“Дөрвөн ертөнц”-ийг нээнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

“Дөрвөн ертөнц”-ийг нээнэ

Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд наймдугаар сарын 16-ны 16.00 цагт зураач Ц.Баттөр, В.Ундраа, С.Цагаанчулуун, Х.Батжаргал нарын хамтарсан “Дөрвөн ертөнц” үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна.
Уг үзэсгэлэнгээс та бүхэн дөрвөн уран бүтээлчийн  өөр өөрийн дахин давтагдашгүй онцлог арга барил, өнгө гэрэл, уран сайхны өвөрмөц хэллэгээр дүрслэн үзүүлсэн дөрвөн өөр ертөнцийг мэдрэх болно.

Ц.Баттөрийн бүтээлүүдэд шөнө цаг, харанхуйн тухай өгүүлэгдсэн бөгөөд далд ертөнц, нууц уур амьсгал, бие сэтгэлийн гүнд жихүүдэс төрөм сүнслэг шинж чанар бас хөнгөн гуниг, гоо сайхан агуулагдаж байдаг. Өөрийн уран бүтээлийн өнгө төрхийг тас харанхуйгаас гэрэлтэх үлэмжийн хурц тод гэрэлтэй зүйрлэдэг тэрбээр  оюутан байх үеэсээ Европын сонгодог зургийн аргыг хуучин Монгол зургийн өв уламжлалтай холбох шинэ арга хэлбэр эрж, туршиж үзэж байсан ба монгол ардын чимэглэлийн урлаг, тэр дотроос зүмбэрлэх арга ажиллагааны яруу зохицол, материаллаг шинж, эзлэхүүнт товгор дүрслэлийн бүтэц, орон зайн байгууламжийн өвөрмөц арга хэрэгсэлд тулгуурлан хийсэн олон бүтээлийг тус үзэсгэлэнгээс харж болох нь ээ.

Харин зураач Н.Цагаанчулуун бол дүр болон өнгийн зохиомжийг чадварлаг хослуулж түүнийгээ төгс боловсруулан амьдруулахыг хичээдэг реалист уран бүтээлч. Түүний бүтээлүүдэд ихэнхдээ Монгол орны уудам хээр тал, үзэсгэлэнт сайхан байгаль, тэдгээрийн гоёмсог өнгө төрх, нар, салхи, агаар дүрслэгдсэн байдаг бөгөөд үзэгч түмнийхээ Монгол эх орноороо бахархах бахархал, нутаг усаа хайрлах сэтгэлийг нь улам бүр асаан бадраахыг ямагт эрмэлздэг.

Зураач В.Ундраагийн ертөнцөөс ундарсан уран бүтээл, танд амьдралын хамгийн сайхан өнгө гэрэл, аз жаргал, диваажинг мэдрүүлэх болно. Түүний уран бүтээл хүүхдэрхэг, эгдүүтэй гэнэн төсөөлөлтэй бас хөгжилтэй, хурц тод өнгө, сонирхолтой зохиомж, давтамжит шийдлүүдтэй боловч чимхлүүр ажиллагаа ихтэй, хээ угалз, үндэсний хэв маяг давамгайлсан байдаг юм.

Тэрбээр өөрийн бүтээлдээ Монгол үндэстний үнэт зүйлс болсон ёс заншил, өв соёлоо шингээж Монголын гэж ялгарч харагдах бүхнийг тунхаглахыг зорьдог нэгэн. Зураач В.Ундраа нь хүн бүрийг урлагаар амьсгалж амьдралаасаа үргэлж шинийг мэдэрч, өдөр бүр шинээр амьдарч, шинээр амьсгалж байгаасай гэж хүсдэг эрч хүчтэй, гэгээлэг уран бүтээлч юм.

Зураач Х.Батжаргал бол уран зураг болон зураасан зургийн аль ч төрлөөр бүтээлээ туурвидаг бөгөөд түүний ур чадвар авъяас бипгээр  цогцолсон  бүтээлүүд нь гол төлөв хурц тод өнгө, цэвэр тунгалаг бичлэгээр дүрслэгдсэн байдаг. Зүгээр л хурц тод өнгөөр дүрслэх төдий биш сэдвийнхээ мөн чанар, дотоод учир шалтгааныг хайж түүндээ амьдралын сайн сайхан талыг шингээн, ямагт ертөнцийн гайхамшгийг, ер  бусын сэтгэлийн их илч, энэрэл хайр,  итгэл мөрөөдлийг дагуулж байдгаараа онцгой.

Ертөнцийн амьдрал, юмсын холбоо, хүмүүсийн зүрх сэтгэлийн их давалгаан, ахуй орчины сонин ухаарал, дүрслэн өгүүлэх сэрэхүй, мэдэрхүйн мэдрэмжийг илтгэсэн, далд утга, нууц уур амьсгалаар дүүрэн дөрвөн өөр ертөнцийн илэрхийлэл болсон “Дөрвөн ертөнц” үзэсгэлэн энэ сарын 22-ныг дуустал үргэлжилнэ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж