран гулгагчид өрсөлдсөн. Гэхдээ тэднээс Кэйтлин Осмонд медалийн тавцанд зогслоо.

НИЙЛБЭР ДҮН: /Богино болон чөлөөт үзүүлбэр/

  1. Алина Загитова (ОХУ) – 239.57 (82.92+ 156.65)
  2. Евгений Медведева (ОХУ) 238.26 (81.61+156.65)
  3. Кэйтлин Осмонд (Канад) – 231.02 (78.87+152.15)
  4. Сатако Мияхара (Япон) –  222.38 (75.94+ 146.44)
  5. Каролина Костнер (Итали) –  212.44  (73.15 + 139.29)
  6. Каори Сакамото (Япон) – 209.71 (73.18+136.53)
  7. Чо Да Бин (БНСУ) – 199.26 (67.77 + 131.49)
  8. Мариа Сотскова (ОХУ) – 198.10 (63.86 + 134.24)

ОЛИМПИЙН АВАРГА АЛИНА ЗАГИТОВА 

  • Өвлийн олимпийн шинэ одоор тодорч байгаа Оросын уран гулгагч Алина Загитовагийн тухай ингээд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе. Охин 2002 оны тавдугаар сарын 18-нд ОХУ-ын Ижевск хотод төрсөн. Өдгөө 16 настай. Татар гаралтай тэрбээр айлын том охин бөгөөд дүү Сабина мөн уран гулгалтаар хичээллэдэг. Мөсөн ‘тайзан’ дээр таван настайдаа гарсан түүнийг Пёнчаны олимпийн шинэ од хэмээн нэрийдэж байна. Мөсний гүнжийн төлөө өрсөлдсөн Пёнчаны олимпийн гол өрсөлдөгч Евгения Медведеватай дотно найзууд. Учир нь тэд нэг дасгалжуулагчийн шавь нар. Алинагийн эцэг хоккейн дасгалжуулагч учраас охин чөлөөт цагаараа хоккей үзэх, зураг зурах дуртай гэнэ. Алина Загитова өнгөрсөн долоо хоногт багийн төрөлд оролцож, мөнгөн медаль хүртсэн. Харин түүнтэй өрсөлдөх олон хүчтэй өрсөлдөгч байсан ч Загитовагийнх төгс байжээ. Тэр Евгения Медведевагийн богино үзүүлбэрийг рекорд амжилтыг 15 минутын дотор ахиулж, дэлхийн рекордыг шинэчилсэн. Үзүүлбэрээ үзүүлсний дараа Загитовагийн сэтгэл хангалуун байгаагаа хэлж байв. Тэрбээр богино үзүүлбэрт дэлхийн рекордыг тогтоосон гэдгээ ч анзаараагүй гэдгээ дараа нь хэлж байв. Өнөөдөр бол түүний хувьд гүйцэтгэлээ төгс хийснээр олимпийн аварга болж байна.

ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА ЕВГЕНИЙ МЕДВЕДЕВА

  • Евгения Арманова Медведева нь 1999 оны арваннэгдүгээр сарын 19-нд ОХУ-ын нийслэл Москва хотод мэндэлсэн. Армян гаралтай. Түүний аавыг Арман Бабасян гэдэг бөгөөд хувиараа бизнес эрхэлдэг. Харин ээж нь уран гулгалтын спортын тамирчин. Женя төрөхдөө л маш сул биетэй, жин багатай байсан тул эмч нар түүнийг уран гулгалт эсвэл усан сэлэлтийн спортоор хичээллэхийг зөвлөдөг байсан гэнэ. Улмаар түүнийг ээж нь гурван настай байхад нь уран гулгалтын спортод хөтөлж оруулснаар түүний амьдрал эрс өөрчлөгджээ. Гэхдээ түүнийг жижигхэн, сулбагар биетэй гээд дасгалжуулагч нь тухайн үед авахаас татгалзсан түүхтэй. Өндөр ачааллыг үүрч, бэлтгэл сургуулилтаа орхигдуулаагүй ч тэр ерөнхий боловсролын сургуульдаа онц сурлагатан байсан гэнэ. Тэр оросын уран гулгалтын амжилтыг үргэлжүүлж чадсан юм. 

Кэйтлин Осмонд (Канад)

Кэйтлин Осмонд (Канад)

Сатако Мияхара (Япон)

Сатако Мияхара (Япон)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж