Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2018.02.22-нд нийтлэгдсэн

Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү?

Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү?

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль хийх нөхцөл үүсэж болзошгүй тухай дуулиан дэгдэж эхэллээ. Энэ нь УИХ-ын гишүүн Д.Гантулгад Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, шалгахаар болсонтой холбоотой юм. Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж байгаагаа танилцуулахаар УИХ-ын гишүүн Д.Гантулгад хандсан боловч орон нутагт томилолттой, гадаад явна гэсэн шалтгаанаар хойшлуулсаар иржээ. 

Хуульд зааснаар УИХ-ын гишүүнийг шалгах бол эхэлж  эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой нь танилцуулж, мэдэгдэх хуудас хүргүүлэх ёстой. Хэрэв олон удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзвал хуулийн дагуу шууд баривчилдаг юм байна.  Харин эрүүгийн хэрэг үүсгэсэн, шалгах явцад дуудсан хугацаанд ирэхгүй бол бүрэн эрхийг нь түр түдгэлзүүлэх боломжтой.  Дуудсан цагт нь очвол түдгэлзүүлэх шаардлагагүйгээр хэргийг шалгах боломжтой гэнэ.

Хэрэв УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдвол яах вэ, хууль эрх зүйн ямар зохицуулалт байна вэ?.

УИХ-ын тухай хуулийн 6-р зүйлд гишүүний бүрэн эрхийн хугацааг ямар тохиолдолд дуусгавар болгохыг тодорхой заажээ. Энэ хуулийн 6.6-д дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрх энэ хуулийн 6.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болно.  /6.3 Гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна/ гэж заасан байна. 

  • 6.6.5. Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан
  • 6.6.6. гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Гантулгыг шүүхээр гэм буруутай гэдгийг нь тогтоож, шийтгэх тогтоол нь батлагдвал бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болно гэсэн үг. Гэм буруутай нь тогтоогдвол УИХ-аас ямар нэгэн шийдвэр гарахгүйгээр асуудал шийдэгдэх юм байна.

Мөн энэ хуульд зааснаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороогоор авч хэлэлцэнэ. Тус байнгын хороодын саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, гишүүд нууцаар санал өгч, олонхиор шийдвэрлэнэ. Түүнээс гадна Улсын ерөнхий прокурор УИХ-д гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа хүргүүлэх бөгөөд УИХ эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдэхээр заажээ. Үүнд: 

  • 6.8. Гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ
  • 6.9.Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ

Гэхдээ энэ хуулийн 6.14-т гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэрийг УИХ гаргасан бол баривчлагдсан гишүүнийг нэг цагийн дотор суллана гэсэн заалт ч байна. Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 6.14. “Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэрийг Улсын Их Хурал гаргасан бол баривчлагдсан гишүүнийг нэг цагийн дотор суллана” гэжээ.

Хэнтий аймагт НӨХӨН сонгууль болох уу?

УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэргийг хуулийн байгууллага эцэслэх ёстой. Гэвч эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон дуулиантай зэрэгцэн УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Д.Гантулга гишүүний сонгогдсон хэсэгт нөхөн сонгууль явуулах нь гэсэн ‘бор шувуу’ улс төрийн намуудын дунд нисч эхэллээ.

Үүгээр бол МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өрсөлдөх сонирхол тун өндөр байгаа гэнэ. Учир нь тэрбээр Засгийн газрыг тэргүүлж байгаа ч УИХ-ын гишүүн биш учраас эрх мэдлээ нэмэхийг хүсэж буй бололтой.

МАХН УИХ дахь ганц гишүүнээ хөөх тухай яриа өдөөж, хэрүүл тарьж буй ч дээрх боломжийг алдахгүйг хичээж,  Н.Энхбаяр даргыгаа сойх  сурагтай. Харин Ардчилсан намын хувьд дээрх тойрогт сойх нэр дэвшигчдийн нэрс хөвөрч байна.

Өмнө нь Хэнтий аймгаас сонгогдож байсан УИХ-ын гишүүн асан Д.Гарамгайбаатар,  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар өрсөлдөнө гэх. 

Гэхдээ УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэрэг хэрхэн шийдэгдэхээс Хэнтийд нөхөнсонгууль болох эсэх асуудал сөхөгдөнө гэдгийг дахин тодотгоё.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж