Пёнчаны олимпийн наадмын гүйлтийн тэшүүрийн эрэгтэй багийн хөөх уралдаан өчигдөр болж, медалийн эзэд тодорлоо. Энэ удаагийн Пёнчаны олимпийн эрэгтэй багийн хөөх уралдааны аваргаар Норвегийн залуус шалгарлаа. Тэд урьдчилсан шатанд 4-р хагас шигшээд шалгарч Нидерландын хүчтэй багтай өрсөлдөхдөө 3 мин 37.08 сек-ээр олимпийн рекордыг шинэчлэн тогтоосноор аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарсан юм. Ингээд олимпийн рекордыг шинэчилсэн Норвеги залуус шигшээ уралдаанд ч одтой уралдаж 3 мин 37.32 сек-н амжилтаар анх удаагаа энэ төрөлд олимпийн аварга боллоо.
Мөнгөн медаль дээр олимпийг зохион байгуулагч БНСУ-ын тамирчид буусан бол хүрэл медалийг Нидерландын баг хүртжээ.
Алтан медаль хүртсэн Норвегийн баг Ванкуверын олимпийн 1500 метрийн хүрэл медальт Х.Бёкко, Пёнчаны олимпийн 5000 метрийн хүрэл медальт С.Педерсен болон залуу тамирчин С.Нилсен нараас бүрдсэн юм. Х.Бёкко, С.Педерсен нар олимпийн хошой медальтан болж байгаа бол С.Нилсен анхны медалиа хүртэж байна.
Б.БЯМБАБАЯР