Монголбанкны цаг үеийн асуудлаар өнөөдөр /2018.02.22/ мэдээлэл хийсэн. Энэ үеэр Монголбанкны Хяналт шалгалтын газрын дарга Н.Батсайхан сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээний дүн эцэслэж гарсан уу?
-Активын чанарын үнэлгээний дүн гарсан. Шалгалтын дүнгээр ойролцоогоор ДНБ-ий хоёр орчим хувьтай тэнцэх өөрийн хөрөнгийн дутагдал гарсан. Гэсэн хэдий ч банкны системийн үзүүлэлтүүд сайн гарсан. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 13,7 хувьтай, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 45 хувьтай байна.
Монголбанкны бодлогоор ерөнхий системийн дутагдлыг олон нийтэд мэдээлнэ. Бусад мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулах боломжгүй. Активын чанарын үнэлгээний зорилго нь хэдий хэмжээний өөрийн хөрөнгө вэ гэдгийг тодорхойлох зорилттой.
-Активын чанарын үнэлгээний шалгалт хийсэн жил хямралтгүй байсан учраас эдийн засаг өссөн буюу 2017 оноор үнэлгээ хийнэ гэж тохируулга хийж байгаа гэсэн. Тэрийг тайлбарлаж өгнө үү?
-Активын чанарын үнэлгээг 2016 оны эцсээр хийсэн. Тухайн жил эдийн засгийн мөчлөгөөр нилээн муу үзүүлэлттэй байсан. Активын чанарын үнэлгээ хийх, сонгон шалгаруулалт зарлах, бэлтгэл ажил шаардлагатай байсан. Багагүй хугацааны дараа банкуудад материаллаг өөрчлөлт орж, 2017 онд эдийн засагт сэргэлт ажиглагдсан учраас активын чанарын үнэлгээг 2017 оны гуравдугаар улирлаар хийх нь зүйтэй гэж ОУВС-тай тохиролцож, дүнгээ гаргасан.
-Системийн дутагдал гэдэгт юу орох вэ?
-Банкны системийн өөрийн хөрөнгийн дутагдлын хэмжээ гэсэн үг.
-Активын чанарын үнэлгээний хүрээнд арилжааны банкууд бүгд өөрийн хөрөнгө нэмэх шаардлагатай гэсэн үг үү?
-ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжиж дуустал банкны салбар эрүүл үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн шаардлага тавьсан. Тиймээс 2020 он хүртэл банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан. 2020 он хүртэл эдийн засаг ямар сценариар явах вэ гэдэг прогнозыг банкуудад өгсөн байгаа. Үүн дагуу банкууд бизнес төлөвлөгөө болон өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө Монголбанкинд ирүүлэх ёстой. Ирэх гуравдугаар сард багтааж шийдвэрээ гаргаж, мэдэгдэнэ.
-Шалгалтын дүнгээр 14 банк бүгдээрээ өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан гэж ойлгож болох уу. Яагаад бүгд өөрийн хөрөнгөө нэмэх шаардлагатай болов. Ямар шалгуур тавьсан учраас банкууд бүдрэв. Монголбанкны хяналт шалгалтын газар банкуудад хяналтаа тогтмол тавьж ирсэн гэж хэлдэг?
-14 банк бүдэрсэн гэж ойлгож болохгүй. 2020 он хүртэл банкны салбар эрүүл байхын тулд хэдий хэмжээний өөрийн хөрөнгө босгох вэ гэдэгт банк бүр хариулна. Шалгалтын үр дүнгээр бүгдэд нь асуудал гараагүй. Цаашид системийн үйл ажиллагааг эрүүл байлгах төлөвлөгөөгөө ирүүлэхийг л шаардаж байгаа юм.
-ОУВС-гаар дамжин орж ирж байгаа хөрөнгийг юунд зарцуулж байгаа вэ?
-Хөтөлбөрийн хүрээнд ОУВС болон дагалдах донор орнууд санхүүжилт олгож байгаа. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон, БНСУ, БНХАУ зэрэг донор орнуудаас санхүүжилт орж ирж байгаа. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд нийт 5,5 тэрбум ам.доллар орж ирэхээс 500 гаруй сая ам.долларыг ОУВС гаргадаг. ОУВС-гаас орж ирэх зээл бол аливаа зүйл зарцуулагдахгүй Төвбанкны тэнцэлд байж байгаад буцаж төлөгддөг.
-Сүүлийн үед Ипотекийн зээлийн урьдчилгааг 25 хувь болгоно, хүүг нь бууруулна гэсэн мэдээлэл гарч байгаа. Засгийн газар ч тодорхой байр суурь илэрхийлж байна. Ер нь бол 30 хувийн урьдчилгаагаа төлөөд орон сууцанд орох иргэдийн зах зээл ханасан гэж зарим эдийн засагчид онцолдог. Ипотекийн зээлийн урьдчилгаа, хүүг бууруулах боломж бий юу?
-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэхээр болсон. 2018 оны есдүгээр сард бүрэн шилжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хүрээнд Засгийн газар өөрөө хөтөлбөрийг цааш хэрхэн хэрэгжүүлэх талаараа Дэлхийн банкнаас зөвлөгөө авч, журам боловсруулахаар хэд хэдэн санал ярьж байгаа гэж сонссон. Энэ талаар эцэслэгдсэн шийдвэр гараагүй байгаа.
Монголбанкны зүгээс Засгийн газарт саналаа хүргүүлсэн. Яг одоогийн байдлаар Ипотекийн зээлийн хөтөлбөр Монголбанкны эзэмших хувь буюу Ипотекийн зээлийн бондоор баталгаажсан үндсэн төлбөрийн төлөлтөөс тодорхой сан үүсгэж, арилжааны банкуудад хуваарилаад явж байна. Төвбанкны үнэт цаасны хүү 11 хувь байгаа учраас найман хувийн хүү нь Монголын түвшинд харьцангуй бага түвшинд байгаа.
-УИХ-аас Төв банктай холбоотой хоёр хууль батлагдах үеэр зээлийн хүүнд хязгаар тогтоох боломжтой, боломжгүй гэдэг асуудал хөндөгдсөн. Энэ талаар ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа гэсэн. Ажлын явц ямар байгаа вэ?
-Төв банкны тухай болон Банкны тухай хуулийг батлах үеэр зээлийн хүүгийн асуудал их яригдсан ч хуульд тусгагдаагүй. Гэхдээ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдаж, зээлийн хүүгийн асуудлыг судлахаар ажиллаж байгаа. Ажлын хэсгээс удахгүй шийдвэрээ танилцуулах байх.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаалсан. Гэтэл сүүлийн үед Стандарт банкийг БНХАУ-ын нэг банк худалдаж авсан гэсэн мэдээлэл гараад байгаа. Тус банк одоо аль улсын эзэмшилд байна вэ. "Стандарт" банкийг худалдаж авсан БНХАУ-ын банк Монголд салбараа нээх хүсэлтээ Монголбанкинд өгч байсан гэсэн мэдээлэл байна?
-"Стандарт" банкны талаар одоохондоо ямар нэг мэдээлэл ирээгүй байна.
-АТМ-ээр үйлчлүүлж байгаа иргэд 500 төгрөгийн шимтгэл төлж байгаад маш их бухимдалтай байна. Монголбанк энэ тал дээр арга хэмжээ авах боломжтой юу?
-Тэр бол хоёр банк хоорондоо гүйлгээ хийхийн тулд техник, технологи, ажиллах хүч зэрэгт зориулж авч байгаа төлбөр.
Ш.ЧИМЭГ