Өмнөд Солонгосын Пёнчан хотод болж буй өвлийн олимпийн XXIII наадмын эхэнд Японы тэшүүрийн тамирчнаас сэргээш илэрч, нутаг буцсан. Олимпийн наадмыг тааруухан мэдээлэлтэй эхэлсэн ч арлын орны баг тамирчид амжилттай оролцож байна. Одоогоор Японы баг тамирчид 3 алт, 5 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байгаа. Гүйлтийн тэшүүр болон уран гулгалтын эрэгтэй ганцаарчилсан төрөлд төрийн дууллаа эгшиглүүлсэн тамирчид нутагтаа болон дэлхий дахинд алдаршаад буй. Тэдний нэг бол энэ жил 23 настай алдарт уран гулгагч Юзүрү Ханю юм. “Сочи 2014” олимпийн наадамд түрүүлж, Пёнчанд хошой аварга болох зорилготой ирсэн тэрбээр энэ зорилгоо биелүүлж чадсан. Түүнийг чөлөөт үзүүлбэрээ үзүүлж дууссаны дараа шүтэн бишрэгчид нь талархлаа илэрхийлж, мөсөн талбайд “Винни пуух” үлдээсэн нь талбай дээр үзүүлсэн амжилтаас илүү содон зүйл байлаа.
Юзүрү Ханю мөсөн талбайд бороо орохыг хөгжөөн дэмжигчдийнхээ дэмжлэгээр харуулж чадсан юм. Мөсөн талбайд олон олон рекорд амжилтыг хийгээд байгаа түүнийг дэлхийн олон сая хүн шүтэж байдаг нь Пёнчаны наадмаар улам тод харагдлаа.
Юзүрү Ханюүг Пёнчанд түрүүлсний дараа Япон улсад түүний зурагтай марк хэвлэлтэнд гарч, борлуулалт сайтай байгаа аж. Мөн төрсөн нутаг болох Сэндай хотын ард иргэд ч марк авахын тулд хэдэн цагаар дугаарлан зогссондоо харамсаагүй гэдгээ хэлж байв.
Юзүрү Ханюүгийн тухай багахан мэдээлэл хүргэхэд, түүнийг дөрвөн настай байхад нь ээж нь эгчийнх нь хамт уран гулгалтын дугуйланд оруулжээ. Тэр цагаас хойш хүүгийн ур чадвар сайжирсаар 10 насандаа Японы шинэ тамирчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, түрүүлсэн нь түүнд улам их урам зориг, хүч тэнхээ өгсөн гэдэг. Мөн багаасаа багтраа өвчтэй байсан ч бүхий л зүйлд тэвчээртэй, тэмцэж чадсан эр зоригтон болжээ.
Пёнчанд ирэхийн өмнө бэртэл авч гурван сар талбайд гараагүй байсан түүнийг олимпийн хошой аварга болно гэдэгт итгэл муутай байсан нэгэн ч бий. Гэсэн ч тэр багийн төрлийн богино үзүүлбэрт оролцож, өөрийгөө ямар байгааг харуулж чадсанаар ганцаарчилсан төрөлдөө түрүүлж, олимпийн хошой аварга боллоо.
Юзүрү Ханюгийн тэмцээн хоёрдугаар сарын 17-ны өдөр болсон бөгөөд тэрбээр ирэх ням гаригт болох гала тоглолтод оролцоно.
Ч.БОЛОР