Монголбанкнаас өнөөдөр /2018.02.22/ 2017 оны статистик мэдээллийг танилцууллаа. Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт, гадаад өр, зээл, ипотекийн зээл зэрэг онцлох мэдээллүүдийн статистик тоон мэдээллийг товчлон хүргэе.
МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 15,8 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЭВ
2018 оны нэгдүгээр сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт 15,8 их наяд төгрөгт хүрчээ.
Өмнөх оны мөн үеэс 31,7 хувиар өссөн байна. Нийт мөнгөний нийлүүлэлтийн 55 хувь нь төгрөгийн хадгаламж бүрдүүлжээ. Мөн 15 хувийг валютын хадгаламж, 13 хувийг төгрөгийн харилцах, гурван хувийг банкнаас гадуурх мөнгө, 13 хувийг валютын харилцах гүйлгээ эзэлж байна. Иргэд, байгууллагууд сүүлийн гурван сарын хугацаанд валютын хадгаламжаас төгрөгийн хадгаламж рүү шилжүүлж байгаа нь мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхэд гол нөлөө үзүүлсэн байна. Гадаад валютын ханштай холбоотойгоор иргэд, байгууллага төгрөгийн хадгаламжаа нэмэгдүүлж байгаа гэдгийг Монголбанкнаас онцоллоо.
Нийт зээл 13,5 их наяд төгрөгт хүрчээ
Энэ зээлийн хамгийн их буюу 22 хувь нь цалин, тэтгэврийн зориулалтаар олгогдсон байна.
Худалдааны салбарт 14 хувь, үл хөдлөх 13 хувь буюу олон нь ипотекийн зээл эзэлж байна. Мөн боловсруулах, барилга, уул уурхай, санхүү, даатгал, хөдөө аж ахуй зэрэг салбаруудад зээл олгогдсон байна. Нийт зээлийн 8,8 хувь буюу 1,2 тэрбум төгрөг нь чанаргүй зээл, 6,9 хувь нь буюу 931,9 тэрбум төгрөгийн зээл хугацаа хэтэрсэн байна. Чанаргүй зээлүүдийн 23,7 хувь нь уул уурхайн олборлолтын салбарт олгосон зээл байжээ. 2018 оны нэгдүгээр сард 1,1 их наядын зээл олгогдсоны 85 хувь нь төгрөгөөр олгосон зээл байсан байна. Төгрөгийн зээл нь 19,4 хувь, гадаад валютын зээл 10,8 хувийн хүүтэйгээр олгогджээ. Нийт зээлийн 18,2 хувь нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар зээл авсан бол 40,3 мянган иргэн, 5,5 мянган аж ахуй нэгж зээл авчээ.
Ипотекийн зээлийг 93147 иргэн авчээ
2018 оны нэгдүгээр сарын байдлаар ипотекийн зээл 4,3 их наяд төгрөгт хүрч нийт 93147 иргэн ипотекийн зээлд хамрагдсан байна. Мөн нэгдүгээр сард 497 зээлдэгчид 34,9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ. Үүнээс хугацаа хэтэрсэн зээл 2,2 хувь, чанаргүй зээл 1,8 хувь байна. Ипотекийн зээл бусад зээлийг бодвол харьцангуй эргэн төлөлт, чанар сайтай байдаг. Нэг зээлдэгчид дунджаар 70,3 сая төгрөгийн зээл олгож байгаа бөгөөд Улаанбаатарт дунджаар 80,4 сая, орон нутагт 44,2 сая төгрөгийн зээл олгосон байна. Иргэд ихэвчлэн 40-60 метр квадраттай орон сууц сонгож байгаа бол 80 метр квадратаас дээш байр авч байгаа иргэд нийт зээлдэгчдийн 9,2 хувийг эзэлж байна. Ипотекийн зээлд хамрагдсан нийт иргэдийн 64,1 хувь нь хоёр сая хүртэлх төгрөгийн өрхийн орлоготой байна. Мөн 73 хувь нь Улаанбаатарт байр авчээ.
Хөрөнгө оруулалт долоон хувиар нэмэгджээ
2017 оны эцсийн байдлаар хөрөнгө оруулалт 31,6 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь гадаадаас татсан авсан хөрөнгө оруулалт нь нэмэгдсэнтэй холбоотой аж. Гадны орнуудаас Монгол Улсад 37,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Үүний 46 хувь нь гадаадын шууд хөрөнгө оруулалт, 13 хувь багцын хөрөнгө оруулалт, 40 хувь нь бусад хөрөнгө оруулалт эзэлж байна. Гадаад хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад долоон хувь буюу 2,2 тэрбум ам.доллараар өссөн. Хөрөнгө оруулалт нэмэгдсэн нэг шалтгаан нь “Хуралдай”, “Гэрэгэ” бонд голлон нөлөөл үзүүлсэн байна.
Монгол улсын гадаад өр 27,4 тэрбум ам.долларт хүрчээ
Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 2017 оны жилийн эцсийн байдлаар 27,4 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд өмнөх улирлаас таван хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Засгийн газрын гадаад өр 17 хувиар буюу нэг тэрбум 76 сая ам.доллараар өссөн дүнтэй гарчээ. Энэ нь “Хуралдай”, “Гэрэгэ” бондууд гаргасантай холбоотой байжээ. Хадгаламжийн байгууллагуудын гадаад өр нэг хувиар буурсан бол хөрөнгө оруулалтын зээл хоёр хувиар өссөн байна.
Ш.ЧИМЭГ