БНСУ-ын Пёнчан хотод болж буй өвлийн олимпийн наадам өндөрлөхөд ердөө гурван өдрийн тэмцээн уралдаан үлдлээ. Наадмын хаалтын ажиллагаа ирэх ням гаригийн 20.00 цагаас эхлэх юм.
‘Пёнчан 2018’ наадмын 15 дахь өдөр шийдвэрлэх олон тэмцээн уралдаан хүлээж байна. Хамгийн их хүлээлттэй байгаа уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн медальтнууд өнөөдөр тодорно. Энэ төрөлд 30 уран гулгагч богино үзүүлбэрт оролцсоноос өнөөдөр болох чөлөөт үзүүлбэрт 24 нь шалгараад байгаа. Оросын олимпийн багийн оролцогчид энэ наадамд онцгойрч байна.
15 настай Алина Загитова, 18 настай Евгений Медведева богино үзүүлбэрт хоёул дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон. Эхлээд Е.Медведев гүйцэтгэлээ амжилттай хийж, 81,61 оноог аван дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон. Тэгвэл үүнээс 10 минутын дараа Алина Загитова 82,92 оноогоор Медведевийн амжилтыг ахиулсан юм. Уран гулгалтын тэмцээний үеэр рекорд амжилтыг ийм богино хугацаанд шинэчилсэн тохиолдол үгүй. Онцгой бэлтгэлтэй байж, оросуудад баяр жаргал, хүсэл тэмүүлэл авчирч буй тэдний хэн нь өнөөдөр онцгой байхыг дэлхийн сая сая үзэгчид хүлээж байна.
Өнөөдөр Татар гаралтай Алина Загитова юу эсвэл дэлхийн хошой аварга Евгений Медведев олимпийн аварга болох эсэх нь хэдхэн цагийн дараа тодорно. Энэ төрлийн хүрэл медалийн төлөөх өрсөлдөөн ч хүчтэй болно.
Богино үзүүлбэрт авсан оноогоор Канадын Кэйтлин Осмонд, Японы Сатако Мияхара, Сакамото болон дэлхийн аварга, “Сочи 2014” олимпийн наадмын хүрэл медальт Италийн Каролина Костнер 3-6-р байрт бичигдэж байгаа. Тэд өнөөдөр мөсөн дээр сурсан бүхнээ дээд цэгт нь тултал хийнэ. Энэ жил 31 настай Костнер олимпийн хошой медальтай болох уу эсвэл Канад, Японы залуу гулгагчид олимпийн медалийг хүртэх эсэх нь тун удахгүй тодорхой болох юм.
Алина Загитова, Евгений Медведева нарын богино үзүүлбэрийн БИЧЛЭГ: