Оросын кёрлингийн тамирчид медалиа хураалгах уу?

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Оросын кёрлингийн тамирчид медалиа хураалгах уу?

Оросын кёрлингийн тамирчид медалиа хураалгах уу?

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд Оросын олимпийн баг амжилттай оролцож байгаа. Оросуудын энэ удаагийн олимпийн наадмын медалийн салхийг шорт-трекийн эрэгтэйчүүдийн 1500 м-т Семен Элистратов хүрэл медаль хүртэж, хагалсан. Энэ уралдаан хоёрдугаар сарын 11-ний өдөр болсон юм. Тэгвэл үүнээс хойш хойд хөршийн медалийн буухиа уран гулгалтын баг болон кёрлингийн холимог хосын төрлөөр үргэлжилсэн.

Пёнчаны наадамд шинээр дөрвөн төрөл нэмэгдэж орсон нь кёрлингийн хосын төрөл. Энэ төрлийн хүрэл медалийг Оросын олимпийн багийн хос болох Александр Крушельницки, Анастасия Брызгалова нар хүртсэн ч удалгүй тэд сэргээшийн асуудалд холбогдож, медалиа хураалгахад хүрээд байна.

Александр Крушельницкигаас “Мельдоний” хэмээх хориотой бодис илэрсэн бөгөөд давтан шинжилгээ болох “В” сорьцоор баталгаажээ. Энэ мэдээллийг өвлийн олимпийн наадмыг зохион байгуулагч БНСУ-ын талаас албан ёсоор мэдэгдсэн.

Хэдийгээр давтан шинжилгээгээр сэргээш хэрэглэснийг баталж байгаа ч Крушельницки үүнийг эсэргүүцэж, Олон улсын арбитрын шүүхэд хандахаа мэдэгдээд байгаа. Мөн ОХУ-ын Олимпийн хорооноос ийм зүйл болоогүй гэдэгт итгэж байгаагаа хэлсэн. Тамирчдаас нэгдүгээр сарын 22-ны өдөр авсан сэргээшийн шинжилгээ асуудалгүй байсан гэдгийг тэд мөн ярьсан. 

Сэргээш хэрэглэсэн гэгдэж буй Александр Крушельницки өөрийгөө буруугүй гэдэгт итгэлтэй байгаа аж. “Ямар ч эрүүл хүн ийм зүйл хийхгүй. Би үүнийг манай багийн гишүүдээс санаатай хийсэн үйлдэл гэж үзэж байна. Бид ямар ч буруугүй” гэж тэр хэлжээ. 

Пёнчаны олимпийн наадмын өмнө Оросын багийн кёрлингийн төрөлд олон тамирчин багтахыг хүссэн ч оролцож чадаагүй гэдгийг Крушельницки хэлж байв. Тэрбээр олимпийн наадамд явж чадаагүй багийн гишүүдээ хоолонд эм хийсэн хэмээн сэжиглэж, үүнийг шалгуулахыг хүссэн байна.

Ийнхүү Оросын олимпийн баг дахин дэлхий нийтийн анхааралд өртөж эхэллээ. Спортын арбитрын шүүх болон Олон улсын олимпийн хорооны мэдэгдэл одоо анхаарлын төвд байна. Оросын олимпийн багийн кёрлингийн тамирчид медалиа хураалгах уу гэдэг өвлийн олимпийн том дуулианы нэг байх бололтой. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж