Гурван жилийн өмнө буюу 2015 оны нэгдүгээр сарын 23-нд УИХ-аас Гацууртын ордыг стратегийн ордод хамруулж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох даалгаврыг Засгийн газарт өгсөн ч зөвхөн шүүхийн хаалга сахиж суусаар өнөөдрийг хүргэсэн байдаг. Учир нь “Ноён уулаа аврах” хөдөлгөөний зүгээс уг төсөлтэй холбогдуулан шүүхэд гомдол гаргасан нь хэлэлцээ хийхэд саад учруулсаар ирсэн.
УИХ-ын нэр бүхий гишүүд болон дээрх хөдөлгөөний зүгээс “Гацуурт төсөл хэрэгжвэл Ноён уулан дахь Хүннүгийн үед хамаарах булш бунхан сүйдэх, мөн хүн амьтан хордох аюултай тул лицензийг нь цуцлах шаардлагатай” гэж үзэн, шүүхэд хандсан байдаг.
Шинжлэх ухааны байгууллагууд Ноён ууланд хийсэн шинжилгээ, судалгааны дүгнэлтээ өнгөрсөн хугацаанд хангалттай танилцуулсан ч маргаанд цэг тавьж чадаагүй юм. Нэг хэсэг нь “Гацууртын ордын алтыг олборлох нь аюултай” гэж үздэг бол нөгөө хэсэг нь “Аюулгүй” гэж тайлбарладаг. Хоёрдмол тайлбар нь нийгмийг ч талцуулж ирсэн.
“Ноён уулаа аврах” хөдөлгөөнийхний мэдээллээр Гацууртын ордын лицензийг эзэмшигч “Центерра гоулд Монгол” компани тус шүүх хуралд оролцох төлөөлөгчдөө солих шийдвэр гаргасан нь хуралдааныг хойшлуулах шалтгаан боллоо гэжээ.
УИХ-аас баталсан тогтоолд тусгаснаар Засгийн газар Гацуурт төсөлд 34 хүртэл хувь эзэмших боломжтой. Хоёр ч хувилбар яригдаж байсны нэг нь төр 34 хүртэл хувь эзэмших бол өөрт ногдох хөрөнгө оруулалтаа “Центерра гоулд Монгол” компаниас хүүтэй зээлэх, 20 хувийг эзэмших бол өөрт ногдох хөрөнгө оруулалтаа хүүгүй зээлэх.
Хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх нь эрсдэл багатай тул Засгийн газарт хамгийн ашигтай хувилбар гэж үзэж байв. Гэхдээ нэг сул тал гарах нь хамтарсан компанийн удирдах түвшинд оролцоо багатай болно. Тэр хэрээр хяналт тавих боломж хязгаарлагдана гэж үзэж байв. Харин хамтарсан компанийн өмчлөлийг 66:34 харьцаатай эзэмшинэ гэвэл Оюутолгой төслийн нэгэн адил төгсгөлгүй маргаан руу хөтөлж болзошгүй гэдэг болгоомжлолыг дагуулж байлаа.
"Гацуурт" төсөл хэрэгжсэн нөхцөлд улсын төсөвт 400 сая орчим ам.долларын татвар төвлөрнө. Уул уурхайн нас нь 12 жилээр хязгаарлагддаг бөгөөд 42 тоннын алтны нөөцтэй гэж ТЭЗҮ-д нь бичигджээ.
Уул уурхайн төсөл хэрэгжих нь иргэдийг ажлын байраар хангах эерэг талтай ч татварт нэг тэрбум хүрэхтэй үгүйтэй төвлөрөх хөрөнгөний төлөөнөөс байгаль орчны асар том хохирол амсах хэрэг байна уу гэдэг асуудал ч хөндөгддөг.
Гэхдээ У.Хүрэлсүхийн танхим байгуулагдсанаас хойш нэг ч томоохон төсөл хөдөлгөж чадаагүй байна. Үндсэндээ Ж.Эрдэнэбатын танхимын босгосон суурин дээр ажиллаж, эдийн засгийн өсөлт гаргаж, төсвийн алдагдлаа бууруулаад байгаа тул өөрсдийн автор болгох төслийг хөдөлгөхөөс аргагүй гэж үздэг. Тэр тусмаа өнгөрсөн онд гарсан эдийн засгийн өсөлтийг хангаж ажиллая гэвэл "Гацуурт" зэрэг төслөө яаралтай хөдөлгөж, хөрөнгө оруулалт татах шаардлагатай тухай эдийн засагчид сануулсаар байгаа ч бас л хүлээх болж байна.
Г.ХОРОЛ