Аргентины цагдаа нар Буэнос – Айрес дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас 400 кг хар тамхи илрүүлж, энэ хэрэгт холбоотой хар тамхины бүлэглэлийн хэд хэдэн гишүүнийг баривчилсан талаар тус улсын аюулаас хамгаалахын сайд Патрисиа Булрих мэдэгджээ. Хэвлэлийн хурлын үеэр гаргасан мэдэгдэлд дурдсанаар ОХУ-ын Элчин сайдын яамнаас нийт 62 сая ам.долларын үнэ бүхий хар тамхи илрүүлсэн байна. Хар тамхины бүлэглэл 400 кг хар тамхийг ОХУ-ын Элчин сайдын яамны дипломат шугамаар Европ руу хөлөг онгоцоор тээвэрлэх гэж байсан гэнэ.
Буэнос –Айрест суугаа ОХУ-ын Элчин сайд 2016 оны арванхоёрдугаар сарын 16-нд хар тамхи илрүүлсэн талаар цагдааг мэдэгдсэний дараа ОХУ, Аргентины цагдаа нар хар тамхины бүлэглэлийг илрүүлэх тусгай ажиллагаа явуулсан байна.
Хар тамхийг гурилын уутанд хийсэн байсан боловч тусгай төхөөрөмжөөр гурил биш болохыг тогтоожээ. Энэ хэрэгт холбогдуулан Аргентины хоёр, Оросын гурван иргэнийг баривчилжээ.
Сайн чанарын их хэмжээний хар тамхийг ОХУ болон ХБНГУ руу тээвэрлэхээр төлөвлөж байжээ. Энэ хэргийн цаад эзнийг ХБНГУ-д амьдардаг гэж мөрдөгчид таамаглаж байгаа гэнэ.
Баривчлагдсан Аргентины хоёр иргэний нэг нь Буэнос –Айрес хотын цагдаагийн газар ажиллаж байсныг тогтоосон байна. 400 кг хар тамхийг Колумб, Перугаас хууль бусаар тээвэрлэж авчирсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа юм байна.
Эх сурвалж: Agence France – Presse