Албаны хүмүүсийн хэлснээр Улаанбаатарт 300 орчим хөшөө байдаг гэнэ. Түүний 50 орчмыг нь ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр барьжээ. Нарийн тогтсон дэг, шалгуур, цензур байдаггүй гэсэн үг. Иймээс нэр нь тодроогүй баатар гэдэг шиг үл таних “этгээдүүд” хөшөөнүүд дунд олонтаа үзэгдэнэ. Тоотой хэдэн хөшөөнөөс бусдаар Монголын үндэсний бахархал, түүх, соёлд төдийлөн хамааралгүй байх нь нэн сонин. Хөрөнгө оруулалт хийж л байвал нэрэмжит гудамж болгож, хаанахын хэний ч хөшөөг барьж болдог ийм буруу жишиг манайд бий.
90 гаруй жил тахин шүтсэн В.И.Лениний хөшөөг зургаан жилийн өмнө “Хүн төрөлхтний түүхэнд коммунистууд шиг үндэс угсаа нэгтнээ үй олноор нь өргөн цар хүрээтэй устгаж байсан нэг ч хүчин байгаагүй” гэсээр Э.Бат-Үүл Засаг дарга болмогцоо буулгасан. Гэхдээ түүний үед монголчуудын түүхэнд балаг тарьсан бас нэгэн хүний дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор хөшөөг босгосон нь Хаант Оросын сайд, нэрт дипломатч, Дорно дахин судлаач Иван Яковлевич Коростовецийн хөшөө. РЦНК буюу ОХУ-ын Соёл, шинжлэх ухааны төвийн өмнөх талбайд түүний хөшөөг босгосон. 85 саяын өртөгтэйгөөр шүү.
И.Я.Коростовецийг 1912 оны есдүгээр сард Монголд ирүүлсэн байдаг. Тэрээр түүнээс өмнө Дундад улсад Элчингээр сууж байгаад асуудалд орж, эгүүлэн татагдсан бөгөөд эх орондоо байж байгаад Монголд иржээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс тусгаар тогтнолоо дахин сэргээж, тусгаар тогтнолоо бусдаар хүлээн зөвшөөрүүлэх хэлэлцээр хийхийн өмнө гэсэн үг. Түүний хамгийн чухал зорилго нь уг гэрээгээр оросууд Монгол улсад эдийн засгийн бүрэн нөлөөгөө тогтоох байсныг түүхийн баримтууд гэрчилдэг.
И.Я.Коростовец оросуудын хувьд ашигтай, монголчуудын хувьд ямар ч ашиггүй гэрээ хийхээр гэрээний төслөө барин Монголд ирсэн нь тэр. Тэрбээр энэ ажлаа гүйцэтгүүлэхийн тулд сайд, ноёдыг хооронд нь эвдэрэлцүүлж эхэлсэн ч гэдэг. Түүний гэрээний балгаар монголчууд хуваагдах үүд нээгдэж, Барга, Өвөр Монгол, Тагна Урианхай хилийн гадна үлджээ.
Монголын Засгийн газрын Дотоод яамны сайд Да лам Цэрэнчимэд “Блюнчлигийн олон улсын эрх зүйн онолыг баримтлан энэ хэлэлцээрийн үр дүнд Монгол Улс эзэн хаан, нутаг орон, хүн ардтайгаа үлдэнэ” хэмээн И.Я.Коростовецаас шаардсан нь барьж ирсэн гэрээнийхээ эхийг уурлан ширээнээс шүүрэн авч шал руу шидтэл нь барьц алдуулсан гэдэг.
Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч, нийт өвөр монголчуудын төлөөлөлийн тэргүүн эгнээнд байсан Бинт Чин ван Гончигсүрэнг гадуурхан “Миний хамгийн том дайсан” гэж хэлж байсан төдийгүй И.Я.Коростовецийг үдэж өгөх цайллагад тэрээр хор ууж үхсэн байх жишээтэй. Түүний дараахан уг гэрээг хамгийн хүчтэй эсэргүүцэж, Монголын тусгаар тогтнолын төлөө тууштай зогсож байсан Да лам Цэрэнчимэд гэнэт ажлаасаа бууж, баруун хязгаарт томилогдон явах замдаа таалал болжээ.
И.Я.Коростовецид монголчуудаар хөшөө босгуулах гавъяатан яав ч биш. Харин ч эсрэгээрээ “Монголын нутаг дэвсгэр бол өнө эртнээс монголчуудын өмч байсаар ирсэн, хэзээ ч хятадынх байгаагүй” гэж Да лам Цэрэнчимэдийг хэлэхэд “Олон улсын эрх зүйн үүднээсээ Монголын нутаг дэвсгэр Хятадын салшгүй хэсэг” гэж байсан гэмтэн.
Гэтэл тусгаар тогтнолынхоо төлөө түүний эсрэг шийдэмгий байр сууриа илэрхийлж байсан Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд, Да лам Цэрэнчимэд, Бинт чин ван Гончигсүрэн, Дархан Чин ван Пунцагцэрэн, Эрдэнэ Жонон Ван Ширнэндамдин, Манзушир хутагт Цэрэндорж, Гүн Хайсан гээд гавъяатнуудын дурсгал хаана байна вэ?
VIII Богд хааны хөшөөг Тусгаар тогтнолын талбайд мөнхлөхөөр 2013 онд шав тавьж байсан ч жилийн дараа больсон. Түүхийн ухааны Төрийн соёрхолт, Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайханаас эхлээд олон эрдэмтэн, түүхчид үе үеийн удирдлагуудад түүхэн гавъяатнууддаа хөшөө босгуулах талаар санал гаргаж, захидал бичдэг ч өнөөг хүртэл таг чиг. Хожим үеийнхэндээ мөнхлөн сануулж, гавьяаг үл умартах хүмүүс олон байгаа ч бид хэнд ч хамаагүй хөшөө босгосон хэвээр.
Гэтэл дурсах ёстой түүхт хүмүүст зориулсан гудамж талбай битгий хэл хөшөө дурсгал ч алга. Монголынхоо төлөө зүтгэсэн түүхэн хүмүүс мартагдсаар…
Тухайн үед ШУА-ийнхан эсэргүүцэн байр сууриа илэрхийлж байсан ч бодит амьдрал дээр “дайснууд” ялсан гэлтэй.
Гурван жилийн дараа Монгол Улс тусгаар тогтнолоо дахин сэргээсний 110 жилийн ой болно. Бүдгэрсэн түүхээ тодруулж, баларсан баатруудаа мандуулах боломж харин энэ юм биш үү. Бидэнд бахархаж, нэгдэх үнэт зүйл үгүй юм гэж үү?