Удам залгасан урлагийн одод

Хуучирсан мэдээ: 2018.02.22-нд нийтлэгдсэн

Удам залгасан урлагийн одод

Удам залгасан урлагийн одод

Бүтээсэн дүрүүдээрээ Монголын ард түмний зүрх сэтгэлд домог болон мөнхөрсөн алдартай жүжигчид олон бий. Тухайлбал, Ардын жүжигчин Цагааны Цэгмэдийг ‘Цогт тайж’ киногоор монголчууд андахгүй бол хүү Ц.Төмөрбаатарыг нь  ‘Суварган цэнхэр уулс’ киноны Саруул төгсийн дүрээр нь илүүтэй мэддэг.  Отгон хүү Ц.Төмөрхуяг нь мөн тайз, дэлгэцийн олон арван бүтээлд дүрээ мөнхөлж, алтан үеийн залгамж халаа болсон уран бүтээлч болохоо харуулсаар яваа. 

Бид энэ удаад удам залгасан уран бүтээлчдийн тухай мэдээлэл хүргэж байна.  

Ардын жүжигчний хүү гавьяат болов

Ардын жүжигчин Цагааны Цэгмэдийн отгон хүү Ц.Төмөрхуяг сар шинийн босгон дээр хөдөлмөрөө үнэлүүлж гавьяат цол хүртсэн нь монголчуудын олон жилийн хүлээлтийг тайлсан онцгой тохиол болсон юм.

Аавынхаа мэргэжлийг өвлөн жүжигчнээр ажиллахдаа 60 гаруй тайзны бүтээл амьдруулсан бол 100 гаруй кинонд дүр бүтээж амжжээ. “Мөнх тэнгэрийн хүчин дор’ киноны Нялх Сэнгүм, ‘Илд цэцэг” киноны мөрдөгч Дандарын дүрээр монголчууд түүнийг андахгүй. Одоо “Сити” дээд сургуульд багшилж байна.

Багшлахын хажуугаар ‘Маш нууц’, ‘Миний ах атаман’, “Манан зүсэгч”, ‘Анхны харц’, ‘Хоёр ертөнц’ зэрэг кинонд тогложээ.

Багшлах нь гэр бүлдээ цаг зав гаргахаас эхлээд уран бүтээл дээр ажиллах боломжийг олгодог байна. Тэрбээр гавьяат жүжигчин цол хүртэх үеэрээ Цагааны Цэгмидийн Төмөрхуяг гэж цоллуулсан нь хамгийн том шагнал байсан төдийгүй зүрх сэтгэлийг нь огшоосон гэж хуучилжээ.

Мөн энэ шагнал нэг гэр бүлээс аав, хүү гурвуул төрийн дээд одон хүртсэн анхны тохиолдлын эзэн болгосноороо онцлогтой.

Ардын жүжигчин Цагааны Цэгмэд нь Цогт тайжийн дүрээр монголчуудад домог болсон бол Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар нь “Суварган цэнхэр уулс” киноны Саруул төгс, “Амьдралын нахиа” –гийн Баяраа, “Үхэж үл болно” –ын Чингис хаан, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Жамухын дүр зэрэг олон арван тайз дэлгэцийн бүтээлийг  амилуулсан авьяаслаг жүжигчин.  

Ж.Сэнгэдорж “Амьдрал” –ыг хэрхэн зурав

“Мөрөөдлийн хөлөг онгоц” телевизийн олон ангит киногоор анх үзэгч олныг шуугиулж, авьяастай найруулагч болохоо харуулсан уран бүтээлч бол Монголын хошин урлагийг үндэслэгч, жүжигчин Л.Жанчивдоржийн хүү Ж.Сэнгэдорж юм.

Аавынхаа мэргэжлийг өвлөхийг хүсэж, СУИС-д шалгалт өгсөн ч эхнийхэд нь тэнцэж, хоёр дахь шалгалтдаа унаснаар найруулагчийн мэргэжил сонгосон байдаг.

Өнгөрсөн хугацаанд 10 гаруй кино найруулснаас хамгийн сүүлийн бүтээл нь ирэх сард нээлтээ хийх “Амьдрал” болох нь ээ. Тодруулбал, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн дуулснаар  цахим ертөнцийнхнийг хуйлруулж  эхэлсэн “Амьдрал” киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж ажиллажээ.

Өнгөрсөн жил олимпийн мөнгөн медальт тамирчин, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэн бүтсэн ‘Цагаан хадаг” киногоор үзэгчдийг театрт уяж байсан бол энэ удаад “Амьдрал”-аар үзэгчидтэйгээ дахин уулзах болж байна.

Л.Жамсранжав хүү ‘The Voice of Mongoliа’-ын тайзнаа гялалзав

Саяхан ‘The Voice of Mongoliа’-ын тайзнаа Ж.Батдөл нэртэй оролцогч гялалзсан нь Ардын жүжигчин Л.Жамсранжав агсны хүү юм.

Дэлхийн сонгодог бүтээлүүдийн нэг У.Шекспирын  ‘Отелло’ жүжгийн Родриго, ‘Лир ван’ жүжгийн Францын хаан, ‘Гамлет’ жүжгийн Гамлет, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн ‘Тамгагүй төр’ жүжгийн Арчугын гол дүрүүдээр өнөөдөр ч үзэгчдийн сэтгэлд амьдарсаар байгаа нэгэн.

Тэгвэл түүний ээж Б.Нармандахыг монголчууд “Унаган хайр”-ын Б.Нармандах, “Морьтой ч болоосой” киноны Гончиг/ Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Батсүх агсны/ ийн охин гэж ярих нь бий.

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Нармандах нь “Амьдралын алтан хонх”, “Эцсийн тушаал” зэрэг 10 шахам киноны дууг дуулсан байдаг.

Аав, ээжийнх нь авьяас өвлөгдсөнийг үзүүлж, хүү нь одоо гялалзаж байна. Тэрбээр дуулахаас гадна бүжиглэх, хөгжмийн найруулга хийх хоббитой аж.

Дуулсан дуу нь ‘The Voice of Mongoliа’-ын шүүгчдийг суудлаас нь өндөлзүүлээд зогсохгүй шүүгч Н.Ононбатад багт багтаад байгаа.

Д.Гүрсэдийн хүү Сонгодог урлагт зүтгэж байна

“Мандухай цэцэн хатан” киноны Баянмөнх жонон, , “Гэрлэж амжаагүй явна”-ын Энхээ, “Говийн зэрэглээ”-гийн хоёрдугаар нисгэгчийн дүрээр үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн уран бүтээлч бол гавьяат жүжигчин Д.Гүрсэд юм. Одоо ч уран бүтээлээ туурвиж яваа.

Хүү Г.Тулга нь дуучны мэргэжил сонгосноор эдүгээ Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин болжээ.

Өнгөрсөн онд “Монголын кино” үйлдвэрийн уран бүтээлчид уулзахад “Гэрлэж амжаагүй явна” киноны гол дүрүүд голчлон цугларсан нь тус киноны дууг дахин дуулах санаачилга гарч, Д.Гүрсэд гавьяат хүүгээрээ дуулуулахаар болж, яриа өрнүүлсэн нь тун удахгүй биеллээ олох гэж байна.

Гавьяатын ач кино урлагт хүч үзэж байна

‘Маш нууц II’ буюу БАЙТАГ БОГД уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болохоор дуншиж буй.

“Жийж” болон ‘Фантастик’ продакшны уран бүтээлчдийн хоёр дахь уран бүтээл болох энэхүү киног Монгол Улсын гавьяат жүжигчин У.Осорын ач Б.Тамир найруулсан юм.

“Тунгалаг тамир” киноны Даржаа баатар, “Ичээнд нь” киноны Тоодгор, “Моторын дуу” киноны Найдангаас эхлээд “Ардын элч”, “Сэрэлт”, “Төгсгөл”, “Хүргэн хүү”, “Талын цуурай”, “Нөмрөг хадны цуурай”, “Манай аялгуу”, “Хүний мөр”, “Их замын эхэнд”, “Бушхүүгийн үлгэр” зэрэг зуу гаруй кино, жүжигт мөнхөлсөн дүр нь гавьяат жүжигчин У.Осор нь ямар авьяаслаг жүжигчин байсныг хэлээд өгнө.

Харин хүү О.Бат-Өлзийг үзэгчид “Нандин эрдэнэ” киноны хүргэн хүүгийн дүрээр анх танилцсан юм. Өнгөрсөн жил төр түүний хөдөлмөрийг үнэлж, гавьяат жүжигчин цол хүртээсэн.

Аавынхаа мэргэжлийг өвлөсөн хүү анх орчуулгын кинонд дуу оруулснаар урлагийн замд хөл тавьж байсан гэдэг. Хожмоо “Нар сарны зааг”, “Уулын Төмөр”, “Зүрхэнд шивнэсэн үг”, “Чиний эзгүйд” зэрэг киноны найруулагчаар ажилласан бол сүүлийн үед хүү Тамиртайгаа хамтран ажиллах болсон. Тун удахгүй нээлтээ хийх ‘Маш нууц II’ аав, хүү хоёрын гурав дахь бүтээл болно.

Өмнө нь ‘Маш нууц I’, “Зүрхний хилэн” зэрэг кинон дээр хамтран ажилласан юм.

Б.Тамирыг тодотгох бас нэгэн бахархал бол Ардын жүжигчин С.Сарантуяа түүний ээж. “Амьдралын нахиа” киноны Цолмонгийн дүрээр нь монголчууд андахгүй.

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Алтан түлхүүр” жүжгийн Үнэг, “Байцаагч түшмэл”-ийн Мария Антоновна, Ромео Жульетта” –гийн Өрлөг эх, “Саран хөхөө” –гийн Мадимахани, “Шөнө амталсан нулимс”-ын Энхээ, “Кармен” жүжгийн Кармен, “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн Мильфор, “Аянгын бороо” жүжгийн Ши Пи зэрэг 20 шахам тайзны бүтээлийн гол болон туслах дүрүүдийг амилуулсан авьяаслаг уран бүтээлч билээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж