“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э
Жардугаар бүлэг
САЙХАН ҮНЭРТ ЦАНХУЙН ООГ МЭЛРЭГИЙН НУНТГААР СОЛЬЖ, ШИМИЙН ДЭЭД НАРСНЫ МӨӨГИЙГ САРГАЙН ХАНД ДАЛЛАВ
Ши Рэнь, Пин Эрийг ажин хараад: “Ямар явдал болоод тэгж сандарсан бэ” гэсэнд Пин Эр инээж:
-Цөм ертөнцийн хүний санаанд оршгүй зүйл бөгөөд ярихад инээдтэй юм. Дараа чамд ярья. Одоо бас эх зах нь сайн ялгараагүй байна. Үнэндээ, түүнийг ярих зав ч алга… гэтэл Ли Ваний инж ирээд:
-Ээ, Пин эгчтэй энд таарчихлаа. Найнай чамайг хүлээж байна. Хурдан очно уу гэсэнд Пин Эр сандарч: “Очлоо, очлоо” гээд үүд рүү явахад наадуул нь найнай нь өвдсөнөөс хойш одоо тэр бас “Олдошгүй орхоодой” болжээ гэцгээв.
Бао Юй, Цүнь Янийг дуудан ирүүлээд: “Чи эхтэйгээ хамт Бао авхайнд очоод Ин Эрийг нэг сайхан үгээр тайвшруул. Хүнийг уурлуулчихаад дуугүй байж болохгүй” гэсэнд цаадах нь: “Тэгье, тэгье” гээд гарч одов. Бао Юй цонхоор харж хойноос нь “Бао авхайн дэргэд битгий хэлээрэй. Ин Эрийг зэмлэнэ шүү” гэж хашгирав.
Ээж, охин хоёр гудамжаар тайван ярилцсаар явна. Цүнь Янь эхдээ “Таныг тэдний дунд олон таван юм битгий ярь гээд байхад болохгүй юм. Одоо ийм хэрэг гаргаад амрав уу” гэсэнд ээж нь: “Муу өлөгчин минь, дуугүй бай. “Цаас нимгэн боловч чичихээс нааш цоорохгүй, хүн мэргэн боловч хийхээс нааш мэдэхгүй” гэдэгчлэн “Би одоо ойлгоод байхад чи миний амыг асууж байна уу” гэсэнд охин нь инээж:
-Ээж та, энэ айлд хувиа хөөж, хамраа хараад явж байвал алсдаа аминд тустай явдал олон таарна даа. Би танд аминчилж хэлье. Энэ айлын доторх гаднах мань мэтийн хүмүүсийг Бао Юй, тайтайд мэдүүлээд цөмийг гарган тавьж эцэг эхийнх нь дураар болгоно гэж байв. Мөн энээхэн явдлыг хэлэвч сайн учир биш үү гэсэнд эх нь сонсоод баярлаж: “Үнэн үү” гэж асуувал цаадах нь: “Худал хэлж яах юм бэ” гэв. Энэ үгийг сонсоод эмгэн нэг хэсэг мааниа уншив.
Тэднийг Хөн Ү Юаньд очиход, Шюэ Има, Бао Чай, Дай Юй нар хоол идэж байв. Ин Эрийг цай авчрахаар гарах зуур Цүнь Янь эхтэйгээ хүрч ирж уулзаад царайчлан инээж: “Түрүүний хэлсэн үг хэвээс баахан хэтэрсэн тул буруугаа бүрэн хүлээхээр ирлээ. Охин чи, битгий юм санаарай” гэсэнд Ин Эр инээн тайвшираад тэднийг суулган цай аялгалан барив. Ээжохин хоёр уучлал гуйчихаад ажилтай гэж хэлээд яаран гарав. Гэнэт Рүй Гуань гарч ирээд: “Ээж охин хоёрыг хүлээж бай” гэнгүүт тэдэнд цаасанд боодолтой юм өгөөд: “Энэ цанхуйн оог Бан Гуаньд өгөөд, нүүртээ түрх гэж хэлээрэй” гэв. Цүнь Янь инээж: “Тэнд ийм юм байхгүй гэж бодоо юу. Бас боож багласныг нь хараач” гэв. Цаадах нь: “Тэр яасан ч хамаагүй, би өгөхөө л өгнө. Эгч аваачаад л өгчих” гэж гуйв. Цүнь Янь аргагүйдэн авав. Тэднийг буцан очиход Жя Хуань, Жя Цун хоёр Бао Юйн мэндийг мэдэхээр ирж байв. Цүнь Янь эхдээ: “Би ганцаараа оръё. Та хэрэггүй” гэсэнд ээж нь зөвшөөрөв. Үүнээс хойш ээж нь зоргоор аашлахгүй, охиныхоо үгийг дагадаг болов. Цүнь Янийг орж очиход, Бао Юй ирсэнийг нь мэдсэнээ илтгэн зөвхөн толгой дохив. Санааг нь мэдээд охин юм хэлсэнгүй. Жаахан зогсож байгаад гарахдаа Бан Гуань руу нүд ирмэв. Тэрбээр хойноос нь гарч ирсэнд Рүй Гуаний боодолтойг гардуулав. Түүнийг гэртээ ороход нь Бао Юй: “Юү барьж байгаа юм бэ” гэж асуусанд шууд л түүнд өгч үзүүлэхдээ: “Нүүрний үлдэнд түрхдэг цанхуйн оо л байна” гэв. Бао Юй: “Тэр сайн бодож олжээ” гэв.
Жя Хуань тэдний ярихыг сонсоод хүзүү сунган харж үнэртээд, түрийнээсээ нэг цаас гаргаад: “Ах минь надад жаахан өгөөч” гэж гуйв. Бао Юй өгөх янз гаргасанд Бан Гуань, Рүй Гуаний бэлгийг өөр хүнд өгөх дургүй байсан тул хурааж аваад: “Үүнийг битгий задал. Би чамд өөрийг өгье” гэв. Бан Гуань гарч толины хайрцагт өөрийн хэрэглэж байснаа эрж, багварыг нээж үзвэл хоосорсон байсанд гайхаж: “Өглөө овоо үлдсэн юмсан, яачихваа” гэж цаадуулаасаа асуувал цөм мэдэхгүй байв. Шө Юэ: “Түүнийг нэг нь л хэрэглэж дээ. Одоо түүнийг эрээд хаанаас олох вэ. Юу ч гэсэн нэг юм аваад өгчих. Тэр ямар таних юм биш. Түүнийг шалавхан явуул. Бид хоолоо идэцгээе гэв. Бан Гуань яваад мэлрэгийн нунтаг боож аваад ирэв. Жя Хуань баярлаад гараа сарвайсанд цаадах нь ханзан дээр шидэв. Жаал хүү түүнийг шүүрэн авч баярласнаа илэрхийлэн мэхэлзээд гарч одов. Тэрбээр ойрын үед Жя Жэн, Ван Фүрэнь хоёр эзгүй байгааг далимдуулан, элдэв өвчин тоочоод сургуульдаа явахгүй байгаа билээ. Өнөөдөр цанхуйн оо олсон гэж бодоод баяртай ирж Цай Юнийг эрсэнд цаадах нь ээжтэй нь энэ тэрхэнийг яриад сууж байв. Тэрбээр Цай Юнийг баяртай хараад: “Би нэг сайн юм олж ирлээ. Чи нүүрэндээ түрх. Цанхуйн оог үлдэнд түрхвэл, гадуур худалддаг цагаан ооноос дээр гэж чи яриад байдаг биз дээ. Энэ мөн биз. Чи үз” гэсэнд цаадах нь задалж үзээд инээд алдан: “Хэнээс авсан юм бэ” гэсэнд Жя Хуань яаж олсоноо ярив. Цаадах нь инээж: “Тэд юм мэдэхгүй хөдөөний хүүхдийг хуурлаа гэж бодсон байхаа. Энэ чинь цанхуйн оо биш, мэлрэгийн нунтаг байна” гэв. Жя Хуань, нөгөөхөөс илүү улбар өнгөтэйг мэдээд үнэрлэвэл сайхан үнэр гарч байв. Тэгэхээр нь “Энэ тэр оотой адил сайхан үнэртэй байна. Тэр оотой адилхан л сайхан юм байгаа. Чи түрх, түрх. Тэр гадуур худалддаг юмнаас дээр байлгүй” гэж тулгав. Цай Юнь түүнийг нь аваад цаашаа тавьчихав. Эх нь орж ирээд:
-Сайн юмаа чамд өгөх үү. Хэн чамайг тэднээс гуй гэсэн юм бэ. Чамаар тоглож дарлаж байгаа юм. Би бол авч очоод нүүр рүү нь шидчихнэ. Одоо яг л золбинших нь золбиншиж, өеөдөх нь өеөдөж байгаа энэ үеэр амар жимэр байлгалгүй, хэрүүл өдөж өшөөгөө ав. Хоёр сар болсон хойно энэ савыг нь олж гаргаад чамаас хэрэг нэхэхээр юү байна вэ. Чамаас асуусан ч би бас хэлэх үгтэй. Бао Юй бол ах чинь учир дэмий аашилж болохгүй. Гэтэл түүний гэрийн муухай нохойноос хүртэл айж асуухгүй нь юү вэ гэж хэлэв. Жя Хуань эхийнхээ үгийг чагнаад дуугүй л сууна. Харин Цай Юнь сандарч: “Тэгж яаж болох вэ. Хүлээж л байхгүй юү” гэсэнд бага эхнэр: “Чамд хамаагүй ээ. Бүр хамаагүй. Бурууг нь барьж авсан дээр нь, тэр муусайн өлөгчнийг нэг сайн хараасан ч яадаг юм бэ гээд хүүгээ зааж, түй, чам шиг муу үхэж байх нь таарсан өөдгүй амьтан тэр муусайн сэгсгэр охидод муугаа үзүүлэхээс өөр юу байхав. Би чамайг зүгээр нэг хэлэх буюу санаандгүй буруутгавал чи, гүрээнийхээ судсыг гүрвэлзүүлж нүдээ хурцлан, хүйтэн царай харуулна. Тэгдэг мөртөө тэр муусайн сэгсийсэн өлөгчингүүдэд муугаа үзүүлээд дуугүй сууж байна. Энэ айлын хүмүүс чамаас айхуу. Чиний бүтэлгүйг хараад би үнэхээр амь тэнцэх юм гэв.
Жя Хуань эхийн үгийг сонсоод уур нь хүрэвч тэдэн дээр очиж чадахгүй болохоор дэмий л гараа сэжиж эхдээ: “Чи энэ мэт хэлж чадах боловч бас очиж чадахгүй шүү дээ. Намайг турхирч тэнд очуулаад, дараа нь тэд сургууль дээр очоод намайг занчихад чи яах юм бэ. Санаа зовоод л өнгөрнө биз дээ. Надаар хэрэг өдүүлээд, дараа нь хараалгаж зодуулах үеэр чи дуугүй л өнгөрнө. Одоо бас намайг турхирч тэр сэгсгэр охидтой хэрэлдүүлнэ гэнэ. Чи гуравдугаар эгчээс айхгүй очиж чадвал, би чамайг биширнэ гээд эхийнхээ сэтгэлийг хөндтөл цаадах нь үнэн голоосоо уурлаж:
-Энэ өрцийг цоолж гарсан юмнаас айхад хүрвэл би энэ гэрт багтах аргагүй болохнээ гээд нөгөөх цаасан боодлыг шүүрч аваад хүрээлэнгийн зүг шогшин одов. Цай Юнь хориглох гээд чадсангүй. Жя Хуань тоглохоор гараад явчихав. Бага эхнэр хүрээлэнгийн үүдээр ортол өөдөөс нь Оу Гуаний хуурай эх гарч таарав. Түүний уруул ам нь хөхрөөд ууртай явааг хараад эмгэн: “Эй найнай хаачих нь вэ” гэсэнд цаадах нь алгаа ташаад: “Чи хар! Эднийд хааяа ирж ший тоглодог байсан муусайн дуучин нэртэй өлөгчингүүд хүртэл элдэв эсээр хүнийг муучилдаг боллоо. Өөр хүн байсан бол бас яая гэхэд тэр муусайнуудын элэг доог болох хэрэг үү” гэж асуув. Энэ үг эмгэний бодож яваатай яв цав таарсан учир “Чамд юу таарав” гэж асуув. Мөнөөх эхнэр, хүүд нь ооны оронд зүгээр л нэг цэцгийн нунтаг өгснийг хэлсэнд эмгэн: “Найнай минь, чи одоо мэдэж байгаа юмуу. Үүнийг ямар учиртай гэж бодож байна вэ. Өчигдөрхөн энд нэг дуучин охин дураараа цаасан зоос шатаахад нь Бао Юй шууд өмөөрсөн шүү. Бид хүрээлэнд хүмүүс эс бусын юм авч орохыг цээрлэж байхад, тэр зоос шатаахыг зөвшөөрч болохгүй шүү дээ.Чи бодоод үз. Энэ айлд тайтайг тооцохгүй бол хэн нь чам шиг том юм бэ. Чи өөрийгээ өргөж авч явж чадахгүй байна. Хэрэв чи биеэ өргөж байвал хэн чамаас айхгүй вэ. Миний бодлоор бол энэ хэдэн дуучин охин олигтой юм биш. Тэдэнд үг хэлэхэд, тэд хаа хүрнэ вэ. Чи шалавхан ёс журмыг нь бариад хөдлөөч. Би гэрч хэлж өгье. Та үүгээр далимдуулж, сүрээ баахан мандуулбал цаашдын явдалд чинь хэрэг болно шүү. Найнай авхай нар ч таныг хөдөлбөл, тэр өлөгчин охидыг өмөөрч чадахгүй шүү” гэв. Үүнийг сонсоод бага эхнэр зоригжин:
-Цаас шатаасныг би мэдээгүй. Чи надад тодорхой сайхан ярьж өг гэсэнд эмгэн болсон явдлыг бүр нэмэр хачиртай ярив. Тэгээд эмгэн: “Чи ярихаа ярь. Үймж яриа хөөрөө гарвал бид чамайг дэмжинэ” гэж нэмж хэлэв. Бага эхнэр түүний үгэнд бүр зоригжоод Эй Хүэн Юанийг чиглэн яаран явав.
Энэ үед Бао Юй, Дай Юй нар хоол идэцгээж байв. Ши Рэнь Бан Гуань хоёр бага эхнэр орж ирэхийг хараад: ‘Эй найнай хоол зооглогтун. Ямар учраар ийн яаруу явна вэ” гэсэнд цаадах нь үгийн хариу хэлэлгүй шууд тулж очоод, мөнөөх цаасанд боосон нунтагийг нүүр өөд нь шидээд, хуруугаар чичин харааж: “Муу өлөгчин, янхны зулзага чамайг манайх мөнгөөр худалдаж авчраад шийд тоглож сургасан. Манай гуравдугаар зэргийн боол шивэгчингүүд ч чам мэтийн муусайн дуучин өлөгчингүдээс эрхэм дээгүүр шүү. Чи муу хүний урдуур орж хүн дарлана гэнээ. Бао Юй хүнд юм өгөх гэхэд чи хориглож, өөрийнхөө муу юмыг өгөх ямар эрхтэй юм бэ. Жаахан хүүхдийг юм мэдэхгүй гэж ийм юмаар хуурахдаа чи ичихгүй юү. Тэр чинь муу ч гэсэн эдний ах дүү, эдэнтэй адилхан эзэн хүн. Чамд доромжлуулах ёстой юү” гэж загнав. Ийм үгийг Бан Гуань яаж даах вэ. тэрбээр уйлж: “Надад оо байхгүй болохоор оронд нь өгсөн юм. Байхгүй гэвэл итгэхгүй байсан. Миний өгснийг муу гэж хэн хэлэв. Би шийд дуулж байсан нь үнэн. Чи хүнийг өлөгчин мөлөгчин гэдэг чинь юү гэж байгаа юм бэ. Чи энд ирж намайг харааж загнахад хүрээгүй. Намайг анх чи худалдаж аваа ч үгүй. “Өмдгүй ч тэр, өвдөг цоорхой ч тэр” цөмөөрөө адилхан боол. Чи ингэж ааш авир гаргаж юугаа хийнэ вэ” гэж хэгжүүрхсэнд Ши Рэнь түүнийг татан: “Дуугаа бай” гэж хориглов. Энэ зуур бага эхнэр ухасхийн Бан Гуанийг хоёр алгадав. Ши Рэнь: “Эй найнай та, жаахан хүүхэд мэт аашилж юугаа хийнэ. Тэртэй тэргүй наадахыг чинь бид сургана” гэв. Бан Гуань ч алгадуулсандаа уйлж чарлан өнхрөв. Тэгснээ ухасхийн босож: “Чи намайг зодох ёсгүй. Чамд зодуулчихаад би амьд явах хэрэг үү. Дахиад зодоотох” гэнгүүт элэг рүү нь мөргөв. Цөмөөр тэднийг хориглож салгав. Тэгтэл Чин Вэнь, Ши Рэнийг сэм татаад: “Эдний явдалд бүү оролц. Яаж аашлахыг нь харъя. Одоо ингээд мэдэлтэй хүмүүсийг барьж зодож самуурах биз” гэв.
Гаднаас бага эхнэрийн хойноос ирсэн бүлэг хүн орж ирж бах нь ханасан янзтай, цөм маани тоолж: “Ийм өдөр бас байсан байна шүү” гэцгээнэ. Зарим нь Бан Гуаньд өширхөн зодуулсаныг нь хараад бах тав нь ханаж байлаа.
Энэ үед Оу Гуань, Рүй Гуань хоёр тоглож суухад нь Шян Юнь хүн явуулж Бан Гуаний доромжлуулж байгааг дуулгасанд тэд: “Шалавхан очиж, үймүүлэн хорслоо тайлая” гэж хашгирав. Тэд бол хүүхэд учраас нэг нэгийгээ өмгөөлөхийг мэдээд өөр юү ч хайхралгүй, Эй Хүэн Юаньд гүйж ирүүт тэдний нэг нь бага эхнэрийг мөргөсөнд тэрбээр унах шахав. Цаадуул нь уйлж хашгиран бага эхнэрийг бүслээд авахад нь Чин Вэнь салгах гэж оролдов. Ши Рэнь сандарч нэгийг нь татаж, нөгөөг нь алдан тэвдэж: “Та нар яаж байгаа юм бэ. Хилс гүтгүүлсэн, гомдсон бол түүнээ л хэлнэ биз. Ингэж ёс бус аашилж болохгүй” гэж үглэнэ. Бага эхнэр бас арга алдарч дэмий л харааж зүхнэ. Түүний хоёр талаас Рүй Гуань, Оу Гуань хоёр зуурч цаад хоёр нь араас нь түлхэн “Чи биднийг алаатах” гэж шаардана. Тэрүүхэнд Бан Гуань газарт тэрийтэл хэвтээд уйлж байна. Тэднийг ийн зууралдаж байхад нь Чин Вэнь хэдийн хүн гүйлгээд Тань Чүнд хэлүүлсэнд Ёу хатан, Ли Шэнь, Тань Чүнь гурав Пин Эрболон олон хүн дагуулан ирж тэднийг зандран зогсоов. Тэгээд юунаас болсныг лавлавал бага эхнэр уурандаа баахан эх адаггүй юм ярьсанд Ли Шэнь нар хариу дуугарсангүй. Харин мөнөөх дөрвийг тас зандран зэмлэв. Тань Чүнь шүүрс алдаад
-Энэ чинь яаж байгаа нь энэ вэ гэснээ, бага эхнэрт та даанч их уурлах дуртай юмаа. Би тантай нэг юм зөвлөмөөр байна. Шивэгчингүүд эрээд олохгүй байсан нь, та энд уураа гаргаж байсан юмсанж. Та надтай цуг яв гэсэнд Ли Шэнь инээмсэглэн: “Танхимд морилоод очихоор чинь зөвлөлдөе” гэв. Бага эхнэр, тэдний даган явж очоод бас л энэ тэрийг ярьсаар байв. Тань Чүнь:
-Тэр охид чинь жаахан хүүхэд шүү дээ. Дуртай бол тоглож наадаад дургүй бол тоох хэрэггүй. Тэднийг муухай аашилбал муур нохойд маажуулсан юм шиг үзэж яана. Өршөөвөл өршөөгөөд, өршөөхгүй бол гэрийн даамлуудад хэлээд шийтгүүлэх ёстой. Юу гэж өөрийгээ хүндлэхгүй, эрээн мяраанаар хашгирч нэр нүүрээ бардаг юм бэ. Чи Жоу бага эхнэрийг хар! Яагаад түүнийг хүн доромжлохгүй, тэрбээр бас хүнийг ээрэхгүй байна вэ. Та одоо хариад уураа дарж тайтгар! Дэмий чалчдаг муусайн улсын өдөөн хатгасан үгийг сонсох хэрэггүй шүү. Хэрэггүй хүмүүсийн өмнүүр гүйгээд амьтны элэг доог болох хэрэггүй. Цээжинд чинь хичнээн их уур буцалж байвч энэ хэдэн өдөр тэсвэрлэж байгтүн! Тайтайг ирсэн хойно аяндаан зүг чиг гарна гэсэнд цаадах нь хар цагаан дуугүй байж байгаад гарч одов. Түүнийг гармагц Тань Чүнь:
-Өдий насалсан хүн чинь, хүмүүст хайрлагдаж явахыг бодохгүй, хүмүүсийг үймүүлээд л нэр нүүрээ ч бодохгүй байх гэж юү гэсэн үг вэ. Энэ тэгээд нэргүй боолуудын үгэнд бас итгэдэг байхаа. Эргүү тэнэг юмсын үгэнд орж уурлан түүнээ гэмгүй хүмүүст гаргадаг байхаа. Үүнийг хэн өдөөгөөд байгааг олох хэрэгтэй гэж тусгай эрхтэй нэгэнд хэлсэнд цаадах нь дотроо: “Энэ их далайгаас ганц тэвнийг яаж олно доо” гэж бодсон боловч бага эхнэрийн хүмүүс, хүрээний доторх хүмүүсээс асууж судалсанд цаадуул нь “Мэдэхгүй” гэж ганц үгээр асуултыг таглаж байв. Тэгээд Тань Чүньд “Аван асууж байцаах амаргүй тул алгуур аажмаар судалж сураглая. Сэжиг мэдэгдвэл хэлж зохих шийтгэлийг өгүүлье” гэж мэдүүлэв. Тэгсгээд Тань Чүний уур ч намдав. Харин Ай Гуань, Тань Чүньд “Энэ хэрэг цөм Сия эмгэнээс болсон юм. Тэр Бан Гуань энүүнтэй таарахгүй. Үргэлж хэрэг өдөж байдгаас болсон юм. Тэр өдөр Эү Гуанийг хүрээлэнд цаас шатаалаа гэснийг нь Бао Юй хаацайлсан болохоор ховолж чадаагүй. Тэр өдөр би авхайд алчуур аваачиж очиход тэр эмгэн, найнайтай удаан зогсож баахан юм шивэр авир ярьж байсан. Намайг харуут салцгаасан” гэж сэмхэн хэлэв. Тань Чүнь сонсоод, гэмтэй гэж бодсон боловч тэд нар найз нар учраас нэгийгээ хаацайлж байж магадгүй гэж бодоод: “За мэдээл” гэж хүлээж авсан боловч түүгээр иш баримт болгосонгүй.
Мөнөөх эмгэний зээ охин Шиюо Цань бол Тань Чүний дэргэд зарагдаж, үргэлж эдний инж нарт юм худалдаж авчирч өгдөг тул охид цөмөөр сайн байдаг. Энэ өдөр хоолны дараа Тань Чүнь дээд танхимд хэрэг шийтгэж, Цүй Мю гэрээ харж байгаа тул Шиюо Цанийг очоод түүнийг дуудан боорцог худалдаж авчруул гэж захив. Цаадах нь инээж: “Би сая хүрээ хашаа шүүрдээд хөл нуруу өвдөөд байна. Чи өөр хүнийг явуулчих” гэсэнд Цүй Мю инээж: “Би хэнийгээ явуулах вэ. Чи эртхэн оч. Би чамд хэрэгтэй үг хэлж өгье. Чи хойт үүдээр гарахдаа, ээжийгээ болгоомжтой бай гэж хэл” гээд Ай Гуань хөгшин ээжийг нь ховолсон үгийг түүнд хэлж өгөв. Шуо Цань сонсуут зоосоо яаран аваад: “Энэ өлөгчин бас хүнийг муу санадаг байх нь. Чамайг хэлнэ дээ” гэсээр гарч явав. Хойд үүдний дэргэд очиход гал тогооны гэрт сэлүүхэн байсан тул тэд тайзан дээрээ суугаад ярьцгааж байв. Сия эмгэн ч тэдний дунд байв. Шуо Цань нэг эмгэнийг зарж боорцогт явуулаад өөрөө үлдээд өнөөх үгийг эмгэнд хэлэв. Эмгэн ийм үг сонсоод уурласан боловч айж, Оу Гуаниас ч асууж Тань Чүньд гомдлоо хэлнэ гэв. Шуо Цань “Та очоод яаж хэлэх юм бэ. Үүнийг яаж мэдэв гэвэл та юү гэж хариулах вэ. Их муухай юм болно шүү. Настай хүн таныг сэрэмжтэй бай гэж хэлсэн болохоос… Та юунд нь яарав” гэж сануулав.
Тэднийг ийн ярилцаж байтал гэнэт Бан Гуань хүрч ирээд гал тогооны гэрт байгаа Люд “Авга бэргээн, оройн хоолны зуушийг цөм нэгэн адил хөв хүйтэн, хөв хүчтэйг базаагаарай. Тос хийж шандууруулж болохгүй гэж Бао Юй хэлж байна” гэсэнд Лиү эхнэр инээж:
-Мэдлээ. Яагаад чамайг зарж ийм чухал хэл хүргүүлэв. Цээрлэхгүй бол ороод суугаач гэв. Бан Гуанийг дотогш ортол нэг эмгэн пял боорцог барьсаар орж ирэв. Бан Гуань тоглоомоор: “Яасан халуун боорцог вэ, хэн авахуулсан юм бэ. Би амталж үзэх үү” гэсэнд Шиюо Цань санд мэнд шүүрч аваад: “Үүнийг хүн захисан юм. Та нар үүнийг сонирхоно уу” гэсэнд Лиү Эхнэр инээж:
-Бан охион, чи үүнд дуртай бол эгчид чинь сая авсан боорцог байна. Цэв цэвэрхэн шив шинэ гэсээр нэг пял гаргаж, Бан Гуаньд өгөөд, бас нэг сайн цай буцалгаж өгье гээд дотогш орж цай чанаж эхлэв. Бан Гуань тэр боорцоргийг авч Шуо Цаньд харуулан: “Чиний наад боорцогийг хэн сонирхох вэ. Энд боорцог байна. Би зүгээр тоглоомоор хэлсэн юм. Чи над мөргөж гуйсан ч би наадахыг чинь идэхгүй” гээд боорцогноосоо нэг хэсгийг холтлон авч болжморуудад хаяж наадна. Тэгээд инээн: “Авга бэргээн, ат битгий зов. Эргэж ирэхдээ би хоёр жин авчирч өгье” гэв. Шиюо Цань уурсан “Аянгат тэнгэрийн аав нүдтэй мөртөө яагаад үүнийг ниргэхгүй байна” гэв. Цаадуул нь: “Өдөр бүр уулзалддаг мөртөө хавиралдаж юугаа хийнэ” гэж аргадав. Ухаанатй зарим нь, тэдний хэл амаа билүүдэхээс төвөгшөөж шалавхан холдов. Шуо Цань ч олон юм ярих зориггүй болоод амандаа нэг юм дүдэгнэсээр цааш явав. Лю эхнэр, хүмүүс тарсаныг хараад Бан Гуаниас “Тэр өдрийн тэр үгийг хэлсэн үү” гэж асуусанд цаадах нь: “Хэлсээн. Түүний учрыг хэдэн өдрийн дараа дахиад дурьдая. Үхэж байх нь таарсан тэр бага эхнэр гайхал надтай нэг удаа хэрэлдсэн юм. Тэр өдрийн саргай цэцгийн хандыг уусан уу. Тэр сайжирч байна уу” гэж асуув. Цаадах нь бүгдийг уучихсаан. Түүнийг орхоодой мэт хайрлах мөртөө дахиад чамаас гуйж чадахгүй л байгаа гэв. Бан Гуань “Хамаагүй ээ, би дахиад олдохын хэрээр олж өгье” гэв.
Энэ Лю эхнэр, энэ жил арван зургаатай охинтой юм. Хэдий тогооч хүний охин боловч Пин Эр, Ши Рэнь, Юань Ян, Зы Жюань нараас дутахааргүй төрсөн ажээ. Тавдугаар сард төрсөн тул Эү Эл гэж дуудна. Харин бие сул дорой учраас ажил хийлгээгүй байгаа юм гэнэ. Харин ойрноос л ээж нь, Бао Юйн гэрт инж олон, ажил хөнгөнөөс гадна тэрбээр хожим зарц нараа явуулдаг учир тэнд аваачиж оруулахыг боддог юм байна. Арга замыг нь нэг л олохгүй байлаа. Энэ Лю эхнэр бол угаасаа Ли Шян Юаньд зарц байсан бөгөөд Бан Гуань мэтийн хүүхдүүдийг бусад хуурай эхээс нь илүү дотно сайхан асарч байсан тул тэр охидууд түүнд маш сайн байжээ. Тэгтэл завшаан таарч Бан Гуань, Бао Юйн тэнд очсон учир түүнийг гуйжээ. Тэгтэл Бао Юй ч зөвшөөрсөн байна. Харин охины нь бие өвдөж, өөр ч учир гарсан тул ажилд орж завдаагүй байгаа ажээ. Энэ талаар үл өгүүлэн өгүүлэх нь:
Бан Гуань хариад энэ талаар Бао Юйд хэлэв. Бао Юйд, бага эхнэртэй хэрэлдэж хэл ам болсонд тааламжгүй болж дуугарч ч болохгүй, дуугарахгүй байж ч болохгүй байсаар хэрүүл маргаан дууссан хойно Тань Чүнь түүнийг аваачиж ятгасныг сонсоод, сая Бан Гуаньд ойлгуулан, гал тогооны гэр рүү явуулж үг хэлүүлсэн ажээ. Одоо тэрбээр буцаж ирээд саргай цэцгийн ханд аваачиж Лиү Эү элд өгөх гэсэнд Бао Юй: “Надад байна. Би дэмий нэг их хэрэглэхгүй болохоор бүгдийг өгсөн ч болно” гээд Ши Рэньд хэлээд авчруулав. Тэр лонхонд базаалтай их байхгүйг хараад чамалсан ч цөмийг өг гээд Бан Гуаньд өгөв. Түүнийг нь аваад мөнөөх тогооч эхнэрт өгөхөөр явав. Энэ үед тогооч, охиноо дагуулан гадуур явж уйтгарыг нь сэргээгээд гал тогооныхоо гэрт ирээд амсхийн цай ууж суув. Таван ямхын хэр бяцхан шилэн лонх барьсаар Бан Гуанийг орж ирэхийг хараад Бао Юйн уудаг оросын үзэмний архи юм болов уу гэж санацгаажээ. Тэгтэл тэр нь тэдний хүссэн ханд байлаа. Ээж, охин хоёр яарч: “Шанага авчраад ус буцалгая. Алив чи суугаач” гэсэнд Бан Гуань: “Бага л үлдэж дээ. Гэхдээ чамд лонхоор нь өглөө” гээд инээв. Охин, Бан Гуаньд талархаад:
-Өнөөдөр бие гайгүй болохоор гадуур жаахан сэлгүүцлээ. Хойгуур жаахан явсан чинь, үхэр чулуу, бүдүүн мод, байшингийн арын хэрэм л харлаа. Өөр үзүүштэй юм ч харагдсангүй гэхэд нь Бан Гуань:
-Өө чи, урагшаа очих байсан юм гэсэнд ээж нь:
-Би үүнийг одоохондоо урагш очуулахгүй байгаа юм. Охидууд, үүнийг сайн танихгүй. Бас ч таарамжгүй хүн тааралдвал хэл амны нэмэр. Харин чи үүнийг маргааш дагуулж яваарай. Явах газар байвал дагуулах хүн мундахгүй. Чи нэг хаширтал нь тойроотох гэсэнд цаадах нь:
-Намайг байхад, битгий зов гэв. Тогооч эхнэр:
-Бурхан минь, охин минь. Бид нэр нүүртэй улс биш. Та нартай зэрэгцэхгүй шүү гэсээр цай аягалж авчрав. Бан Гуань цай уулгүй, амаа зайлаад явах гэсэнд тогооч:
-Энд би юм хийгээд байна. Охин минь гаргаж өг гэв. Тэрбээр Бан Гуанийг гаргаж явахдаа “Чи миний хүссэнийг хэлэв үү” гэсэнд цаадах нь:
-Би чамайг хуурна гэж үү. Тэнд яг хоёр хүний ор дутуу байгаа юм. Нэг нь Шуо Хунийх. Лянь эл найнай аваачаад орны нь хүнийг өдий болтол өгөөгүй байгаа юм. Нөгөөх нь Жю Эрийнх. Бас л өгөөгүй байгаа юм. Уг нь одоо ч чамайг авахад болохоор байгаа юм. Пин Эр, Ши Рэнь хоёрын ярихыг сонсвол, одоо хүн авах, зоос зарах хоёрыг азнаж бай. Гудгаар авхай хянаж байна гэж ярьцгаадаг. Тэрбээр хоёр гурван ч удаа саналыг нь зөвшөөрөлгүй буцаасан гэсэн. Ийм байхад мэдсээр байж гуйж мөргөөд яахав. Хэдэн үг хэлээд л няцаалгах нь төвөгтэй юм гэцгээдэг. Ингэсгээд Лао тайтай, их тайтайгийн сэтгэл тайвширвал, тэгсгээд тэнгэрийн чинээ их хэргийг ч настайчуудад хэлбэл бүтэхгүй гэж ёсгүй болно гэв.
Цаадах нь: “Хэдий тийм боловчби тэвдүү зантай болохоор тэвчихэд хэцүү л байна. Завшаан болж энд орчихвол, хамгийн урьдаар ээжийнхээ асарч хүн хийсэнийг хөсөрдүүлэхгүй байж, санаа сэтгэлийг нь гүйцээж чадна гэж боддог. Дараа нь би мөнгө олбол гэрийнхээ зардлыг хөнгөвчлөхийг бодно. Би сэтгэл санаагаа сэргээвэл өвчнөөсөө салах байх гэж боддог” гэж ярив. Бан Гуань үгийн нь хариуд: “За би санаагий чинь мэдлээ. Тайван байж бай” гэж хэлээд явав. Энэ охины сэтгэл ч тайвширч, түүний хэлснийг ээждээ хэлж баярлуулав. Ээж нь: “Энэ юмыг дахиж олоход хэцүү. Энэ үнэтэй, ховор эд боловч их хэрэглэвэл халуудна. Тэгэхээр энүүнээс чинь, хүнд жаахан өгье, түүнд тус болог” гэсэнд охин: “Хэнд өгөх нь вэ” гэсэнд ээж нь: “Үеэл ахад чинь жаахан өгье. Тэрний халуурдаг өвчин, ийм юм уухыг шаардаж байгаа юм” гээд хагас цөгц хийж авав. Үлдсэнийг нь охин, гал тогооны гэрийн хоргонд аваачиж хийв. Тэгээд охин нь: “Уг нь түүнд өгөх хэрэггүй юм. Хүн асууж сураад байвал төвөг болно” гэсэнд ээж нь “Энээхэнээс айх юу байхав. Бид зовож зүдэрч явж л жаахан юм олоо биз. Ямар хулгайлсан биш” гээд төдий л хайхарсангүй, ахынхаа гэр рүү явав. Тэднийд ороход ач хөвгүүн нь ор дээрээ хэвтэж байв. Түүнийг хараад гэрийнхэн цөм баярлав. Тэрбээр хэдэн үг солиод аваачсан юмаа цаасаар бүтээж ширээн дээр нь тавив.
Энэ хэр тэр хавийн хэдэн хүүхэд, түүний ач хөвгүүнтэй хамт тоглодог найз нар эргэж ирэв. Тэдний дунд Чиянь Хувай гэгч, Зоу бага эхнэрийн садангийн нэг банди байв. Тэрбээр Жя Хуаньтай хамт суралцдаг ажээ. Эцэг эх нь сангийн дансны ажил хийдэг юм гэнэ. Тэднийх чинээлэг амьдралтай, бэр буулгаагүй байгаа тул Лиү овогтын охин Эү Элийн өнгө зүсийг хараад эцэг эхдээ хэлж гэргий болгохоор шийдсэн ажээ. Бас зууч олж дахин давтан гуйлгажээ. Эцэг эх нь түүнийг өгөх дуртай байвч Оу Эр зөвшөөрөхгүй байснаас шууд хэлээгүй боловч яриаг тасалжээ. Ингээд эцэг эх нь толгой мэдэж дийлсэнгүй. Тэгсгээд тэр хэргийг мартаж орхиод, хэдэн жилийн дараа гаднаас хүргэн сонгохыг бодож байлаа. Чиянь Хувайн гэрийнхэн ч бэр гуйхаа болив. Харин залуу л Эү Элийг аваагүйдээ гутран ичингүйрч, заавал түүнтэй ураг холбож санасандаа хүрнэ гэж шүд зуун бодно.
Энэ өдөр бусдын хамт Лю овогтын ач хөвгүүнийг эргэж ирэхдээ санаандгүй Лиү эхнэртэй таарчихжээ. Мөнөөх эхнэр ч залууг хараад, ажил их гэдгээр шалтаглан түргэн явав. Ах, бэргэн нь сандарч: “Авга эгч минь, юунд цай уухгүйгээр яарав” гэсэнд цаадах нь: “Би чинь тогооч хүн болохоор, хоол бушуул гэхээс айх юм. Би дараа ирнээ” гэв. Бэргэн нь гарахдаа, шургуулганаас нэг боодолтой юм авч, түүнийг хэрмийн хаалганд хүргэсэний дараа гардуулж өгөхдөө инээн:
-Энэ бол үүдэн дээр жасаа халалцахад ахын чинь олсон эд юм. Таван өдөр ээлжгүй жасаанд суугаад юм олоогүй байсан чинь, өчигдөр л Гуандуны ноён бараалхахаар ирэхэд нь түүнд хоёрбяцхан сагс нарсны мөөг өгсөний нэгийг үүд харагчдад бэлэглэсэнд ахад чинь жаахан олджээ. Өчигдөр орой би үзсэн чинь жигтэйхэн сайхан цас цагаан юм байна. Хүний хөхний сүүтэй найруулаад өглөө бүр нэг хундага уувал их тэжээл болно. Хүний сүүгүй бол үнээний сүүтэй зуурсан ч болно. Бас суулгүй бол буцалсан ус ч болно. Үүнийг зээ охинд идүүлбэл яг таарна гэж бодоод, өглөө нэг охиноор хүргүүлсэнд танай үүд оньслоотой гэнэ. Зээ охин ч бас хүрээнд очсон гэнэ. Тэгээд би охиныг эргэх далимд аваачиж өгье гэж бодож байлаа. Гэхдээ эзэн нь гэртээ байхгүй, харуул манаа чанга газарт, алба ажилгүй хүн дэмий гүйж юү хийх вэ гэж бас бодлоо. Тэгсэн чинь, энэ хоёр өдөр хүрээнд хэрүүл шуугиан гарч байна гэж дуулаад, түүнд хамрагдвал дэмий юм болно гэж ч бодсоон. Ашгүй, авга эгч ирсэн нь юутай сайн юм бэ. Үүнийг одоо өөрөө аваад яв гэж хэлэв. Лю эхнэр талархаад салж явсаар явган хаалга хүрсэнд нэг бяцхан хөвгүүн инээсээр: “Та хаачив аа. Таныг дотроос хоёр гурван удаа дуудуулж бид бас энүүгээр тэнүүгээр эрсээн. Тахаанаас ирж байгаа юм бэ. Лав гэрээсээ ирсэнгүй” гэсэнд авгай инээн: “Энэ бэлтрэгийг хараач. Бас надтай дэмий юм ярих нь.Мөд мэднээ” гэв.
Чухам юу болсныг мэдсүгэй хэмээвээс дараах бүлэгт үзтүгэй!
Холбоотой мэдээ