Урт удаан , эрүүл амьдрахад хоолны дэглэм, амьдралын хэв маягийн аль нь чухал болох талаар маргаан байнга үүсдэг. Харин Пакистаны хойд хэсэг дэх уулархаг хөндийд урт удаан, эрүүл амьдралын нууцыг тээсэн ард түмэн амьдардаг ажээ.
Дэлхийн хамгийн алслагдсан, бөглүү нутагт эгэл жирийн амьдардаг Ханза хүмүүсийн дундаж наслалт нь 120 гэнэ. Дэлхийн хүн амын дундах нас баралтын гол шалтгаан болж буй зүрх, судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижингийн талаар Ханза хүмүүс огт мэдэхгүй.
Анх 1961 онд Др Роберт МакКаррисон “Эрдсийн дутагдал өвчний судалгаа” номдоо Ханза омгийнхны хачирхалтай урт насалдаг тухай бичсэн юм. Үүний дараа Др Жэй Хоффман тэрхүү урт насалдаг хүмүүсийн тухай илүү их зүйл олж мэдэхээр Пакистаны Ханза хөндий рүү аялсан билээ. Др Жэй Хоффман 1968 онд тэрхүү сонин, содон хүмүүсийн тухай “Ханза: Дэлхий дээрх хамгийн эрүүл, урт насалдаг хүмүүсийн нууц” номоо бичсэн билээ. Ингэж судлаачдын ачаар орчин үеийн соёлт хүн төрөлхтөн нууцлаг ард түмний тухай мэддэг болсон юм.
Ханза хүмүүсийн урт наслалтын нууц
Др МакКаррисоны судалснаар Ханза хүмүүсийн уламжлалт хоол хүнс тун ховор онцлогтойгоос гадна тэд хатаасан чангаанзны үрээс илчлэгийн дийлэнх хувийг авдаг ажээ.
Орчин үеийн шинжлэх ухаан хатаасан чангаанзны үрэнд B17 их хэмжээгээр агуулагддагийг нотолсон юм. Тэгэхээр энэ омгийн хүмүүсийн витамины хэрэглээ жирийн америк хүний хэрэглэдэг хэмжээнээс 200 дахин их гэсэн үг юм.
Ханза хүмүүс хорт хавдар огт тусдаггүй шалтгааныг судалсан эрдэмтэн Эрнст Кребс хорт хавдрын эсрэг “laetrile” нэртэй бэлдмэл гаргасан юм. Уг эмийн үр нөлөө сайн байсан ч АНУ-ын Хүнс, эм, бэлдмэлийн хяналтын газраас “laetrile”-ийг хориглосон билээ.
Пакистан хүний дундаж наслалт 67 бол, Ханза сууринд 100 настай хүн өндөр настайд тооцогддоггүй байна. 100 нас хүрсэн ч тэд бусадтай адил ажил, хөдөлмөр хийж, сэргэлэн цовоо хэвээр байдаг ажээ. Ханза эмэгтэйчүүд наснаасаа залуу харагдах нь түгээмэл. Тэдэнд өтлөлт, хөгшрөлтөөс хамгаалах төрөлхийн дархлаа суусан байдаг ажээ.
Ханза хүмүүсийн гол хоол хүнс нь жимс, жимсгэнэ, хүнсний ногоо юм. Тэд алим,лийр, тоор, чангаанз, хад, интоор зэрэг жимс болон төмс, лууван болон ногоон ургамлуудад дуртай ажээ. Дээр нь самар, ялангуяа ойн самар их иддэг байна. Тэд мөн тахианы мах, үнээний сүү, тараг, бяслаг болон гурвалжин будаа, шар будаа, гүц будаа болон улаан буудай хэрэглэдэг. Түүнчлэн Ханза хүмүүс эрдсээр баялаг мөнх цэвдгийн уснаас өөр ус бараг хэрэглэдэггүй учраас охид, бүсгүйчүүдийнх нь арьс толигор байдаг гэнэ. Тэд дарсыг зөвхөн эмчилгээнд хаяа хэрэглэдэг байна.
Ханза хүмүүс өдөрт хоёр удаа хооллож, биеийн хүч шаардсан олон төрлийн ажил хөдөлмөр эрхэлдэг учраас амьдралын идэвхтэй хэв маягтай хүмүүст тооцогдоно.
Тиймээс тэд жирийн америк хүнээс бага илчлэгтэй хоол идэж, илүү идэвхтэй амьдардаг гэсэн үг. Ханза хүн өдөрт дунджаар 2000 илчлэг хоол хүнснээс авдаг бол жирийн америк хүн өдөрт дунджаар 3000 илчлэг хэрэглэгдэг ажээ.
Стресс, бухимдлыг мэддэггүй хүмүүс
Ханза хүмүүс огт бухимдаж, цухалддаггүй. Тэд царайдаа үргэлж инээмсэглэл тодруулж явдаг. Стресс, бухимдал, уур уцаар гэдгийг тэд мэдэхгүй. Ямар ч стрессгүй амьдрал нь тэдний стрессээс үүдэлтэй өвчин, өөртөө итгэлгүй байдал, зовлон шаналал зэргээс хол байлгадаг.
Ханза хүмүүсийн урт удаан, эрүүл амьдардгийн бас нэг нууц нь жил бүр хоёроос дөрвөн сарын хугацаатай мацаг барьдагтай холбоотой. Мацаг барьж буй үедээ тэд хатаасан чангаанзны шүүс л уудаг ажээ. Эрт дээр үеэс улбаатай энэ уламжлалт одоо ч хэвээрээ.
Тэд мөн эрт дээр үеэс йогоор хичээллэж ирсэн амьсгалын мастерууд юм. Юунд ч бухимдаж, уцаарладаггүй Ханза хүмүүс өдрийг бясалгалаар эхэлдэг.
Тэд өчигдрийн зүйлийг өнгөрсөнд нь үлдээж, маргаашийн зүйлийг ирээдүйд нь орхин, үргэлж өнөөдрөөр амьдардаг.