Монгол улс Авлигын индексээр хоёр жилд 31 байр ухарчээ

Хуучирсан мэдээ: 2018.02.22-нд нийтлэгдсэн

Монгол улс Авлигын индексээр хоёр жилд 31 байр ухарчээ

Монгол улс Авлигын индексээр хоёр жилд 31 байр ухарчээ

Берлинд төвтэй олон улсын "Транспаренси Интернэшнл" Олон улсын байгууллагаас жил бүр Авлигын төсөөллийн индексийг дэлхий даяар нэгэн зэрэг зарладаг.

Өнөөдөр энэ өдөр бөгөөд 2017 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг  “Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллагаас дөнгөж сая танилцууллаа.

Авлигын төсөөллийн индекс нь тухайн улс орны төрийн салбарын авлигыг дүгнэсэн экспертүүдийн үнэлгээнд үндэслэдэг бөгөөд авлигад өртсөн байдлыг 100 хүртэлх оноогоор дүгнэдэг.

Манай улс 2017 онд 36 оноо авч, өмнөх оныхоос 16 байраар ухран, 180 орноос 103 дугаарт эрэмбэлэгджээ.

Монгол Улсын хувьд 2016 оны Авлигын индекс 38 оноогоор 176 орноос 87 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан нь өмнөх 2015 онтой харьцуулахад 15 байраар ухарсан үзүүлэлт байсан юм.

Дүгнэхэд, Монгол Улс авлигын индексээр хоёр жилийн хугацаанд 31 байраар ухарсан гэх үзүүлэлтийг Олон улсын байгууллага танилцууллаа.


  • “Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллагын Гүйцэтгэх захирал О.Батбаяраас дараах асуултад хариулт авав.

“Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяр

-Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 36 оноо авчээ. Үзүүлэлт буурахад нөлөөлсөн хүчин зүйлийг та юу гэж дүгнэж байгаа вэ?

-Өнөөдрийн танилцуулж буй судалгаанаас харахад манай улс дэлхийн 180 орноос үзүүлэлтээрээ 103-р байрт бичигдсэн байна. Өнгөрсөн жил 38 оноотойгоор 87-р байрт орсон. Ер нь хэвлэл мэдээллийн эрх чөлөө багатай, төрийн бус байгууллага, иргэний ниймийн оролцоо сул орнуудад авлигын төвшин өндөр буюу авлигын индексийн оноо бага байдаг гэж хэлж болно. Монгол Улсын хувьд улс төрийн тогтворгүй байдал хамгийн их нөлөөлсөн. Бидний зүгээс авлигын эсрэг хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа.

-Авлигын төсөөллийн индексийн талаар та товч мэдээлэл өгөхгүй юу? Ач холбогдол нь юу вэ?

-Авлигын төсөөллийн индексийг тухайн орны төрийн салбарын авлигыг дүгнэсэн экспертүүдийн үнэлгээнд үндэслэж гаргадаг. 180 улсын авлигад өртсөн байдлын түвшнийг жагсааж, 100 хүртэлх оноогоор дүгнэдэг. Тодруулбал 100 оноо авбал авлигагүй гэж үздэг бол 0 оноо авсан улс өндөр авилгатай орны тоонд ордог. Энэ жил авлигын төсөөллийн индексээр 50-аас доош оноо авсан улс орнуудаас гуравны хоёроос дээш оноо авсан улсуудын дундаж оноо 43 байна. Сүүлийн зургаан жилийн турш Кот Ивуар, Сенегал, Их Британи зэрэг улсуудын авлигын төсөөллийн индексийн оноо сайжирсан бол Сири, Йемен, Австрали зэрэг хэд хэдэн улс буурсан үзүүлэлттэй байна.

-Авлигын төсөөллийн индексээс энэ жил онцлог үр дүн юу ажиглагдав?

-2017 оны хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад 81 улсын оноо сайжирсан боловч 62 улсын оноо буурчээ.  Авлигын төсөөллийн индексийг Шинэ Зеланд, Дани Улс 89, 88 оноогоор тэргүүлсэн бол Сири, Өмнөд Судан, Сомали зэрэг улсууд хамгийн бага буюу 14, 12, 9 оноогоор сүүлийн байрт жагслаа.

Дэлхийн аль ч улс авлигаас бүрэн ангид байх боломжгүй ч гэлээ оноогоороо дээгүүр жагссан орнууд нээлттэй засаглал, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, иргэний эрх, эрх чөлөө, хараат бус шүүхийн тогтолцоогоороо дэлхийд тэргүүлдэг улсууд байгаа нь харагддаг. Харин авлигын төсөөллийн индексээрээ доогуур жагссан улс оронд авлигачид ял шийтгэлгүй өнгөрдөг, ядуу засаглалтай, сул дорой институцтай байдлаа харуулж байна гэсэн үг.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж