Олимпийн шинэ аварга Алина Загитова

Хуучирсан мэдээ: 2018.02.23-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Олимпийн шинэ аварга Алина Загитова

Олимпийн шинэ аварга Алина Загитова

Пёнчан-2018 өвлийн XXIII олимпийн наадмаас хүртэж буй ОХУ-ын тамирчдын анхны алтан медалийг уран гулгалтын тамирчин Алина Загитова авчирлаа. Алина Загитова бол Сочигийн олимпийн од Юлия Липницкая оддын өвчин тусч, анорекс буюу хэт тураалд орчихсон, Евгения Медведеваг бэртэл авчихсан байх үед ОХУ-ын шинэ итгэл найдвар болон гарч ирсэн охин билээ. Нутаг нэгт, хүчтэй өрсөлдөгч Евгения Медведеваг Пёнчаны мөсөн талбайд ялж, олимпийн аварга болж буй Алина 16 настай.

Нэр: Алина Загитова

Төрсөн он сар өдөр: 2002.05.18

Яс үндэс: Татар 

Өндөр: 156 см

Шүтдэг дуучин: Бейонсе, Майкл Жексон, Сиа

 


Хүүхэд нас 

Уран гулгалтын спортын эмэгтэйчүүдийн төрөлд ОХУ-аас од болон гялалзаж буй Алина 2002 оны тавдугаар сарын 18-нд Загитовын гэр бүлд анхны үр нь болон мэндэлжээ. Бяцхан охин хорвоод мэндлээд жил гаруйн хугацаанд огт нэргүй явсан гэдэг. Учир нь түүний аав, ээж нь анхны охиндоо ямар нэр өгөх вэ гэдэг асуудалд маш нухацтай ханджээ. Нэг удаа тэд уран гимнастикч Алина Кабаевагийн гайхалтай үзүүлбэрийн шууд дамжуулалтыг үзээд, охиноо Алина гэх нэрийг өгөхөөр санал нэгдсэн гэдэг. 

Түүний эцэг Ильназ Насихович Загитов хоккейн багийн дасгалжуулагч ажээ. Тэрбээр том охин Алина, бага охин Сабинагийнхаа хувьд ялалтад тэмүүлэх хүсэл эрмэлзэл, тэсвэр тэвчээрийн үлгэр жишээ болохын тулд бүх амьдралаа охидынхоо ирээдүйд зориулж ирсэн гэдэг. 

Эцгийнхээ зөвлөмж, зөвлөгөөг дагаж өссөн хоёр охин нь багаасаа уран улгалтын спортоор хичээллэх болжээ. Түүний ээж Загитова Лейсан бүх амьдралынхаа туршид мэргэжлийн спортоор хичээллэхийг мөрөөддөг байсан ч хэзээ ч мөсөн талбай дээр гарч үзээгүй гэнэ. Биелүүлж чадаагүй мөрөөдлөө тэр хүүхдүүддээ өвлүүлжээ. Тийм ч учраас аав, ээж нь ирээдүйд Алинаг спортын тэнгэрт од болон гялалзана гэдэгт итгэж найддаг байж.

Мэргэжлийн спортын ихэнх тамирчид хүүхэд насныхаа дурсамжийг тод санадаг.  Тухайлбал, тэдэнд хүүхэд нас гэж байгаагүй, бусад хүүхдүүдээс тусгаарлагдмал өсч, өдөр шөнөгүй дасгал, сургуулилт хийдэг байсан тухайгаа л дурсдаг. Харин Алинагийн хувьд энэ бүхэн огт өөр байв. Түүний хувьд мөсөн талбайд гулгах нь амралтын өдрүүдээр цагаа зөв өнгөрүүлэх хобби нь байжээ. Түүнийг хэн ч албадан мөсөн дээр гулгуулдаггүй байв.

Таван настайгаасаа эхлэн уран гулгалтын спортоор хичээллэсэн Алина хэд хэдэн удаа энэ спортыг хаяж, дүрслэх урлагаар хичээллэж, аавынхаа ‘Ижсталь’ хоккейн багийг хөгжөөн дэмжиж, чөлөөт цагаа өнгөрүүлдэг байжээ.

Харин долоон настайдаа Алина мөсөн талбайд гайхалтай амжилт гаргаснаар уран гулгалтын спортоор цаашид хичээллэх итгэл төрж, энэ спортод зүрх сэтгэлээ зориулах болжээ.

2007 онд Алина Лариса Геннадьевна Санина болон Наталья Алексеевна Антипина нарын шавь болж, уран гулгалтын спортын анхны үндэс суурь, мэдлэгийг олж авсан гэдэг. Тэд өнөөдөр ч гэсэн Алина охины бэлтгэл сургуулилтад анхаарал тавьдаг гэнэ. 

Карьерын эхлэл
 

Алинаг уран гулгалтын спортын төрөлд амжилт гаргахын тулд түүнд хүчтэй өрсөлдөгч хэрэгтэй гэж багш нар нь хардаг байв. Тиймээс түүний эцэг, эх охиныхоо ирээдүйн төлөө хүнд шийдвэр гаргаж, Удмуртскийн бүгд найрамдах улсаас ОХУ-ын нийслэл Москва хотыг зорин, нүүжээ. 

Москва хотод амьдрах болсон Алина энэ үед Этери Георгиевна Тутберидзетай танилцсанаар түүний хувь тавилан орвонгоороо эргэжээ. 

Этери Георгиевна Тутберидзе бол ОХУ-д олимп, дэлхийн аваргуудыг бэлддэг, эрэлт хэрэгцээтэй дасгалжуулагч юм. Тэрбээр өөрт нь хандсан олон охид дундаас Алинад боломж олгож, сонгон шалгаруулалтын үеэр түүний үзүүлбэрийг дахин сонирхсон ажээ. Гэхдээ Тутберидзе Алинаг өөрийн багтаа авсан ч гуравхан сарын дараа хасчээ. Тэр "Алина өмнөх багшийнхаа арга барилаас огт гарч чадахгүй, бидний зааж байгаа дасгал сургуулилтад дасахгүй, зэмлэл даахгүй байгаа тул ажиллаж чадахгүй" гэсэн тайлбарыг өгсөн байдаг. 

Тутберидзегийн хувьд тамирчин өөрөө чармайлт гаргаж, дасгалжуулагчийн үгнээс зөрдөггүй, зэмлэл магтаал хоёрыг даадаг байх нь чухал гэж үздэг. Ингээд Алина Этери Тутберидзе дасгалжуулагчийг орхиж, Анна Владимировна Царевагийн багт шилжжээ. 

Дасгалжуулагч Этери Тутберидзегийн хамт

Гэтэл Алина охин уран гулгалтын тэмцээнд оролцох явцдаа хоёр ч удаа маш хүнд бэртэл авсан юм. Тэр хоёр долоо хоногийн туршид чанга дэглэм сахисны дараагаар Москваг орхиж, төрсөн хот руугаа явахаар шийдээд байлаа. Ингээд Алинагийн гэр бүл Москвагаас нүүхийн өмнө Этери Тутберидзе  дасгалжуулагчтай салах ёс хийхээр очжээ. Чухамхүү энэ үед дасгалжуулагч Этери Тутберидзе Алинад боломж олгож, хамтран ажиллах хүсэлт  тавьсан юм. Охин дасгалжуулагчийн урилгыг баяртай хүлээн авч, дахин их зан гаргахгүй, алдаа оноон дээрээсээ суралцаж, дасгалжуулагчийн зэмлэлийг хүлээн авч, хичээх болно гэдэг амлалтыг өгчээ. 

"Алина Загитова бол бидний хамгийн том итгэл, найдвар. Охин маш сэтгэл татам, уян хатан, уран гулгалтын үзүүлбэрийг сонирхолтойгоор үзүүлдэг. Хамгийн хүнд, хэцүү техникийн үзүүлбэрийг чадварлаг гүйцэтгэдэг" гэж уран гулгалтын спортын мастер Сергей Викторович Дудаков түүнийг онцолсон байдаг. 

Спортын амжилт

  • 2018 он – Европын аварга
  • 2018 он – Залуучуудын дунд зохион байгуулагдсан Гран-при тэмцээний ялагч 
  • 2017 он – Залуучуудын дэлхийн аварга 
  • 2017 он – ОХУ-ын залуучуудын аварга 
  • 2017 он – ОХУ-ын дэд аварга 
  • 2016 он- Залуучуудын Гран-при тэмцээний аварга

Хувийн амьдрал 

Өдгөө Алина Загитова эмээтэйгээ Москва хотод амьдардаг. Харин түүний аав, ээж, дүү гурав нь Ижевск хотод амьдардаг ажээ. Алинагийн хувьд эмээ нь хамгийн ойр дотны хүн нь бөгөөд мэргэжлийн тал дээр ч хатуу шүүмжлэгч нь байдаг гэнэ.

Ойрын хугацаанд Алина спортын салбарт дээд боловсрол эзэмших төлөвлөгөөтэй байгаа. Мөн япон хоолны рестораны бизнестэй болохыг мөрөөддөг. 

Загитова сошиал сүлжээг идэвхтэй ашигладаг. Тэрбээр инстаграм хуудаснаа өдөр тутам шинэ зураг нийтэлдэг ажээ. 

Алина Загитова уран гулгалтын спортоор хичээллэхийн хажуугаар шүлэг зохиох дуртай, дүрслэх урлаг сонирхдог. 

Залуу тамирчин гадаад төрхөндөө ямар стиль тохирох эсэхэд одоо хүртэл эрэл хайгуул хийдэг бөгөөд нүүр будалтын зоригтой алхам хийж, хурц тод өнгийн өмсгөл сонгодог.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж