Сүүлийн үед олны анхаарал татсан зарим хэргүүд шийдвэрлэгдэхгүй удаж олон эргэлзээг дагуулж байна. Тэр дундаа Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь өнгөрсөн онд /2017.11.30/ цахим хуудсаараа дамжуулан эрх бүхий албан тушаалтны хүүхдүүд хар тамхи хэрэглэдэг, өөрийгөө бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээллийг цацсан. Уг хэргийн явц ямар шатанд байгааг Нийслэлийн прокурорын газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор С.Бясман дараах мэдээллийг өгөв.
Хохирогч Н-ийн ар гэрийнхний гомдлын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалган, 2018 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Ингэхдээ хэргийн газар буюу 2015 оны зургаадугаар сарын 16-17-ныг шилжих шөнө тухайн байранд нэр бүхий нийт 19 хүүхэд, залуучууд төрсөн өдөр тэмдэглэж байсан болох нь тогтоогдсон. Дээрх 19 хүнээс өнөөдрийн байдлаар 14 хүнийг олж тогтоон, гэрчээр мэдүүлэг авсан.
Хохирогч Н-ээс түүний өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлэг авах явцад тэрээр мэдүүлэг өгөхөөс татгалзаж, түүний өмгөөлөгчийн саналаар мэдүүлгийг зогсоосон. Мэдүүлгийг хохирогч Н-ээс дахин авахаар мөрдөгч болон прокуророос удаа дараа дуудуулсан боловч өнөөдрийг хүртэл ирээгүй, мөн шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэхээс хохирогч татгалзсан байгаа учраас мөрдөн байцаалтын ажиллагаа удаашралтай явагдаж байна.
Харин эл хэрэгт сэжигтнээр татагдсан Э.Т нар нь эрүүгийн хэрэг нээхээс өмнө буюу асуудал үүсэхээс өмнө гадаад улсад суралцахаар Монгол Улсын хилээр гарсан тул мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр ял сонсгож яллагдагчаар татаагүй тохиолдолд хилийн хязгаарлалт тогтоох, эрэн сурвалжлах гэхчлэн аливаа албадлагын арга хэмжээ авах хууль зүйн үндэслэл байхгүй байгаа. Гэхдээ тэдний эцэг, эхээс тайлбар мэдүүлэг авсан. Цаашид хохирогч Н ба түүний эцэг, эх өмгөөлөгч нарын зүгээс үргэлжлүүлэн мэдүүлэг авах, шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулах нөхцөл боломжоор хангах шаардлага байгаа” гэжээ.
Э.Ариун