Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Аюулын харанга: Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” судалгааны дүнг өнөөдөр /2018.02.22/ олон нийтэд танилцууллаа.
Иймээс агаарын бохирдол нь Улаанбаатар хотын хувьд онцгой байдлын түвшинд хүрсэн гэдгийг судлаачид онцгойлон мэдэгдлээ.
Судлаачдын хэлж буйгаар Монгол Улсын Засгийн газар агаарын бохирдлын асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхгүй бол агаарын бохирдолтой холбоотой хүүхдийн өвчлөлийг анагаах зардал 2025 он гэхэд 33 хувиар нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагуудаас жил бүр 24.8 тэрбум төгрөгийн нэмэлт зардал гарах төлөвтэй байна.
2016 онд 0-18 насны хүүхдийн агаарын бохирдолтой холбоотой өвчлөл Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагуудад 10.4 тэрбум төгрөгийн зардал учруулжээ. Насанд хүрсэн хүмүүсийг хамруулан тооцвол, тухайн жилийн зардал 18.4 тэрбум болж өсчээ. Энэ үзүүлэлт нь ЭМЯ-ны нийт төсвийн гүйцэтгэлийн 1.6 хувь, Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагуудын төсвийн гүйцэтгэлийн 4.6 хувийг бүрдүүлж байна.
АЛЕКС ХАЙКЕНС: Агаарын бохирдол хүүхэд болон
жирэмсэн эмэгтэй бүрийг эрсдэлд оруулж байна
-Агаарын бохирдол Монгол Улсын хүн амд ноцтойгоор заналхийлж байгааг бидний хийсэн судалгааны үр дүнгээс харж болно. Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхэд болон жирэмсэн эмэгтэй бүрийг эрсдэлд оруулж байна. Эдгээр эрсдэлүүдэд амьгүй төрөлт, дутуу төрөлт, жин багатай төрөлт, хатгалгаа, бронхит, гуурсан хоолойн багтраа өвчин болон хүүхдийн нас баралт багтаж байна. Агаарын бохирдлын түвшинг дорвитой бууруултал ойрын жилүүдэд мянга мянган хүүхэд агаарын бохирдлын улмаас өвдсөөр байх болно. Иймээс эрчим хүчний цэвэр шийдэлд хөрөнгө оруулах, хүүхдийг агаарын бохирдолд өртөхөөс сэргийлэх, агаарын бохирдлын улмаас өвдсөн хүүхдэд эрүүл мэндийн чанартай тусламж үзүүлэх, тэдний өвчлөх эрсдлийг бууруулахын тулд хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах зэрэг ажилд хөрөнгө мөнгө зарцуулах нэн шаардлагатай байна
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:
Энэ судалгаанд тулгуурлан үе шаттай арга хэмжээ авна
-30 жилийн турш хуримтлагдсан, их хэмжээний санхүүжилт шаардагдсан агаарын бохирдолтой тэмцэхийн тулд Засгийн газар үе шаттайгаар арга хэмжээ авах болно. Агаарын бохирдлыг буруулсан гэж би худал хэлэхгүй. Гэхдээ Засгийн газар тодорхой хэмжээний ажил хийж байна. Засгийн газрын түвшинд амны хаалтны асуудал яригдсан. Харамсалтай нь, олон нийтийн дэмжлэг аваагүй. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, мэдээлэл, зөвлөгөө өгөх зэрэг сурталчилгааны ажил дутмаг явагдаж байна. Өнөөдөр бид Монгол Улсын түвшинд агаарын бохирдлын нөхцөл байдлыг харуулсан бүрэн судалгаатай боллоо. Энэ тооцоо судалгаанд тулгуурлан Засгийн газар үе шаттай арга хэмжээ авна.
А.АНИР