Хуучирсан мэдээ: 2018.02.22-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп
Гайхамшигт охид

Оросууд хоёр олимп дараалан
алтан медаль авах нь тодорхой боллоо

Уран гулгалтын төрөлд өөрийн гэсэн арга барилтай Оросуудын хувьд өвлийн олимпийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлнэ гэдэг бараг л боломжгүй зүйл мэт санагддаг байсан үе саяхан. Хуучнаар ЗХУ нэртэй байхад 1984 оны Сараевогийн олимпод Кира Иванова хүрэл медалийг авчирахад ямагт алтан медаль тамирчдаасаа нэхдэг Оросуудын хувьд чамлалттай байсан гэдэг. Тэр цагаас хойш улсдаа төдийгүй дэлхийд нэр алдраа түгээсэн мэргэжилтэн, дасгалжуулагчид олон арван жилийн турш уйгагүй ажилласны эцэст 1999 оны Хелсинкийн Дэлхийн аваргад Мария Бутырская хэмээх бүсгүй түрүүлэн, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөр тэд дэлхийд өрсөлдөх боломж бий гэдгийг мэдрүүлсэн юм.

Улмаар 2002 оны Солт Лейк Ситигийн олимпод Ирина Слуцкая мөнгөн медаль хүртэн, дараа нь 2006 оны Турины олимпод дарамт, шахалтан дор хүрэл медаль зүүсэн ч оросууд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд олимпод түрүүлэх нь мөрөөдөл хэвээр байсаар байлаа. 

Төд удалгүй ISU буюу Олон улсын уран гулгалтын холбооны оноо өгөх систем өөрчлөгдснөөр "Мөсний хатан" хэмээн өргөмжлөгдсөн олимпийн аварга, БНСУ-ын тамирчин Ким Юна энэ төрөлд ноёлох боломж гарсан ч тэгж чадаагүй юм. Учир нь 2014 оны Сочигийн олимпийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Ким Юна, дэлхийд олон шилдэг уран гулгагч нарыг бэлдэн гаргаж байсан алдарт дасгалжуулагч Татьяна Тарасовагийн шавь Аделина Сотниковад ялагдан, мөнгөн медаль хүртсэнээр зодог тайлсан. Өөрөөр хэлбэл, өмнөх олимпиос Оросын уран гулгагчид эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийг эзэгнэх илүү их боломжийг атгаж чадсан билээ. 

Сочигийн олимпийн үеэс Гүрж гаралтай дасгалжуулагч Этери Тутберидзе өөрийн гараар нэгэн охинг бэлтгэн, олон улсын тавцанд гаргаж ирсэн нь өдгөө 18 настай, өнөө цагийн шилдэг гулгагч нарын нэг, европ, дэлхийн хошой аварга Евгения Медведева байсан юм. Тэр 2016 оны Бостоны Дэлхийн аваргад түрүүлснээсээ хойш хоёр жилийн хугацаанд оролцсон бүх тэмцээндээ аварга болж, олон рекорд шинэчлэн, 2018 онтой золгосон байлаа.

Дан ганц Евгения Медведевагийн ноёрхол дасгалжуулагч Этери Тутберидзед хангалтгүй санагдаж, өсвөр насны бүхий л тэмцээнд түрүүлэн, өнгөрсөн жилээс насанд хүрэгчдийн тэмцээнд оролцох болсон Алина Загитоваг дэлхий нийтэд танилцуулсан юм. Мөн л түүний гарын шавь,  Татар гаралтай олимп, дэлхийн аварга Алина Кабаевагийн нэрийг авсан Алина Загитова хэмээх 15 настай охин энэ удаагийн өвлийн олимпийн наадмыг гэрэлтүүлж байна. 

Алина Загитовагийн өвлийн олимпиос өмнөх анхны томоохон сорил тэмцээн нь 2018 оны нэгдүгээр сард Москва хотод болсон Европийн аварга шалгаруулах тэмцээн байсан. Тэр тэмцээнд Загитова өөрийн сайн найз, бас нэг дасгалжуулагчийн дор бэлтгэл хийдэг Евгения Медведеваг ялж, алтан медаль хүртэн, Медведевагийн хоёр жил гаруй хугацаанд ялагдаагүй байсан цувралыг зогсоолоо. Гэхдээ Медведевагийн хувьд өнгөрсөн оны аравдугаар сард Ростелком цомын тэмцээнд оролцох үедээ хөлийн сарвуугаа гэмтээж,  бэртлээ бүрэн эдгээж амжилгүйгээр тивийн аваргыг зорьж байсан юм. 

Евгения Медведева

Алина Загитова

Допинг сэргээшийн асуудлын улмаас олон шилдэг тамирчдаа гэртээ үлдээн, олимпийн туган дор Пёнчаны наадамд өрсөлдөж буй ОХУ-ын тамирчид одоогийн байдлаар алтан медаль хараахан хүртээгүй байгаа. Гэхдээ өвлийн олимпийн талаар нийтлэл, мэдээлэл бичдэг сэтгүүлчид, мэргэжилтэн экспертүүд дуу нэгтэйгээр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Оросын гайхамшигтай авьяастай охидыг алтан медаль авна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч Медведева, Загитова нарын хэн нь түрүүлэх вэ гэдэг дээр санал зөрөлдсөн хэвээр. 

Ямартай ч багийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Евгения Медведева богино үзүүлбэрээ ямар нэгэн алдаа мадаггүй, айдасгүй, төгс гүйцэтгэн,  олимп, дэлхийн рекордыг 81.61 болгон шинэчилж, гайхалтай формтой байгаагаа харуулсан бол чөлөөт үзүүлбэрт Алина Загитова 158.08 оноо авч, өөрийнхөө төгс мэдрэмжийг дэлхий дахинд харуулж чадлаа. 

Өчигдөр Пёнчаны Каннөн мөсөн ордонд болсон эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэрээ Медведева Польшийн алдарт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Фредерик Шопений "Ноктюрн" аянд гүйцэтгэж, олимп, дэлхийн рекордыг дахин шинэчилсэн. Энэ мөчийг спорт сонирхогчид чих тавин хүлээж байлаа. Гэсэн ч түүний энэ рекорд удаан хугацаагаар оршин тогтнох ёсгүй байжээ. Английн хөгжмийн зохиолч Клинт Манселийн ‘Хар хун’ аянд Алина Загитова үнэхээр гайхамшиг бүтээж, уран гулгалтын хэцүү элментүүдийг угсруулан гүйцэтгэснээр шүүгчдээс 82.92 оноо авч, хэдхэн минутын дотор олимп, дэлхийн рекордыг шинэчлэх нь тэр ээ.

Гайхалтай. Пёнчаны олимпийн уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн алтан медалийг орос охидын нэг авах нь бараг ойлгомжтой боллоо. Сүүлийн хоёр олимп дараалан энэ төрөлд оросууд алтан медалийн эзэн болох нь тодорхой болсон энэ баярт мөчийг Оросын ард түмэн хүсэн хүлээж байсан билээ. 

Ю.ЧИНБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж