"Монголд хоол тэжээлийн эмгэгийн дарамт өндөр байна"

Хуучирсан мэдээ: 2018.02.22-нд нийтлэгдсэн

"Монголд хоол тэжээлийн эмгэгийн дарамт өндөр байна"

"Монголд хоол тэжээлийн эмгэгийн дарамт өндөр байна"

“Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний тавдугаар судалгааг танилцуулах уулзалт өнөөдөр /2018.02.22/ боллоо. Энэхүү судалгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв НҮБ-ын дэмжлэгтэйгээр хийжээ. Судалгаанд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн найман дүүргээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 94 сум, 30 хороог хамруулсан аж. 

Танилцуулах уулзалтад олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ сургалтын байгууллагын төлөөлөгчид оролцлоо. 

Судалгааны үндсэн зорилго нь хүн амын хоол тэжээлийн өнөөгийн байдалд үнэлгээ өгч, 2010 онд хийгдсэн “Хоол тэжээлийн үндэсний IV судалгаа”-наас хойш гарсан ахиц дэвшил, алдаа дутагдлыг илрүүлэхэд чиглэгджээ. Ингээд хоол тэжээлийн тулгамдаж буй томоохон асуудал бол төмөр, А, Д аминдэм, иод дутал, илүүдэд жин ба таргалалтын тархалт, өрхийн хүнсний баталгаат байдалд тусгайлан дүн шинжилгээ хийж, тэдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд одоо хэрэгжиж буй бодлого, хөтөлбөрт оруулбал зохих өөрчлөлт, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон “Бодлогын зөвлөмж” бүхий зургаан сэдэвчилсэн үнэлгээг тайланд тусгасан байна. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл

Д.Сарангэрэл:

-Бид цаашид сэтгэлийн хөдөлгөөнөөр аливаа асуудал хандах биш, нотолгоонд суурилсан үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой боллоо. Судалгаанаас үзэхэд, монгол хүн далд өлсгөлөнд нэрвэгдсэн байна. Энэ нь хоол тэжээлийн гэхээс илүү шим тэжээлийн өлсгөлөнд нэрвэгдсэн гэдгийг судалгааны дүн харуулж байна гэсэн үг. Өнөөдөр жирэмсэн эхчүүдийн 75 хувь нь Д аминдэмийн дутагдалтай, хүүхдүүдийн 61 хувь нь Д аминдэмийн дутагдалтай байна. Д аминдэмийн дутагдал нь нярай хүүхдэд зулай битүүрч өвдөх шинж тэмдгээр илэрдэг. Харин насанд хүрсэн хүмүүс сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй. Эрчүүдийн дунд төмрийн дутагдал их байгаа нь харагдлаа. Насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй байна. Хөгжилтэй орнуудад шим тэжээлийн дутагдалд орох байдал бараг харагдахаа больсон. Шим тэжээлийн дутагдал оюун ухаанаа бүрэн дайчилж ажиллахад сөргөөр нөллөөн. Тиймээс агаарын бохирдол, хүн амын хоол тэжээлийн байдалтай ажиллах шаардлагатай болсныг энэ судалгаа харуулж байна гэж ойлгож байгаа. 

—————————————————————————————————————–

СУДАЛГАА ЮУ ХАРУУЛАВ
 

Амин дэм, эрдсийн дутлын тархалт

  • Түгээмэл хэвээр. 2010 оны үзүүлэлт буураагүй. 
  • Тав хүртэлх насны хүүхдийн 26,6 хувь нь цус багадалттай.
  • Эхчүүдийн 16,1 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 21,4 хувь цус багадалттай.
  • 6-59 сартай хүүхдийн 27,7 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 29,6 хувьд нь төмөр дуталтай.

Д аминдэм дутагдлын тархалт

  • 6-59 сартай хүүхдийн 61 хувь дутагдалтай, 28,9 хувь нь нөөц дутмаг.
  • Жирэмсэн эмэгтэйчүүдийн 75,4 хувь нь дутагдалтай, 20,2 хувь нь нөөц дутмаг.
  • 15-49 насны эрэгтэйчүүдийн 40,4 хувь нь дутагдалтай, 41,9 хувь нь нөөц дутмаг.
  • Тав хүртэлх насны хүүхдийн 9,5 хувь нь А аминдэмийн дутагдалтай,
  • Тав хүртэлх насны хүүхдийн 60,1 хувь нь А аминдэмийн нөөц хангалтгүй, дутагдалд өртөхөд ойрхон.

Нийт өрхийн 78,9 хувь нь зохистой түвшинд иоджуулсан давс хэрэглэж байгаа бөгөөд баруун болон хангайн бүсийн хүн ам, жирэмсэн эмэгтэйчүүд иодын дутагдалд өртөх эрсдэлтэй байна. 

Судалгаагаар Монголын хүн амд хоол тэжээлийн хамааралт эмгэгийн дарамт өндөр байгааг харуулжээ. Тухайлбал, нялх хүүхдийн эхийн сүүгээр дагнан хооллолт хангалтгүй, нийт хүн амын хоногт хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, аминдэм, эрдсийн дутагдлын тархалт өндөр, тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 64,9 хувь нь хүнсний баталгаат байдал нь ямар нэг хэмжээгээр алдагдсан, илүүдэл жин ба таргалалтын асуудал нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар учруулах түвшинд хүрсэн гэж дүгнэсэн байна. 

Илүүдэл жин ба таргалалтын тархалт нь насанд хүрэгчдийн дунд маш өндөр, хүүхдийн дунд нэмэгдэж байгаад онцгойлон анхаарах ёстой гэдгийг судалгааны багийнхан тодотгосон. Тухайлбал, 

  • Тав хүртэлх насны хүүхдийн 11,7 хувь нь илүүдэл жинтэй,
  • 6-11 насны хүүхдийн 22,2 хувь нь илүүдэл жинтэй, 6,4 хувь нь таргалалттай,
  • 15-49 насны эхчүүдийн 46,2 хувь нь илүүдэл жин ба таргалалттай, 16,5 хувь нь тарган,
  • 15-49 насны эрэгтэйчүүдийн 48,8 хувь нь илүүдэл жин ба таргалалттай, 14,6 хувь нь тарган байгааг тогтоосон байна. 
     
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж