Хятадын Юньнань мужийн их сургуулийн оюутан Хуан эцэг, эхээ шүүхэд өгчээ. Тэрбээр 2016 онд цагаан сарын бэлгэнд авсан улаан дугтуйтай 58,000 юань буюу 9200 орчим ам.долларыг аав, ээж хоёр нь өөрт нь өгөлгүй хувьдаа завшсан гэж гомдол гаргасан ажээ.
Хуаны эцэг, эх нь салсан бөгөөд түүний сургалтын төлбөрийг төлөхөөс татгалзсан байна. Шүүх Хуаны гомдлыг авч хэлэлцээд, эцэг, эхийг нь сар бүр 1500 юанийг түүнд төлж, хохирлыг барагдуулах ёстой гэж үзжээ.
Сүүлийн үед Хятадын цагаан сарын баяраар гэр бүлийн гишүүддээ бэлэглэдэг улаан дугтуйтай мөнгөтэй холбоотой гомдол шүүхэд их ирэх болсон гэнэ. Хуаны дээрх гомдолтой холбоотойгоор тус улсын олон нийтийн цахим сүлжээнд дугтуйтай мөнгийг хүүхэд, эцэг эхийн хэн нь захиран зарцуулах эрхтэй талаар маргаан дэгдэж, хэлэлцүүлэг болж амжжээ.
Хятадад цагаан сарын баяраар аав ээж, ах дүү, хамаатан саднууд нь хүүхдүүд болон гэрлээгүй, ганц бие залууст “Азын мөнгө” хэмээн нэрлэдэг улаан дугтуйтай мөнгө бэлэглэдэг уламжлалтай. Гэхдээ бага хүүхдүүдэд бэлэглэсэн мөнгийг эцэг, эх нь авах бол түгээмэл байдаг зүйл.
Эх сурвалж: SouthChinaMorningPost