Анх 1998 оны Наганогийн өвлийн олимпийн хөтөлбөрт эмэгтэй хоккей багтахад Нэгдсэн улсын бүсгүйчүүд финалын тоглолтод 3:1 харьцаагаар хөрш Канадын шигшээг хожиж, аварга болсноос хойш сэм авгийн бүсгүйчүүд, дөрвөн олимп дараалан агч навчний орны багт хожигдоод байгаа билээ.
Пёнчаны олимпийн эмэгтэйчүүдийн хоккейн финалд IIHF буюу Олон улсын шайбтай хоккейн холбооны чансааны 1, 2-т эрэмблэгддэг АНУ, Канадын шигшээ багууд өрсөлдөхөөр шалгарсан юм.
Сүүлийн дөрвөн удаагийн өвлийн олимпод түрүүлсэн Канадын шигшээ, хагас шигшээд Оросын бүсгүйчүүдийг 5:0-ээр бут ниргэсэн бол сүүлийн гурван олимп дараалан мөнгөн медаль хүртсэн АНУ-ын шигшээ, хагас шигшээд Финляндийн бүсгүйчүүдийг мөн л 5:0 ээр хожин, финалд шалгарсан.
Гэхдээ хоёр баг А хэсэгт хоорондоо таарч, 2:1-ээр Канадын шигшээ хожсон бөгөөд тэд финалд шалгартлаа хожигдол гэдэг зүйлийг амсалгүй явсаар Нэгдсэн улсын багтай тулсан юм.
Өнгөрсөн жил Мичиганд болсон Дэлхийн аваргад Канадын шигшээгийн ихэнхи тоглогчдын нас 30 гарсан, дээр нь хурд саарсан болохыг анзаарсан АНУ-ын шигшээгийн ахлах дасгалжуулагч Роб Стаубер багийн тоглогчдодоо шайбыг арын бүсэд илүү барьж, сөрөг доволгооноор гоолдох тактик баримталсан нь үр дүнгээ өгөв. Эхний үеийн 19 дэх минутад хүний илүү байдлыг ашиглан, хамгаалагч Сидней Морины дамжуулалтаар Хилари Найт гоолдож, 1:0-ээр америкчууд тэргүүлж эхэллээ. Гэсэн ч арын бүсэд хэтэрхий олон оновчгүй дамжуулалт хийсний горыг амсаж, хоёрдугаар үеийн 22, 26 дахь минутад Хейли Ирвин, багийн ахлагч Мари Филип Пулен нар дөрвөн минутын зайтай хоёр гоол оруулан, талбайн эздийн статустай тоглож буй Канадын шигшээ 2:1-ээр тэргүүллийг гартаа авсан юм.
Улмаар гуравдугаар үеийн 53 дахь минутад сөрөг довтолгооноор Жоселин Ламурё тооны харьцааг 2:2 болгон тэнцүүлж, багууд тоглолтын үндсэн цаг болон нэмэлт цагт хэн хэндээ шайб оруулж чадахгүй байсаар Shootout буюу буллитаар ялагчийг тодруулахаар болсон.
Америкийн багаас Жижи Марвин, Аманда Кессел, Жоселин Ламурё нар Канадын багаас Меган Агосте, Мелодие Даоуст нар цохилтоо оновчтой болгосноор 3:2-оор буллит цохилтоор АНУ-ын шигшээ баг гурван олимп дараалан финалд хожигдож байсан хар цувралаа зогсоож, 20 жилийн дараа дахин өвлийн олимпод түрүүллээ. Тэдэнд Азийн олимп ээлтэй байлаа.
Бэлтгэсэн Ю.ЧИНБАЯР