Хотын шинэ захиргааг ирэх сараас барина

Хуучирсан мэдээ: 2018.02.23-нд нийтлэгдсэн

Хотын шинэ захиргааг ирэх сараас барина

Хотын шинэ захиргааг ирэх сараас барина

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр /2018.02.22/ НИТХ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудыг Хан-Уул дүүргийн 4, 8 дугаар хорооны нутаг дэвсгэр /Яармаг шинэ төв/-т шилжүүлэн байршуулах бэлтгэлээ шуурхай хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгасан юм.

Энэ нь хотын төвийн хэт төвлөрөл, автомашины түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахаас гадна хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, аялал жуулчлалын шинэ төв байгуулах, иргэдэд нутгийн захиргаанаас үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зэрэг зорилготой юм.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудад 1933 хүн ажилладаг бөгөөд өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг байна. Яармагт шилжүүлснээр үйлчилгээ авах иргэд хотын төвийг зорих шаардлагагүй болно гэж үзэж байгаа юм.

Тэгвэл энэ асуудлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Э.Дагиймаагаас тодруулахад “Хотын захиргааг Яармагт барих зураг төсөл бэлэн болж байгаа. Бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын сүүлээр эхэлж, 2019 оны сүүлч 2020 оны эхээр ашиглалтад оруулна. 
Бид Яармагт хотын шинэ төв байгуулахаар ажиллаж байна. Ингэхдээ Манхэттен гудамжны жишгээр барилгуудаа корпус хэлбэрийн зохион байгуулалттай барьж, автомашины нэвтрэх чадвар, гудамж замын зай талбайг сайтар төлөвлөж байна” гэв. 

Т.НОМИН 
   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж