Норвегийн гүйлтийн цанын домогт тамирчин, “Төмөр хатагтай” М.Бьорген багийн ойрын зайн буухиа уралдаанд хүрэл медаль хүртэж, Пёнчаны олимпиос дөрөв дэх медалиа энгэртээ зүүлээ. Багийн ойрын зайн буухиа уралдаанд хүртсэн хүрэл медаль нь М.Бьоргенд өвлийн олимпийн наадмын бүх цаг үеийн хамгийн олон медальтай тамирчин болох эрхэм алдрыг авчирлаа.
Пёнчаны олимпод ирэхдээ М.Бьорген олимпийн наадмын 10 медальтай байсан. Тэгвэл алдарт тамирчин маань 4х5 км-ын буухиа уралдаанд алт, 15 км-ын скиатлон төрөлд мөнгө, 10 км-ын чөлөөт болон багийн ойрын зайн төрөлд тус бүр хүрэл медаль, нийт дөрвөн медаль хүртэж, 14 дэх медалиа авсан нь энэ юм. Ийнхүү М.Бьорген өвлийн олимпийн наадмаас 14 медаль хүртэж “Биатлоны хаан”, нутаг нэгт тамирчин алдарт Оле Эйнар Бьорндалены олимпийн наадмаас 13 медаль хүртсэн амжилтыг даван гарч, өвлийн олимпийн түүхэнд хамгийн олон медаль хүртсэн дээд амжилтын эзэн болж байна.
Олимпийн 14 медальт
“Төмөр хатагтай” Марит Бьорген гэж хэн бэ?
М.Бьорген 1980 оны гуравдугаар сарын 21-нд Норвегийн баруун нутгийн Тронхейм хэмээх 200 мянган хүн амтай хотод мэндэлжээ. Тэрээр анх 7 настайдаа цанатай нөхөрлөж эхэлсэн бөгөөд 19 настайдаа Дэлхийн цомын дебьют уралдаанаа хийж байжээ. Түүнийг насанд хүрэгчидтэй анх уралдаж эхлэх тэр цаг үед гүйлтийн цанын ертөнцөд Оросын Л.Лазутина, Италийн С.Белмондо, Чехийн К.Нойманова болон нутаг нэгт тамирчин Б.Скари нарын тамирчид алдар нэрээ цуурайтуулж байв. Тэдний гаргасан алдрын замаар замнасан залуу М.Бьорген анхны том тэмцээний медалиа 2002 оны Солт-Лейкийн олимпийн наадамд багийн буухиа уралдаанд мөнгөн медаль хүртэж байжээ. Тэр цагаас хойш М.Бьорген өнөөдрийг хүртэлх хугацаанд Олимпийн наадмаас 7 алт, 4 мөнгө, 3 хүрэл, ДАШТ-ээс 18 алт, 5 мөнгө, 3 хүрэл, Дэлхийн цомд нийлбэр дүнгээр 4 удаа цомын эзэн болсон.
Алдарт цаначин М.Бьорген Норвегийн цанын хоёр төрөлтийн тамирчин Ф.Лундбергтэй хамт амьдардаг бөгөөд хосууд 2015 оны 12 сард анхны хүү Мариусаа өлгийдөн авсан. Хүүгээ төрүүлснээс хойш 2016-2017 оны Дэлхийн цомын улиралд цасан замдаа эргэн ирсэн билээ. Өдгөө тэр олимпийн медалийн тоогоо дахиад ч нэмэх боломж бий. Учир нь Пёнчаны олимпийн наадмын гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 30 км-н сонгодог төрлийн уралдаан үлдсэн байгаа. М.Бьорген Сочигийн олимпийн наадамд дээрх төрөлд түрүүлж алтан медаль хүртэж байсан. Иймд олимпийн медалийн тоогоо 15 болгох ч боломж М.Бьоргенд байна.
Өвлийн олимпИос
хамгийн олон медаль хүртсэн тамирчид
Бүх цаг үеийн өвлийн олимпийн наадмаас хамгийн олон медаль хүртсэн тамирчдыг танилцуулъя. Гүйлтийн цанын М.Бьорген болон гүйлтийн тэшүүрийн И.Вюст нар Пёнчаны олимпийн үлдсэн өдрүүдэд медалийн тоогоо нэмэх боломжтой. Тэдний тэмцээн бүрэн дуусаагүй байгаа.
- М.Бьорген (Норвеги, гүйлтийн цана) 7 алт, 4 мөнгө, 3 хүрэл нийт 14 медаль
- О.Бьорндален (Норвеги, биатлон) 8 алт, 4 мөнгө, 1 хүрэл нийт 13 медаль
- Б.Дэли (Норвеги, гүйлтийн цана) 8 алт, 4 мөнгө нийт 12 медаль
- И.Вюст (Нидерланд, гүйлтийн тэшүүр) 5 алт, 5 мөнгө, 1 хүрэл нийт 11 медаль
- Р.Сметанина (Орос, гүйлтийн цана) 4 алт, 5 мөнгө, 1 хүрэл нийт 10 медаль
- С.Белмондо (Итали, гүйлтийн цана) 2 алт, 3 мөнгө, 5 хүрэл нийт 10 медаль
- Л.Егорова (Орос, гүйлтийн цана) 6 алт, 3 мөнгө нийт 9 медаль
- К.Пехштайн (Герман, гүйлтийн тэшүүр) 5 алт, 2 мөнгө, 2 хүрэл нийт 9 медаль
- С.Ернберг (Швед, гүйлтийн цана) 4 алт, 3 мөнгө, 2 хүрэл нийт 9 медаль
- Виктор Ан (БНСУ/Орос, шорт-трейк) 6 алт, 2 хүрэл нийт 8 медаль
Бэлтгэсэн Б.БЯМБАБАЯР