БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн олимпийн XXIII наадам өндөрлөхөд ердөө дөрвөн өдрийн тэмцээн, уралдаан үлдлээ. Энэ удаагийн олимпод 92 орны баг тамирчид спортын 15 төрөлд өрсөлдөж байгаагаас 27 орон ямар нэгэн медаль хүртжээ. Наадмын эхний өдрөөс эхлэн медалийн чанараар тэргүүлж эхэлсэн Норвеги, Германы баг тамирчид өчигдөр /2018.02.21/ алтан медалийнхаа тоог дахин нэмлээ.
Норвегийн баг тамирчид гүйлтийн цанын эрэгтэй багийн спринт төрөлд аваргын алтан медалийг хүртсэнээс гадна эмэгтэйчүүд нь ч хүрэл медаль дээр буув. Мөн Норвегийн гүйлтийн тэшүүрчид багийн төрөлд тэргүүлж, энэ төрөлд дэлхийн чансааг тэргүүлэгч гэдгээ дахин баталлаа. Тэгвэл Германы баг тамирчид ээлжит алтан медалиа бобслейн төрөлд авсан бөгөөд медалийн эзэд бүсгүйчүүд байсан юм.
Наадмыг зохион байгуулагч БНСУ өчигдөр алтан медалийнхаа тоог нэмэхийг хүссэн ч талаар болсон бөгөөд ганц мөнгөн медалиар багийн амжилтаа ахиуллаа. Гүйлтийн тэшүүрийн багийн уралдаан мөн өчигдөр болж, Норвеги тэргүүлж, БНСУ удаалсан юм.
Сэргээшийн асуудлаас болж хүнд байдалд ороод байгаа Оросын олимпийн баг мөнгө, хүрэл медалиар багийнхаа амжилтыг ахиулав.
Норвеги 13 алт, 11 мөнгө, 9 хүрэл нийт 33 медаль хүртсэн амжилтаар жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байгаа бол Герман 12 алт, 7 хүрэл, 5 хүрэл, нийт 24 медальтайгаар удаалж байна. Тэдний араас Канад, Нидерланд, АНУ, Францын баг тамирчид бичигдэж байна. Наадмыг зохион байгуулагч БНСУ дөрвөн алтан медальтайгаар наймдугаар байрт бичигдэж байгаа билээ.
Медалийн чанарыг хүснэгтээр харуулъя.